Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, Л.Аргамжин, З.Амгалан
Сална, сарнина, бутарна, хагарна. Бүгд л нэг бүхэл байхаа болино гэсэн утгатай ерөөлгүй үг. Монголын нийгэм ийм муухай “сүүдэр”-тэй болоод удлаа. Төр, засаг нь ч, айл гэр нь ч хагархай шаазан шиг, нэг л ёозгүй. Ийм байдлыг хурдхан засаж залруулахгүй бол ангалын ирмэгээс нисэхэд бэлэн болчихож. Тэр дундаа нийгмийг бүрдүүлэгч гол эд, эс болсон гэр бүлийн салалт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг бид хангалттай ярилаа. Уулга алдаж, толгой сэгсрэх биш, одоо яах ёстойгоо ярилцаж, гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар дорвитой хөдлөхгүй бол горьгүй нь.
Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад, 1963 онд Монголд 98 хос гэрлэлтээ цуцлуулж байжээ. Энэ тоо 1990 онд 8-9 дахин нэмэгдэн 717 болсон бөгөөд жилээс жилд өссөөр буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистикаар өнгөрсөн жил 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол зөвхөн шүүхээр цуцлуулсан тохиолдол. Албан ёсоор буюу шүүхээр гэр бүлээ цуцлуулалгүй хоёр тийш болсон хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй.
Гэр бүл салалтын шалтаг, шалтгааныг олон жил судалсан Америкийн Мичиганы их сургуулийн эрдэмтэд “Хосуудын харилцан хүндлэл үгүй болж, нэгнийгээ тэвчээртэй сонсож чадахаа больсон цагт айл гэр бутардаг” гэж дүгнэжээ. Үнэхээр хүндлэл гэдэг зүйл үгүй бол зөвхөн гэр бүл салаад зогсохгүй. Хүндлэл байж гэмээнэ итгэлцэл бий болдог. Угаас итгэл бол амьдралын, бизнесийн, ерөөс хүний ертөнцийн чухал зүйл. Олон орны судлаачид санал нийлдэг, гэр бүл салалтын гурван үндсэн шалтгаан байна. Үүний нэг нь харилцан хүндлэл аж. Эл хүндлэлийг үгүй хийдэг хүчин зүйл олон.
Мөнгө, санхүүгийн асуудлаас болж олон гэр бүл салдаг болохыг судлаачид онцолдог. Ядуу, эсвэл хэт чинээлэг байдал хүний сэтгэл ханамжид онцгой сөрөг нөлөөтэй аж. Бүр тодруулбал, өлөн болон цатгалдсан сэтгэхүй, сэтгэлээр хайрыг хэмжихдээ хүн заавал буруу шийдвэрт хүрдэг гэнэ. Манайх шиг иргэд нь цалин, орлого багатай, ядуу улсад гэр бүл тогтворгүй байх, архидалт, авлига газар авах нь бараг жам ёс гэдгийг улс төр, нийгэм судлаачид хэлжээ.
Хосуудын салах өөр нэг шалтгаан нь архидалт, үүнээс үүдэлтэй гэр бүлээс гадуурх харилцаа юм байна. Манай судлаачдын мэдээлснээр гэр бүл салалтын талаас илүү хувийг эл шалтгаан эзэлдэг гэсэн.
Гэр бүл төлөвлөлт байхгүй цагт элэг бүтэн амьдралын талаар яриад нэмэргүй гэдгийг судлаачид онцлоод, нэг насны ханиа сонгохоосоо өмнө өөрийгөө бэлтгэсэн байх шаардлагатайг сануулжээ. Юуны түрүүнд санхүүгийн чадавхтай болох, эрүүл байх, бусдын төлөө өөрийгөө зориулж чадах, эсэхээ тодорхой болгох ёстой гэнэ. Сэтгэл хөдлөлд автан тоонотод толгой холбосон гэр бүлийн 80 гаруй хувь нь салдаг гэсэн албан бус статистик байна. Үерхэж яваад хүүхэдтэй болчихсон, эсвэл гэрлэх нас оройтлоо хэмээн яарснаас айл гэр болж “тоглосноор” эцэст нь салж, сэтгэлээ шархлуулах, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэхэд хүргэдэг.
Европын орнуудад гэр бүл салалт сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа нь хүн амын нягтаршил, цагаачлалын улмаас нэг дор олон үндэстэн амьдрах болсон буюу соёл, ёс заншлын харилцан адилгүй байдалтай холбоотой гэдгийг тус тивийн шинжээчид тэмдэглэсэн байх юм. Тэгвэл монголчууд бид тийм зовлонгүй, харьцангуй амар тайван нөхцөлд эх нутагтаа амьдарч байж салж, нийлж, айл гэр болохыг тоглож, наадахын чинээ санадаг болсон нь юутай холбоотой юм бол.
Ямар ч шалтгаантай байсан ч салсан гэр бүлийн золиос нь хүүхэд байдгийг л санах учиртай. Тэдний сэтгэлд үлдээсэн аав, ээжийнх нь толбо насан туршид нь дагах болно, яг л сүүдэр шиг. Хагарч, бутарсан сүүдэр жихүүн байх нь мэдээж.
Тиймээс сална, сарнина гэсэн үгийг уруулаараа давуулахаас өмнө сайтар бодоорой, хүмүүс ээ. Хожим тийм муухай үг хэлж, амьдралдаа толбо тогтоохгүйн тулд гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг сайн тунгаагаарай, залуучууд аа. Айл гэрийн аз жаргалын үндэс болсон элэг бүтэн байдлыг хадгалах, ирээдүй үеэ өнчин өсгөхгүйн төлөө төрийн түшээд минь иргэдээ, аав, ээжүүдээ орлоготой, цалинтай байлгах тал дээр хичээгээрэй.
Гэр бүл бутарснаас үүдэлтэй уршиг бол өвөл болохоор санаж, урин дулаан цагт мартдаг утааны асуудал биш. Улс үндэстэн орших, эс орших тухай юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Харилцаагаа хадгалах нууцыг чиличүүд мэддэг
Их Британийн Статистикийн товчооны судалгаанаас үзвэл 25-29-тэй залуусын дунд гэр бүл салалт бусад насныхнаас хоёр дахин их байна. Өнөө үед гэр бүл болсон хоёр шүүхэд хандахаасаа өмнө эвлэрэх оролдлогод улам бүр бага цаг зарцуулдаг болсныг эрдэмтэд судалж, тогтоожээ. Зарим судалгаанд дурдсанаар аль нэг улсын эдийн засгийн хямралын үед салалтын тоо буурдаг.
Хамтран ахуй амьдралаа авч явах нь гэр бүлийн хоёрт мөнгө хэмнэж, улмаар эд материалын “сайн сайхан” байдлаа хадгалж үлдэх боломж олгодогтой үүнийг холбон тайлбарладаг аж. Тухайлбал, Испанид 2008 онд салалтын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 12 хувиар буурсан нь 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө гэж үздэг.
Өнгөрсөн оны статистикаар Бельгид хамгийн олон гэр бүл салсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэв. Тус улсад гэрлэлтээ батлуулсан хосуудын 70 орчим хувь нь салдаг. Испани, Португал, Люксембург, Чех, Унгарт уг үзүүлэлт 60, ОХУ, АНУ-д 50 хувь давжээ. Харин гэр бүлийн харилцаагаа хамгийн удаан хадгалах нууцыг чиличүүд мэддэг байна. Учир нь тэнд дээрх хувь ердөө гурав байдаг гэнэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Н.БАЯРМАА: Гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг нийгмийн ажилтан бэлтгэнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хэлтсийн дарга Н.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад сүүлийн 10 гаруй жилд гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж буй. Судлаачид үүнийг “Монголд гэр бүлийн задрал явагдаж байна” гэж тодорхойлох болсон. Гэр бүл салалт нэмэгдэх болсон нь юутай холбоотой вэ?
-Статистик мэдээллээс харахад манай улсад гэр бүл салалт өсөн нэмэгдэж байгаа нь үнэн. Тухайлбал, 2010 онд 3054 хос гэр бүлээ цуцлуулсан бол 2017 онд дээрх тоо 3945-д хүрсэн байх жишээтэй. Энэ нь 2016 оныхоос ялимгүй буурсан үзүүлэлт шүү дээ. 1000 хүн амд ногдох гэр бүл салалтын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2010 онд манайхан “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” гэсэн үндэсний хэмжээний томоохон суурь судалгаа хийсэн. Дээрх судалгааны үр дүнгээс харахад Монголд гэр бүлийн олон хэв шинжит харилцаа бий болж, улмаар задрал явагдаж байна гэдэг дүгнэлт хийж болохоор байсан. Суурь судалгаанд хамрагдагсдын 72.3 хувь нь гэр бүлийн гишүүдийн харилцааны хэвийн бус нөхцөлөөс үүдэн гэрлэлтээ цуцлуулсан гэж мэдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, манай залуус гэр бүлийн харилцааны утга учир, үнэ цэнийн талаарх ойлголт багатай учраас амьдралын бэрхшээл, сорилтыг даван туулах ухаан, тэвчээр хүрэхгүй, хоёр тийш болох нь элбэг. Гэр бүлийн боловсрол тааруу тул энэ талын зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй гэдгийг судалгаанд оролцсон олон хүн хэлсэн.
Тиймээс гэр бүлийн хөгжлийг төрөөс дэмжих, тогтвортой байдлыг нь хангахын тулд хууль, эрх зүйн орчноо шинэчлэхээс эхлээд хийх зүйл их бий. 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаад, юуны түрүүнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар зэхэж байна.
-2010 оноос хойш гэр бүлийн асуудлаар суурь судалгаа хийгээгүй гэсэн үг үү?
-2015 онд гэр бүлийн асуудлаар нэг судалгаа хийсэн ч дорвитой болоогүй. Тиймээс энэ онд үндэсний хэмжээний томоохон суурь судалгаа хийхээр бэлтгэж байна.
Нийгэмд гэр бүлийн задрал нэгэнт явагдаад эхэлсэн ийм нөхцөлд төр, засаг оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд монгол гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудал нь яг юу болох, салахад нөлөөлж байгаа гол шалтгаан нь юу вэ гэдгийг гурван жил тутамд судалж байх нь зүйтэй юм.
-Гэр бүл төлөвлөлт хэмээх чухал зүйлийг монгол залуус ойшоодоггүй, үүнээсээ болоод амьдралд алдаж эндэх нь их гэдэг. Гэр бүлийн боловсрол олгох асуудлыг шинэ хуулийн төсөлд хэрхэн тусгав?
-Гэр бүл төлөвлөлт гэж юу болох, гэр бүлийн үнэ цэнэ, утга учрыг ирээдүй хойчдоо багаас нь ойлгуулахын тулд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулахаар шинэ хуулийн төсөлдөө тусгасан.
Үүнийг мэдээж БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлнэ. Мөн манай яам болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа аймаг, нийслэлийн холбогдох хэлтсүүд, төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэдэд гэр бүлийн боловсрол олгох сургалт, мэдээллийн тусгай модуль боловсруулж байна.
-Гэр бүлийн боловсролын сургалтын модулийг ямар хүмүүс боловсруулж байгаа вэ. Энд тэндээс шууд авч хуулбарлалгүй, монгол гэр бүлийн онцлогт тохируулж чадаж байгаа болов уу?
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хамтран сургалтын модулийг шинэчлэн боловсруулж байгаа. Ингэхдээ гэр бүлийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн багш нартай хамтарсан.
Цаашид гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэх, харьяа газар, хэлтсүүдийнхээ дэргэд зөвлөгөө, мэдээлэл, сургалтын төв байгуулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
Мөн гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг магадлан итгэмжилж, иргэдэд мэдээлэл өгөх хүрээллийг нэмэгдүүлэх юм.
-Монголын нийгэмд сэтгэлзүйч их хэрэгтэй байгаа. Нийгмийн ажилтнууд сэтгэлзүйчийн орон зайг нөхөж чадахгүй гэдэг юм билээ. Гэр бүлийн сэтгэлзүйч гэж тусгай мэргэжилтэн бэлтгэх талаар ямар нэг ажил хийж байна уу?
-Сургуулиудыг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох асуудал яригдаж байгаа юм билээ. Мөн нийгмийн ажилтны чиг үүргийг тодорхой болгохын тулд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг гараад буй. Аль ч салбарт ажиллаж буй нийгмийн ажилтны ажлын нэг чиг үүрэг нь сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх.
Тиймээс бид эхний удаад мэргэжлийн нийгмийн ажилтнуудыг гэр бүлийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг тэр ажлаа чанартай сайн хийх боломж нөхцөлөөр хангахад анхаарч байна.
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Гэр бүл салалтад нөлөөлж буй гол шалтгаан болон үр дагаврын талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
Ажилтай байлгахад анхаарахгүй бол гэр бүл салалтын тоо буурахгүй
Б.ОЮУН-ЭРДЭНЭ (Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор)
-Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж нь гэр бүл. Гэвч гэр бүлийн хүрээнд маш их асуудал үүсэж, амьдралын үнэ цэнэ алдагдаж байна. 1989-2017 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо гурав дахин нэмэгдсэн бөгөөд энэ байдал 30-44 насныхны дунд өндөр байгаа юм. Итгэл алдах, санхүүгийн бэрхшээл учрах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг нь гэр бүл салах гурван үндсэн шалтгаан болж байна.
Жилд 10 гаруй мянган хос гэрлэлт батлуулж байхад 4000 гэр бүл салж байгаа нь өндөр үзүүлэлт. Энэ бол зөвхөн шүүхээр шийдвэрлүүлсэн тоо шүү дээ. Үүний зэрэгцээ анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэж байна.
Гэр бүлтэй нийт хүний 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзлэх болсон. Ихэвчлэн 20-35 насныхан зонхилж байгаа. Үүнд ажилгүйдлээс үүдсэн сэтгэл зүйн хямрал, архидалт нөлөөлж байна. Залуучууд, өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгож, хосын амьдралд бэлтгэх хэрэгтэй. Тэдний оюун санаанд онцгой анхаарч, ажилтай, орлоготой байлгахгүй бол гэр бүл салалтын тоо хэзээ ч буурахгүй.
Хосуудыг эвлэрүүлэх бүх эрх нь шүүхэд бий
М.ӨЛЗИЙЦЭЦЭГ (Өмгөөллийн “A@M and partners” нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгч)
-Гэр бүлийн харилцаа нийгмийн суурь харилцаа байдаг. Гэтэл хосууд харилцан эрх, үүрэг хүлээнэ гэдгээ ойлгодоггүйгээс салах тохиолдол цөөнгүй ажиглагдаж байна. Ихэнх хос хүүхэдтэй болсныхоо дараа салж байгаа нь харамсалтай. Хүүхэд төрсний дараа гэр бүлд санхүүгийн болон бусад маш олон үүрэг, хариуцлага бий болдог.
Тэдгээрийг голдуу эмэгтэйчүүд үүрч, энэ нь тэдэнд илүү хүнд тусдаг нь маргаан үүсэх нэг шалтгаан болж буй нь хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын өгдөг тайлбараас харагддаг юм. Мөн залуу хос нэгнийхээ аав, ээжийнд амьдардаг, тэдний асуудалд эцэг, эх нь хэт их оролцдогоос маргаан үүсдэг.
Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Эхнэр, хүүхдээ хайхрахгүй, санхүүгээр тусалж, дэмжихгүй, тэр ч бүү хэл, гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон нөхрөөсөө аль болох хурдан салж, хүүхдэдээ тэтгэлэг авах нь дээр гэсэн ойлголтод хүрч буй эмэгтэй цөөнгүй байна.
Иймэрхүү төрлийн маргаанд би жилдээ 2-3, үүнээс ч олон удаа оролцдог. Эд хөрөнгийн асуудлаар маргаж байгаа бол үнийн дүнгийн хэмжээгээр хураамж төлдөг юм. Хосуудын үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах, заавал цуцлах бус, зөвлөгөө, мэдээлэл өгч эвлэрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хоёрыг эвлэрүүлэхэд эвлэрүүлэн зуучлагчаас гадна энэ талаар арга хэмжээ авах бүх эрх нь шүүхэд бий шүү дээ.
Эвлэрлээ гэсэн ч эхнэрээ зодох тохиолдол цөөнгүй
Ж.ЛХАМДОЛГОР (Хөвсгөл аймгийн шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч)
-Манай аймаг гэлтгүй улс даяар гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болжээ. Хөдөлмөрийн ганцаарчилсан болон иргэний, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж байгаа. Иргэдээс ирж буй өргөдөл, гомдлын дийлэнх нь гэр бүл салахтай холбоотой.
Тиймээс нэг ч гэсэн гэр бүлийг бүтэн авч үлдэхэд бүх л арга, ухаанаа зардаг. Салах болсон асуудлыг нь хөндөж, хууль, эрх зүйн хувьд болон үр хүүхдэд нь ямар сөрөг нөлөөтэйг сайтар тайлбарлаж, ойлгуулахыг хичээдэг юм. Тэдний асуудал гэр бүл салах шалтгаан биш гэдгийг сайн ойлгуулж чадвал олонх нь эргээд эвлэрдэг. Нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, муу муухайг нь биш, сайн сайхан талыг нь харж чадвал асуудлыг эергээр шийдэж болно.
Гэр бүл салахад хүргэж буй шалтгааны эхэнд хардалт, дараа нь архидалт орж байна. Шүүхэд гаргасан гомдлыг эвлэрүүлэн зуучлагчид хүлээн авч, хоёр талыг уулзуулснаар бидний ажил эхэлдэг. Эвлэрүүлэн зуулчлал бол хосууд нэгнээ хүндэтгэх, ойлгох энгийн зөв гарц юм.
Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хосуудыг эвлэрүүлэх амаргүй. Аминд нь халтай нөхцөлд өргөдлийг шүүхэд шилжүүлэхээс өөр аргагүй. Эвлэрлээ гээд явсан ч эхнэрээ зодох тохиолдол цөөнгүй гардаг юм.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Гэр бүл салалт яагаад ихсэв.
Үүнд юу нөлөөлж байна вэ?
БАДАМХАНД (Чингэлтэй дүүргийн I хорооны өндөр настан)
-Одоогийн залуус нэгнээ таньж мэдэлгүй нэг гэрт орж, сэтгэлийн хөөрлөөр амьдралд ханддаг болж. Бидний үед аав, ээж минь “Удмыг нь сайн хар” гэж захидаг байсан. Гэтэл одоо үед удмыг нь харах нь бүү хэл, хамт амьдрах хүнээ ч сайн танилгүй хүүхэдтэй болж байна. Мөн хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байгаагаас гэр бүл амархан салж сарниж буй юм.
Э.НОМИН-ЭРДЭНЭ (Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн)
-Нөхөр бид хоёр ханилаад 12 жил өнгөрч, хоёр хүүхдийн эцэг, эх болсон байна. Өнгөрсөн хугацаанд маргалдаж муудалцах зүйл бишгүй л гарсан. Эхнэр, нөхөр хоёр хамтын амьдралынхаа эхний 5-7 жилд гарах зөрчилдөөнийг л давах ёстой юм болов уу гэж бодсон. Үүнд эхнэр хүний үүрэг, тэвчээр чухал. Залуу гэр бүл амьдрал зохиогоод эхний хэдэн жил хэн нэгнийхээ аав, ээжтэй хамт амьдрах тохиолдол цөөнгүй. Энэ үед зөрчилдөөн их гарна. Нэгнээ ойлгохгүй байх, хүүхдээ өмөөрөх хадам аав, ээжийн үгэнд эмзэглэх зэрэг асуудал цөөнгүй. Бүх асуудлаа хамтдаа даван туулчихвал салалт гэдэг зүйлтэй тулгарахгүй.
ЭНХБАЯСГАЛАН (Баянгол дүүргийн иргэн)
-Би эхнэрээсээ салаад дөрвөн жил болж байна. Оюутан байхдаа сайн сайхан зүйл мөрөөдөж, төсөөлж эхнэртэйгээ нэг гэрт орж байсан. Харин сургуулиа төгссөнөөс хойш өдөр тутам бэрхшээл тулгарч, мөрөөдөж, төсөөлсөн амьдрал эсрэгээрээ эргэсэн. Мэргэжлийн ажил олдохгүй байсан тул амьдрахын эрхэнд автобус баазад жолоочоор ажилд орсон юм. Эхнэр минь намайг насаараа цэвэрхэн хувцас өмсөж, өндөр цалинтай ажил хийнэ гэж бодсон байх. “Тостой жолоочтой амьдрахгүй” гээд л салаад явсан. Эцэг, эх нь “Охиндоо ийм амьдрал үзүүлнэ гэж чамтай суулгаагүй” гэж хэлсэн нь ч нөлөөлсөн байх. Тэсвэр, тэвчээр, амьдралыг ойлгох ухаан дутсанаас гэр бүл салах нь ихсэж байна гэж боддог.
Ж.МЯГМАРДОРЖ (Баянгол дүүргийн XXII хорооны иргэн)
-Би одоо 30 хүрэх гэж байна. Гэр бүл зохиогоогүй, цаг нь болоогүй гэж боддог. Амьдралаа аваад явах бололцоотой, бие хүн болж төлөвшсөн хойноо гэр бүл зохиох нь чухал. Насны залууд амьдрал зохиогоод сайхан амьдарч буй хүмүүс бий л байх. Бүтэлгүйтэж буй нь ч олон харагддаг. Амьдрал зохионо гэдэг тоглоом биш. Ялангуяа хүүхэдтэй болно гэдэг асар том хариуцлага. Тиймээс эхлээд өөрөө бие хүн болж төлөвшиж, цаашид тулгарах бэрхшээлийг үүрэх чадвартай болсон хойноо гэрлэх нь оновчтой сонголт байх.
Б.РЕНЧИН (Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны өндөр настан)
-Нас залуу, цус шингэн, гэр бүл зохиож, эх орноо хөгжүүлэх насан дээрээ яваа залуус бүгд Солонгос руу явж, хар ажил хийхийг мөрөөдөж байна. Амьдралынхаа төлөө харийг зорьсон эрчүүдийн ард олон бүсгүй хүүхдээ тэврээд үлддэг. Нэгэнт явсан залуус наад зах нь 3-5 жил ажил хийнэ. Энэ хооронд эхнэр, нөхрийн бие биенээ гэх сэтгэл нь хөрнө. Ийм байдлаас болж салсан гэр бүл олон.