Улсын хүүхэлдэйн театрын ахмад найруулагчдын нэг Б.Алтан-Очир төрөлх театрынхаа 70 жилийн ойг угтуулан хүүхэлдэй амилуулах урлагт зүтгэсэн он жилүүдэд хийж бүтээсэн ажил үйлсийнхээ тухай болон дэлхийн хүүхэлдэйн урлагийн түүх, уламжлал, улс орнуудын театрууд, тэдний алдарт жүжгүүдийн тухай мэдээлэл өгөх үзэсгэлэн гаргасан нь танин мэдэхүйн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Тэрбээр Чех улсад хүүхэлдэйн урлагийн найруулагч мэргэжил эзэмшсэн бөгөөд Улсын хүүхэлдэйн театрт олон жил найруулагчаар ажилласан аж. Театрынхаа даргын албыг ч хашиж байжээ. Уран бүтээлч нөхдийн хамт бүтээн туурвиж хүүхэд багачуудын хүртээл болгосон олон арван жүжгийнх нь тухай мэдээллийг гэрэл зургаар өгье.