Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирлээ. Ирэх сарын 16-ны 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусах бөгөөд шалгалтын тов хараахан гараагүй ч сурагчид бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлжээ. Шалгалт зохион байгуулагчид болон төгсөх ангийн сурагчид шалгалтдаа хэрхэн бэлтгэж буйг сурвалжиллаа. Энэ жил 42 мянган хүүхэд XII анги төгсөж буй бөгөөд үүн дээр өнгөрсөн жилийн 3-4 мянган төгсөгч нэмэгдэж, ойролцоогоор 45 мянган хүүхэд шалгалтад хамрагдах юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын гол зохион байгуулагчаар ажилладаг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийнхөн цөөнгүй ажил санаачилж эхлүүлжээ. Өнгөрсөн жилүүдэд сурагчид шалгалтад бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ өөрсдөө бичиж оруулдаг байсан. Үүнээс болж хүүхдүүд овог, нэрээ буруу бичих, зөв бичгийн дүрмийн алдаа гаргах зэрэг тохиолдол олон гарчээ.
Тиймээс энэ жил Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах болсон гэнэ. Ингэснээр сурагчид цахим хуудсанд регистрийн дугаараа оруулж хувийн мэдээллээ шалгах боломж бүрдэж буйг элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан хэллээ.
БҮТ шалгалтын хариуг тэр дор нь гаргадаг машинтай болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус төвд одоогоор ийм машин ганцхан л бий. Илүү олныг авч элсэлтийн шалгалтын хариуг тэр дор нь, маргаан, будлиангүй гаргахын тулд тус байгууллага машин авах төслөө Азийн хөгжлийн банкаар дамжуулан БСШУСЯ-нд өгсөн гэнэ. Үүнийг харьяа яам болон Азийн хөгжлийн банкнаас дэмжиж, хөрөнгө шийдэж өгвөл энэ жил ч ашиглаж болох аж.
Одоо байгаа машинаараа найман аймгийн шалгалт, болон олимпиадын материалыг уншуулж туршихад 300 хүүхдийн материалыг таван минутын дотор шалгаж дуусчээ. Манай улс ЭЕШ авах 50 төвтэй учраас дор хаяж ийм тооны машин шаардлагатай. Гэвч аливаа техникт гэмтэл, саатал гарах эрсдэлтэй тул түүнээс сэргийлж нэг төвд хоёр машин хэрэгтэй гэж үзэж буй юм билээ. Энэ жил машин авч чадахгүй бол ирэх жилээс уг ажлаа хэрэгжүүлэхийг бодно гэдгээ тус байгууллагынхан тэмдэглэсэн.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шалгалтад хамруулахад анхаарч, тусгай өрөөнд, тэдэнд тохирсон орчин, техник хэрэгслийг бүрдүүлэн шалгалт авах ажлыг хоёр жилийн өмнөөс зохион байгуулж эхэлжээ. Энэ жил ч ажлаа үргэлжлүүлж буй юм билээ. Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим хүүхэд шалгалт өгсөн нь урьд жилүүдийнхээс 50 хувиар өссөн тоо гэнэ.
Өнөө жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д бүртгүүлэхдээ БҮТ-д өргөдөл бичиж, эмнэлгийн бичгийн хамт хавсаргаж явуулах шаардлагатай аж. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулж барайль үсгээр материал бэлдэх, хараа муутай хүүхдэд зориулж үсгийг томруулах, сонсголын бэрхшээлтэй бол дохионы хэлний багш ажиллуулах зэргээр бэлтгэл хангах юм байна.
Сонсголгүй хүүхдийн 29 дүгээр сургууль дээр очиж, тус шалгалтад хэрхэн бэлдэж буйг тодрууллаа. Жирийн сургуулиудтай харьцуулахад сурагчийн тоо цөөн учраас илүү цагаар хичээллэх боломжтой. Тус сургууль XII ангийн гурван бүлэгтэй. Нэг ангийн 8-12, нийт 28 сурагч төгсөх аж. Бага үдийн үед сургууль дээр нь очсон тул бүх анги хичээлтэй байв. 12-ын “А” бүлгийн Ц.Номин багштай уулзах завшаан тохиолдлоо. Тэдний ангийн есөн сурагчийн нэг нь л ЭЕШ өгөх гэнэ.
Бусад нь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв болон коллежид элсэх төлөвлөгөөтэй. Загвар зохион бүтээгч, оёдолчин мэргэжлээр ШУТИС-д элсэн суралцах сонирхолтой Ариунцэцэг охин төрөлхийн сонсголын бэрхшээлтэй аж. Хэзээнээс энэ мэргэжлийг сонирхох болсон талаар багшаар нь дамжуулан асуухад “Нэг жилийн өмнөөс л сонирхож эхэлсэн. Зурагтаар гоё хувцастай хүмүүс их гардаг учраас сонирхол татсан” гэлээ. “Манай зохион бүтээгчдээс хамгийн мундаг нь хэн гэж боддог нь вэ” гэхэд “Нэрийг нь мэдэхгүй. Зурагтаар л гарч байсан. Их гоё хувцаснууд хийдэг юм билээ” гээд инээж байлаа.
Тэд жирийн хүүхдүүдтэй адил гадуур сургалтад хамрагдаж шалгалтдаа бэлдэх боломжгүй тул сургууль дээрээ багш нарынхаа давтлагад сууж буй гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сараас багш нар нь хуваарь гарган хичээлийн бус үед хоёр цагийн давтлага өгч эхэлжээ. “БҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гээд сургалтын хөтөлбөр, үзэх хичээл нь хөнгөн биш. Гэтэл манай хүүхдүүд жирийн хүүхдийн сургалтыг гүйцэхэд хүндрэлтэй тул давтлага өгөх зайлшгүй шаардлагатай” гэж Ц.Номин багш хэлсэн.
Тус сургуулийн захирал Б.Батсайхан “Манай хүүхдүүд ихэвчлэн компьютер дизайн, биеийн тамир, бага ангийн багш мэргэжлээр суралцдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд сурч байгаа оюутан ч бий. Гэхдээ их, дээд сургуульд элсэн ороод цааш суралцах боломж хязгаарлагдмал. Лекц бичиж тэмдэглэх, багшийн ярьж буй зүйлийг ойлгоход хүндрэлтэй учраас анги хамт олноосоо л дэмжлэг авахаас өөр аргагүй. Японоос сонсголгүй хоёр оюутан ирж манай сургуультай танилцсан. Тэд их сургуульд сурахад нэг оюутанд хоёр туслах багш ажилладаг гэж байсан.
Нэг нь дохионы хэлний орчуулагч хийдэг бол нөгөөх нь компьютер дээр ажиллахад нь тусалдаг гэнэ. Гэтэл манай оюутнууд бор зүрхээрээ л сурч байна. Мөн төгсөөд ажиллах боломж ч тааруу. Багш мэргэжил эзэмшсэн оюутнууд ихэнхдээ сургуульдаа ирж ажилладаг. Одоогоор манайд 10 багш ажиллаж байна. Бусад нь ажилд орох нь ховор. Тиймээс ажил олгогч бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юу хийж чаддаг, ямар чадвартайг хараад ажиллах боломжоор хангадаг бол их, дээд сургуульд элсэн суралцах хүүхдийн тоо өсөх боломжтой” гэсэн юм.
Тус сургуулиас гараад Нийслэлийн 24 дүгээр сургууль дээр очлоо. Тусгай сургуулийг бодвол хүүхэд олонтой, хөл хөдөлгөөн ихтэй байв. Сургалтын менежертэй нь уулзаж төгсөх ангийнхан шалгалтдаа хэрхэн бэлдэж байгааг сураглав. Энэ жил 168 сурагч XII анги төгсөх гэнэ. Гурван ээлжээр хичээллэдэг тул төгсөх ангийн сурагчид илүү цагийн давтлага авах нь бүү хэл, сургуулиасаа “хөөгдөөд” л гардаг аж.
Тиймээс гадуур сургалтад суух, төлбөртэй давтлага авахаас өөр аргагүй. Гэхдээ математик, физик, нийгмийн ухаан, байгалийн ухаан зэрэг хичээлээр шалгалт авч, цаашид суралцах мэргэжлийн чиг баримжаагаар нь сонгон судлах хичээл орж байгаа учраас хүүхдүүдийн сурлагын түвшин муугүй гэлээ.
Гэсэн ч багш нар сурагчдыг өөрсдөд нь найдаад үлдээхгүй, төлөвлөсөн бөгөөд даваа гаригт 12.30-14.30 цагт “Багш хөгжлийн цаг”-аараа өөрсдийн бэлдсэн шалгалтын материалаар сурагчдаасаа тогтмол шалгалт авч буй гэнэ. Шалгалтын үр дүнгээр сурагчдын түвшнийг тогтоож, тааруу үнэлгээ авсанд нь нэмэлт даалгавар өгдөг аж. Уг шалгалтыг ЭЕШ-тай ижил хэлбэрээр авч, машинд уншуулж шалгаж буй юм байна. Мөн дөрөвдүгээр улирлын хичээл эхлэхэд өглөө 07.00 цагаас давтлага өгөхөөр төлөвлөж байгаа юм.