Үргэлжлэл, түрүүч нь
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад, Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар бид өмнө нь цувралаар нийтэлсэн билээ.
Уг мэдээллийн араас “Ажилчид цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдгэрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх зэрэг яриа орон нутагт түгээд буй. Иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчноо бохирдлоос сэргийлэх учиртай харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөөг хүртэл таг чиг.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг мартагджээ. Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй, тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.
Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд “Баян-Айраг эксплорэйшн”, “Тэн хун”, “Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, сурвалжилга бэлтгэсэн.
Өмнөх дугаарууддаа “Спэйшл майнз”-ын Цагаан цахир дахь баяжуулах үйлдвэрийн таван тоннын савнаас нэг тоннын сав руу шахагдсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан, аюулгүй ажиллагаа зөрчигдөж химийн хорт бодис алдсан талаараа “Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагынхан тухайн явдлаас 3-4 хоногийн дараа газар дээр нь очсон, цагдаагийнхан хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн зэргийг мэдээлсэн.
Мөн “Спэйшл майнз”-ын уурхайн кэмпэд “Шийдвэр гаргах, мэдээлэл өгөх эрхтэй нэг ч албан тушаалтан байхгүй” гээд хэвлэлийнхнийг үүднээсээ буцаасан тухай ч дурдсан билээ. Түүнчлэн нутгийн эзэн болсон малчид ямар санаа бодолтой суугааг, хүмүүс цианидад хордсон хэргийг замхруулж, баллах магадлал өндөр байгааг ч хөндсөн. Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Цагаан цахирын уурхайд цианид алдагдсан талаар эрх бүхий албан тушаалтнууд болон малчид юу ярьсныг хүргэе.
ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ: ЯАХ АРГАГҮЙ ЦИАНИДАД ХОРДСОН ГЭЖ БИД ҮЗЭЖ БАЙГАА
Иргэн: -Манай аймгийнхан “молекул” Батбаяр гэдэг нэрээр нь сайн мэдэх хүн Баянхонгороос УИХ-д сонгогдсоныхоо “шагналд” Цагаан цахирын алтны үндсэн ордыг авсан юм байна. Энд гурван хүн хордлоо. Цаашдаа хэдэн хүн, хэчнээн мал хордохыг бүү мэд. Ерөнхийлөгч Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
Б.Лхамсүрэн (Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч): -Энэ сарын 5-нд Цагаан цахирын уурхайд цианид алдагдсаны улмаас гурван хүн хордсон. Тэднийг би Улаанбаатар хот руу Хордлого судлалын үндэсний төвд хүргэж өглөө. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнуудыг шалгасан билээ. Энэ шалгалтын дүнг одоо танилцуулах боломжтой юу.
Хордсон иргэний хадам аав: -Батж.Батбаяр гэдэг хүний уурхайд ажиллаж байгаад хордсон хүмүүсийн нэг нь манай хүргэн. Уурхайнхан хордсон залуусыг “Баашилж байна. Салхинд гараад зүгээр болно” гээд үйлдвэрийн ажилчдын байранд нэг хонуулсан. Маргааш нь тэндээ өнжөөгөөд, ажил тарсны дараа, 18.00 цаг өнгөрсөн хойно аймгийн төвд авчирч, гэр гэрийнх нь гадна буулгачихаад явсан.
Бид маргааш нь эмнэлэгт аваачиж, эндхийн эмнэлэгт нэг хоног хэвтүүлээд, онгоцоор хот руу хүргэсэн. Одоо Хордлого судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Тус эмнэлгийн эмч нар “Ийм удаан хугацааны дараа цианидад хордсон гэдгийг нь Монголд оношлох газар байхгүй” гэсэн. Биднийг хүнээ хот руу явуулах гэж байхад аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлынхан тэр уурхай руу явсан.
Газар дээрээ байдал ямар байсан талаар одоо болтол ямар ч хариу өгөөгүй. Гэтэл телевизүүдээр ажилчид утаанд хордсон, хувиараа ажиллаж байсан гэсэн мэдээлэл цацаж, хүмүүсийн толгойг эргүүлээд байна. Бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу боллоо. Хордлого судлалын үндэсний төвийн эмч хүргэнийг маань насаараа мэдрэлийн эмчийн хяналтад байна гэж хэлсэн гэсэн. Үүнийг анхааралдаа аваач.
Хордсон иргэний ах: -“Спэйшл майнз” гэдэг компани цианид хэрэглэдэг юм байна. Ажлаа хийгээд бие эрүүл явсан сайхан дүү минь хордчихоод, наашлах, цаашлах нь тодорхойгүй хүнд байгаа. Уурхай хавиар уудаг ус, малын бэлчээр юу болж буйг бид мэдэхгүй. Тэдний хажуугаар явсан үхэр мал хордож үхдэг, ойр хавийнх нь айлууд мал гаргахаар уушги, элэг нь харлаж, хатчихсан байдаг болсон гэнэ билээ.
Сүүлийн үед л иймэрхүү явдал гарах боллоо. Хүн хараад айж зугтах ёстой зэрлэг туулай урдаас дэгдээд ирдэг юм. Эрүүл бол тэгэхгүй байх. Энэ уурхай үйл ажиллагаагаа зогсоогоод явлаа гэхэд бөөн хор, хүн, мал амьдрах үндэсгүй газар болж үлдэх нь. Орон нутгаа хамгаалахын тулд тэмцэх шаардлагатай байна.
А.Чойжгаваа (Баян-Овоо сумын I багийн иргэн): -Энэ уурхай 4-5 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэхдээ бидний толгойг сайн эргүүлсэн. Цианид хор хөнөөлгүй, шувуу нь жиргэж, мал нь бэлчээд явж байдаг, хүн нь айх аюулгүй амгалан амьдардаг гээд байхаар нь нутгийн иргэд бид итгээд ажиллахыг нь зөвшөөрсөн юм. Гэтэл 3-4 хүн хордчихлоо. Би тэр хавьд нутагладаг. Ойр тойрныхон зарим үхсэн малынхаа гэдсийг хагалж үзээд уушги нь хар цоохор болсон байна гэдэг юм.
Даруйхан арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эднийхийг аймгийн удирдлага мэддэггүй юм байна, сумынхан ч хүчирдэггүй. Энэ уурхайг хаах талаар та даруйхан арга хэмжээ авч өгөөч. Уурхай ажилласаар өвс ургамал хордвол мал хордоно. Мал хордвол Баян-Овоогийнхон төдийгүй Баянхонгорынхон хордоно.
Х.Баттулга (Ерөнхийлөгч): -Архангайд явж байхдаа мэдээллийг нь харсан. Баянхонгор аймгийн Засаг даргаас энэ тухай лавлахад шуурхай арга хэмжээ авч байгаа гэсэн. Аймгийн холбогдох албаны хүмүүс болсон явдал, цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярина биз.
Н.Бямбадорж (Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга): -Гуравдугаар сарын 7-ны үдээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Цианидад хордсон байх магадлалтай хүмүүс ирлээ” гэж мэдэгдсэн. Тэгэхэд нь би “Яаралтай хэвтүүлж эмчил. Шаардлагатай шинжилгээг нь авч, хот руу явуул” гэсэн чиглэл өгсөн.
Ингээд манайхаас байгаль орчны болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч газар дээр нь ажиллах ажлын хэсэгт орж, уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тэд тэсэлгээнээс үүдэж химийн бодис асгарсан байна гэсэн дүгнэлттэй ирсэн. Хордсон гурван хүний хоёр нь цианид алдагдсан үйлдвэрийн байранд, нэг нь гүний уурхайд тэсэлгээ хийснээс хордсон байх магадлалтай юм билээ.
Г.Батжаргал (Баянхонгор аймгийн Засаг дарга): -Гуравдугаар сарын 7-ны 18.00 цагийн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын алба, Цагдаагийн газраас “Цианидад хордсон байж болзошгүй гурван хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байна” гэсэн мэдээлэл өгсний дагуу дээрх гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулсан.
Ажлын хэсэг 03.00-04.00 цагийн үед буцаж ирсэн. Гуравдугаар сарын 8-ны өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мэргэжлийн байгууллагаас шинжээч томилуулан, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдод, үйлдвэрийн орчинд хордсон байж болзошгүй талбайг тогтоох, хордлогыг саармагжуулж, хоргүйжүүлэх ажлыг компани болон бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулан зохион байгуулахыг Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатарт, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн болон технологийн горим алдагдсан, эсэх, химийн хорт, аюултай бодис ашиглах, хадгалах үндсэн шаардлагыг хангаж буй, үгүйг шалган, тогтоож, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор “Спэйшл майнз” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржид тус тус даалгасугай” гэсэн Засаг даргын 167 тоот захирамж гаргасан.
Энэ захирамжийн дагуу төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харамсалтай нь, тухайн хүмүүсийг цианидад хордсон, эсэх дээр маргаан гараад байна. Бид бол яах аргагүй цианидад хордсон гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтоох ёстой. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахгүй байгаа юм.
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ӨНӨӨ БОЛТОЛ ГАРААГҮЙ БАЙНА
Биднийг энэ сарын 13-16-нд Баянхонгор аймаг, Цагаан цахирын ордод ажиллахад “Спэйшл майнз” компанийн үйлдвэр хэвийн ажиллаж байсан нь Засаг даргын захирамж хэр хэрэгжиж буйн илрэл болов уу. Эл хэргийг хариуцан ажиллаж буй Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Батаатай тухайн үед уулзахад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн заалт шинэ Эрүүгийн хуульд байхгүй болсон.
Тиймээс Эрүүгийн хуулийн 11.6-гаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх протокол үйлдээд прокурорт саналаа хүргүүлсэн. Шинжээч томилсон. Одоогоор хэн нэгнийг холбогдуулан шалгасан зүйлгүй” гэж байсан. Прокурор ямар хариу өгсөн талаар тодруулахаар түүнтэй өчигдөр холбогдоход “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихсэн. Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг эрх бүхий байгууллагаас томилсон шинжээчид дүгнэлтээ гаргахыг хүлээж байна” гэв.
“Спэйшл майнз” компанийн үйлдвэрт цианид алдсан явдал энэ сарын 5-нд болсон. Харин хууль хяналтын байгууллага тэнд 2-3 хоногийн дараа ажилласан ч дүгнэлт нь өнөө хэр гараагүй, хэзээ гарах нь тодорхойгүй байна. Хордсон гэх хүмүүсийн шинжилгээний хариу ч бас гараагүй. Амьсгалын замаар хүний биед нэвтэрсэн цианид нь уушги, элэг, бөөр, төв мэдрэлийн системийг гэмтээж, 24-72 цагийн дотор гадагшилдаг аж. Гэтэл “Спэйшл майнз” компани ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй ихээхэн цаг алдсан. Энэ нь яг цианидад хордсон гэдгийг тогтоох боломжийг тун хомс болгосон гэж эрүүл мэндийн салбарынхан хэлж буй юм.