Манай улсад 5500 гаруй хуульч байгаагийн 2170 нь өмгөөлөгч. Тэднийг Монголын хуульчдын холбоо хэмээх байгууллага 2013 оны есдүгээр сарын 7-ноос нэгтгэн зангидаж ирсэн. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдаж, Монголын хуульчдын холбоог байгуулсан. Энэ нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүдийг нэг дээвэр доор оруулсан гэсэн үг.
Ингэснээр хуульчид өөрийн удирдлага, хяналт, зохицуулалтын байгууллагатай, асуудлаа хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх боломжтой болсон юм. Харин сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал чих дэлсэх болж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлээд байна. Үүний нэг нь шүүгчид, өмгөөлөгчид тус холбооноос өрх тусгаарлах сонирхолтой болсон гэх яриа.
Учир нь Өмгөөллийн тухай хуулийг шинээр гаргахаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ХЗДХЯ-нд ажлын хэсэг ажиллаж буй аж. Эдгээр хуулийн төсөлд санал авч буй учир УИХ-д өргөн барих, эсэх нь одоогоор тодорхойгүй.
Ямартай ч Өмгөөллийн тухай хуулийг баталбал нэг улсад адил чиг үүрэг бүхий хоёр байгууллага бий болох бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын хуульчдын холбооноос гадна Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Одоогоор “Монголын өмгөөлөгчдийн холбоо” гэж төрийн бус байгууллага ажиллаж буй бөгөөд өмгөөлөгчид сайн дураараа татвар төлдөг аж.
Тус байгууллага албан ёсны болчихвол өмгөөлөгчид Хуульчдын холбоонд гишүүнээр элсээд сар бүр төлдөг 20 мянган төгрөг дээр нэмээд дахин татвар өгөх болох нь. Өмгөөллийн тухай хуулийн дагуу гишүүнээр заавал элсэж, татвар төлөх аж. Үүнийг цөөнгүй өмгөөлөгч эсэргүүцэж буй юм билээ.
“Өмгөөллийн тухай бие даасан хуультай байх шаардлагатай юу, хуульгүй байснаараа өмгөөлөгчдийн ямар эрх зөрчигдөж байгаа юм бэ зэрэг тодорхойгүй асуудал олон. Нөлөө бүхий өмгөөлөгчид эрх мэдлээ баталгаажуулах гэсэн санаа яваад байна уу” гэж нэгэн хуульч ярьсан.
Өөр нэг нь “Өмгөөлөгчдийн холбоо давхар татвар авах, эрхээ баталгаажуулах лообий хийж байна. Ийм хуультай болох нь бидэнд ямар ч хэрэггүй” гэв. Орон нутгийн өмгөөлөгчид бас өмгөөлөгчдийн салбар зөвлөлдөө давхар татвар төлөх гэнэ. Нэр бүхий нэгэн өмгөөлөгч “Чиг үүрэг адилхан байгууллага хоёр байх шаардлагагүй. Харин Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмгөөлөгчдийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тооцдогийг өөрчлөх хэрэгтэй” гэв.
Түүний хэлснээр өмгөөлөгчдийн нийгмийн асуудалд анхаарах шаардлага бий юм билээ. Тухайлбал, өмгөөлөгч мэргэжлээрээ ажиллах боломжгүй боллоо гэхэд ажилгүйдлийн тэтгэмж авдаггүй, бие давхар болж, хүүхэд төрүүлэхэд байгууллагаас цалинждаг даатгуулагчдаас 50 хувь бага тэтгэмж авдаг юм байна. Тиймээс шинээр хууль гаргаж, нэмж татвар авах бус, одоо байгаагаа сайжруулж, Өмгөөллийн холбоо байгуулах үргүй зардлыг өмгөөлөгчдийн сурч боловсрох, нийтийн эрх ашигт нь нийцсэн ажилд зарцуулах нь зөв гэдэгтэй цөөнгүй хуульч санал нийлж буй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Ардчилсан ихэнх улсад хуульчийн нэг л шалгалт өгдөг. Шалгалтад тэнцсэн бол Хуульчдын холбооны гишүүн болж, дахин өөр холбоонд нэгддэг тогтолцоо бараг байхгүй. Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн л бол өмгөөлөх эрх нээгддэг.
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд байгаа шиг Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын болон Хуулийн зөвлөхийн сахилгын хэрэг шийддэг мэргэжлийн хариуцлагын хороо гэж хоёр тусдаа байгууллага бий болгох шаардлагагүй. Нэг хороогоо бэхжүүлэх нь илүү тустай. 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах бус, харин нэмэлт өөрчлөлт оруулахад болно. Хуульчид хамгийн рационал мэргэжилтэн тул өөрсдийн асуудлаа ухаалаг шийдэж чадна” гэж ярив.
Харин Өмгөөллийн тухай хуулийн үзэл баримтлалаас харахад “2015 онд Хуульчдын холбооноос нийт өмгөөлөгчийн дунд явуулсан судалгаагаар тэдний 62.5 хувь нь Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахыг дэмжсэн бөгөөд 40.1 хувь нь Өмгөөллийн тухай бие даасан хуультай болсноор өмгөөлөгчийн эрх зүйн байдал сайжирч, нэр хүнд, мэргэжлийн ур чадвар нь өснө гэж үзжээ.
2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосноор өмгөөлөгчдийн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй байх нөхцөл үүсээд байна” гэжээ.
Мөн тус хуулийн тавдугаар бүлэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, бүтэц зохион байгуулалт, их хурал, удирдах зөвлөл, ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүйн хороо, хяналтын зөвлөл, мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг хуульчлахаар тусгасан байна.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгсөн, Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжаваас энэ талаар тодруулахад “Монголын хуульчдын холбоо ардчилсан удирдлага, тогтолцоотой, бүх хуульч, олон нийтэд нээлттэй байгууллага. Удирдлага нь 2-3 жилийн давтамжаар солигдож, шинэчлэгддэг, таван жил хүрэхгүй хугацаанд дүрмийн дагуу гурав дахь ерөнхийлөгч нь сонгогдон ажиллаж байна.
Хэрэв Өмгөөлөгчийн холбоо байгуулагдвал өмгөөлөгчид давхар татвар төлнө. Одоо хуульчдын холбоонд 37 хүн ажиллаж байна. Тэдний цалин, гишүүдийн урамшуулалд 300 орчим сая төгрөг зарцуулдаг. Өмгөөлөгчдийн холбоо мөн ийм хэмжээний цалин, урамшуулал зарцуулна. Тус тусын холбооны ерөнхийлөгчийн сонгууль, их хурлын сонгууль зэргийн зардал хоёр дахин өсөх нь. Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгоход 50-60 сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэгэхээр хоёр холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 100-120 сая төгрөг зарцуулахаар байгаа юм.
Мөн Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо жилд 160 орчим сая төгрөгийн төсөвтэй. Мэргэжлийн хариуцлагын хороотой болбол мөн л ийм хэмжээний үргүй зардал гаргах нь. Энэ мэтээр захиргааны, зохион байгуулалтын зардал хоёр дахин өсөх ч хуульчид, өмгөөлөгчдийн ажлын чанар сайжрах, хариуцлага дээшлэх, эрхээ хамгаалуулах асуудал дээрдэхгүй. Хууль батлуулж, холбоо байгуулахад зарцуулах мөнгөө хуульчдын хөгжил, сургалтад зориулах хэрэгтэй” гэж ярив.
Өмгөөлөгчид шүүх хуралдаа суудаггүй, ажлаа хийдүүлдэг, үйлчлүүлэгчээсээ төлбөр авчихаад бултдаг зэрэг тааруу мэдээ цөөнгүй. Энэ бүхнийг цэгцлэх, өмгөөлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр хэрээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэйг зарим хуульч хэлдэг. Гол нь зургаан жилийн өмнө хүчингүй болсон хуулийг дахин “амилуулах” бус, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх асуудлыг тодорхой тусгаж, өмгөөллийн ажлаа гүйцэтгэхэд саад бэрхшээл учрахгүй байх, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг тэд хүсэж буй.
Манай улсад 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүн дээр нэмээд байгууллага болгон өөрийн хуультай болно гэвэл хийрхэл гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ Монголын хуульчдын холбоо үйл ажиллагаагаа илүү чанаржуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэж алагчилгүй адилхан хандах хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй. Өмгөөлөгчид ингэж өрх тусгаарлаж, санхүү, хүний нөөц, эрх мэдлийн хувьд хүч тарамдах шаардлагатай, эсэхэд анхаарал хандуулаасай.