Нийслэлийн Прокурорын газар болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэд хэдэн хүнээ өдөр тутмын ажлаас нь чөлөөлж, олны анхаарал татсан, нийгэмд дуулиан тариад буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 1 буюу өнгөрсөн ням гаригийн үдэш УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт, Тагнуулын болон Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ГАДААДААС ДУУДУУЛЖЭЭ
АНЭУ-д очиж, “Дубайн гэрээ” гэх нэртэй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн эрх бүхий албан тушаалтан болох Б.Бямбасайхан, Да.Ганболд нар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулан оролцсон. Хууль сахиулах дээрх хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг шалгах явцдаа нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч байцаахаар болоод байгаа юм.
Дээрх гурван хүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Г.Амарбатыг уржигдар саатуулжээ.
Энэ талаар АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.
-УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт тэргүүтэй хэдэн хүнийг танайх цагдан хорьжээ. Чухам ямар үндэслэлээр саатуулсан юм бол?
-“Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт УИХ-ын гишүүн, Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогтоос гадна Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг шалгаж эхэлсэн.
Нэр бүхий энэ хүмүүсийг сэжигтнээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
-Тэднийг сэжигтнээр баривчилсан юм байна. Яллагдагчаар татах уу?
-Яллагдагчаар татаж, цагдан хорих шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс саналаа НПГ-т хүргүүлсэн. Үргэлжлүүлэн цагдан хорих саналаа шүүхэд гаргана.
-Яагаад амралтын өдөр баривчилсан юм бэ. Хууль зөрчөөд байгаа юм биш үү?
-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад ажлын, амралтын өдөр гэж ялгадаггүй, тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. АТГ-ын ажлын хэсэг, мөрдөгч нар цаг сунгаж амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа. Энэ ажиллагааны журамд цагаар ялгахаас өдрөөр ялгадаггүй. Тиймээс хууль зөрчөөгүй, зохих журмын дагуу хийсэн.
- Ч.Сайханбилэгийг энэ асуудалд холбогдуулан саатуулах уу?
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсад байгаа. Прокуророос дуудах хуудас түүнд хүргүүлсэн. Ирсэн үед нь энэ хэрэгт холбогдуулан байцаалт авна.
-Г.Амарбат гэж хүнийг бас саатуулсан гэсэн. Тэр нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой хүн үү?
-“Стандарт” банкнаас “Жаст групп” ХХК-ийн авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудалтай холбогдуулан саатуулсан. Тухайн үед Г.Амарбат нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм билээ. Энэ хэрэгт нэмж шалгах үндэслэл гарсан тул өнгөрсөн ням гаригт сэжигтнээр баривчилсан гэв.
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ, ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭНЭ
Үүний дараа НПГ-ын хяналтын прокурор Г.Бясман нэр бүхий хүмүүсийг саатуулсан талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татах шаардлагатай гэж үзэн АТГ-ынхан саналаа ирүүлээд байгаа. Прокурорын газар хэргийн материалтай танилцаж эхэлсэн” гэлээ.
Прокурорууд өнөөдөртөө багтаж яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхээ шийдэн, хорих үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд хандах юм байна. Шүүх ч энэ хугацаанд ямар нэг шийдвэр гаргах юм. Мөрдөгч, прокурорууд 48 цаг саатуулах эрхтэй учраас шүүх ямар нэг шийдвэр гаргахгүй бол өнөөдөр суллах аж.
Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад дээрх саатуулагдсан хүмүүсээс гадна “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Да.Ганболд зэрэг нэр бүхий хэд хэдэн хүнээс тайлбар, мэдүүлэг авахаар төлөвлөж буй гэх мэдээллийг баттай эх сурвалжууд өглөө. Харин прокурор, АТГ-ын албаны хүмүүс энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт саатуулагдаад буй Г.Амарбат нь хэдэн жилийн өмнө энэ компаниас тэтгэвэртээ гарсан гэнэ. “Жаст групп” ХХК 2009-2010 онд дээрх банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурж баталгаажуулсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нартай Г.Амарбат хамт оролцсон нь тогтоогдсон учраас түүнийг цагдан хорьсон юм байна. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд нэмж түүнийг татаад байгаа аж.