Олон улсын дунджийг харахад уул уурхайн салбарт ажиллагсдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 10-аас дээш гардаггүй. Гэхдээ эмэгтэйчүүд энэ салбарт эрчүүдээс огтхон ч дутахгүй ажиллаж чадна гэдгийг батлан харуулж буй бүсгүй цөөнгүй бий. Тэдний ажлын нэг өдрийг сурвалжлахаар Галбын говийг зориод ирлээ.
Сурвалжилгын маань гол баатар Баттүшигийн Нарангэрэл. Өмнөговь аймгийн Булган суманд төрж, өссөн, өдгөө Ханбогдод суурьшин, энэ зуунд Монголд хэрэгжсэн хамгийн том төсөл, магадгүй хамгийн том бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа залуу бүсгүй “Комацу 930” хэмээх аварга хөлгийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бахтай мэргэжилтэн.
Өөрөө буулгагч машины оператороор ажиллаад хоёр жилийн нүүр үзэж буй түүнийг зорьж ирсэн хэрэг зоригийг маань сонсоод тэрбээр “Би чинь ил уурхайдаа шинэков шүү дээ. Олон жил ажилсан эмэгтэй опeратор цөөнгүй бий. Монголын анхны эмэгтэй оператор манайд ажилладгийг сонссон уу. Олон жил ажилласан мундгууд сонинд гараагүй байхад би гарахаар алдас болохгүй байгаа” хэмээн инээд цалгиаж билээ.
05.00 цаг. Өдөржин дагаж, сурвалжлах хүнээсээ хоцорчихгүйн тулд гар утсандаа тавьсан сэрүүлгийн дуунаар сэрлээ. Үүр дөнгөж тэмдгэрч буйг илтгэх бүдэгхэн гэгээ цонхоор тусавч өрөө харанхуй хэвээр. Харин ажилчдын байрны хонгилд хөл хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Шүршүүрийн ус гоожих нь сонсогдож, алчуураар биеэ ороосон бүсгүйчүүд нааш цааш гүйлдэхээс эндхийн өглөө эхэлдэг аж.
06.00 цаг. Сурвалжилгын баатартайгаа 06.00 цагт уулзаж, хоолны газар руу хамт явах болзоо өмнөх орой нь тавьсан юм. Товлосон цагтаа гарахад Нарангэрэл ч ирэв. Бидний байрласан кэмпээс хоолны газар нэг км гаруй зайтай тул ажилчдын автобус үйлчилдэг аж. Буудалд очиход автобуснууд цувран зогсчихсон, ажилчид ч дараалсан байв.
Монголчууд эмх цэгц, дэг журамд орохдоо тааруу хэмээдэг нь бас ч үгүй юм байна гэдгийг тэндээс харж болохоор. Өглөөний сэрүүнд урт дарааллын ард зогсоод ээлжээ хүлээхээс биш, нэгнийхээ урдуур орох гэж зүтгэх, урдах автобус дүүрээгүй байхад арынхад нь суух гэж дайрах хүн тэнд байсангүй. Автобусанд суугаад ганц км газар явах байсан ч бүгд аюулгүйн бүсээ бүсэлнэ. Хэн ч, хэнээр ч шаардуулахгүй, бас түвэгшээж, залхуурахгүй.
06.05 цаг. Цэлийсэн том танхимд эгнүүлсэн урт вандан ширээнүүдэд ажилдаа гарах гэж буй улбар шар хувцастнууд ирийтэл суугаад хооллож буйг хараад чацаргана жимс санаанд буулаа. Хоол олгох хэсэгт багахан дараалал үүсчээ. “Оюутолгой” компани 14 мянга гаруй ажилтантай. Үүний нэг мянга орчим нь хотод, үлдсэн нь уурхайдаа ажилладаг. Уурхайн ажилчдын гуравны нэг нь амарч, бусад нь ажиллаж байхаар зохицуулан, ээлжийг нь хуваарилсан гэхээр энд 8500 орчим хүн байнга байрладаг.
Тэд өдөр, шөнийн ээлжинд хуваагдан, зөрж хооллодог гэвэл нэг удаадаа 4250 орчим хүнд үйлчилдэг байх нь. Тэгэхээр дараалал үүсэхээс ч яах билээ. Гэхдээ санаснаас хурдан урагшлах аж. Хориод хүний ард зогссон ч 3-4 минутын дараа хоолоо авчихав. Хооллохоор ширээ зорьж буй, хооллож дуусаад аяга тавгаа хураах хүний урсгал хором ч тасрахгүй.
06.40 цаг. Хооллож дуусаад ажилдаа гарахад бэлэн болов. Ажилчдын автобусаар 10 орчим минут яваад “Open pit” буюу ил уурхайд ирэв.
07.00 цаг. Өглөөний дасгалаа хийснээр өдрийн ажил нь эхэлдэг аж. Дасгалын дараа “Комацү 930”-ийн операторуудад өчигдрийн ажлын үзүүлэлт, анхаарах ямар асуудал байгаа талаар ахлах ажилтан нь зааварчилгаа өгөөд ажилд нь гаргав. Ээлж солилцож буй операторууд минут хүрэхгүй хугацаанд ажлаа хүлээлцэж, аварга хөлгийнхөө бүхээгт суугаад, тоос татуулан давхиж одох аж. Энэ машиныг ганц минут ч сул зогсоох ёсгүй бөгөөд ээлжит засварт оруулахаас бусад үед хөдөлгүүрийг нь унтраалгүй зургаан жил болж байгаа гэсэн.
07.30 цаг. Бид Нарангэрэлийг дагаж сурвалжлах тухайгаа хэлж, зөвшөөрөл хүсэв. Операторын сонор сэрэмжийг сааруулах эрсдэлтэй тул бүхээгт нь урт хугацаагаар хамт байж, удаан яриа өрнүүлж болохгүй гээд тусдаа машин гарган дагуулах болов. Гэвч тэр том техникийг жолоодохыг хажуугаас нь харж, бүхээгт нь суух мэдрэмжийг амсахгүйгээр хэрхэн сурвалжлах билээ хэмээн учирласаар хэсэг хугацаанд хамт явах зөвшөөрөл авлаа. Ингэсээр 07.30 цагт ажилдаа гарав.
07.40 цаг. Хоёр давхар байшингийн дайтай өндөр, дунд зэргийн амины орон сууц шиг нүсэр машины бүхээгт Нарангэрэл бид хоёр хамт явж байна. “Жийп” машин энэ аварга техникийн дугуйны тал шиг харагддагийг сая л анзаарав. Хөдөлж цөхсөн, явж буй, үгүй нь мэдэгдэхгүй шахам харагддаг “Комацү 930”-ийн бүхээгт суугаад ямар ч машинаас дутахгүй хурдалж чаддагийг нь ч үзлээ.
Энэ талаараа “Харагддагаасаа хамаагүй хурдан юм” гэхэд Нарангэрэл машинаа илт өмөөрсөн аясаар “Юу ярина вэ. Манай уурхай шулуун, саадгүй замд 50 км цагийн хурдтай явах дүрэмтэй. Түүнээс удаан явж болохгүй, ажлын бүтээмж багасна. Шулуун замд хотод явдгаас ч хурдан давхина шүү дээ” гэв.
Бид явсаар ил уурхайн хамгийн доод хэсэгт ирэв. Эндээс хүдэр ачуулах ёстой. Ачигчийн шанаган доор зогссон хэдэн минутад хууч дэлгэх зав ч гарлаа. “Комацү 930”-ийг жолоодох болсон тухай нь сонирхоход “Том машины оператор болох нь миний мөрөөдөл байсан. “Би оператор болмоор байна” гээд л болчихгүй. Наашаа ирэхээс өмнө би агуулахад (Oyutolgoi LLC Warehouse) ажиллаж байсан юм. Надтай хамт ажилладаг залуу руу байгууллагын хүний нөөцийн хэлтсээс утасдаж “Орон нутгийнхныг дөрөв хоног ажиллаад, дөрөв хоног амрах ээлжинд оруулах болсон.
Тиймээс чамайг ил уурхай руу шилжүүлж, “Комацү 930”-ийн оператороор сургах саналтай байна” гэж хэлсэн байв. Хүмүүс дассан газраасаа хөдлөхдөө жаахан эргэлзэж, дургүйлхдэг шүү дээ. Тэр залуу ч бас “Ил уурхай руу ор гэж байна. Яах вэ” гэчихсэн явсан. Тэгэхэд нь би “Юунд нь эргэлздэг юм бэ. Яваач. Гоё шүү дээ” гээд, өөрөө оператор болох гэж байгаа юм шиг баярлаж, бас надад ингэж хэлээсэй гэсэн горьдлого тээгээд үлдэв. Хэд хоноход хэн ч над руу ярьсангүй. Баахан бодож байгаад хүний нөөцийн мэргэжилтэн рүү залгалаа.
Оператор болъё гээд шууд хэлчихэж зүрхлэлгүй “Би Ханбогдын харьяалалтай, 14 хоногийн ростерт ажилладаг юм. Дөрөв хоногийн ээлжинд оръё гэвэл яах бол” гээд байдлыг тандтал “Таныг тэгнэ, ингэнэ гэж одоогоор яриагүй. Өөрөө ийм сонирхолтой бол судалж үзье” гэв. Хэд хоногийн дараа “Болох юм байна. Гэхдээ агуулахад ажиллах боломжгүй, өөр хэлтэс рүү шилжих болно” гэлээ.
“Хааш нь оруулах вэ” гэтэл хүний нөөцийн мэргэжилтэн маань дүлэгнэж байснаа “Оператор болговол яах вэ” гэв. Би ч уухайн тас байлгүй яах вэ. Зарим хүнийг оператор бол гэхэд дургүйцээд байсан болохоор хүний нөөцийн ажилтан надад тэгж хэлэхээсээ зүрхшээсэн юм билээ.
Агуулахад ажиллаж байхдаа би тэргүүний уурхайчин, байгууллагын шилдэг ажилчин болсон. Ажил, амжилтаараа хамт олноо тэргүүлсэн, гялалзсан сайхан жилүүд тэнд өнгөрсөн. Би өмнө нь гагнуурчин байгаад агуулах руу шилжсэн болохоор ажил нь хамаагүй хөнгөн, эрчүүдийн хийдэг бүхнийг хийж, сэрээт ачигч унаж, бараагаа ачиж, буулгаад, зөөчихдөг байлаа. Ер нь хийхгүй юм байхгүй.
Намайг ил уурхай руу шилжинэ гэхэд агуулахын дарга “Сайн ажилтнаа явуулмааргүй байна. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргав. Болохгүй зүйл юм юу байв” гээд явуулахгүй талаас нь баахан ятгасан. Тэгэхээр нь “Ингэж байхад нь явчихвал сэтгэл нь гонсойх байх. Зүгээр сайхан байгаа ажлаа ингэн байж солих хэрэггүй ч юм уу” гэж бодоод “Агуулахдаа үлдье” гэж хэлчихээд өрөөнөөс нь гарлаа.
Шатаар бууж явтал “Дахиж ийм боломж олдохгүй шүү дээ” гэх бодол хөл тушчихав. Буцаад гүйчихсэн. Даргын өрөөнд ороод “Би ерөөсөө л оператор болмоор байна” гэтэл дарга “Сайн бодсон уу, чи. Тэр том машин хэцүү шүү дээ. Уурхайд том машин барина гэдэг дандаа зассан замаар, саадгүй урагшаа яваад байдаг ажил биш” гэв. Тэгэхэд нь “Өчнөөн олон эмэгтэй оператор байдаг гэсэн. Заалгаад л сурчихна шүү дээ” гээд гарсан.
Би машин техник их сонирхдог, ямар ч техникийг дорхноо жолоодоод сурчихдаг нөхөр л дөө. Нутагтаа мотоцикл унадаг охин байлаа. Энд ирж, сургалтад суухад ч багш надтай удаан зууралдаагүй, гараас нь овоо хурдан гарсан байх гэж боддог. Нэг их удалгүй бие дааж явдаг болсон. Оператор болохоор хөөцөлдөж явахдаа би жирэмсэн байсан юм билээ. Эхний үед өөрөө ч мэдэхгүй явж байгаад яг наашаа шилжих үедээ мэдсэн ч тас нуучихсан.
Жирэмсэн хүн ийм том техник жолоодож болохгүй гэх вий гэдгээс айсан хэрэг. Гэдсээ томрох хүртлээ хэнд ч хэлээгүй. Өөрөө ч бараг жирэмснээ мартан, ажилдаа бүхнээ зориулан, машинаа жолоодож сурах, гартаа оруулахын төлөө зүтгэсэн. Энэ маань харахад ийм сүр бараатай ч явдал нь зөөлөн шүү дээ. Бамбалзаад л байх нь тэр. Жирэмсэн байхад надад ямар ч хүндрэл гараагүй” хэмээн ярьж байтал тэвшинд нь 302 тонн хүдэр ачигдсаныг хяналтын самбар мэдээлж, бид хөдлөв.
Одоо бид хүдрээ бутлуурын хэсэгт аваачиж буулгана. Газрын гадаргаас 1050 метр гүнд хүрсэн уурхайн ёроолоос үелэн зассан өгсүүр замаар ачаатайгаа нийлээд 600 тонн жинтэй аварга машин уухилан урагшилна. Нарангэрэлийн өдөржин хийдэг ажил нь ийм аж.
Байшин шиг том эл машиныг ийм өгсүүр замд жолоодоод ганцаараа явсан эхний өдөр ямар байсан бэ гэх сониуч асуултын хариуд тэрбээр “Өдөр бол дажгүй байсан. Харин анх удаа шөнийн ээлжинд гарахад их бороотой байж билээ. Тас харанхуйд, усан борооноор, хэдэн давхар үелэсэн өгсүүр замаар, ганцаараа явж байхад агуулахын даргын хэлсэн үг орой руу орох шиг болж “Нээрэн л миний төсөөлсөн шиг үргэлж гэгээн цагаан өдрөөр, саадгүй тэгш замаар давхидаг ажил биш байна” гэж бодсон. Гэхдээ нэг их айж, сандарч, шантраагүй л дээ.
Өдөр ирэх тусам ажилдаа дасаж, дадлагажаад, улам дурлаад явж байна. Бүхээгтээ дуртай дуугаа сонсоод, дагаж аялаад, давхиж явах сайхан шүү дээ. Намайг машинаараа давхидаг гэж ярихаар хүмүүс “Энэ том машин давхиж чадах уу” гэдэг. Чиний түрүүний хэлснээр “хөдөлж цөхсөн, давхиж чаддаггүй” гэж хардаг шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Саяхан манай уурхайд шулуун замд 65 км цагийн хурдтай явуулах туршилт хийсэн. Болохоор байна гэсэн” хэмээн сонирхуулав. Ийм аварга машинууд цагт 65 км хурдтай давхилдана гэдэг миний санаанд нэг л буусангүй.
11.00 цаг. Цайны цаг болов. Яриандаа халан, анхаарал болгоомж алдах вий хэмээн эмээлгүйгээр ярилцах хэдэн минут гарлаа. Өөрийнх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсэж буйг минь бүсгүй ойлгосон бололтой. Өвөө, эмээ нь төрсөн, өргөмөл хоёр охинтой байсан тухай, төрсөн нь нас бараад удаагүй байхад өргөмөл нь Нарангэрэлийг төрүүлж, тэр эмээ, өвөөгийнхөө элгийг дэвтээж, тэдэнд хань болон өссөн талаараа, нутаг усныхан нь түүнийг “Эма” гэж дууддаг, энэ нь “Эрхийн мангар” гэсэн үгний товчлол болохыг, шөлний цөөхөн малтай хөдөөгийн айлд их сургуулийн сургалтын төлбөр хүнд тусахыг мэддэг, дээр нь өндөр настай эмээгээ орхиод явах хэцүү санагдсан учир сургуульд яваагүйгээ ч хуучлав.
Анх “Оюутолгой”-д хэрхэн ажилд орсон талаараа “Өмнөговь аймгийн иргэдийг “Айвенхоу майнз” компанид ажилд авна” гэсэн зарын дагуу анкет бөглөөд, гал тогооны туслах ажилтнаар орсон. Анх ирсэн өдөр маань 2005 оны хоёрдугаар сарын 20. Харин гэрээ хийж, жинхэнэ ажилтан болсон маань гуравдугаар сарын 25.
Төрсөн өдрөөрөө гэрээ хийж байснаа ер мартдаггүй юм. Гал тогооны туслах ажилтан гэдэг нь аяга, таваг угаагч л даа. Би хэдий эрх өссөн ч ажлын дүйтэй шиг байгаа юм. Хоёр сар орчим болоход “Энэ ёстой сэргэлэн охин. Гадаад хоолны тогоочийг дагалдуулж сургаад, тогооч болгоно” гэсэн. Ингээд гадаад хоолны тогоочийн туслах болсон.
Анх “Айвенхоу майнз” бүх үйлчилгээний ажлаа өөрсдөө хариуцаж хийдэг байснаа төсөл өргөжихийн хэрээр гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд оруулж эхэлсэн. Хоолны үйлчилгээг гэрээт компанид хариуцуулах болж, ажилчдаа хийж чаддаг ажил, эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу компанидаа авч үлдэхэд нь би гагнуурчин болсон. Хэрэг болно гэж бодоогүй, зүгээр л үнэгүй сургалт гэхээр нь суугаад авсан гагнуурчны үнэмлэх намайг “Оюутолгой”-н анхны эмэгтэй гагнуурчин болгосон” гэв.
Тэгэхдээ бас их хөгтэй. Цомхтголд орвол ажилгүйдлын тэтгэмж авдаг гэж сонсоод ажлаасаа халагдана гэж баахан гүйсэн гэнэ. Энэ тухайгаа “Гал тогоонд гэрээт компани орсон учраас өөрийн ажилчдыг авч үлдэх гэж ийш тийш нь хуваарилаад, үлдсэнийг нь цомхтголд оруулна гэчихсэн, түгшүүртэй байсан үе. Хүмүүсийг ийш тийш нь оруулаад байдаг, намайг дууддаггүй ээ. Гал тогоонд гэрээт компани ирэхэд нь би шинэ ирсэн хүмүүст зааж, сургах үүрэгтэй ажиллаж байв.
Гэтэл нөгөө гэрээгээр ирсэн компанийнхан намайг ахлах тогоочоор авъя гээд өндөр цалин амладаг юм байна. Туслах тогоочоор ажиллаж байсан хүнийг ахлах тогоочоор авъя гэсэн үг шүү дээ. Манай компаниас намайг дуудахгүй л байлаа. Хамт ажиллаж байсан хүмүүсийн нэг хэсэг нь өөр хэлтэс рүү шилжчихсэн, үлдсэн нь цомхтголд орчихсон. Бараг би ганцаараа үлдчихээд байсан. Нэг өдөр дуудлаа. Цомхтголд оруулна гэнэ.
Би тэгэхэд залуухан байсан болохоор юмны наадах, цаадахыг мэдэхгүй “Намайг ажилд авъя гэсэн газар байгаа” гээд тоосонгүй. Тэгснээ “Цомхтголд орсон хүмүүс мөнгө авсан гэсэн. Надад өгөх юм болов уу” гэж бодоод байгаа юм аа. Ингэж байтал ажилд авна гэсэн компани “Тогоочоор ажиллахад шаарддаг шинжилгээнүүдээ өгөөд ир” гэхээр нь шинжилгээ өгтөл “Жирэмсэн байна” гэдэг юм байна.
Аймгийн төв дэх оффистоо очиж, хүний нөөцийн мэргэжилтэнтэйгээ уулзаад “Хурдхан тушаалаа гаргуулж, тойрохоо зураад, бичиг баримтаа авмаар байна. Би жирэмсэн ч юм байна. Олон дахин нааш цаашаа явж чадахгүй” гэтэл “Жирэмсэн бол цомхтголд оруулахгүй” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Үгүй ээ, би халагдана. Өндөр цалинтай өөр ажилд орох гэж байгаа” гэлээ. Жирэмсэн болохоор бие суларч ядардаг үе нь таарсныг ч хэлэх үү, цомхтголын мөнгө авч, хэд хоног амрах тухай л бодож байв.
Гэтэл “Хуулиа л дагана. Ямартай ч хотод очоод гэрээт эмнэлэгт шинжилгээ өгөөдөх” гээд онгоцны тасалбар захиалаад өгчихлөө. Хотод шинжилгээ өгтөл яах аргагүй жирэмсэн гэнэ. Ингээд цомхтголд орж, мөнгө аваад амрах төлөвлөгөө талаар боллоо. Хотын оффист суудаг хүний нөөцийн менежер Надя эгч “Жирэмсэн хүнийг халахгүй. Чи ямар ажил хийж чадах вэ. Сургалт дамжаанд суусан уу” гэж байна.
“Гагнуурчны үнэмлэхтэй. Гэхдээ бараг гагнуур хийж чадахгүй. Хэдэн жилийн өмнө 45 хоногийн дамжаанд суугаад, түүнээс хойш гагнуурын алх ч бариагүй” гэтэл “Чи очингуутаа үнэмлэхээ над руу явуул. Тэгээд гагнуурчин бол” гэснээ уурхай руу баахан хүн рүү утсаар ярьж, намайг захиж даатгаад явуулсан. Ингээд би гэдэг хүн уурхайнхаа мундаг гагнуурчдыг дагаж явсаар хийнэ гэж ганц ч удаа бодож байгаагүй ажилдаа жигтэйхэн дуртай болсон.
Сүүлдээ эрэгтэйчүүдтэйгээ булаацалдаад гагнуур хийдэг байлаа. Би жирэмсэн байсныг ч хэлэх үү, эрчүүд маань болж өгвөл намайг ажлаас чөлөөлчих гээд л “Чи цаанаа байж бай” гэнэ. Би “Зүгээр ээ” гээд л зэрэгцээд хийнэ.
Манай “Оюутолгой” чи мэргэжилгүй гээд ажлаас халж, явуулахаа урьтал болгодоггүй, зааж, сургаад авчихдаг буянтай газар даа. Энд ажиллаж буй хүмүүсийн олонхыг сургаж авсан” гэв.
Яриа ид дундаа явж байтал цайны цаг дууслаа. Энэ удаа биднийг хамт явахыг зөвшөөрсөнгүй. Өдөржингөө түрүүчийн явсан замаар явж, хүдрээ зөөх тул сонирхоод байх зүйл үгүй гэнэ. Ингээд орой ажил тарахаар уулзах болоод үлдлээ. Бүсгүй дэнхгэр машиндаа суугаад давхиж одов.
12.00 цаг. Нарангэрэлийг ажлаасаа бууж ирэхийг хүлээх болсон нь бидэнд “Оюутолгой” төслийн явц, уурхайн үйл ажиллагаатай танилцах завшаан олгов. Өнгөрсөн онд гэхэд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг ханган нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ авахад зарцуулсан уг төсөл Монголын эдийн засгийн хамгийн том түшиг, тулгуур билээ.
Баяжуулах үйлдвэр, энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт хэмээгдээд буй гүний уурхай гээд үзүүштэй, сурвалжлууштай зүйл тэнд олон бий. Гэвч тэдгээрийг сурвалжлах нь бидний энэ удаагийн томилолтын зорилго байгаагүй тул алгасаж, ягаан цамцтай эрчүүдийн тухай онцолмоор санагдаж байна.
“Оюутолгой”-н бэлгэдэл өнгө улбар шар бөгөөд компанийн логоноос эхлээд ажилчдын хувцас хүртэл уг компанийн өнгө төрхийг илтгэх бүх зүйлд эл өнгө шингэсэн байдаг. Уурхайн талбарт хаашаа л харна шар хувцастнууд байх бөгөөд тэдэн дунд ягаан өнгөтэй цамц өмссөн эрчүүд мэр сэр тааралдах нь содон. Албан тушаал, зэрэг дэвээрээ ажлын хувцасны өнгө нь өөр байдаг юм болов уу хэмээн тааварлаж, тийм байлаа ч эрчүүд ягаан цамц өмссөн нь сонин юм хэмээн бодож байлаа.
Гэтэл өөр учиртай аж. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд, тэдний эрхэлсэн ажил, хөгжлийг дэмжих зорилгоор 2016 онд Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо байгуулжээ. Уг холбоонд Оюутолгойн уурхайд үйл ажиллагаа явуулдаг 20 компанийн 180 ажилтан нэгдсэн байна. Харин эрчүүд нь уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрч, тэднийг хүндэтгэн дэмжиж буйгаа илэрхийлж ягаан цамц өмсдөг юм санж. Зөв, сайхан хандлага байгаа биз. Учрыг олж мэдсэнээс хойш ягаан цамц өмссөн эрчүүд “хөөрхөн” харагдаад байсан шүү.
19.00 цаг. Нарангэрэл ажлаасаа буув. Түүнээс “Ядрав уу” гэж асуухад “Үгүй ээ. Би залхуу хүрлээ, ядарлаа гэж хэлэх дургүй. Тэгж хэлэхийг сонсоход ч сонин санагддаг. Ялангуяа ажлын цагаар, үүргээ гүйцэтгэж явахдаа тэгж хэлэхийг сонсохоороо “Чиний үүрэг биз дээ, залуу хүн байж” гэх мэтийн юм хэлж, хүний дургүй хүргэчихдэг гэм бий. Энэ ажлыг хийнэ гэж ирсэн бол үүргээ биелүүлэх л ёстой.
Манай ажил хариуцлагатай, өндөр сонор сэрэмж шаарддаг болохоор ядарсан үедээ дараагийн хүндээ ажлаа шилжүүлээд амрахыг зөвлөдөг. Гэхдээ би жирэмсэн байхдаа ч ядарлаа гэж ажлаас чөлөөлөгдөж байгаагүй. Ажлаас хойш суух нь залуу хүнд байх ёсгүй зан. Ямар ч үед ажил, амралтаа зохицуулаад, ногдсон үүргээ биелүүлэхэд бэлэн байх ёстой гэж боддог. Энэ бол эмээ, өвөөгийн минь хүмүүжил.
Бас урвайж, толгой гудайж, мөрөө унжуулсан байдалд би дургүй. Энэ ч бас эмээ, өвөөгийн минь сургасан дадал. Өвөө минь намайг унжийж, доогуур харчихсан байхыг харвал “Өвчинд шаналсан хүн шиг яагаад толгойгоо ганзагалаад байгаа юм” гээд эрүүг маань хуруугаараа дээшлүүлдэг байж билээ. Толгойгоо өргө, дээгүүр хар гэж байнга хэлнэ. Ингэж сургасан болохоор тэр биз, намайг хүмүүс “Гэдийсэн, эрүүгээ өргөж явдаг” гэдэг юм” хэмээсэн.
19.30 цаг. Нарангэрэл оройн хоолоо идэхгүй гэсэн тул бид уурхайчид чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдгийг сонирхохоор шийдэв. Уурхайн кэмпэд бильярд, дасгалын танхим, кино театр, уушийн газар гээд очих газар нэгээр тогтохгүй. Энэ өдрүүдэд шинэ кино ирээгүй тул театрыг очих газрын жагсаалтаас хасав. Бильярдын газрын бүх ширээнд залуус тоглож байсан тул уушийн газрыг зорилоо.
20.00 цаг. Уурхайчдын уушийн газар өвөрмөц ажээ. Элдэв янзын чимэглэл, тав тух бүрдүүлэхийг оролдсон юу ч байхгүй. Хоолны газарт байсан шиг олон хүн зэрэгцэж суухад зориулсан урт ширээ, сандлууд, шар айраг олгох хэсэг, тэгээд л боллоо. Үйлчлүүлэгчид нь бүгд ажлын хувцастайгаа. Тэнд 0.33 литрийн шар айргаар үйлчлэх бөгөөд нэг хүнд нэг удаа хоёр лаазаас илүүг өгөхгүй журамтай.
Өдөрт дээд тал нь гурван удаа хоёр лааз (нийт зургаан лааз) шар айраг авах эрхтэй ч үүнийгээ бүрэн ашиглах хүн цөөн гэнэ. 19.00 цагт ээлжнээс буусан ажилчид хоолондоо ороод 20.00 цагийн үед ийшээ ирнэ. Уушийн газар 21.00 цагаас хойш ганц ч лааз шар айраг зарахгүй. Тэгэхээр ганц цагт хоёр лааз л хангалттай байдаг гэнэ. Уушийн газар 21.00 цаг болонгуут хөгжим тавих бөгөөд үүнтэй зэрэгцээд залуус тойрог үүсгэн бүжиглэх аж.
21.30 цаг гэхэд хөгжим зогсож, хүмүүс ч тарна. Ямар ч хэл үг, наашаа, цаашаа гэх асуудал байхгүй. Ядрахгүй, сэргэг, бүтээмж өндөртэй ажиллахад амралт ямар чухлыг энд ажилчдадаа сайтар ойлгуулдаг, бүх үйлчилгээ нь тэдний ажил, амралтыг бодолцсон байдаг аж.
21.40 цаг. Уушийн газарт байсан хүмүүс бүгд байр руугаа явав. Нарангэрэл ч бас амрахаар яаравчиллаа. Тэр биднийг сонирхсон болохоор л уушийн газар руу дагуулж явснаас биш бусад үед ажлаасаа ирээд амрахаа л боддог гэсэн.
22.00 цаг. Ажилчдын байр нам гүмд автав. Өглөө 05.00 цагт босох хүмүүс амарч буй тул хэн ч саад болох ёсгүй. Ийнхүү бидний ажил ч дуусаж, сурвалжилгаа өндөрлөв.