Манай улс гурван сая гаруй хүн амтай. Үүний 1.4 сая нь Улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг. Дүүргүүдээс Баянзүрхэд 330 мянган иргэн оршин суудаг, манай хотын хамгийн олон хүн амтай нь. Нийслэлийн иргэдийн дөрөвний нэг, улсын нийт хүн амыг 10 хуваасны нэг нь эл дүүрэгт амьдарч буй гэсэн үг. Орон нутгаас суурьшихаар ирээд, бичиг баримтаа шилжүүлээгүй, түр оршин суугаа гэх мэт хүмүүсийг нэмбэл дээрх тоо бараг 350 мянгад хүрнэ гэсэн албан бус мэдээлэл бий.
Үүний дэргэд Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүрэг хүн ам цөөтэй, 90-100 мянган оршин суугчтай байх жишээтэй. Олон хүн амтай учраас иргэд төрийн үйлчилгээг бүрэн гүйцэд авч чадахгүй, төрийн байгууллагынхан хэт ачаалалтай ажилладаг зэрэг бэрхшээл мундахгүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн оны долдугаар сарын 15-нд А/545 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийг хоёр хуваах талаар нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ажлын хэсэг гарган тооцоо судалгаа хийхийг үүрэг болгосон билээ.
Үүний дагуу тус дүүргийн ИТХ хуралдаж, өнгөрсөн оны наймдугаар сарын 12-нд дүүргээ хоёр хуваах, эсэх талаар иргэдээс санал асуулга авах тогтоол гаргасан юм. Үүний хүрээнд дүүргийн 93 мянга гаруй өрхөөс санал хураахаар төлөвлөсөн аж. Нэг өрхөөс нэг санал авах зарчмаар явуулсан уг санал хураалтад 70 гаруй мянга өрх оролцож, 87 хувь нь дэмжихгүйгээ илэрхийлсэн байна.
Эдийн засгийн хямралтай өнөө үед төр, засаг зардал их гаргаж, дүүргийг хоёр хуваах шаардлагагүй гэж иргэдийн олонх нь үзжээ. Түүнчлэн холбогдох албаныхан санал боловсруулахдаа Баянзүрхийг байшин, гэр хороолол гэж хоёр хуваах хувилбар дэвшүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэ санал нь баян, ядуугаар нь ялгаж буй хэрэг гэж иргэд үзсэн тул дүүрэг хуваахыг эсэргүүцсэн гэнэ. Харин 10 хувь нь дүүргийг хоёр хуваахыг дэмжсэн бол үлдсэн гурван хувь нь мэдэхгүй хэмээн хариулжээ.
Аймаг, сум, дүүргийг татан буулгахыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон ИТХ-аас гаргасан саналыг үндэслэн, хүн амын нягтаршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам, харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газарт өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эхний даваа болох иргэдийн санал авах ажил бүтэлгүйтсэн тул дүүргийг хоёр хуваах ажил одоохондоо намжаад байна.
Гэтэл төрийн байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн бухимдал, дараалал, төрийн үйлчилгээний албан хаагчдын ачаалал бахь байдгаараа үлдэж, цаашид улам ч нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг хэрхэн шийдэх талаар иргэд, холбогдох албаныхан ямар байр, суурьтай байгааг сурвалжиллаа.
Баянзүрх дүүргийн хамгийн олон хүн амтай V хороог зорив. 24 мянган хүнтэй тус хороо нь нийслэлийн хэмжээнд томдоо тооцогддог. Хоёр давхар жижиг барилгад хороо, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, өрхийн эмнэлэг гээд төрийн анхан шатны үйлчилгээний бүх байгууллага нь байрладаг, ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн газар байлаа. Хүүхдээ тэвэрсэн ээжүүд өрхийн эмнэлгийн дараалал хүлээн гадаа хүртэл зогсож, хорооны тодорхойлолт болон бусад үйлчилгээ авах иргэд зохион байгуулагч нарын өрөөнд багталцахгүй бужигнаж, яарч сандарсан зарим нь их л бухимдангуй харагдав.
Уг нь нэг хороонд 7000 иргэн оршин суух журам байдаг юм гэсэн. Гэтэл уг хороо нь үүнээс даруй гурав дахин олон иргэнд, үйлчилгээ үзүүлж буй. 24 мянган хүнд нийгмийн нэг ажилтан, улсын бүртгэгч ногдож байна гэсэн үг. Ажлын өдрүүдэд үдийн цайндаа орох нь бүү хэл, бие засах завгүй ажилладаг гэдгийг тус хорооны Засаг дарга М.Ширэндэв хэлсэн. “Нарантуул”, “Дүнжингарав” зэрэг томоохон үйлчилгээний төв тус дүүрэгт харьяалагддаг тул Цагдаагийн хэлтэс нь ч ачаалал ихтэй гэнэ.
Ялангуяа “Нарантуул” захад өдөрт 20 гаруй мянган хүн “эргэлддэг” бөгөөд мөн л нэг хэсгийн байцаагч, цагдаа ажилладаг аж. Дээрх хороонд хэсгийн нэг байцаагч, хорооны цагдаа ажилладаг бөгөөд албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй, яаралтай шийдэх асуудал тулгарлаа гэхэд унах машин ч үгүй гэнэ. Энэ асуудлыг нь шийдвэрлэж, ажлыг нь хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чиглэсэн ямар ч шийдвэрийг дэмжинэ гэдгийг V хорооны иргэд илэрхийлж байв.
Үйлчилгээ авахаар дугаарлаж зогссон гурван ч хүнээс дүүрэг хуваах талаар тодрууллаа. 40 гаруй насны эмэгтэй “Дүүргийг хоёр хуваахдаа байшин хороолол, гэр хороолол гэсэн хувилбар дэвшүүлсэнд дургүйцсэн. Баян, ядуугаар нь ялгаж, баячууд өөрсдөө Солонгосын Ганнам дүүрэг шиг болгох гэсэн байх. Тэгвэл баячуудын дүүрэг тэнгэрт тултал хөгжиж, мань мэт хөсөр хаягдах байлгүй. Энэ зохицуулалт төлөвлөгөө нь буруу. Харин зөв хуваарилж хуваана гэвэл уг ажлыг дэмжинэ” гэсэн юм.
Түүний хажууд зогсож байсан хүүхдээ тэвэрсэн 20 гаруй насны бүсгүй “Дүүргийг хоёр хуваахад 40 тэрбум төгрөг шаардагдана гэж байна лээ. Тэр их мөнгөөр зүгээр нэг дүүргийн барилга барьж, иргэдийн бичиг баримт сольж байхаар хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгээ барих хэрэгтэй. Энэ нь илүү үр дүнд хүрэх байх” гэсэн юм.
Мөн зарим хүн дүүргийг хуваахаас илүү Улаанбаатарын дагуул хот болгочихвол илүү хөгжинө гэсэн саналтайгаа ч илэрхийллээ. Энэ мэт санал гаргаж буй иргэд “Зөв зохицуулалт хийж, иргэдэд нээлттэйгээр дүүргийг хуваах ажлыг зохицуулж чадвал хэрэгтэй ажил мөн. Гагцхүү зөв, шударгаар шийдэх хэрэгтэй. Хот өргөжин тэлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад иргэд бид юу гэж саад болох вэ. Гол нь нүдээ олсон шийдвэр чухал” хэмээж байлаа.
Манай улсын 21 аймгаас хамгийн олон хүн амтай нь Орхон, Дархан-Уул. Гэтэл тэдгээр аймаг 90-100 гаруй мянган хүнтэй. 3-4 аймагтай тэнцэх хэмжээний оршин суугчтай дүүргийн асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол иргэд төрийн үйлчилгээг авах гэж олон өдөр дугаарлаж, халамж, хандиваас хаягдсан хэвээр байх бололтой. Хүртээмжгүй үйлчилгээний “цоорхой”-гоор иргэд л хохироод үлдэх нь.