Өнөөдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын анхдагч гишүүдийн хороо, БЗД-ийн АН-ын Шинэчлэлийн баг, Эрүүл ардчилал хөдөлгөөнөөс хамтран Хэвлэлийн бага хурал хийж, Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдсан эргэлтийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
Д.Гантулга: Албан тушаал, эрх мэдлээ хамгаалахын тулд үймээн дэгдээж буй хүмүүст хариуцлага тооцох ёстой
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Гантулга хэлэхдээ “АН-ын эргэлтийн сонгууль улс орон даяар гурван шаттай зохион байгуулагдсан. Энэ үеэр Баянзүрх дүүрэгт үл ойлголцол үүслээ. Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга асан мөн тус дүүргийн АН-ын дарга асан, өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч бөгөөд БЗД-ийн АН-ын дарга асан Т.Батцогт, Дүүргийн иргэдийн хурлын дарга Ш.Ганчимэг нар нийтлэг үйлчилгээний ажилчид болон хэсгийн ахлагч нарыг турхиран, намаас зохион байгуулж буй эргэлтийн сонгуулийн үеэр үймээн дэгдээлээ. АН-ын Үндсэн дүрэм болон Дотоод сонгуулийн журмыг зөрчиж, намын эсрэг, хагалан бутаргасан үйлдэл хийж байна.
Дотоод сонгуулийн хорооны Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хорооны ажилтан н.Өлзийхишиг гэдэг хүн Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн саналын хайрцгийг зориудаар үгүй хийсэн. Түүнчлэн тус хорооны албан ёсны шийдвэрийг үл хүндэтгэн, ганцаараа мэдэгдэл хийсэн. С.Баярцогтыг намаас хөөсөн цаг үеийг тохиолдуулан жагсаал хийсэн. Мөн АН-аас зохион байгуулсан “Эсэргүүцлийн жагсаал”-д оролцоогүй. Албан тушаал, эрх мэдлээ хамгаалахын тулд энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох хүсэлтийг бид намын даргад тавьсан байгаа.” хэмээн мэдэгдлээ.
Б.Мөнх-Эрдэнэ: Хууль бус дансанд татвар төвлөрүүлээд гишүүдээ саналын эрхгүй болгочихсон
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “АН-ын Үндсэн дүрэм гэдэг бол намын гишүүддээ хуультай адил үйлчлэх ёстой. Гэтэл өөрсдөө намын дүрмээ зөрччихөөд эргээд “С.Эрдэнэ дарга зүрэм зөрчлөө” гэдэг асуудал яриад байна. Өнөөдөр маш олон өргөдөл гомдол гарч байна. Саналаа өгөх гээд орохоор “энд ямар ч сонгууль болоогүй” гээд хөөдөг. “Яагаад хүмүүсийн саналыг өгүүлэхгүй байгаа юм бэ” гээд камер бариад очихоор буруу хараад зогсчихдог. Эсвэл хоорондоо зодолдоод, “болиоч ээ” гэж хашгиалдаад, жүжигчилсэн тоглолт хийдэг. Нийгэмд тайлбар хийхдээ “бидний саналыг өгүүлэхгүй байна” гэсэн худлаа мэссэж өгөөд байдаг. Энэ хүмүүс энэ сонгуульд шударгаар оролцвол ялагдана гэдгээ ойлгочихсон болохоор ингэж эсэргүүцэж байгаа юм. “Ажилгүй болно шүү” гэсэн дарамтаар арга буюу жагсаалд оролцож буй хэсгийн ахлагч нарыг бид буруутгахгүй. Үндсэн дүрмээс гадна хууль зөрчсөн асуудлууд гарлаа. Намын дүрмээс гадна хууль зөрчсөн өчнөөн үйлдэл гарлаа. Санал өгөх гээд очсон гишүүдийг зодсон, ухраад явж байсан машин руу өөрөө гүйж оччихоод санаатайгаар мөргөсөн гэх жишээтэй. Энэ нам дагаж мөрдөх дүрэмтэй, хариуцлагатай нам. Бид дүрэм зөрчсөн үйлдлүүдээр намд, хууль зөрчсөн үйлдлүүдээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргана.
Саналын эрхийг хүчингүй болгосон, татвараа төлсөн гишүүдийн саналын эрхийг хассан гэдэг хэл яриа гараад байгаа. Энэ бол Д.Пүрэвдаваа болон түүний нөхдийн хийж байгаа ажил. Хүчингүй болсон тамга, тэмдэг ашиглаж хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд данс нээсэн байгаа юм. Намын дүрмээр намын дансанд гишүүний татварыг төвлөрүүлэх ёстой. Гэтэл тэс өөр дансанд гишүүдийн татварыг хураасан. Энэ бол залилангийн хэрэг. Дээр нь намын данснаас удаа дараагийн үйлдлээр нийт 178 сая төгрөг завшсан байна. Хамгийн сүүлд битүүний өдөр гэхэд 24 сая төгрөг авсан байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Буруу дансанд орсон “татварын” гэх мөнгийг төлсөн гишүүд саналын эрхгүй болчихож байгаа юм. Д.Пүрэвдаваа болон түүний нөхөд энэ маягаар намын гишүүдээ саналын эрхгүй болгочихсон байгаа юм.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ажилласан урамшууллын мөнгө 21 аймаг, 9 дүүрэгт бүрэн хуваарилагдсан. Баянзүрх дүүрэгт хуваарилагдсан мөнгийг нэг л дарга аваад байгаа, үүнийгээ гишүүддээ буруу тайлбарладаг” гэв.
Ч.Дүүриймаа: Бүх асуудлыг мөнгөөр эсвэл хүчээр шийддэг
АН-ын ахмад гишүүн Ч.Дүүриймаа хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт үүсээд буй нөхцөл байдал өнөөдрийн хэрэг биш, 2014 оноос эхлэлтэй. 2012 оны сонгуульд ялалт байгуулсан ч энэ амжилтандаа бялуурч, гишүүдээ сонсохоо больсон, ахмадуудаа хүндэтгэхээ больсон. Бүх юмыг “би мэднэ” гэсэн байдлаар хандах болсон. Өнөөдөр энэ хүн мөнгөөр эсвэл хүчээр гэсэн хоёрхон аргаар л аливаа асуудлыг шийддэг болсон.
Баянзүрх дүүрэгт Монгол Улсын хүн амын 11 хувь оршин суудаг. Намын дарга бол хамгийн түрүүнд нийт гишүүдийн эв нэгдлийг хангах ёстой. Гэтэл гишүүдээ талцуулж, тарааж, үнэнийг хэлсэн хүмүүсийг адалж, Ардын намын пайз зүүх болсон. Өнөөдрийн байдлаар АН-ын гишүүдийн 68 хувь нь 2016-2017 онд элссэн хүмүүс байна. 2800 хуучин гишүүд маань гортгийн гадна, гудамжинд явж байна. Д.Пүрэвдаваа дүүрэг удирдаж байхдаа ч олон зуун хүний ажил амьдралаар тоглож, хууль бус шийдвэрүүд гаргасан байдаг” гэлээ
Хэвлэлийн бага хуралд оролцогчид мэдээллийнхээ төгсгөлд “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэй 500 гаруй хэсгийн ахлагч нарт хандаж хэлэхэд, “ажлаа алдана шүү” гэсэн хүмүүсийн шахалт, дарамтыг бүү тоо, та бүхэн бүгд ардчиллын төлөө зүтгэж байгаа, бид хамтдаа шинэчлэлийг хийнэ, хамтдаа асуудлыг шийдвэрлэнэ. Бохир улс төр хийж буй хэдхэн хүнээс салж, намаа цэвэрлэе” хэмээн уриаллаа.