Айл бүр хашаандаа гурван мод тарьчихвал нийслэл байтугай Монгол ногоорно гэдэг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь олон улсынхаас хэд дахин бага, тоосжилт ихтэй учраас үүнийг шийдэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд элдэв тооцоо хийж, түүнд тулгуурлан гаргасан статистик нь энэ.
Харамсалтай нь, умгар хашаатай, хуучин жорлонгоо бөглөж, шинийг барих ч газаргүй айлууд гурав байтугай ганц мод тарина гэдэг үлгэр. Тэр байтугай хаанаас, ямар суулгац авч, хэрхэн тарихаа ч мэдэхгүйн уршгаар Монголыг ногооруулах нь мөрөөдөл төдийхөн байсаар.
Хэдийгээр манай улс 1970 оноос дотооддоо мод үржүүлж, суулгацаа өөрсдөө тарьж эхэлсэн ч энэ салбар саяхнаас л хөл дээрээ тогтож буй. 2012 оноос нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр авто замын дундах шороон хөрснөөс эхлээд сул талбай бүрийг зүлэгжүүлж байхаар шийдвэрлэсэн ч хийсэн нь бага.
Тухайн үед зүлэгний үр, нэг наст цэцэг, бут, сөөгийг БНХАУ-аас авчирч байв. Шалтгаан нь манай улсад мод, ургамал үржүүлдэг байгууллага цөөн, бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр байсных. Үүнийг өөрчлөхөөр өнгөрсөн жилүүдэд мод үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж олширч, ийм зориулалтаар газар эзэмшүүлж, тэдний үйл ажиллагааг нь дэмжих төрийн үйлчилгээ ч идэвхжив.
Гэвч үр дүнд хүрсэн, эсэх нь тодорхойгүй байсаар. Авсан газраа зориулалтын дагуу ашиглаж буй цөөн хэдэн байгууллагыг эс тооцвол мод үржүүлэх нэрийдлээр үржил шимтэй, байрлал сайтай газруудыг эзэмших хүн олшрох болжээ.
Модны эх орон гэгддэг Сэлэнгэ аймагт ийм зөрчил газар авчээ. Тус аймгийн мод үржүүлгийн газруудаас ойн нөхөн сэргээлт хийдэг байгууллагууд суулгацаа авдаг гэнэ. Гэвч хэдэн арван га газрынхаа талд нь амралтын бааз ажиллуулж, үлдсэн жаахан талбайд нь бут, сөөг, бургасхан тарьж, түүнийгээ “шахдаг” үзэгдэл дэлгэрчээ. Хөвсгөл аймгийн иргэн Э “Манай аймагт мод үржүүлгийн газар байхгүй. Тиймээс бид ойд нөхөн сэргээлт хийхдээ Сэлэнгэ аймгаас зулзган мод авдаг.
Аймгийн ойн дийлэнх нь шинэс учраас удирдлагууд түүнийг тарих чиглэл өгдөг. Гэтэл Сэлэнгэд шинэс үржүүлдэг газар цөөн. Суулгацаа Улаанбаатараас авъя гэхээр тээвэрлэлтийн зардал өндөр. Тиймээс би Сэлэнгэ аймгийн олон аж ахуйн нэгжээр орсон. Мод үржүүлж буй хүмүүс төрөөс дэмжлэг авдаг, ийм санаачилга гаргасан иргэнд томоохон газрыг олон жилийн хугацаатай эзэмшүүлдэг.
Гэтэл хүмүүс том газар авахын тулд төсөл бичээд, түүнийгээ биелүүлэлгүй, цөөн төрлийн гоёлын мод л тарьдаг юм билээ. Манай аймагт ч энэ чиглэлээр газар эзэмшүүлж байсан удаатай. Харамсалтай нь, авсан газраа зориулалтаар нь ашигладаг хүн тун цөөн. Миний мэдэхээр сүүлийн дөрвөн жилд энэ чиглэлээр долоон хүн газар авсан ч хэн нь ч мод үржүүлээгүй. Хашаа хатгаад л орхичихсон” хэмээн ярьсан юм.
Мод үржүүлэх нэрийдлээр газар олгох нь ашигтай бас “цэвэрхэн” бизнес учраас аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтнууд ч эл аргыг хэрэглэх болсон гэх. Өнгөрсөн 2015 онд нийслэлийн Засаг даргын орлогчийн албыг хашиж байсан Н.Батаа газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож, ялагч болсон 10 гаруй иргэнд Налайх дүүргийн нутагт тус бүр таван га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Гэвч тэдний олонх нь газраа зориулалтын бусаар ашиглаж буйг Налайх дүүргийн ЗДТГ-ын эх сурвалж хэлэв. Тэрбээр “Манай дүүргийн II, III хорооны нутагт энэ чиглэлээр газар эзэмшиж буй хүн цөөнгүй. Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа нь цөөн. Олонх нь дүүргийн харьяаны бус хүн учир бид тэдэнтэй уулзаж чаддаггүй. Зарим нь “Төлөх юм аа төлөөд авсан” гээд зориулалтаа өөрчилдөг” хэмээн ярьсан юм.
Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ойр, үйлдвэр технологийн парк байгуулахаар төлөвлөсөн Хонхор орчимд ч ийм зориулалтаар газар аваад, амины орон сууц барьсан хүн цөөнгүй аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт ч ийм үзэгдэл элбэг болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Нийслэлд дэлгэрсэн эл үзэгдэл орон нутагт ч бий. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг эх сурвалж тус аймгийн ИТХ-ынхан мод үржүүлэх нэрээр их хэмжээний талбайг хямд үнээр “худалддаг” талаар ярьсан юм.
Тэрбээр “Аймгийн төв орчмын байрлал сайтай газрууд хөрөнгөтэй хүмүүсийн эзэмшил болоод удсан. Ингэж авахдаа мод үржүүлгийн газар байгуулах нэрээр халхавчилдаг. Ийм нэрээр газар авахад төлбөр нь хямд юм шиг байна лээ. Нэг га газрыг 70 000 төгрөгөөр л эзэмшүүлдэг гэж дуулсан. Дараа нь тухайн газар мод үржүүлдэггүй, эсрэгээрээ агуулах болох нь элбэг.
Ингэж газар олгосон хүмүүс нь ихэвчлэн аймгийн удирдах албан тушаалтан, авсан хүмүүс нь тэдний танил талын хүн байдаг. Үүний уршгаар газрын худалдаанаас аймгийн төсөвт төвлөрөх хөрөнгө ч төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй. Өнгөрсөн оны сүүлчээр энэ төрлийн маргаан нэлээд гарсан” хэмээн ярилаа.
Төв суурин бүсэд сул талбай хомс, газрын наймаа нийтийн анхааралд орж, эсэргүүцэх хүн олон болсон учраас “мод үржүүлнэ” хэмээн газар өгч, авах нь сонгодог арга болсныг энүүхнээс мэдэж болохоор. “Мод үржүүлгийн газар” гэсэн самбартай хоосон хашаа энд тэндгүй байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Баянзүрх дүүргийн Шар хоолойн аман дахь “эзэнгүй” хашаануудаас авахуулаад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх “Аавуудын цэцэрлэг” гэсэн хаягтай, ургах, эсэх нь тодорхойгүй зулзган мод суулгасан газруудад хэзээ мөдгүй барилга сүндэрлэвэл гайхах зүйлгүй.
Газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа, үгүйг хянадаггүй хайнга байдлыг далимдуулан иргэд ч мод үржүүлэх нэрийдлээр газартай болох гэж улайрдаг боллоо. Жишээлбэл, Сэлбэ гол дагуу 10 000 мод тарих зар тавьж буй хэсэг хүнийг энд дурдаж болно. Тэд амьжиргааны түвшин доогуур хэд хэдэн хүнд хандив цуглуулж өгсөн учраас уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Ингээд Сэлэнгэ аймгаас 10 000 суулгац авчирч, нэг бүрийг нь 200 төгрөгөөр худалдахаар төлөвлөжээ.
Уг арга хэмжээний талаар зохион байгуулагчдаас тодруулахад “Биднээс суулгац аваад Сэлбэ гол дагуу тарих юм. Тарьсан моддыг арчилж, тордох 2-3 өрхийг гол дагуу буулгах учраас санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Уг нь ийм ажил хийхэд нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл уг аяны талаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн холбогдох албан тушаалтнууд сонсоо ч үгүй сууж байлаа.
Үүнийг мод тарих нэрээр голын ай сав газарт хашаа хатгах гэсэн оролдлого гэж хардах хүн ч байна. Хяналтаа сайжруулахгүй, цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл газрын наймаа буурахгүй нь бололтой.