У СУН
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
XXI зуунд хуваагдмал хэвээр байгаа цорын ганц улс нь Солонгос болоод байна. Тиймдээ ч энэ сарын 27-нд зохион байгуулах хоёр Солонгосын дээд түвшний уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж, энэ уулзалтаар Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэж, талуудын харилцаа сайжран шинэчлэгдэхийг хүсэн хүлээж буй юм. Хоёр Солонгосын дээд түвшний уулзалтыг 2000, 2007 онд Пхеньян хотод зохион байгуулж байсан бөгөөд түүнээс хойш 11 жилийн дараа дахин уулзах гэж буй нь энэ билээ. Энэ удаагийн уулзалтыг хоёр Солонгосын хилийн бүсийн Панмүнжом тосгон дахь БНСУ-ын талын нутаг буюу Энх тайвны ордонд зохион байгуулна. Уулзалтад Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцохоор болсон нь Солонгос улс хуваагдснаас хойш анх удаа Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтан өмнөдийн нутагт хөл тавьж байгаагаараа онцлогтой.
Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэж, хоёр Солонгосын харилцааг сайжруулах нь Солонгосын хойгийн асуудал төдийгөөр хязгаарлагдахгүй, Монгол Улсын хувьд ч нэн чухал билээ. Өдгөө БНСУ-д 50 мянга орчим монгол иргэн амьдарч буй бөгөөд Монголын иргэд хамгийн олноор оршин сууж буй гадаад улс бол Солонгос юм. Өөрөөр хэлбэл, монгол айл бүрээс хэн нэгэн, найз нөхөд, хамаатан садан нь Солонгост амьдарч байдаг. Өнөөдрийн байдлаар ч Солонгосыг зорих хүсэлтэй олон иргэн виз мэдүүлж байна. Солонгос улс монголчуудтай салшгүй холбоотой. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад айлчлалаа манай улсаас эхэлсэн нь чухал ач холбогдолтойг харуулж байна.
Эдгээр учир шалтгааны зэрэгцээ, миний бие монгол хүмүүстэй уулзаж ярилцах бүртээ Солонгосын хойгийн талаар өөриймсөг хандаж, чухал чилж анхаардаг болохыг олж мэдэн, уг асуудалд сэтгэл зовинох үнэнч анд нөхөртэйгөө уулзсан мэт санагддаг. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Умард Солонгост айлчилсны дараах өдөр буюу гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам хоёр Солонгосын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг талархан хүлээн авч, байр сууриа бусад улс орноос урьтаж илэрхийлсэн.
Солонгосын хойгийн өнөөгийн байдал хэдэн сарын өмнөхтэй харьцуулахад асар их өөрчлөгджээ. 2017 оны есдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийхэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворгүй боллоо хэмээн олон улсад үзэж байсан. Харин 2018 оны хоёрдугаар сард Пёнчаны өвлийн олимпоор хоёр Солонгосын яриа хэлэлцээ хийх боломж дахин нээгдэж, энэ нь нэг удаагийн үйл явдлаар зогсохгүй дараа сард нь Ерөнхийлөгчийн тусгай элч тэргүүтэй төлөөлөгчид Умард Солонгост айлчилж, энэ сард хоёр Солонгосын дээд түвшний уулзалт хийхээр боллоо. АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтыг ирэх сард зохион байгуулахаар тохирсон үр дүнг авчирлаа. 2018 оны дөрөв, тавдугаар сард болох уулзалт, яриа хэлэлцээ нь XXI зууны түүхэн чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны наймдугаар сарын 15-нд Чөлөөлөлтийн баярын үеэр хэлсэн үгэндээ “Солонгосын хойгт энх тайван үгүй бол Зүүн хойд Азид энх тайван гэж үгүй, Зүүн хойд Азид энх тайван үгүй бол дэлхий нийтийн энх тайван хөндөгдөнө” гэж цохон тэмдэглэсэн билээ. Солонгосын хойгийн энх тайван байдал нь дэлхий нийтийн асуудал бөгөөд Мүн Жэ Иний Засгийн газар бүх нийтэд ашиг тустай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газрын баримталж буй Солонгосын хойгийн бодлого нь зөвхөн Солонгосын хойг төдийгүй, Монгол Улс, Зүүн хойд Азийн улс орнууд, олон улсыг хамарч буй юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээнд оролцуулахад олон чухал үүрэг гүйцэтгэсэн. Бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, Умард Солонгосыг олон улсын харилцаанд татан оролцуулахаар Улаанбаатарын яриа хэлэлцээг жил бүр зохион байгуулж ирэв. Зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдалд чиглэсэн олон талт яриа хэлэлцээний механизм хараахан бүрдээгүй байгаа ч Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эхэлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дипломат яриа хэлэлцээний чухал үүрэг гүйцэтгэж, жил бүр энэ уулзалтад Умард Солонгосын төлөөлөгчид оролцож ирсэн, цаашдаа ч томоохон дэвшлүүд гарна гэдэгт итгэдэг.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайвныг цогцлоох, хоёр Солонгосын харилцааг сайжруулах нь Монгол, Солонгос хоёр улс хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх түлхүүр юм. Монгол Улс эдийн засгийн зогсонги байдлыг даван туулж, дахин сэргэж буй энэ цаг үед Солонгосын хойгийн байдал эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэх болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайвныг цогцлооход Монгол, БНСУ нэгдсэн ойлголтдоо үндэслэн нягт хамтран ажиллаж, хоёр Солонгосын харилцааг дээшлүүлэхэд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хоёр улс харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх болно. Дэлхийн түүхэнд чухал ач холбогдолтой энэ үед Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж ирсэн Монгол Улсын оролцоо, дэмжлэг цаашид чухал шаардлагатай байна.
Манай Элчин сайдын яам 2015 оноос эхлэн жил бүр “Солонгосын нэгдэл” найрал дууны уралдаан зохион байгуулж ирсэн. Монгол, Солонгосын иргэн хэн ч байсан оролцох боломжтой энэ уралдаанд “Бид эв нэгдлийг хүснэ” дууг дуулдаг. “Бид эв нэгдлийг хүснэ, зүүд мөрөөдөлдөө ч эв нэгдлийг хүснэ” гэсэн үгтэй энэ дуу бол солонгос хүн бүрийн эв нэгдлийг хүсэн хүлээсэн чин сэтгэл, хүсэл тэмүүллийг агуулсан байдаг юм. Энэхүү уралдааныг санаачлан эхлүүлснээсээ хойш дотроо хэзээ нэгэн цагт эл дууны тэмцээнд оролцсон бүх хүн Сүхбаатарын талбайд гар гараасаа барин “Бид эв нэгдлийг хүснэ” дууг дуулж, энэ дуу дэлхий дахинд цуурайтаасай хэмээн хүсдэг. Энэ хүсэл минь биелэх өдөр удахгүй ирэх биз ээ.