Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан 236 хүний 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг өчигдөр АТГ зарлалаа. Тэдний мэдүүлгийг хоёрдугаар улиралд багтаан ил болгохоор хуульчилсан байдаг. Мэдүүлэгт тэдний өөрийн болон гэр бүлийн орлого, орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн эд зүйлс, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл, компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, эрх, патент, тусгай зөвшөөрөл зэргийг нь тоо, хэмжээ, нэртэй нь дурдаж, үнэлгээг нь оруулдаг билээ.
Онцлон УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдүүлгийг өмнөхтэй нь харьцуулан сонжив. Мэдүүлэгтээ хамгийн өндөр үнийн дүн бүхий хөрөнгө, орлого тоочсон гишүүдийн нэрс өмнөх оныхоос төдийлөн өөрчлөгдсөнгүй. 2016 оны өөрийн орлогоо 4.9 тэрбум төгрөг хэмээн мэдүүлж, хамгийн гэх тодотгол зүүж байсан гишүүн Ж.Энхбаяр энэ удаа байраа гишүүн Б.Дэлгэрсайханд “алдав”.
Ж.Энхбаяр гишүүний орлого ч буурч, Б.Дэлгэрсайхан гишүүнийх ч нэмэгджээ. Тодруулбал, гишүүн Ж.Энхбаярын орлого 2.4 тэрбум болж, Б.Дэлгэрсайхан гишүүнийх 1.04-10.1 тэрбум хүртлээ өссөн байна. Мөн өнгөрөгч онд 360 адуу (60 нь хурдан удмынх) мэдүүлэгтээ тоолуулж, түүнийгээ 900 сая төгрөгөөр үнэлсэн УИХ-ын дарга М.Энхболдын “малаар баян” тодотголыг гишүүн Ж.Батзандан зүүх нь.
Тэрбээр 200 хонь, хурдан удмын 350 адуу, 50 үхрээ 1.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь хамгийн өндөрт тооцогдож буй юм. Харин М.Энхболд даргын 360 адуунаас хорогдоогүй байна лээ. Түүнчлэн хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдлийн хэмжээгээр тэргүүлж байсан Б.Наранхүү гишүүний оронд Ж.Ганбаатар гишүүн тодорч байна. Тэрбээр 19.6 тэрбум төгрөг мэдүүлсэн бөгөөд гишүүн Б.Наранхүүгийн хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл нийлээд 18.5-15.3 тэрбум болж буурчээ. Өмнөх мэдүүлэгтээ гишүүн Ж.Ганбаатар энэ “ангилал”-д 18.2 тэрбум төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан юм. Мөн түүний гэр бүлийн орлого 1.6-1.8 тэрбум болж өссөнөөр хамгийн гэх тодотголоо бататгав.
Үндсэндээ дээрх өөрчлөлтийг эс тооцвол өмнөх мэдүүлгээс хамгийн гэх тодотголын эзэн болсон гишүүд хэвээрээ аж. Хамгийн их буюу 12.8 тэрбум төгрөгийн авлагатай гишүүн М.Билэгт энэ удаа мэдүүлгийнхээ тус зайг хоосон үлдээжээ. Үүнийг авлагаа авсан гэж үзвэл түүний орлого нэмэгдээгүй, харин ч 930-147 сая болж буурсан байгаа юм. Гэр бүлийн орлого нь ч хэвээрээ аж.
Харин хөрөнгийн хэмжээ хийгээд хамгийн гэх тодотгол нь өөрчлөгдөөгүй гишүүд бий. Тодруулбал, А.Сүхбат гишүүн 9.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж (орон сууц нэг, үйлдвэрлэл, үйлчилгээний хоёр барилга болон авто зогсоол, граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зургаан объект), 2.2 тэрбумын үнэт эдлэл, урлаг, түүхийн эд зүйлтэй, Б.Наранхүү гишүүн 1.05 тэрбумын тээврийн хэрэгсэл (Rollsroyce Phantom III)-тэйгээрээ толгой цохьсон хэвээр аж.
Мөн М.Билэгт гишүүн 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газар (эзэмших эрх бүхий 1684 ам метр)-тай, Д.Сумъяабазар гишүүн 1.2 тэрбум төгрөгийн зээлтэйгээрээ бусдыгаа тэргүүлж буй юм. Гишүүн Д.Сумъяабазар зээлээ төлөөгүй атал өөрийн орлого нь 168.5-18.6, гэр бүлийн орлого нь 6.4-3.7, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл нь 95-86.3 сая төгрөг болтлоо буурчээ.
12 САЯАР ҮНЭЛЭГДЭХ ГАНЦ АДУУТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
Төрийн тэргүүний хувьд тангараг өргөх үед мэдүүлсэн өөрийн орлого нь (130 сая төгрөг) нь 19.1 сая болтлоо буурчээ. Гэр бүлийн орлого нь ч 31.2- 24 сая болжээ. Цаашлаад тэрбээр орон сууц нэг, бусад төрлийн барилга байгууламж нэг, тээврийн хэрэгсэл нэг (Lexus 570), 12 саяар үнэлэгдэх адуу нэг бий хэмээн өмнө мэдүүлсэн нь өөрчлөгдөөгүй байна. Өмчлөх эрх бүхий 384 ам метр газар, 35 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, гурван сая төгрөгийн хадгаламжтай, авлагагүй, зээлгүй бөгөөд компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол хувь зэргээ урьдын адил мэдүүлжээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболдын орлого нь 27 сая төгрөгөөр өсөж 118.1, гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурч 67.6 сая болсон байна. Мөн орон сууцны тоо хоёр байсан нь гурав болжээ. Хадгаламж дахь мөнгө нь ч 483.2-597.4 сая төгрөг болж өсчээ. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол, хувь огт хөдлөөгүй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орлого 15 сая төгрөгөөр өсөж 134.9 сая, гэр бүлийн нийт орлого нь 2.7 сая төгрөг хэвээрээ хэмээн мэдүүлжээ. Мөн 1.7 тэрбум төгрөгийн хадгаламж, 284 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл (Harley davidson, Lexus-570, Mersedes benz ML320) болон бусад төрлийн хөрөнгө нь өөрчлөгдөөгүй гэнэ.