Хэдэн настай хүнийг хүүхэд гэх вэ. Хариулт нь тодорхой хэдий ч өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалт олон хүнийг эргэлзэхэд хүргэж, иргэний нийгмийн байгууллага болон хуульчдыг талцуулаад байгаа.
Тодруулбал, дээрх зүйл заалтад “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энд 14 гэдэг тоог яагаад онцлон тусгах болов, өөрөөр хэлбэл, ийм насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулиад л өнгөрөх нь гэсэн хардлагыг иргэдэд төрүүлж байгаа юм.
Манай улсын дагаж мөрдөж буй Хүүхдийн эрхийн тухай конвенцод “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэжээ. Мөн Гэр бүлийн тухай хуульд “Хүүхэд гэж 18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн” гэж тодорхойлсон бөгөөд энэ насандаа гэрлэхийг зөвшөөрдөг. 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг хэдий ч эрх зүйн чадамж сул гэж үзээд улс төрийн аливаа сонгуульд 18 нас хүрсэн хойноо л санал өгөх эрхтэй болдог. Жолоочийн үнэмлэхийг хүртэл 18 насанд хүрсэн хүнд олгодог шүү дээ.
Энэ мэтээр Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, олон улсын гэрээ конвенцуудад хүүхдийн эрх зүйн чадамжийг заажээ. Мөн дэлхийн ихэнх улсад 18-20 насанд хүрч байж насанд хүрсэнд тооцдог байна. Гэтэл манай улсын Эрүүгийн хуульд тодорхойлсноор 14-16 настай хүүхэд насанд хүрсэн хүнтэй бэлгийн харьцаанд орж, цаашлаад хүүхэд төрүүллээ гэхэд бие махбод, сэтгэл зүйн хувьд бэлэн үү.
Энэ нас нь бэлгийн бойжилтын дунд үе учир бэлгийн харьцаанд орохыг хойшлуулах хэрэгтэйг эмч нар зөвлөдөг юм билээ. “14-16 насанд жирэмсэлбэл ураг дутуу төрөх, зулбах, эрсдэлтэй. Сэтгэл санаа, эдийн засаг, нийгмийн хувьд бие даах чадваргүй, бусдын хараат болох магадлалтай. 14 насанд өндгөвчний үйл ажиллагаа тогтворжоогүй, бэлгийн бойжилт бүрэн гүйцээгүй байдаг” гэж “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Н.Энхжаргал хэлэв.
2002 оны Эрүүгийн хуульд хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Үүнийг одоо мөрдөж байгаа буюу шинэчилсэн хуульд оруулж өгөхдөө гурван өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, “14 насанд хүрсэн”, “мэдэх боломжтой байсан”, хүндрүүлэх нөхцөл буюу “Жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин тараасан бол” гэж нэмжээ. Үүнийг хуульчдын цөөнгүй нь илүү сайжруулсан хувилбар гэж үзэж буй ч үнэндээ оноох ялын дээд хэмжээ нь гурван жил хүртэл хугацаагаар хорихоор заасан нь ижил байгаа юм.
Хуулийн энэ заалтад яагаад 14 нас “хэрэгтэй” болов гэдгийг ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамираас тодруулахад “Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд 12.5 гэдэг заалт орж ирсэн. Энэ нь хуучин буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаарт заасан “16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх” гэсэн зүйл анги юм. Цоо шинэ зүйл заалт биш. Хуучин хуульд зөвхөн “мэдсээр байж” гэсэн үг байсан бол одоо мэдэх боломжтой хэрнээ бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэг болохыг тодорхой зааж өгсөн.
Мөн “жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол” гэж хүндрүүлэх нөхцөл оруулсан. 14-16 насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орж болно гэсэн зүйл огт биш. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Яагаад 14 нас гэсэн бэ гэхээр энэ хуульд бага насны хүүхэд гэсэн ойлголт явж байгаа. 13 хүртэлх насыг бага нас гэж тооцдог. Ийм насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд зөвшөөрөх, тохирох гэсэн ойлголт байхгүй. 13 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хүчингийн гэмт хэрэгт тооцогддог. Бага насны хүүхэд гэдгээс ялгахын тулд 14 нас гэж оруулсан. Насны субъектийг шинжлэх ухааны үндэслэлтэй заасан гэж бодож байна” гэсэн юм.
Мэдээж насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох нь гэмт хэрэг. Үүнтэй хэн ч маргаагүй. Гагцхүү 14-16 насны хүүхэд хүчиндүүлсэн байлаа гэхэд хоорондоо зөвшилцсөн мэтээр ар гэрийнхэнтэй нь тохиролцож, хуулийн 12.5 дугаар зүйл ангиар ял завших вий хэмээн иргэний нийгмийн байгууллагынхан үзэж буй юм. 13 наснаас доош хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэг харин 14, түүнээс дээш бол хүч хэрэглээгүй гэж үзэх нь ойлгомжгүй санагдана.
“Одоогийн охид нүүр амаа будаж, биеэ авч яваа байдал нь хүүхнүүдээс ялгарах зүйлгүй. Бие хаа өсгөлүүн, хэл нь ярианы хөгжил сайтай болсон” гэж хүмүүс ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Гэхдээ охидыг өсгөлүүн болсон гээд насанд хүрэгчдийн дур хүсэл, зугаа цэнгэлээ гаргах өгөөш болгож болох уу. Энэ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчид хэлж байгаа ч энэ нь хүчиндэх гэмт хэргээс ялын хувьд хамаагүй хөнгөн.
Хүүхдийн эрхийн хорооноос “Хүүхдийн өсөлт хөгжил буюу гаднаасаа харагдах байдлаар нь бус, настай нь хамааруулж тухайн улс бодлого, шийдвэрээ гаргаач ээ” гэсэн зөвлөмж өгсөн байдаг аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн гадна талаасаа харагдах бие бялдрын хөгжил сайжирсан ч сэтгэхүй, биологийн хөгжил нь хэвэндээ байдгийг энэ конвенцоор анхааруулсан юм. Монгол хүн 14 настай хүүхдээ томчуудтай бэлгийн харилцаанд орох, цаашлаад хүүхэд төрүүлэх, хүнтэй гэрлэхийг нь хүлээн авах уу.
Бидний ёс заншил, уламжлал, амьдралын хэв маяг, сэтгэхүй, нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч байна уу. Ийм насны хүүхэд насанд хүрэгчтэй бэлгийн харьцаанд орж, жирэмсэн боллоо гэхэд сургуулийнх нь хамт олон, найз нөхөд наанадаж шоглохгүйгээр, цаашлаад сургуулиа төгсөхөд нь дэмжих хэмжээний бодлоготой юу. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 44 хувийг 15-24 насныхан эзэлж, хүсээгүй жирэмслэлт, насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлэх охидын тоо нэмэгдэж байгаа.
Ийм байдлыг газар авахуулахгүй, элдэв эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалах атал насанд хүрээгүй хүүхдийг томчуудын өгөөш болгох гэж үү. Тэгвэл нэг мөр 16 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үзэж тэдэнд сонгууль өгөх, жолоо барих, гэрлэх, шүүхэд өөрийгөө төлөөлөх гээд бүх л эрх мэдлийг нь өгчихье. Эсвэл шинэчилсэн гэх тодотголтой Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтыг 18 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэж өөрчилье.
Шулуухандаа хүчингийн гэмт хэргийн золиос болж буй эмэгтэйчүүд тэр тусмаа охидоо хамгаалахын тулд 18 насанд хүрээгүй хүнтэй томчууд бэлгийн харьцаанд орсон тохиолдлыг хүчиндэх гэмт хэрэг гэж үзье. Энэ нь ирээдүйгээ хамгаалах, хүч чадалтай нь сул дорой нэгнээ тэтгэх сайн жишээ гэж бодном. Энэ гэмт хэргийн өгөөш хүүхэд биш гэдгийг хууль боловсруулагчдад дуулгахад илүүдэхгүй биз.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ГАНБАЯСГАХ: 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хүчингийн гэмт хэрэг
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахаас зарим зүйлийг тодрууллаа.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн дараахан Эрүүгийн хуулийн 12.5 дахь заалтын талаар маргаан нийгэмд бий болов. Энэ заалтыг эсэргүүцэж буй хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хүчиндэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 12.1-ээр зохицуулж байгаа. Харин тус хуулийн 12.5 дахь заалт нь хүч хэрэглээгүй тохиолдолд хэрхэхийг заасан. Ганц би бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хуульд тусгасан насыг эргэж харахыг хүсэж, шаардаж байгаа юм. Энд насанд хүрсэн, ухамсартай, үр дагавраа бүрэн тооцох боломжтой хүн насанд хүрээгүй буюу дөнгөж бэлгийн бойжилт нь явагдаж байгаа өсвөр насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлын тухай ярьж байна.
14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хүчингийн гэмт хэрэг мөн. Дэлхийн жишгээр энэ насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг “хуулиар тодорхойлсон хүчин” (англиар statutory rape) гэж үзэж, эрүүгийн гэмт хэрэг хэмээн хатуу цээрлүүлдэг. Манай хуулийн зүйлийн нэр нь ч “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэсэн байна. Тэгвэл юу хийж байгаагаа бүрэн ухамсарлах чадамжгүй хүнийг ятгах, айлган сүрдүүлэх, янз бүрийн аргаар дур хүслээ хангахад хүргэснийг яагаад хүчин биш, торгох асуудал гэж үзэж байгаа билээ.
Үүнээс болж БЗДХ авсан, жирэмсэлсэн бол гэмт хэрэгтэн дээд тал нь гурван жил хүртэл хугацаагаар хоригдоно. Энэ нь хүмүүнлэг гээд байгаа нийгэмд байх ёстой хандлага уу. Эсвэл ийм юмыг зөвшөөрдөг “үндэсний онцлог” бий болсон юм уу. Энэ үнэхээр судалгаа, нотолгоонд суурилсан гэж үзэж, хуулиараа зохицуулж байгаа юм бол хохирч буй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийг нь цогцоор нь шийдвэрлэх боломж бий юү. Насанд хүрсэн хүн хүүхдэд үнэхээр хайр сэтгэлтэй болсон бол сургуулиа төгсөөд нас, биед хүрэхийг нь хүлээх чадвартай гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа.
14 нас гэдэг бэлгийн бойжилт явагдаж, эсрэг хүйсийнхнээ сонирхож, том хүн болох үйл явц руугаа шилждэг үе. Энэ үедээ хүүхэд амархан төөрөлддөг. Насанд хүрсэн хүний өөр зорилготой халамж анхаарлыг хайр сэтгэл гэж эндүүрч, буруу алхам хийх вий гэдэгт санаа зовж байна. Та дэргэдээ байгаа өсвөр насны хүүгээ, охиноо, дүүгээ хараарай. Үнэхээр насанд хүрсэн хүнд зөвшөөрөл өгөөд бэлгийн харьцаанд ороход бэлэн байна уу.
-Та хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүс ял завших боломжтой гэж байсан. Үүнийг тайлбарлана уу?
-Энэ заалтыг хүчиндэх гэмт хэргээс ялган үзэж байгаа нь 14-16 хүртэлх насандаа зөвшөөрөл өгөөд бэлгийн харьцаанд орж болох мэтээр ойлгогдож байгаа юм. Гэтэл ийм насны хүүхэд өөрсдийгөө төлөөлж шийдвэр гаргах боломжгүй. Энэ нь хүчингийн хэргийн шийдвэрлэлтэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Би энэ охинтой зөвшилцсөн, хүчиндээгүй гэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
Он гарснаас хойш Эрүүгийн хуулийн энэ заалтын дагуу 10 гаруй хэрэг шийдвэрлэжээ. 2016-2017 онд хүчиндэх гэмт хэргийн гаралт 30 хувиар нэмэгдсэн. Гэтэл цагдаагаас шүүх рүү шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлт 50 орчим хувьтай байна. Шүүхээр шийдвэрлүүлж чадаагүй үлдсэн хэргийн хохирогч нь хэдэн настай байсныг судлах хэрэгтэй.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн товч мэдээллийг харахад хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа юм. Гэтэл хохирогчийн нөхөн сэргээх буюу сэтгэл заслын үйлчилгээ, эрүүл мэндийн хохирлыг яаж нөхөн төлүүлэх талаар тодорхой заалт алга.
-Та 30 улсын хууль болон хэдэн насандаа бэлгийн харьцаанд орж болох талаар судалсан гэл үү?
-Бид 30 улсын хуулийн зохицуулалтыг судалж байгаа. Манайхтай адил төстэй болон, хөгжил сайтай улсууд үүнийг яаж зохицуулсан байна вэ. БНСУ бэлгийн харьцаанд орох насыг 20 гэж зөвшөөрчээ. Улс бүрт энэ нас харилцан адилгүй байгаа юм. Уламжлалаа дагаад эмэгтэйчүүд нь эрт гэрлэдэг, хүүхэд гаргадаг улс 14 насыг зөвшөөрсөн ч хуулийн зохицуулалт нь их сайн.
Австрали улсын хуулийг хүүхэд болон хохирогчийн эрхийн асуудлыг хамгийн сайн тусгасан гэж үздэг. Тус улс 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг 17 жил хорих ялаар шийтгэнэ гэж Эрүүгийн хуульдаа заажээ. Ялын интервалгүй учир ийм хэрэг үйлдвэл 17 жилийн ял авна гэдгээ мэддэг учраас энэ төрлийн гэмт хэрэг цөөн үйлдэгддэг юм байна.
-Уг заалтыг эргэн харах, өөрчлөх талаарх саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн гэсэн. Ямар үр дүн хүлээж байна вэ?
-Тийм ээ. Бид хууль хэрэгжиж эхэлсэн үеэс л ийм саналаа холбогдох албан тушаалтнуудад тавьж байсан. Өмнөх хуулийн 122 дугаар зүйлийг ч мөн иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж ирсэн. Швед улсад аялах явцдаа Бэлгийн боловсролын төв гэдэг байгууллага (RFSU) нь ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд бэлгэвч тараадгийг мэдсэн.
Тэд боловсролын системдээ бага наснаас нь эхлэн биеийн аюулгүй хэсэг нь аль болох, ямар тохиолдолд аюултай, аюулгүй хүрэлт болдог, нас нэмэгдэх бүр бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг, гарч болох эрсдэл, үр дагаврын талаар сургалтын хөтөлбөртөө тусган, цогц, системтэй зааж ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд мэдлэгтэй, өөрийгөө хамгаалах чадвартай болж байна.
Гэтэл манай улсад ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн хичээл заадаггүй. Ядаж л хүүхдүүд маань “Хайртайгаа батал” гээд бэлгийн харилцаанд орох нь хайрлаж буй биш, хүч хэрэглэж байгаа гэдгийг мэддэг болсны дараа Эрүүгийн хуульдаа 14-16 нас гэсэн заалт оруулбал, энэ нь нийгмийн хэрэгцээ шаардлагаар гарч ирвэл хэн ч үгүйсгэхгүй байх. Тэрнээс би хуулийг нь ойлгохгүй дээ, 35 үсэг гаргахгүйдээ үүнийг эсэргүүцээд байгаа юм биш.