Монголчууд хоёр жилийн өмнөөс шинэ оныг нэг хүлээлттэй хамт угтдаг болсон нь НӨАТ-ын урамшуулал юм. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн баримтыг алгасалгүй бүртгүүлж, НӨАТ-ын баримт өгөөгүй бизнес эрхлэгчидтэй цөөнгүй удаа маргалдан, жилийн турш чамгүй хичээл зүтгэл гаргасны дүнд бид энэ урамшууллыг хүртдэг. Манай улс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжүүлж эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Өнгөрсөн оны байдлаар НӨАТ-ын баримтын бүртгэлийн системд холбогдсон 88 мянга гаруй бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж байжээ.
Хуулиа мөрдөөд, дүрэм журмаараа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд байхад хуулийг үл ойшоосон бөх зүрхтэй бизнес эрхлэгчид одоо ч олон байна. Ялангуяа хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг томоохон зах, худалдааны төвүүдэд бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулдаг. Өнгөрсөн онд Татварын ерөнхий газрын 1800 1288 утсанд 2900 орчим иргэн гомдол мэдүүлсэн аж.
Үүний дотор зах, худалдааны төвийнхөн НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа тухай гомдол олон байжээ. 2016 оноос хойш Татварын ерөнхий газраас аймаг, нийслэлийн татварын хэлтсүүдэд үүрэг өгч, харьяа нутаг дэвсгэр дээрх бизнес эрхлэгчид нь хуулиа мөрдөж буй, эсэхийг хянуулж, татварын байцаагч нар иргэдийн гомдлын мөрөөр аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэн, цөөнгүй газрыг НӨАТ-ын баримт өгдөг болгожээ.
Мөн тэд дүүргийнхээ зах, худалдааны төвүүдтэй хамтран ажиллаж, түрээслэгчид нь НӨАТ-ын баримт өгдөг болоход анхаарч буй. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Барс 1, 2”, “Хархорин” захаас гадна томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүргийн татварын байцаагч нар иргэдийн гомдлын дагуу НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа газруудад очин, шаардлага тавьж, хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд “Гермес”, “Автоплаза”, “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд НӨАТ-ын баримт хэвлэдэг машин суурилуулж, түрээслэгчид нь баримт өгөх боломжтой болжээ.
“Барс 1” зах 327 түрээслэгчтэйгээс 233 нь баримт хэвлэх төхөөрөмжтэй болсон гэнэ. Татварын байцаагчид цаашдаа “Хархорин”, “Барс 2” захынхныг баримт хэвлэдэг машинтай болгохоор төлөвлөжээ. Эхний удаад захын удирдлагуудтай уулзаж, түрээслэгчдэд нь сургалт зохион байгуулсан байна. Сонгинохайрхан дүүрэгт том, жижиг 21 худалдааны төв бий. Тус дүүргийн татварын хэлтсийнхэн эхний ээлжинд “Энхжин” бөөний худалдааны төвийн түрээслэгчдийг НӨАТ-ын баримт өгдөг болгохоор ажиллаж буй.
Одоогоор тус төвийн 40 гаруй түрээслэгчийн 5-аас бусад нь баримт хэвлэх төхөөрөмжтэй болсон гэнэ. Автомашин худалдаалагчид НӨАТ-ын баримт өгдөггүй талаар хүмүүс их гомдоллодог аж. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн татварынхан шинэ авто худалдааны цогцолборын түрээслэгч нарыг НӨАТ-ын баримт өгдөг болгох нь. Тэд авто худалдааны цогцолборын удирдлагатай уулзаж, түрээслэгч нартай гэрээ хийхдээ НӨАТ-ын баримт олгох ёстой гэсэн заалт оруулах талаар ярилцжээ. Энэ дүүрэгт “Драгон” төв, “Хангай” захынхан хамгийн хатуу чихтэй, шаардлага тавихаар хүлээж авдаггүй гэсэн.
“Нарантуул” захын хувьд өргөтгөлийнх нь түрээслэгчдийн 70 орчим хувь нь НӨАТ-ын баримт хэвлэх боломжтой болсон тухай харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нь хэлэв. Гэвч өнгөрсөн лхагва гаригт тус захын өргөтгөлийн хэсгийн хэд хэдэн лангуунаас худалдаа хийсэн танилд маань лав баримт өгөөгүй байсан. Би өнгөрсөн бямба гаригт “Барс 1” захыг зорилоо. Тэндээс жимс, хүнсний ногоо болон ахуйн хэрэглээний зүйлс худалдан авахад жимсний үнэд л баримт өгөв.
Нөгөө хоёр нь баримт хэвлэх төхөөрөмжгүй гэсэн. Мөн “Хархорин” захын хоёр лангуунаас чихэр болон хүүхдийн цамц худалдаж аваад худалдагчаас нь НӨАТ-ын баримт нэхтэл ам руугаа алгадуулах шахав. Огт боломжгүй зүйл асуусан аятай уурлаж, “Захынхан угаасаа НӨАТ-ын баримт өгдөггүй” хэмээсэн тэдэнд хууль хамаардаггүй хэрэг үү, эсвэл энэ үгэнд нь дассан иргэд баримт нэхэхгүй явсаар давраачихсан байх нь.
Баримт өгөхгүй гүрийдэг зарим газруудыг бодвол арай соёлтой, татвараас зайлсхийх аргаа олчихсон хэсэг бизнес эрхлэгч бий. Тэд хямдрал нэрээр НӨАТ-ын баримт өгдөггүй. Тухайн бүтээгдэхүүнд НӨАТ-тай, НӨАТ-гүй хоёр үнэ тогтоодог. НӨАТ-ын баримт авахгүй бол үндсэн үнээс нь 2-5 хувь хямдруулж авах боломжтой. Ийм тохиолдолд олонх хүн хямдханыг л сонгох нь ойлгомжтой. Миний мэдэхийн хүүхдийн хувцасны томоохон хоёр, нүдний шилний нэг дэлгүүр ийм аргаар үйл ажиллагаа явуулдаг.
НӨАТ-ын баримт өгөөгүй бизнес эрхлэгчдэд эхний ээлжинд шаардлага хүргүүлж, 14 хоногийн дотор баримт хэвлэх төхөөрөмж авч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулдаг байна. Шаардлагыг биелүүлээгүй бол эхний удаа хувь хүнийг 50, аж ахуйн нэгжийг 150 мянган төгрөгөөр торгодог. Үүний дараа ч үүргээ ухамсарлахгүй бол хувь хүнийг 150, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгох хуультай. Татварын ерөнхий газрынхан хоёр жил гаруйн хугацаанд 12 688 шаардлагыг бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ.
Тэдгээрээс 621-т нь хариуцлага тооцож, 169.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ямартай ч зарим зах, томоохон худалдааны төв эхнээсээ НӨАТ-ын баримт өгдөг болж байна. Гэхдээ бүгд баримт өгдөг болтлоо нэлээд цаг хугацаа шаардах бололтой. Тэдэнд хуулиа хэрэгжүүлж, НӨАТ-ын баримт өгөх тухай шаардлага тавихаар бүтээгдэхүүнийхээ үнийг арван хувиар нэмэхээс өөр аргагүй гэж сүрдүүлдэг аж. Мөн баримт хэвлэх машин худалдаж авахад өртөг өндөр гэсэн тайлбар тавьдаг байна. Гэвч техник, технологийн эрин үед амьдарч буй бидэнд НӨАТ-ын баримт хэвлэх төрөл бүрийн арга бий.
Хэвлэгч төхөөрөмж худалдаж авахад үнэтэй байлаа гэхэд гар утсандаа суулгах боломжтой аппликэйшн хүртэл зохион бүтээчихсэн байна. Энэ нь хэрэглэхэд хялбар төдийгүй баримт хэвлэх жижиг төхөөрөмж нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Үүнээс гадна хүмүүс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг сайн ойлгоогүйгээс НӨАТ-ын баримт өгөх нь татварын дарамт хэмээн ойлгож, түвэгшээдэг талаар татварын байцаагч нар хэлсэн.
НӨАТ-ыг бараа борлуулагч бус, эцсийн хэрэглэгч буюу бүтээгдэхүүн худалдаж авсан хүн төлдөг. Борлуулагч нь хэрэглэгчийн бүтээгдэхүүн худалдаж авахад төлсөн үнийн арван хувийг улсын төсөвт дамжуулан өгөх үүрэгтэй. Арван хувийн хоёрыг нь бид урамшуулал болгон буцааж авдаг. НӨАТ-ын баримт өгдөггүй бизнес эрхлэгчид энэ арван хувийг өөртөө завшдаг гэсэн үг.
Тиймээс иргэд худалдаа хийх бүртээ НӨАТ баримтаа авч, өгөхгүй бол шаардлага тавьж, улмаар Татварын ерөнхий газрын 1800 1288 утсанд мэдүүлэх хэрэгтэй. Бизнес эрхлэгч бүр НӨАТ-ын баримт өгч, бид худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнэ бүрээс урамшуулал хүртэхийн тулд иргэн бүрийн оролцоо хамгийн чухал аж. Энэ нь цаашлаад далд эдийн засгийг ил болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлж, эх орноо хөгжүүлэхэд иргэн таны оруулж буй бага ч болов тус юм.