Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа.
Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн билээ.
Бага орлоготой, ядуу бүлгийн иргэдийн болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж наслалт захиргааны ажил эрхэлдэг иргэдээс бага байна.
Иймд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах шаардлага гарсан.
Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож байна. Нийгмийн даатгалын тогтолцоотой ихэнх улс оронд энэ хугацааг доод тал нь 10 жил, улмаар шимтгэл төлсөн бүх жилүүдийн цалингаас тооцдог.
Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаагаас тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна.
Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж 7 жил болгох шаардлагатай гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгалаа.
Хуулийн төсөл хэрэгжсэнээр ахмад настны орлогын баталгаа сайжрах, тэтгэврийн тогтолцооны шударга байдал нэмэгдэх, тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар бий болно.