“Бид бол Чингисийн удам, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.
Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.
Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.
Ес дэх цувралаа бид өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д болсон “Хүүхдийн хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэгтэй уялдуулан бэлтгэлээ.
Урт цагааны гудамжинд 10 орчим насны хүүтэйгээ явж байсан нэгэн ээж “Өө п... даа, Уланка миний утсыг өгөөгүй байна ш дээ. Түрүүн утсаар ярьчихаад өгнө гээд авсан, яадаг п...даа вэ” хэмээн ойр хавиар нь өнгөрсөн хэнд ч дуулдахаар “уулга алдав”. Хэнэггүй ээжийн хүү зөрүүлээд тэр даруйд хэргийн эзэн рүү утас цохин “Ээжийн утсыг авчирч өг л дөө, п...даа минь” гэх нь тэр. Тэд улайм цайм хэрүүл хийгээгүй, зүгээр л ойр зуурын ярианы “хачир” нь энэ үг гэлтэй.
Уржигдрын уйтгарт саарал тэнгэр, уулгалан боссон шороон шуурганаас илүүтэй бухимдал төрүүлсэн зүйл нь энэ ээж, хүү хоёр байв. Бид ингэхэд Монголынхоо ирээдүй хойчийг яаж хүмүүжүүлээд байгаа юм бол...
Сувилалд эмчлүүлэхээр явсан эмээтэйгээ жаалхүү хэрхэн утсаар ярьсан тухай нэг танил минь толгой сэгсрэн өгүүлэв. Хэд хоног эмээтэйгээ уулзаагүй хүүгийн хамгийн түрүүнд сольсон үг нь “Эмээ, нөгөө Сүнжигийн аав нь уурлаад ухаан алдчихсан. Одоо дахиж сэрэхгүй л байх аа даа, тийм ээ” гэсэн хэнд ч хэрэггүй асуулт байж. Магадгүй солонгос “савангийн дуурь”-т донтсон эмээ, ач хүү хоёрт бол энэ нь хамгийн чухал асуулт, хамгийн гол ярианы сэдэв байж болох юм.
Тэгээд бодохоор л “уйлах багадах, үхэх ихдэх” гэдэг шиг л харуусал цаанаасаа төрөх. Үр ач нартаа үлгэр домог ярьж, сургаал айлдан ухааныг нь тэлж өгөх учиртай өвөө, эмээ нар өдгөө харин ч эсрэгээрээ өс хонзон, атаа жөтөө дүүрэн солонгос кинонд тэднийгээ уруу татаж буйг “Хүүхдийн хүмүүжил” хэлэлцүүлгийн үеэр Ардын багш Ш.Чоймаа шулуухан хэлээд авна билээ. “Муу бүхнийг өөрсдөө үйлдээд, цагийг муу хэмээх” гэсэн айхтар үг энэ цагт эрхгүй орой руу орж байна.
БУРУУГ ДАХИАД Л БУСДААС ХАЙВ
Хүн сүрэгт дөнгөж нэгдэж буй үр хүүхдэдээ хүмүүжил, ёс суртахуун гэдэг цоо шинэ ойлголт, хандлагыг суулгах асуудал нь дан ганц гэр бүлээс, эсвэл зөвхөн багш, сургуулиас шалтгаалдаггүй, нийгэм даяараас шууд хамаардаг гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хэлэлцүүлгийг нээх үеэрээ “Хүүхдийн хүмүүжлийг тосгоныхон бүгд хариуцдаг” гэсэн африк зүйр үгийг эш татсан нь ч учиртай.
Тэрбээр “Хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуун бол хэн нэгэн рүү түлхэх асуудал биш, хүн бүрийн үүрэг хариуцлага, үйлдэл, үлгэр дуурайл чухал юм. Та бүхэн хүмүүжил, ёс суртахууны асуудал, цаашлаад сургалтын чанар, эцэг эхийн болон төрийн оролцооны талаар сайтар ярилцаж, боломжтой шийдэлд хүрээсэй гэж хүсэж байна. Би эхлээд төрийн оролцоо гэсэнгүй, эцэг, эхийн гэж хэлснийг анзаарч байгаа байх.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн их үүрэгтэй шүү. Өнөөдөр Монголд ёс суртахуунтай, эх оронч хүмүүжилтэй иргэд, зөв үлгэр дуурайл юу юунаас чухал болоод байна. Үүний тулд нийгмээ зөв оношлох, бодлого тодорхойлох, зөв шийдэл гаргах, эмчилж эрүүлжүүлэх цаг нь болжээ” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард 26 тоот захирамж гаргаж, Монголын язгуур ёс суртахуун, хүмүүжил, уламжлалт соёл, боловсролын гүн ухааныг бусад оронтой харьцуулан судлах, үндэсний үзэл баримтлалыг тодруулан оновчлох, энэ талаар төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан.
Харамсалтай нь, “Хүүхдийн хүмүүжил” сэдэвт эхний хэлэлцүүлэгт оролцсон салбарын яам, Боловсролын хүрээлэнгийн төлөөлөл болон багш нарын цөөнгүй хэсэг нь нийгмээ оношлох байтугай, өгөгдсөн сэдвээс хазайж, юуны түрүүнд “арьсаа хамгаалах” тактик баримталж байсныг нуух юун. “Бага ангийн багш нар 50-60 хүүхэдтэй ажилладаг учраас тэднийг хичээлийнхээ хажуугаар хүүхэд хүмүүжүүлсэнгүй гэж зэмлэх эрх байхгүй.
Аав, ээжүүдийн үүрэг хариуцлага л хамгийн чухал”, “Монголд багш нарын цалин хэтэрхий бага ч бид сэтгэлээрээ зүтгэж байна”, “Улстөрчид боловсролын салбарыг байнга самардаг. Сайд солигдох тоолонд янз бүрийн хөтөлбөр нэвтрүүлэх болж, тэр болгонд тааруулах гэсээр мэргэжилтнүүд болон багш нарын толгой эргэдэг” гэх зэргээр болохгүй бүхнийг өөрсдөөсөө түлхэх хандлага илт анзаарагдсан.
Уг нь тэд өөрсдөө ч бас аав, ээжүүд атлаа хүүхдийн хүмүүжил гэдэг зүйлийг яагаад “олон түмний асуудал” гэж хүлээж авдгийг нь гайхмаар. Хүн бүр тийм сэтгэлээр ажилдаа ханддаг бол бид хэзээ, юу өөрчлөгдөнө гэж найдах билээ. Ямар сайндаа ажлын хэсгийн гишүүн Р.Энхбат “Энд бид хэн нэгнийгээ буруутгах гэж цуглаагүйг ойлгоорой.
Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар цэцэрлэг, сургуулийн хөтөлбөрийн агуулгад хангалттай тусгасан, эсэхийг, “Зөв монгол хүүхэд” гэж ямар хүнийг хэлэх вэ, бид ямар үнэт зүйлтэй байх вэ гэдгийг тодорхой болгохоос эхлээд хамтдаа ярилцах зүйл олон байна. Өнөө цагт бид ямар хүүхдийг хүмүүжилтэй, ямрыг нь хүмүүжилгүй гэж үзэх вэ гэдэг ч ойлгомжгүй байгаа учраас чөлөөтэй маргаан өрнүүлье. Маргааныг манайхан буруу утгаар ойлгодог. Маргаснаар талуудын аль аль нь хождог” хэмээн хадуурсан заримыг нь “чиглүүлж” байх вэ.
“ЦӨМ ХӨТӨЛБӨР МАШ МУУ БОЛСОН, ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ”
Улс орны үнэт баялаг хүн учраас орчин цагийн монголчуудын үнэт зүйл юу байх вэ, ирээдүйн монгол хүүхдийг бэлтгэхэд ямар мэдлэг, чадвар, хандлага суулгаж өгөх вэ гэдгийг судалж, тодорхой болгох нь юу юунаас чухал. Тиймээс өнөөгийн Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авсан нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үзээд, олон нийтийн оролцоотой өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийг хамарсан ёс суртахууны хандлага төлөвшил, соён гэгээрлийн давалгаа бий болгохоор зорьсон Төрийн тэргүүнд талархах учиртай.
“Би таван настай зээ охиноо хардаг юм. Санаа алдах, морь унах гэх мэт үгийн утгыг охин минь гүйцэд ойлгохгүй надаас асуудаг. “Унах” гэдэг үгийг сандал, ширээн дээрээс унах гэж л ойлгох жишээтэй. “Санаа алдлаа” гэхээр “Дахиад санаа төрчих юм чинь” гэдэг. Энэ мэтээр монгол хэл, сэтгэхүйгээ гүйцэд таньж мэдээгүй байгаа жаахан хүүхдүүдэд шууд гадаад хэл заадгийг болих хэрэгтэй байна.
Ер нь монгол хүүхдийн хүмүүжил төлөвшил талаас нь яривал “Цөм хөтөлбөр маш муу болсон. Өөрчлөх хэрэгтэй” хэмээн Ардын багш Ш.Чоймаа салбарынхнаа хатуу донгодов. Үнэндээ өдгөө манай ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлж буй сургалтын Цөм хөтөлбөрт монгол үндэстний уламжлалт хүмүүжил төлөвшлийн үнэт зүйлүүдээс тун бага орсныг зохиогч нь буюу Боловсролын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн ч энэ хэлэлцүүлгийн үеэр хүлээн зөвшөөрсөн юм.
“Мэдээллийн эрин зууны давалгаа, цахим орчны нөлөөллөөс болоод өнөөдөр хүүхдүүдийн тархи маш их бохирдож байна. Хүүхдийн гэгээн, гэнэн цайлган ертөнц улам бүр үгүй болж, багш бид ч хүүхдүүдтэйгээ харилцахад түвэгтэй болсон. Монгол хүүхдүүдийг ирээдүйд хэн болгож бэлтгэх вэ гэдэг нэгдсэн концепц гаргаад, тэр зорилгодоо хүрэхийн тулд гэр бүл, сургууль, цэцэрлэг, нийгэм тэр чигээрээ анхаарах хэрэгтэй” хэмээн 133 дугаар сургуулийн математикийн багш сануулсныг энд дуулгая.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЖИЛД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ХЭРНЭЭ ҮР ДҮН АЛГА
Хувь хүний үнэт зүйл хүүхдийн хүмүүжлээр дамжин бий болж, тэр нь цаашлаад нийгмийн ёс суртахууныг тодорхойлдог. Улс орны ирээдүйг авч явах иргэдээ бэлтгэх нь аль ч төрийн бодлогын төвд байдаг учраас боловсролын салбартаа ихээхэн анхаардаг. Монгол Улс ч үүнээс гажихгүйг хичээж буй. Татвараар жилд 6-7 их наяд төгрөгийн орлого олоод, түүнийхээ нэг их наяд гаруйг нь зөвхөн боловсролын салбарт зарцуулдгаас үүнийг харж болно.
Гэвч жил бүр нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт авдаг цорын ганц салбарт яагаад үр дүн төдийлөн харагдахгүй байна вэ. Шалтгаан нь зөвхөн мөнгөндөө бус, боловсролын удирдлага, зохион байгуулалт нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааралтайгаар байн байн өөрчлөгдөж, удаан хугацаанд тогтвортой хэрэгжих боломжгүй байгаатай холбоотойг хэн хүнгүй гадарлана. Тэгэхээр одоо ирээдүй хойчийнхоо төлөө эцэс төгсгөлгүй улстөржилтөө хойш тавих цаг нэгэнт болсон.
Тэгээд зөв монгол хүнийг бэлтгэх, улс орноороо зорих тэмүүлэх нэгдмэл үнэт зүйлтэй болох гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг бодит ажил хэрэг болгоход талууд идэвхтэй, үр дүнтэй оролцоосой. Нэг еврей хүүхдийг боловсролтой болгохын тулд 10 еврей хүн анхаардаг гэдэг дээ.