Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа талаар манай сонин мэдээлсэн. Мөн уг мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллан, дөрвөн цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.
“Спэйшл майнз” компани үйлдвэрлэлд зориулж шахмал болгосон цианидаар уусмал бэлтгэж, алт ялгахад ашигладаг бөгөөд таван тоннын багтаамжтай савнаас уусмалаа нэг тоннын сав руу хатуу хяналтын доор хэсэгчлэн шахаж, түүнээ баяжуулах үйлдвэртээ бага багаар ашиглах горимтой байтал тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодисыг хяналтгүйгээр шахсан, таван тоннын багтаамжтай савнаас нэг тоннынх руу шахагдсан цианидын уусмал 30 минутын турш асгарсан нь камерын бичлэгт үлдсэн зэрэг мэдээллийг сурвалжилгаараа гаргаж тавьсан юм.
Мөн тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүйгээс Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж, хяналт, шалгалт хийх боломжгүй болсон хойно буюу 3-4 хоногийн дараа хэргийн газарт ажилласан, ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсанаас цианидад хордсон нь тогтоогдох боломж бараг үгүй болсон, хэрэг явдлаас хойш сар шахмын хугацаа өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу өнөө хүртэл гараагүй нь хэргийг замхруулах тал руу нь явуулж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгааг хөндсөн билээ.
Түүнчлэн аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Спэйшл майнз” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зогсоох 167 тоот захирамж гаргасан ч баяжуулах үйлдвэр нь ажилласаар байгааг сануулсан.
Цуврал сурвалжилга маань холбогдох хүмүүсийн анхааралд хүрчээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг компанийн уурхайн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт гарган, энэ сарын 15-ны дотор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг мэргэжлийн байгууллагуудад даалгасан аймгийн ИТХ-ын тогтоол гаргасан байна.
Энэ дагуу Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 2-нд “Спэйшл майнз” компанийн уурхайд гэнэтийн шалгалт хийж, баяжуулах үйлдвэрийнх нь тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь зогсоолоо.
Ажлын хэсгийн шалгалтын явцыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг уурхайнхан үйлдвэр рүү оруулаагүй бөгөөд баяжуулах үйлдвэрийн дарга Т.Ариунболд “Тухайн өдөр шинэ далангийн ажил эхлээд тэсэлгээ хийсэн. Тэсэлгээний доргилтоос болж цианид дамжуулах товчлуур ажиллаж, халилт үүссэн. Халилт хэмжээний хувьд бага. Энэ бол үйлдвэрлэлийн явцад гарсан халилт буюу асгаралт” гэсэн тайлбар өгчээ.
Харин ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр “Аймгийн Засаг даргын захирамж гараад 20 гаруй хонож байхад танайх хариуцлагагүй хандсан” хэмээгээд үйлдвэрийн үйл ажиллаагааг зогсоож, бүх тоног төхөөрөмжийг лацдахыг эрх бүхий хүмүүст даалгажээ. Үйлдвэрийн ажилчид тоног төхөөрөмжийг шууд зогсоох боломжгүй хэмээн учирласан тул эхний удаад бултуурыг лацдаж, бусдыг нь цэвэрлэн, бэлтгэлээ базаасны дараа буюу дөрөвдүгээр сарын 3-4-нд лацдахаар боллоо гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
Энэ талаар тодруулахаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Мөнхбаатартай өчигдөр холбогдоход, “Хүмүүс цианидад хордсон байж болзошгүй гэсэн анхны мэдээлэл манайд өнгөрсөн сарын 7-ны 18.40 цагт ирсэн. Цианидын уусмал 30 гаруй минут асгарсан юм билээ. Асгарсан уусмал нь илүүдэл ус цуглуулах шугамаар хаягдлын сав руу орсон гэж уурхайнхан тайлбарласан.
Цианидын уусмал асгарсан талбайд манай аврах бүлгийн алба хаагчид чиг үүргийнхээ дагуу ажиллаж, компанийн мэргэжилтнүүдтэй хамтран өнгөн хөрсийг саармагжуулж, хоргүйжүүлсэн. Цагдаагийн байгууллага “Спэйшл майнз” компанид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас уг компанид технологийн горим алдагдсан гэж үзээд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Энэ сарын 2-нд ажлын хэсэг очихдоо бутлуурыг лацадсан бол үлдсэн тоног төхөөрөмжөө зогсоосон, эсэхийг нь шалгахаар хүмүүс Цагаан цахир руу явсан, хараахан ирээгүй байна” гэв.
Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж буй “Спэйшл майнз” компанийн уурхайг зогсоосонтой холбоотойгоор нутгийн иргэд сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.
Т.Хүрэлсүх (Баян-Овоо сумын ИТХ-ын дарга асан): -Аймгийн Засаг дарга сарын өмнө захирамж гаргаж, үйл ажиллагааг нь зогсоо гэснийг уурхайнхан үл тоон ажиллаад байсан юм. Харин “Өнөөдөр” сонин сурвалжилж, бодит байдлыг олон нийтэд хүргэсний ачаар аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулан, газар дээр нь ажиллаж, эхний ээлжинд уурхайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авлаа. Энэ асуудлыг олон нийтэд хүргэсэн танай хамт олонд баярлалаа.
А.Чойжгаваа (Баян-Овоо сумын I багийн өндөр настан): -Үйлдвэр зогссон нь үнэн бололтой. Манай нутгийн нэг залуу гэртээ ирсэн байна билээ. Хэдэн зуун км туулж, энд ирээд, энэ даруулгагүй компанийг сурвалжлан, бодит байдал, жирийн иргэдийн үгийг олон түмэнд хүргэсэн “Өнөөдөр” сонинд баярлалаа. Танай сонин ингэж гаргаж тавиагүй бол энэ хэрэг дарагдаад өнгөрөх байлаа гэв.
Дашрамд онцлоход “Спэйшл майнз” ХХК-ийн захирлаар Батбаярын Баттөр ажилладаг бөгөөд нутгийнхан эднийхийг “Молекул Батбаярын уурхай” гэдгээр нь сайн мэддэг, “Батж.Батбаяр Баянхонгороос УИХ-д сонгогдоод хийсэн ганц ажил нь Цагаан цахирын ордыг хувьдаа авсан” гэж ярьдаг юм билээ. Тус компани Цагаан цахирт 298.13 га талбайтай Цагаан овоо, 755.2 га талбайтай Улаан толгой гэсэн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Цагаан овоогийн тусгай зөвшөөрлийг 2004 онд, Улаан толгойн лицензийг 2003 онд авсан бөгөөд эдгээр нь хоёул 30 жилийн хугацаатай. “Спэйшл майнз” нь Канадын “Дрипер капитал” компанийн хөрөнгө оруулалттайгаар энд үйл ажиллагаа явуулдаг аж.
Мөн тэднийх улсын хэмжээнд гуравхан байдаг цианид натри ашиглах зөвшөөрөлтэй компани. Химийн хорт бодис ашигладаг, тэр ч утгаараа аюулгүй ажиллагааг бүхнээс илүү хангаж, онцгой горимоор ажиллах ёстой үйлдвэрийн хор шахах шахуурга хаа хол тэсэлгээ хийхэд ажиллаж байдаг, хорт бодис нь хагас цагийн турш хальж байхад хэн ч мэдээгүй, түүнээ үйлдвэрлэлийн явцад гарч байдаг жирийн зүйл хэмээн тайлбарласан нь яах аргагүй ноцтой асуудал билээ.