Тэмдэглэсэн Ч.БОЛОРТУЯА, П.ТУНГАЛАГ
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг УИХ 2006 онд баталж байв. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг мэргэжилтнүүд тодотгож буй. Үүнийг богино хугацаанд хийхгүй аваас манай улс ФАТФ-ын хар, саарал жагсаалтад (мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэгдэж) орон, санхүүгийн системд цохилт болж, олон улсын санхүүгийн байгууллагууд хориг тавьж болзошгүй гэнэ.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь аливаа гэмт хэргээс олсон мөнгөө өөр хэлбэрт шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь дарагдуулахыг хэлдэг. Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын ач холбогдол, манайд учирч болзошгүй эрсдэл зэргийг тодруулахаар “Өнөөдөр” сонин, 25 дугаар суваг телевиз хамтран “Редакцын уулзалт” зохион байгууллаа.
Уулзалтад ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар С.Алтанцоож, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Т.Сүхболд нар оролцов.
“Өнөөдөр” сониноос Нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг, Тамгын газрын дарга Ц.Болормаа, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон, тус албаны сурвалжлагч Ч.Болортуяа, Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сурвалжлагч П.Тунгалаг нар оролцлоо.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад байгаа. Ямар учраас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон талаар тодруулна уу.
Х.Б: -Монгол Улс нь Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн. Тус бүлэг гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтай үнэлдэг.
Өнгөрсөн оны долдугаар сард манай улс хоёр дахь үнэлгээнийхээ үр дүнг Шри-Ланк улсын Коломбо хотод болсон тус бүлгийн жилийн ээлжит хурлын үеэр хамгаалсан. Уг харилцан үнэлгээний тайланд Монгол Улсад засаж, залруулах, анхаарах зүйл их байна гэж дүгнэсэн. Юуны түрүүнд хууль, эрх зүйгээ шинэчлэх, хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхэнд ч засаж, залруулах зүйл нэлээд байгааг сануулсан юм.
Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, хамтын ажиллагаатай гишүүн байгууллагууд авах арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулсан. Уг төлөвлөгөөг 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт танилцуулж, батлуулаад байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх шаардлагатай болсон л доо. Үүний дагуу төрийн байгууллагууд хамтран дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнд институц талаас нь Санхүүгийн мэдээллийн албыг бэхжүүлэх заалтууд тусгасан. Түүнчлэн Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зохицуулагч байгууллагаас мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтаа орчин үеийн хандлагад нийцүүлэх суурийг нь тавьж өгч байгаа.
-Засаж залруулах зүйл байгааг анхааруулсан гэлээ. Манай улсын хувьд байгаль орчны гэмт хэрэг, татвараас зугтах, хахууль өгөх зэрэг хэрэг гарах магадлал хамгийн өндөр хэмээн дүгнэсэн гэж ойлгож байгаа. Зөв үү?
-Дээрх үнэлгээг 2016 онд хийсэн бөгөөд ийм эрсдэлүүд бий гэсэн дүн гарсан. Мэдээж хууль, эрх зүйн орчноо сайжруулах нь эдгээр хэргээс сэргийлэхэд ач холбогдолтой. Одоо мөрдөж буй хуульд терроризмыг санхүүжүүлэх гэсэн хэллэг, зүйлчлэл бий. Үүнээс гадна үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэх гэсэн нэр томьёог ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлтөд оруулж байгаа.
-Зөвлөмжүүдийг биелүүлэхгүй бол Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байх, тийм үү. Энэ нь ямар үр дагавартай вэ. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг алдах эрсдэлтэй юү?
-ФАТФ 2013 онд дээр дурдсан 40 зөвлөмжийг баталсан. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ямар ч байгууллага, улс орон өөрийн дотоод тогтолцоонд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээг заавал тусган, хэрэгжүүлдэг байх ёстой. Манайх интеграцчлалд орсон улс тул зөвлөмжүүдийг заавал мөрдөх үүрэгтэй.
ФАТФ-ын 40 зөвлөмж нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийг бохир мөнгөнөөс хамгаалдаг гэхэд болно. Зөвлөмжийг мөрдөж, хамгаалалт бий болгоогүй улсуудтай арга хэмжээ тооцох нэг хэлбэр нь энэ жагсаалтад багтаах юм. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд идэвх гаргадаггүй улс орнуудыг хар, саарал жагсаалтад оруулдаг. Одоогоор хар жагсаалтад Иран, Хойд Солонгос орсон байгаа.
Хар, саарал жагсаалтад орвол нэн тэргүүнд тухайн улсын санхүүгийн системд цохилт болдог. ФАТФ-ын төрлийн байгууллагад багтдаг улсууд хар, саарал жагсаалтад орсон орнуудын мөнгөн урсгалыг илүү чанга, нягт шалгадаг. Тиймээс Монгол Улс саарал жагсаалтад орсон тохиолдолд санхүүгийн урсгал, гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт зогсох эрсдэл ч үүсэж болзошгүй. Орж ирлээ ч хөрөнгө оруулалт татаж буй Монгол Улсын байгууллагын зардал хамаагүй өснө. Өөрөөр хэлбэл, зээлийнх нь хүү өндөр болно гэсэн үг.
-Манайх өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэнээс хойш ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн болов уу. Хөрөнгө оруулалт багасах, орууллаа ч болгоомжтой хандах гэдэг ч юм уу?
-Одоохондоо илт мэдэгдсэн зүйл байхгүй. Санхүүгийн системийн хувьд гадаадын харилцагч банкууд манай банкуудаас харилцаагаа таслах том эрсдэл бий. Саарал жагсаалтад орчихвол энэ асуудал нэлээд хурцаар сөхөгдөнө.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь ямар ач холбогдолтой вэ?
-ХЗДХЯ-наас Монголбанктай хамтраад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Одоо ажлын хэсэг байгуулах болов уу.
Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй нь зөвхөн ФАТФ-ын 40 зөвлөмжийг дагах тухай асуудал биш. Олон улсын байгууллагуудын шахалтаар ийм ажил хийж байна гэж зарим хүн бодож магадгүй. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь манай улсад хэрэгтэй гэдэг нь л хамгийн чухал.
Уг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгэн гэмт хэргийн замаар олсон орлогоо санхүүгийн гүйлгээнд оруулахаас сэргийлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлгүй байх тогтолцоог бий болгож, олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн. Хуулийн хэрэгжилт чангарвал хүмүүсийн авлига авч, гэмт хэрэг үйлдэн, мөнгө угаах сэдлийг тодорхой хэмжээгээр бууруулна.
Б.Г: -ХЗДХЯ-наас зөвлөмжийн тайлантай холбоотой ажлууд хийж байгаа. ФАТФ-аас манайд харилцан үнэлгээний тайлан ирүүлсэн. Үүний хүрээнд манай улс өнгөрсөн оны долдугаар сард тайлангаа хамгаалсныг сая дурдлаа. Тэд манай улсыг ямар жагсаалтад оруулах вэ гэдгээ шийдвэрлэх байв. Монгол Улсад хийж гүйцэтгэх ажил байгаа гэж үзсэн учраас хар, саарал жагсаалтад оруулахаас илүү боломж олгож, 15 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаа нь 2018 оны аравдугаар сард дуусах юм.
Тиймээс манайх энэ оны нэгдүгээр сараас эхний тайлангаа өгч эхэлсэн. Хамгийн сүүлчийн тайлангаа есдүгээр сард явуулна. “Харилцан үнэлгээтэй холбоотой бүх зөвлөмжийг Монгол Улс 15 сарын хугацаанд дагаж биелүүлэх боломжгүй учраас эхний ээлжинд хийх ажлын төлөвлөгөөгөө гарга, түүнийхээ дагуу ажлуудаа хий” гэсэн үүргийг манайд өгсөн. Эдгээр ажлын эхэнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах юм.
Зөвлөмжийн дагуух бүх өөрчлөлтийг нэг дор энэ хуульд тусгах боломжгүй л дээ. Гэхдээ бид 15 сарын хугацаанд хийж болох бүх ажлыг хуулийн төсөлд тусгаж байгаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэг илрүүлэх нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд маш их зардал, хүн хүч, олон улсын хамтын ажиллагаа шаарддаг. Тогтолцоо бүрдүүлэх нь манай улсын хувьд санхүү, эдийн засгийн нөхцөл байдлаас болоод маш хүнд. Тиймээс ФАТФ-аас ирүүлж буй зөвлөмж, зөвлөх багуудтай ярилцаад хийх боломжтой ажлуудаа хуулийн төсөлд тусгасан.
Хуулийн төсөлд оруулсан үг, үсэг бүр тайлангийн зөвлөмжтэй салшгүй холбоотой. Манай улс 2006 онд анх удаа дээрх үнэлгээнд орсон байдаг. Тэр үед бодит байдалд хэрэгжилт ямар байгааг үнэлээгүй. Харин сая Монгол Улсын хууль, эрх зүй бодит байдал дээр яаж хэрэгжиж байгааг анх удаа үнэлсэн. Үүн дээр авч хэрэгжүүлэх маш олон арга хэмжээ бий. Хууль, эрх зүйн орчны хувьд хамгийн наад зах нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийг биелүүлэх асуудал ч гарч ирсэн.
Мөн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг манай улс хөндөж ярих ёстой. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар арга хэмжээ авч, Эрүүгийн хуульдаа үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой гэмт хэргийн талаар тусгасан ч нэмэлт, өөрчлөлтөд илүү нарийвчилсан зохицуулалт оруулсан. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан гэмт хэргүүд өсөхийн хэрээр үүнтэй тэмцэх тогтолцоо нь ч хөгжих ёстой.
-ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэдийг нь хуулийн төсөлд тусгасан бол?
-Энэ талаар эхлээд тайлбар өгье. Албан ёсны бичиг баримтын нэр нь зөвлөмж гэж буй ч ФАТФ гэдэг олон улсын байгууллагаас гаргасан стандартууд гэж ойлгож болно. Зөвхөн манай улсад өгсөн зөвлөмж биш, олон улсын стандарт гэсэн үг. Манай улс ФАТФ-ын гишүүн биш хэдий ч тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орон. Энэ хүрээнд ФАТФ-ын 40 стандартыг дагаж мөрдөх ёстой. Эдгээрийг хууль, эрх зүйн орчиндоо яаж тусгасан, хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлсэн.
Б.Б: -Дэлхий дээр асар их хэмжээний бохир мөнгө эргэлддэг. Хүний болон зэвсгийн наймаа, ховор амьтан, түүний эд эрхтний худалдаанаас асар их бохир мөнгө орж ирж байдаг. Үүнтэй тэмцэхийн тулд санхүүгийн эх үүсвэрийг нь барьж авах зайлшгүй шаардлагатай болсон л доо. Улс орон бүр үүнтэй янз бүрийн аргаар тэмцэж эхэлсэн. Төрөл бүрийн сувгаар хоорондоо мэдээлэл солилцох шаардлага ч тулгарсан.
Тиймээс дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмтой тэмцэхийн тулд ФАТФ-аас гаргасан 40 стандартыг АНУ, Африкийн жижиг улс, Монгол ч ялгаагүй мөрдөх ёстой. Нэг ёсондоо мөнгө угаах, терроризмтой тэмцэхийн тулд дэлхий нийт нэг стандарттай, хэлтэй, ойлголттой болсон гэсэн үг. 2016 онд манай улсыг тэдгээр 40 зөвлөмжийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ямар эрсдэлтэй вэ гэдгийг шалгасныг өмнө нь дурдлаа. Шалгалт нь их энгийн.
Тухайлбал, төрийн байгууллагууд хяналт, шалгалтаа хийсэн гэж бодъё. Тэгвэл зохицуулалтын байгууллагаас нь “Та мөнгө угаах, терроризм гэж мэдэх үү, танайхыг шалгаж байсан уу” гээд л асуучихна. Хэрэв эдгээр зөвлөмжийг биелүүлэхгүй бол тухайн улсад терроризмыг санхүүжүүлэх бохир мөнгө эргэлдэж байж магадгүй, ийм үйл ажиллагаа явуулах эрсдэл өндөр гэж үздэг. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хүмүүс систем муутай орнуудыг сонгож, тэнд мөнгөө “цэвэршүүлдэг”.
Асар их хэмжээний бохир мөнгө орж ирэн, эргэлдэж байгаад гэнэт гараад явчихна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд аюултай нөхцөл үүсгэдэг. Байшин барилга, үйлдвэр олноор барьж, бүтээн байгуулалт өрнөж байна гэж бодтол мөнгөө цэвэршүүлээд гарчих жишээтэй. Тиймээс эдгээр 40 зөвлөмжийг дэлхий нийтээр дагаж мөрдөх ёстой. Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулчихвал олон улсын санхүүгийн байгууллагууд хориг тавина.
Хамгийн наад захын жишээ нь, иргэд гадаад руу мөнгө шилжүүлж чадахаа болино, харьд очоод АТМ-аас мөнгө авах боломжгүй болох юм. “Эрсдэлтэй орны жагсаалтад орсон учраас таны хөрөнгийг шалгана, үүний дараа мөнгө шилжүүлнэ” гэсэн хариулт сонсоно гэсэн үг. Олон улсын байгууллагууд асуудалтай улсыг ийн шахаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулдаг.
Х.Б: -Улс орнуудыг хоёр шатлалаар шалгадаг. Хууль, журам, хариуцаж буй байгууллага, мэдээлэх үүрэгтэй этгээд нь байна уу гэсэн техникийн үзүүлэлтийг нь шалгана. Дараа нь хууль сахиулах байгууллагууд нь мөнгө угаасан хэргийг илрүүлсэн үү, шүүх нь шийдвэрлэсэн үү, цагаатгаад өнгөрсөн үү зэргийг нягтална.
Өнгөрсөн жил хамгаалсан тайланд манай улс хоёр дахь шатлалдаа асуудалд орсон. Өөрөөр хэлбэл, хууль сахиулах байгууллагууд мөнгө угаасан хэрэг илрүүлж, мөнгө угаах зүйлчлэлээр прокурорт шилжүүлсэн атал Дээд шүүхэд очоод хэрэг хэрэгсэхгүй болгосон нь том асуудал дагуулсан.
-Манай улсын луйвар, байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэргээс олсон хөрөнгө нь оффшорт гарч байна гэсэн дүгнэлт гарсан юм шиг байна лээ. Бид оффшорын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь хасах үнэлгээнд хэр нөлөөлсөн бэ?
-Б.Г: -Өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж буй Эрүүгийн хуульд “Гэмт хэргээс үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэг тодорхойлолт орж ирсэн. ФАТФ-ын стандартад заасан нэр томьёог авч хэрэглэсэн нь энэ. Мөнгө угаах гэдэг нь зөвхөн байгаль орчин, уул уурхайн томоохон төсөлд гарч буй асуудал бус, ерөөсөө гэмт хэргээс олж буй хөрөнгө орлого. Гэмт хэрэг гадаад, дотоодын аль ч улсад үйлдэгдсэн байж болно.
Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэдэг гэмт хэргээс олж буй хөрөнгө орлогын “царай зүс”-ийг хувиргаж, хууль ёсных болгох үйл явц. Энэ тогтолцоо нь муу гэж үнэлэгдсэн улсад л ийм үйл явц илүү их гарна гэсэн үг. Хөрөнгө оруулалт хийж буй, өндөр хөгжилтэй орон мэдээж ийм эрсдэлтэй улс руу мөнгөний урсгалаа “явуулахыг” хүсэхгүй. Ийм мөнгийг хууль ёсных болгохын тулд ашиглаж болох санхүүгийн салбарууд бий.
Оффшор бүсийн зарим нь ФАТФ-тай холбоотой ажиллаж байгаа. Манай улсын хуулиар бусад улсын оффшор бүстэй холбоотой зохицуулалт хийх боломжгүй. Оффшор гэдэг гадаад улс гэсэн агуулгатай шүү дээ. Оффшор санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай харилцах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг манайх дангаараа хийж хүчрэхгүй, олон улсын хамтын ажиллагаа чухал. Оффшор бүсийн зохицуулалт ярихаас илүү олон улсын хамтын ажиллагаанд анхаарах ёстой.
-Эдгээр стандартыг биелүүлэхэд ямар саад бэрхшээл учирч байгаа талаар АТГ, ЦЕГ-аас мэдээлэл өгөхгүй юү. Мөн мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гээд хүмүүсийг сүр дуулиантай шалгаж эхэлдэг.
Шүүх дээр очоод яагаад чимээгүй болчихдог юм бэ?
Т.С: -Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжийг биелүүлэлгүй саарал жагсаалтад багтаж, эдийн засаг, аюулгүй байдал, хүн амын тогтвор суурьшил, хүнсний аюулгүй байдалд нь өөрчлөлт орж, доройтсон улс орны түүх цөөнгүй. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Засгийн газрын 327 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол нь Ази, Номхон далайн мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах тухай юм.
Тус төлөвлөгөөнд цагдаа дангаараа болон бусад байгууллагатай хамтран ажиллах 11 заалтыг оруулсан. Үүний дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, салбар төлөвлөгөө боловсруулсан юм. Төлөвлөөгөөнд заасны дагуу энэ оны нэгдүгээр сарын 16-нд ЦЕГ-ын даргын тушаалаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж өргөтгөсөн нэгж бий болгосон.
Нэгжээ бий болгож, чадавхаа нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн шинжээч, аудиторыг байнгын нэгж дээр ажиллаж, хэрэг шалгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад оролцуулах санал тавьсан. Бид прокурор, АТГ болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Гэмт хэргийг мөрдөн шалгах, мөнгө угаахтай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгслийн асуудал гарна. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлсон байдаг.
Гэсэн ч эцсийн өмчлөгч гэж яг хэн бэ, мөнгийг хэн, хаанаас удирдаж буй зэрэг тодорхойлолтыг ерөнхий агуулгаар тусгасан. Үндэстэн дамнасан гэмт хэргийг өмчлөгч буюу аж ахуйн нэгж, түүний цаана удирдаж байгаа хүн ямар ч хэлбэрээр явуулж байж болзошгүй. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эцсийн өмчлөгч хэмээн хэнийг тооцох, иргэн, хуулийн этгээд гэж хэн болохыг хуулийн төсөлд нарийвчлан заасан.
Нөгөө талаар ийм хэргийг илрүүлэхэд бусад орныхонтой тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллээ түргэн шуурхай авч чаддаггүйгээс зарим ажил удааширдаг. Тиймээс олон улсын харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Хэрэв хуулийн шинэчилсэн төсөл батлагдвал цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэлээд ахиц гарах байх.
С.А: -Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига, хээл хахуулиар авсан орлогоо хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгох нь мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үед Цагдаагийн байгууллагынханд тулгардаг асуудал бидэнд ч бас тохиолддог. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал манай байгууллага тухайн сэжигтэн этгээдийн гадаадад байгаа хууль бус хөрөнгийг олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд битүүмжлэхэд тодорхой дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа.
Мөн мөнгө угаах гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн прокурортой байвал энэ хэргийг илрүүлэхэд илүү үр дүнтэй. Тиймээс манай байгууллагын зүгээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж буй хүмүүст энэ тухай саналаа хэлсэн. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлэхэд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн оролцоо хамгийн чухал.
Арилжааны банк, ББСБ, нотариат, аудит, нягтлан бодогч зэрэг нь мэдээлэх үүрэгтэй этгээд. Өнгөрсөн хугацаанд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа хангалтгүй байсан юм. Тиймээс хуулийн нэмэлт, өөрчлөлтөд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож, арга хэмжээ авах талаар тусгасан.
Б.Б: -Санхүүгийн зохицуулах хороо 2000 гаруй байгууллагыг зохицуулдаг. ФАТФ-ын жагсаалтад орсон орнуудын мэдээлэл шинэчлэгдэх бүрт бид харьяа байгууллагууддаа мэдэгддэг. Тэд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй сэжигтэй гүйлгээ хийгдэх үед манай Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй байдаг.
Тухайлбал, усан болон агаарын тээврийн даатгал хийлгэх үед даатгуулж буй зүйл нь үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой эд материал мөн, эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орноос мөнгөн гуйвуулга хийж байна уу, үгүй юү, хориг арга хэмжээ авахуулсан хүмүүс санхүүгийн үйл ажиллагаанд оролцож байгаа, эсэхийг даатгал, ББСБ, үнэт цаасны компани зэрэг нь хянаж, шалгаад манайханд мэдээлэх үүрэгтэй юм. Өнгөрсөн хугацаанд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн ажил сул байсан гэж олон улсын байгууллагынхан дүгнэсэн.
Тиймээс санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагынхныг чадавхжуулах шаардлагатай тул Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын дүрмийн санг нэмж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажилтантай болсон. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээ мэдээлэл өгснийх нь төлөө эрсдэлд орохоос хамгаалах талаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Мөн бид үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрууд, ББСБ-уудад мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох гүйлгээ хийгдсэн, эсэхийг шалгаж байна.
Өмнө нь ийм шалгалт хийж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгож, мөнгө угаах магадлал өндөр. 2000 гаруй байгууллагад 30-аад байцаагч ажиллахад хүрэлцэхгүй байгаа тул манайхан зайны хяналтыг сайжруулж, ББСБ-уудын үйл ажиллагааны мэдээллийг ойр ойрхон авч, мөнгө угаах гэмт хэргийн сэжигтэй гүйлгээ, харилцагчийг танддаг программаа сайжруулж байна.
-Хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар яаралтай батлуулж, ФАТФ-ын зөвлөмжүүдийг нэн даруй биелүүлэхэд бидэнд хугацаа бага үлджээ. Энэ асуудалд гишүүд хэр ач холбогдол өгч буй бол?
Б.Г: -Бид хамгийн сүүлийн тайлангаа есдүгээр сард явуулах ёстой. Тиймээс хуулийн төслөө хаврын чуулганаар батлуулах шаардлагатай. Энэ бол манай улсын хувьд зайлшгүй хийх шаардлагатай ажил.
2013 оны тавдугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Харин 2014 оны нэгдүгээр сард ФАТФ-ын хар, саарал жагсаалтад ороод, зургадугаар сард нь гарсан. Жагсаалтад орсноор олон асуудал тулгарсан. Тэр үед гадаад дахь манай дипломат төлөөлөгчийн газруудын дансыг хааж, банкууд санхүүгийн гүйлгээ хийхээс татгалзаж эхэлсэн.
Тухайн байгууллага ФАТФ-ын хар, саарал жагсаалтад орсон орныхонд үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй. Үйлчилбэл өөрсдөө эрсдэлд орох магадлалтай. Тиймээс бид олон ажлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдсон хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай тусгасан. УИХ-аар ч хурдан батлуулсны үр дүнд таван сарын дотор хар, саарал жагсаалтаас гарсан.
-Манай улсад мөнгө угаах гэмт хэргээр ял авч байсан тохиолдол ганц ч байхгүй гэсэн. 2011 оноос хойш нийт 4345 иргэн мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсоноос 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжжээ. Тэдгээрээс зөвхөн хоёр нь анхан шатны шүүхээс буруутай нь тогтоогдсон ч, хариуцагч талууд давж заалдсаар Дээд шүүхийн шийдвэрээр уг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг нотолж, асуудал үүсгэж байгаа гэсэн. Мөнгө угаахтай холбоотой хэргийг хуулийн байгууллагууд сүр дуулиантай зарлаж, шалгаж эхэлдэг ч яагаад эцэслэн шийддэггүй юм бол?
Т.С: -Мөнгө угаах гэмт хэрэгтэй олон төрлийн хэрэг холбогддог. Хэн нэгэн өөр хүний автомашин хулгайлаад арлын дугаарыг нь өөрчилж зараад мөнгө авч байгаа бол энэ нь мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоно. Гэмт хэргийн замаар олсон орлогоо өөр зүйлд зарцуулж буй үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэг болдог гэсэн үг.
Манай улсад гарсан мөнгө угаахтай холбоотой ихэнх гэмт хэрэг залилах, завших, татварын хэргүүдэд үндэслэсэн байдаг. Хэргийг эхний хоёр шатанд мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилсэн ч Дээд шүүхээр шийдвэрлэхдээ суурь хэргээр нь үндэслэж, залилах зэрэг зүйл ангиар шийтгэдэг тул хүмүүс хэргийг бүр хэрэгсэхгүй болгосон гэж ойлгоод байдаг.
-Энэ хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн үү?
Б.Г: -Хуулийн шинэчилсэн найруулгад мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн хүрээг өргөжүүлсэн. Тэд үүрэг хүлээсэн учир түүнийгээ биелүүлж буй, эсэхийг шалгах хэрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнтэй холбоотой болон бусад зүйл дээр Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.