ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛ ТАНАА
“СЭРГЭЛЭН ИНТЕРНАШИОНАЛ ЭКСПИДИШН” ТББ
Монголынхоо эх түүх, эх хэл шинжлэлийн талаар хамтран ажиллах тухай ил захидал
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл таны энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилье!
"Сэргэлэн Интернашионал Экспидишн" ТББ сүүлийн жилүүдэд Монголынхоо газар усанд байгаа Орхон-Енисейн хэмээн алдаршсан Хөшөө цайдмын, Тоньюкукийн, Тэрхийн, Могойн Шинэ усны гэрэлт хөшөөд болон бусад бага бичгүүдийг судлан шинжилснээр өнөөгийн монголчуудын хэлээр бичигдсэн, Хүннү-Монгол бичиг болохыг хөдлөшгүйгээр тогтоов.
Аливаа хэл өөрийн системтэй буюу өөрийн мөн чанар, зүй тогтол, үгийн сантай болно. Эдгээр гурван түвшинд хуучин "Рүни" гэгдэх өдгөө мануусын нэршлээр Хүннү Монгол гэх бичгүүдэд дүн шинжилгээ хийн сэрээснээр өнөөгийн монголчуудын хэл бичиг гэдгийг "Сэргэлэн Интернашионал Экспидишн" ТББ батлав. Монголын нууц товчооны хэл Хүннү-Монгол хэлээр бичигдсэн гэрэлт хөшөөдийн хэл нэг болохыг таатайгаар тунхаглаж байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харъяа суурь судалгааны Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн өөрийн газар усанд буй түүхэн гэрэлт хөшөөдийг өөрсдөө судлан шинжлэх үндсэн үүрэгтэй гэдгийг Монголын ШУА ерөнхийлөгч та гүнээ ухамсарлаж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна, монголын татвар төлөгчид ч ийм хүлээлттэй байгаа болов уу.
Хамтран ажиллах саналын утга нь Монголын ШУА, "Сэргэлэн Интернашионал Экспидишн" ТББ хамтран хөндлөнгийн шинжээчийн баг бүрдүүлэн, уг шинжээчийн багаар "Сэргэлэн Интернашионал Экспидишн" ТББ-ын судалгааны үр дүнд дүгнэлт хийж хадны бичээс Хүннү-Монгол хэлээр бичигдсэн үгүйг тогтоолгоно. Үүний тулд дараах зүйлийг санал болгож байна:
- Шинжээчдийн баг 9 хүний бүрэлдэхүүнтэй байх.
- Шинжээчдийг археологи, монгол хэл шинжлэл, эх бичиг судлал, утга зохиол, рүни бичиг судлал, түүх, хан хэл, түрг хэл, баруун монгол болон буриад аялага, газар зүйн салбаруудаас төлөөлүүлэх.
- Шинжээчид ажил эхэлснээс хойш найман гаригийн дараа дүгнэлтээ өгөх. Гариг болгонд хоёр цагийн хугацаанд нэг удаа "Сэргэлэн Интернашионал Экспидишн" ТББ судалгааныхаа талаар мэдээллээр шинжээчдийг хангах.
Монголын эх түүх, түүхэн эх сурвалжийн судалгаанд гарч буй сэргэлт болон судалгааны онол арга зүйд хүндэтгэлтэй хандан хамтран ажиллана хэмээн гүнээ итгэн хүлээж байна.
Жич: Бидний судалгааны өгүүллийн бүрэн эхтэй "Өнөөдөр" сонинд гарсан цуврал нийтлэлүүд болон "Sergelen international expedition"-ний Фэйсбүүк сайт дээрх нүүр хуудсаар танилцаж болно.
Үүний тул Таныг хүндэтгэн ёсолсон,
"СЭРГЭЛЭН ИНТЕРНАШИОНАЛ ЭКСПИДИШН" ТББ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ С.СЭРГЭЛЭН