Богдхан ууланд хууль бусаар барилга барьж эхэлжээ. Байгаль хамгаалагчид, холбогдох албаныхан тэдэнд шаардлага тавьж, ажлаа зогсоож, барилгыг нь албадан буулгах шийдвэр танилцуулсан ч тусыг эс олов. Том толгойтой хүмүүс маргаашнаас нь л ажлаа үргэлжлүүлэх жишээтэй. Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг болох Богдхан уул ийнхүү сувдаг сэтгэлтнүүдийн хөлд талхлагдаж, төр, засгийнхан “барилгачдын” өмнө хүчин мөхөстөв. Хамаг учир дархан цаазат уул хэдийнэ эзлэгдсэнд оршино. “Өмнө нь өчнөөн барилга бариулчихсан хэрнээ одоо барих гэхээр яагаад болдоггүй юм, ялгаварлан гадуурхлаа, алаг үзэж байна” гэж дур мэдэн эзэн суугчид тавлаж буй.
Чухал ач холбогдолтой нутгаа тусгайлан хамгаалах нь цаанаа байгаль, түүх, соёлын дурсгалт газраа хойч үедээ хадгалан үлдээх том зорилготой. Түүнчлэн аялал жуулчлал хөгжүүлж, улс орноо олон нийтэд сурталчлан таниулах гол түшиц газар болгодог. Гэтэл эл “цоорхой”-г хэрхэн буруугаар ашиглаж болдгийн “сонгодог жишиг” сүүлийн 20 орчим жил Богдхан ууланд тогтов. Үнэндээ тусгай хамгаалалттай газар бус, жирийн л нэг суурин болтол нь барилга, байшин “чихчихээд” байна. Ийм дархан цааз, тусгай хамгаалалт гэж дэлхийн хаана ч байхгүй биз.
Уг нь Богдхан уулын тусгай хамгаалалтын ангилал хатуу, дархан цаазат гэсэн тодотголтой. Дархан цаазат газрыг ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих хориотой. Бас аялах, судалгаа шинжилгээ хийхээс бусад зориулалтаар барилга барихыг хориглосон хуультай. Харамсалтай нь, дархан уулын том, жижиг нийлсэн 34 амны 30 нь хэдийнэ “зэрлэгүүдэд” талхлагдаж, одоо ердөө дөрөвхөн нь л эзлэгдээгүй үлджээ.
Богдхан уулын дархан цаазат газрыг 1998 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байдаг. Тухайн үедээ нэлээд хөөцөлдөж, ажил болж багтаасан уг сүлжээнд зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг хамруулдаг аж. Дэлхийн байгалийн өвтэй эн тэнцэх шахуу эрэмбэтэй гэдгийг тодотгох хүн ч байв. Олон улсын хэмжээнд онцгойлон хамгаалах ёстой гэж тамгалсан газрыг барилга, байшингаар дүүргэн, ухаж сэндийчин, дайны талбар мэт болгосныг дэлхий нийт юу гэж дүгнэх бол?
2000 оноос Богдхан ууланд газрын наймаа цэцэглэж эхэлсэн гэсэн албан бус мэдээ бий. Албан бус гэж тодотгосны учир нь үүнд буруутгагдаж хариуцлага хүлээсэн хүн нэгээхэн ч үгүй. Улсын мөрдөн байцаах газраас 2006 онд, тухайн үед Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Д.Түмэнхүүг авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн, Эрүүгийн хуулийн 268-д зааснаар хэрэг үүсгэсэн байдаг. Түүнтэй хамт Байгаль орчны яамны хэд хэдэн ажилтныг хорьж шалгаж байжээ. Харамсалтай нь, тэр хэрэг өдий хүртэл шийдэгдсэнгүй. Хэнд, ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй хэвээр замхарсан юм даг.
Хэдийнэ хяналтаасаа алдсан эл асуудлыг шийдэх аргаа барсан төр, засгийнхан өдгөө тусгай хамгаалалттай нутгийн хилийн цэсийг шинэчлэх тухай ярьж эхэллээ. Богдхан ууланд газар бүхий иргэн, аж ахуйн нэгжийн тоо 2100 гаруйд хүрчээ. 42 000 орчим га газартай тусгай хамгаалалттай бүсийн 6000 га нь суурьшилд эзлэгдсэн гэнэ. Нэгэнт орон сууцны хотхон, хороолол сүндэрлэчихсэн газрыг тусгай хамгаалалтаас гаргах талаар холбогдох байгууллагынхан ажиллаж буй юм байна. Онгон дагшин байдалтай хэсгийг нь тусгай хамгаалалттай хэвээр үлдээж, түүндээ харин “зэрлэгүүдийн” хөл хүргэхгүй жинхэнээсээ хамгаалах юм гэнэ. Магадгүй үүнээс өөр зам үлдээгүй ч байж мэднэ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Дархан газарт дураараа авирлагчдыг дарах төрийн хүч хөнгөдөж байна
Дархан цаазат Богдхан уул суурьшлын бүс болоод удаж буй. Аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр газар эзэмших зөвшөөрөл авч, орон сууц барьж, суурьшлын бүс бий болгох нь даамжирч, “хэл сураггүй” барилгын ажил явуулдаг шинэ арга газар авлаа. Үүний тод жишээ нь, Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн явдал. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын гаргасан газар чөлөөлөх тогтоолын дагуу өнгөрсөн бямба гаригт холбогдох албанынхан шаардлага тавьж, барилгын ажлыг зогсоон, буулгуулсан.
Гэтэл гурван давхар барилгын төмөр карказ босгосон байсан нь зогсох нь бүү хэл, хоёр хоног өнгөрөв үү, үгүй юү л өрлөгийн ажил эхэлсэн байв. Биднийг газар дээр нь уржигдар очиход 3-4 залуу өрлөг хийж байлаа. Яамнаас шаардлага тавьсан байхад яагаад ажлаа зогсоогоогүйг тэднээс лавлахад “Мэдэхгүй” гэх хариу өгч, бүгд тарцгаалаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди барилгыг бариулж буй иргэн Б.Дайчинхүүтэй утсаар холбогдоход “Би хот руу орж явна. Хэд хоногоос уулзаж тайлбарлана” гэсэн юм.
Тус газрын байгаль хамгаалагч Г.Энхболд “Даваа гаригийн оройноос өрлөг хийж эхэлсэн. Олон удаа шаардлага тавьсан боловч авч хэлэлцээгүй учраас цагдаа дуудсан. Ер нь биднийг шаардлага тавихад тоох хүн олддоггүй. Даргыгаа дууд, дарга нартай чинь уулзчихна” гэдэг. Цагдаа нар ирж шаардлага тавиад явсны дараа нэг том нохой авчраад уячихлаа” хэмээн барилгын төмөр карказнаас уясан том нохой руу заав. Товчхондоо иргэн Б.Дайчинхүүгийн бариулсан барилгыг Монголын төр зогсоож чадсангүй, алба хаагчид нь ийн ам руугаа “алгадуулж” сууна.
Мөн Их тэнгэрийн аманд байрлах Ерөнхийлөгчийн өргөөний хойно “Зүүнбаян рефайнер” компанийнхан барилга барихаар зэхжээ. Тус компанийнхан 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх аваад Туул гол дагуух бургасыг огтолж, эрэг рүү шороо асгаж, тэгшилсэн бөгөөд усны ундаргыг хааж, байгалийн унаган төрхийг алдагдуулсан зэрэг хэд хэдэн зөрчил гаргажээ. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран хуулийн дагуу арга хэмжээ авсан ч зөрчлөө арилгахгүй байсан учир 2017 оны зургадугаар сард БОАЖ-ын сайдын тушаалаар эрхийг нь цуцалжээ.
Гэсэн ч өдий хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Биднийг очиход барилгын ажил ид өрнөж, том оврын машинууд зогсоо зайгүй холхиж, шороо асгаж байв. Анх дөрвөн га газарт барилга барих эрх авсан ч тойруулж татсан хашаагаа сунгасаар зургаа болгожээ. Ажилчдаас яагаад үйл ажиллагаагаа зогсоохгүй байгааг лавлахад мөн л мэдэх хүн байсангүй. Барилгын ажилчдын түр байранд байсан нэгэн эмэгтэйгээс тодруулах гэтэл биднийг хөөж, “Зайсанд байрлах бусад барилгаа нураачихаад ирвэл бид үйл ажиллагаагаа зогсооно” гэсэн юм. Энэ мэт хоорондоо барьцах нь цөөнгүй байлаа.
Энд үйл ажиллагаа явуулж буй компаниуд холбогдох төрийн байгууллагынхан ирэхэд ихэвчлэн менежерийнхээ утасны дугаарыг үлдээдэг бөгөөд тэд нь “Ажлаасаа гарсан”, “Би энэ асуудлыг мэдэхгүй” зэрэг хариулт өгч, төрийн албанд хүндрэл учруулдаг гэдгийг мэргэжилтэн Д.Банди хэлэв.
Шаардлага тавьсан төрийн ажилтнуудыг үл тоомсорлон, доог тохуу хийж, эсвэл дүлий дүмбэ царайлж барилгаа барьж дуусгах тохиолдол Богдхан ууланд газар авчээ. “Нэгэнт ажил дууссаны дараа хэн ч нурааж чадахгүй” гэсэн том толгойтнуут дархан цаазат газарт олширлоо.
Энэ мэт газраа зориулалтынх нь дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн нийт 31.39 га газрыг ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсан нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй нь энэ. Хариуцсан албан тушаалтныг нохой хуцсан чинээ ч тоодоггүй, “дарга” пайзтай, тусгай хүмүүстэй л харилцдаг тэднийг хэн хорьж, зогсоох вэ?
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Нийслэлийн нутаг дэвсгэрт байх дархан цаазат Богд хан уулаа төр, орон нутаг, иргэдийн зүгээс хайрлаж, хамгаалж чадаж байна уу, төрийн тусгай хамгаалалттай энэ уулын ойрын болон ирээдүйн өнгө төрх ямар байх бол, монголчуудын оюун ухаан дахь ариун дагшин сүр хүч нь хэвээр үлдэж чадах уу гэх зэрэг асуултад бид өнөөдөр хариулах аваас түүнийг аврах алхам хийхэд төдий чинээ дөхөм байх биз ээ.
Хуулиар бол Богд хан уулыг төрийн тусгай хамгаалалттай газар нутгийнх нь хувьд БОАЖЯ, түүний захиргааны нэгж, ажилтнууд хамгаалах үүрэгтэй. Гэхдээ хууль гэлтгүй энэ сайхан хайрхнаа нийслэлийн болон Төв аймгийн харьяалах сумын иргэд зөнгөөрөө, байгалиа дээдлэх сэтгэлийн чанад дахь аясаараа бишрэн хамгаалах учир холбогдол ч бий.
Улсын хүн амын гуравны нэгээс илүү нь оршин суудаг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дархан цаазат Богд уулаа хамгаалах ёстой, БОАЖЯ газар олгох ёсгүй гэсэн байр суурьтай байдаг юм байна. Харин нийслэлийн Байгаль орчны газрын өгсөн мэдээллээр энэ асуудал эднийд хамаардаггүй аж.
Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг, хамгаалалтын тусгай захиргаатай тул ажилд нь хөндлөнгөөс оролцож болохгүй гэх. Ийм уялдаа холбоо, хамаарлын эргэн тойронд аль байгууллагын хэн ямар байр суурьтай байгааг хүргэе.
Таван жилийн дараа Богд уулын тал нь суурьшлын бүс болсон байх вий
Ю.ЯДМАА (Богдхан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байцаагч):
-Би байгаль хамгаалагчаар долоо дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор Бага тэнгэрийн амыг хариуцдаг. Бид ажил хийж байгаа улсын хувьд Богд уулаа хамгаалах гэж зүтгэх юм. Гэтэл төр нь хөдөлж өгдөггүй. Хамгаал гэж үүрэгдэх хэрнээ дархан цаазтай газраа ухаж болно гэсэн шиг барилга барих зөвшөөрөл олгосоор байх юм.
Байгаль хамгаалагчид хаана юу болохгүй байна, хэн буруу, хориотой үйл ажиллагаа явуулж байна, түүнийг илрүүлээд шаардлага тавьдаг. Даанч хүлээж авдаг хүн, байгууллага байдаггүй. Өөдөөс доромжилно, зодох шахна. Манайхан бүгд уураа барсан. Амьд явахаа бодъё, уурлахын оронд инээгээд явж байя гэдэг болсон. Хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагчдынхаа мэдээллийг нэгтгээд БОАЖЯ-ны Төрийн тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлдэг.
Уг нь тэнд асуудлыг шийдэж, дорвитой арга хэмжээ авдаг баймаар. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй таг болдог юм. Тэгэхээр төр хөдлөхгүй байгаа биз дээ. Дархан цаазтай уул гээд л байдаг. Зайсан толгой гэх юмгүй болсон. Энэ янзаараа энд тэндээс нь ухаад байх юм бол гурваас таван жилийн дараа Богд уулын тал нь суурьшлын бүс болсон байх вий. Ингээд бодохоор энэ дархан цаазтай уул мөн үү.
Зөвшөөрөлгүй барьсан л бол хог, түүнийг зайлуулах хэрэгтэй
Б.ЭРДЭНЭ (Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, байгаль орчин тандан судлаач):
-Дархан цаазат Богд хан уулаа онголж дархалсан хэвээр нь байлгах нь зүйтэй гэж үздэг. Харамсалтай нь, 2000-2017 оны хооронд харалган төр, салбар хоорондын бодлогын уялдаа холбоогүй байдал, нийгмийн хариуцлагагүй компаниуд, увайгүй иргэдийн харгайгаар энэ уул албан бусаар суурьшлын бүс болчихлоо. Нам, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийн үүднээс дархан цаазат Богд уулынхаа төрийн хамгаалалтыг буулгахгүй гэж найдаж байна.
Нэг хүний эзэмшлийн “Алтжин” худалдааны төв шатахад төр хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулсан. Гэтэл бүхэл бүтэн Богд уулыг төр хамгаалж чадахгүй гэж хэлэхгүй байлгүй. Одоо шийдэмгий хөдлөх хэрэгтэй. Дархан цаазат, тусгай хамгаалалттай, дэлхийд данстай ууланд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьсан, босгосон бүхэн хог. Түүнээс ангижрах хэрэгтэй.
Ийм барилгуудыг төр хүчээр нураагаад, барьсан компаниудын удирдлагад хариуцлага тооцож, цэвэрлэх хөрөнгийг гаргуулах хэрэгтэй. Ингэж ажиллавал иргэний, бизнесийн байгууллагын, төрийн ч хариуцлага, тогтолцоо, механизмыг бий болгож чадна. Үгүй бол энэ замбараагүй байдлыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Хувь хүний хөрөнгө үрэн таран болно гэж өрөвдөх хэрэггүй.
Ийм тактикаар хамгаалалт хийж ирсэн хоцрогдлыг арилгах цаг болсон. Төр нь улсаа удирдахгүй, залахгүй бол өөр хэн гэж. Иргэд ч гэсэн хариуцлагатай амьдрах ёстой.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Европын улсууд жуулчдын хөлийг хумихад хүрчээ
Байгалийн хамгаалалттай нутаг дэвсгэр гэсэн албан ёсны нэр АНУ-д 1872 онд бий болж, Йеллоустоны үндэсний хүрээлэн байгуулагджээ. Гэхдээ үүнээс эрт онцгой хамгаалалттай газар нутаг дэлхийн өнцөг булан бүрт байв. Энэтхэгт 2000 жилийн өмнө байгалийн ямар нэг баялгийг хамгаалдаг тусгай бүс гэж байж. Африкийн оршин суугчид тийм нутгийг ариун газар гэдэг.
Европын хувьд хаан, эсвэл чинээлэг хүмүүс ан хийхэд зориулан хамгаалалттай нутаг дэвсгэр бий болгодог байсан. Өдгөө дэлхий даяар байгалийн унаган төрхөө хамгаалахад анхаарал хандуулахын тулд Олон улсын дархан цаазат газрын өдрийг тавдугаар сарын 24-нд тэмдэглэж байна.
Өнөө цагт хамгаалалттай газрыг тухайлбал, Олон улсын байгаль хамгаалах холбоо зургаа ангилжээ. Тэдгээрийг зориулалт, хамгаалах дэглэм, хүний гүйцэтгэх үүргийн зэрэглэлээр нь ялгадаг аж. Үүний сацуу улс бүрт эдгээр ангилал нь тухайн орны түүх, газар зүй, нийгэм болон бусад хүчин зүйлтэй холбоотой байдаг. Ийм ялгаатай хэдий ч хамгаалалттай газар нутаг нь юуны түрүүнд манай гаригийн хуурай болон усан гадаргуугийн хосгүй бөгөөд бага хөндөгдсөн хэсгийг хамгаалахад чиглэсэн байна.
Ингэж хамгаалахын чухлыг ч улс орнууд ойлгох болсон аж. Европын газар нутгийн 15-25 хувь нь ийм хамгаалалттай. Үндэсний хүрээлэнгийн системийн 140 гаруй жилийн түүхтэй АНУ байгалиа хамгаалах болон аялал жуулчлал гэсэн хоорондоо зөрчилтэй үйл ажиллагааг чадварлагаар хослуулдаг гэдэг. Гэвч жил бүр асар их орлого улсдаа оруулдаг үндэсний хүрээлэнгүүдээр аялагчдын тоо байнга нэмэгдэж байгаа нь байгальдаа олон сөрөг үр дагавар учруулах болжээ. Тодруулбал, Их хөндий хүрээлэн (Grand canyon national park)-д жил бүр дөрвөн сая гаруй жуулчин хүлээн авдаг.
Тэндхийн зарим хэсэг нь хүний үйл ажиллагааны улмаас унаган төрхөө хэдийнэ алджээ. Хөндийн ёроол руу уруудсан 11 км замаар зорчиход хүндрэлтэй болсон аж. Гэсэн ч хүрээлэнгийн нийт газар нутагтай харьцуулахад хөндий нь өчүүхэн жижиг талбай эзэлдэг учир хамгаалалттай бүс үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэдэг гэж үздэг. Тэгээд ч АНУ-ын хүрээлэнгүүдийн асар том талбайн дийлэнх хэсэг онгон дагшин хэвээрээ. Европт улсууд нь жижиг учир хамгаалалттай газруудынх нь талбай бага. Тиймээс онцгой анхаарал тавьж, хэзээнээсээ жуулчдын анхаарал татдаг байгалиа хамгаалахын тулд тэдний хөлийг хумихад хүрчээ.
Азид XIII зуунд Италийн худалдаачин Марко Поло дэлхийгээр аялахдаа Монголын хаан Хубилай зах хязгааргүй эзэнт гүрнийхээ байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалуулдаг байсныг тэмдэглэн үлдээсэн түүхтэй. Өдгөө Сибирь, хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг оруулахгүйгээр Азийн газар нутгийн ердөө гуравхан хувийг хуулиар хамгаалсан байдгийг Олон улсын байгаль, байгалийн баялгийг хамгаалах холбоо мэдээлсэн байна.
1990 онд Алс Дорнодод 390 орчим дархан цаазат газар бүртгэгдсэний дөрөвний гурав нь Хятадад харьяалагддаг. Японд хамгаалалттай 65 газар байдаг ч олонх нь онгон байгальд их хохирол учруулсан арилжааны байгууллага болжээ. Харин байгальд хайр гамтай ханддагаараа бахархдаг Өмнөд Солонгос 1960 онд л үндэсний хүрээлэнгийн тухай хууль баталж, газар нутгийнхаа зургаа орчим хувийг хамарсан дархан цаазат 17 газар байгуулсан юм.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ч.БАТСАНСАР: Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.
-Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгуудыг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг БОАЖЯ-наас авч эхэлсэн.
Харамсалтай нь, иргэн, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийг үл хүндэтгэн, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Цаашид хэрхэх ёстой вэ?
-Хуулиа л биелүүлнэ. Төр тусгай хамгаалалттай газраа гэрээний үндсэн дээр түр ашиглуулж байгаа шүү дээ. Тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр Богдхан ууланд Үндсэн хуулийн цэц, ХААИС, эмнэлгүүд, дээр нь хорих газар хүртэл бий. Бас уугуул, суугуул иргэд амьдарч буй.
Хөөхөөр хүний эрх зөрчих гээд байдаг. Бид Богдхан уулын дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай бусад газар дахь иргэн, аж ахуйн нэгжүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Нэгдсэн дүн хараахан гараагүй. Богдхан уулан дахь аж ахуйн нэгжүүдээс 700 орчим нь одоо болтол бүртгүүлээгүй. Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцална.
Газар олгоход алгаа тосож авчихаад, хуулийнхаа дагуу бүртгүүлэх болохоор хойш суух нь ямар учиртай юм бэ. Үүнээс гадна гол дагуу 70 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ. Үүний долоо нь объекттой. Эхний ээлжинд 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг Н.Цэрэнбат сайдын тушаалаар цуцалсан. Дээр нь 35 аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүллээ.
-70 газраас долоо нь объекттой, бусад нь хоосон гэхээр ашиглах эрхийг цуцлах тийм ч хэцүү биш байх.
-Дахин хэлье, төр гэрээний үндсэн дээр түр ашиглуулж байгаа газар. Эзэмшүүлж, өмчлүүлсэн юм биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл манайхан авчихсан л бол миний юм гэж боддог. Үгүй шүү дээ. Төр хүссэн үедээ газраа буцаан авах эрхтэй. Гэхдээ төр аваад, дахиад өөр нэгэнд эзэмшүүлэхгүй, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтаар нь ашиглах зорилго тавьж буй.
-Барилга байгууламж барьчихсаныг нь яах вэ?
-Буулгаж эхэлсэн. Бурхан багшийн хөшөөний хойно зөвшөөрөлгүй барьсан карказыг буулгах хөрөнгийг шийдэж байна. 39 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хажууханд нь бас нэг зөвшөөрөлгүй барилга бий. Танктай хөшөөний ойролцоо бас нэг байх жишээтэй. Бүгд нэг хүнийх. Ингэж даварч, төрийг доромжилж болохгүй. Зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилгуудыг системтэйгээр буулгаж, төр газраа эргүүлэн авна гэдгийг хатуу мэдэгдье.
-Төр өөрийн хөрөнгөөр бүгдийг нь буулгах юм уу?
-Буцаан төлүүлнэ. Мөн өөрсдөө буулгах хугацаа, боломж олгоно.
-Өнгөрсөн жил “Энигма” компанийнхан нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй, бидний газар гэж нэлээд маргаан үүсгэсэн. Төр тэднээс газраа эргүүлэн авч чадсан уу?
-Шийдэгдсэн. Гурван га газраа төр эргүүлэн авч, нийслэлээс санхүүг нь шийдээд, 300 гаруй машины зогсоол барьсан. Уг газарт цаашид тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг барина. Түүнчлэн Экологийн боловсрол олгох төв байгуулахаар төлөвлөсөн.
-Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой. Гэтэл Богдхан ууланд өчнөөн орон сууц бий. Нэгэнт ийм болчихсон учраас тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгохоор төлөвлөж буй гэсэн байх аа?
-Би ажлаа аваад “Богдхан ууланд байгаа бүх байшин барилгыг нурааж, онгон дагшин болгож чадахгүй” гэдгээ хэлсэн. Нуугаад яах вэ, би дийлэхгүй. Үндсэн хуулийн цэцээс авахуулаад, шорон хүртэл байна гэж дээр хэлсэн дээ. Тиймээс одоо хилийн цэсэнд нь өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд Богдхан уул хамрагдсан.
Уг сүлжээний амин сүнс нь тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдийг дэмжих, экологийн ач холбогдлыг нь хүртээх. Өөрөөр хэлбэл, гол шалгуур, шаардлага нь орчны бүсийн иргэдийг дэмжих юм. Гэтэл Богдханы дархан цаазат газарт орчны бүс гэж алга. Тус газар ойролцоогоор 42 000 га-г хамардаг. Үүнээс нэгэнт суурьшил болчихсон 6000 га талбайг тусгай хамгаалалттай газрын хилийн цэсээс гаргаад, нийслэлд өгье гэсэн байр суурийг БОАЖЯ барьж буй.
Энэ нь зөвхөн хилийн цэсийг өөрчлөх тухай асуудал юм. Гэтэл хүмүүс тэр чигт нь тусгай хамгаалалтаас гаргах нь гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, 6000 га-г нь хасаад, газрыг нь өөр тийш тэлж 42 000 га хэвээр үлдээх боломжтой.
-Хилийн цэсийг шинэчлэн тогтоох зураг төсөл юм уу, шийдвэрийг хэзээ гаргах бол?
-Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гуравдугаар сард гарч, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Зөвхөн яам бус, холбогдох бусад байгууллагынхан ч ажлын хэсэгт багтсан. Уг асуудлыг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Цаашид УИХ-аар хэлэлцэж, хилийн цэсийг шинэчлэх, эсэхийг шийдэх ёстой.