Төлбөртэй нийтлэл
Санхүүгийн зохицуулах хороо гэж зах зээлдээ гологдсон нэгэн байгууллага байх. Зохицуулалтын үйлчилгээ авдаг байгууллагууд нь үеийн үед энэ хорооны талаар сайн амтай байгаагүй гэхэд хилсдэхгүй. МАН-ын дарга М.Энхболдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан, их сургуулийн багш бүсгүй С.Даваасүрэн эрх баригчдын татаасаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын сэнтийд заларснаас хойш зохицуулагч байгууллагуудтайгаа хэл амаа ололцохгүйгээр үл барам бүр “дайн зарлах”-даа тулжээ.
Зах зээлийг хөгжүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилготой байгууллага салбарынхаа компаниудыг гарт орсон өргөс мэт үзэн, “дайсан”-аараа тодруулаад байгаа нь ямар учиртай вэ? Бүхнийг эрх хэмжээндээ байлгах, өөрийн дураар хөдөлгөх гэсэн явуургүй гөжүүд зантай С.Даваасүрэн үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандсан мэргэжлийн компаниудыг өстөн мэтээр харж явна.
Тиймээс л удирдлага нь шүүмжлэлтэй хандвал, зах зээлийн хөгжил, зохицуулалтын талаар өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлбэл “шалгалт оруулж” дарамтлах башир арга хэрэглэж байна. Өнөөдөр нэр бүхий хэд хэдэн мэргэжлийн компанид шалгалт хийж буй нь түүний эрх мэдэлдээ дулдуйдсан, башир арга, явуургүй зангийнх нь илэрхийлэл.
Үүгээр үл барам заавал харлуулах, унагах зорилготой шалтгалтад нь бүдрээгүй мэргэжлийн байгууллагыг дэгээдэх аргаа С.Даваасүрэн өөр замаар хэрэгжүүлж явна. Тэрбээр сүүлийн үед Татварын ерөнхий газарт захиалга өгөн, өөрийн зохицуулдаг мэргэжлийн компаниудаа шалгуулдаг болжээ. “Санхүүгийн зохицуулах хорооны хүсэлтээр танайд татварын шалгалт хийхээр боллоо” гэсэн мэдээг хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан, салбарынхаа талаар арвин мэдлэг, туршлага хуримтлуулж, алдаа, оноог нь дэнслээд гарц хэлэх чадвартай цөөнгүй компанийн захирал сонсчээ.
Зах зээлээ таньж, хал үзэж халуун чулуу долоосон мэргэжилтнүүд өөрөөс нь илүү сэтгэж, нөхцөл байдлаа мэдэрч, түүнийгээ ажил хэргийн шаардлага болгон тавихаар нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хүртэл халдахыг тэр оролдох болжээ. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дотоод зохион байгуулалтаа өөрчлөх, Удирдах зөвлөлөө шинээр сонгох хуралд Санхүүгийн зохицуулах хорооныхон төлөөллөө оролцуулах гэж улайрсныг юу гэж ойлгох вэ. Төрийн байгууллагад төрийн бус байгууллагын үйл ажиллагаа ямар хамаарал байна вэ. Бас сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын ажилд Санхүүгийн зохицуулах хороо муу гэсэн үнэлгээ өгсөн байх юм.
Зарим чиг үүргийг нь төрийн нэрийн өмнөөс гүйцэлдүүлдэг тохиолдолд түүнд нь дүгнэлт хийхээс бус бүхэлд нь сайн, муу ажилласан гэж үнэлэх эрх Санхүүгийн зохицуулах хороонд байхгүй.
С.Даваасүрэн телевизээр “Санхүүгийн зохицуулах хорооны өмнөх дарга нар сэтгэлгүй ажиллаж байсан. Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд би зүтгэл гаргаж ажиллаж байгаа” гэсэн агуулгатай ярилцлага өгчээ. Та салбарын компаниудыг харлуулах, дарамтлах бус хөгжүүлэх зохицуулалт хийхэд сэтгэлээ зориулж ажилла. Биеэ хоосон магтахын оронд ажлаа хий. 2016 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь захиргааны хэм хэмжээний актуудаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д хэвлүүлснээр хүчин төгөлдөр болох учиртай.
Гэвч нэг ч журмаа бүртгүүлээгүй хоёр жилийн нүүр үзжээ. Хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн салбарт ажилладаг компанийн удирдлагууд “Журмаа бүртгүүлэх хэрэгтэй. Бид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаад байна” гэж удаа дараа учирласан ч хойш тавьсаар ирсэн гэнэ. Тиймээс С.Даваасүрэнд дахиад ажлаа хийсэн нь дээр гэж зөвлөе. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны Т+3 системийг нэвтрүүлэх дүрэм журмыг боловсруулаагүйн улмаас индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч “FTSE Russell” компанийн хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас Монгол Улсыг хассан.
Хөгжиж буй зах зээлийн ангилалд багтаж, олон улсад ажилладаг хөрөнгө оруулалтын сангуудын хараанд өртөх гэж энэ салбарынхан сүүлийн хэдэн жил эрвийх дэрвийхээр ажилласан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо Т+3 системийн журмыг батлаагүйгээс ийн “шоовдорлогдов”.
Уг нь “Арилжааны төлбөр тооцоо” компаниас Т+3 системийн журмын төслийг боловсруулаад хороонд өгчихсөн байсан юм. С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсоноос хойш ганц эрх зүйн баримт бичиг баталсан нь “Давхар бүртгэл”-ийн журам.
Монголын хөрөнгийн биржийн уйгагүй шахалтаар баталсан энэ журам хуудуутай. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооныхон энэ журмыг түр гэж тодотгосон. Түр хэрэгжээд больчихож мэдэх эрх зүйн баримт бичгийг үндэс болгож хэн Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх вэ. Бүр журам баталж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэх тохиолдолд л гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компаниуд Монголын зах зээлийг сонирхоно.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” компани Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхолтой байгаа. Гэвч журам түр учраас болгоомжилж буй. Энэ нь шинэ журам ямар ч дэвшил авчрахгүйг баталж буй хэрэг. Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос бас нэгэн хуудуутай шийдвэр гаргасан нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайн багцын арилжааны хэмжээг 250 сая төгрөгөөс 100 сая болгон бууруулсан шийдвэрийг цуцалсан явдал.
Хөрөнгө оруулагчдын амьдралаас урган гарсан хүсэлтийн дагуу арилжааны хэмжээг ингэж бууруулжээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компанийн хувьцааны таван хувь 100 сая төгрөг хүрэхгүй байгаа тохиолдол бий. 100 гаруйхан сая төгрөгийн үнэтэй багц хувьцаагаа хэн нэгэнд худалдах сонирхолтой хөрөнгө оруулагчид өчнөөн бий. Х.Алтай сүүлийн үед Санхүүгийн зохицуулах хорооны хойрго үйл ажиллагаанд илт дургүйцэж байгаагаа нийгмийн сүлжээгээр илэрхийлэх болсон.
Багцын арилжааны хэмжээг бууруулсан шийдвэрийг нь цуцалсан нь бодит нөхцөл байдалд тохируулсан гэхээсээ илүү хувь хүний мөчөөрхөлийг агуулсан шинжтэй байгаа юм. С.Даваасүрэн хурал цуглаанд оролцохдоо санхүүгийн зах зээлийн салбарын өсөлтийн графикуудыг үзүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын үр дүнгээр идэвхжиж байгаа юм шиг ойлголт төрүүлж яваа. Хөрөнгө болон даатгалын зах зээл эдийн засаг сэргэснээс шалтгаалж идэвхсэн, мөн өссөн.
Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлаас төдийлэн хамааралгүй бөгөөд тэдний ярих сэдэв ч биш юм. Харин Хөрөнгийн биржийн захирал ийм мэдээллийг олон нийтэд өгвөл зүйд нийцнэ. Харин С.Даваасүрэнгийн хийх ажил бол зах зээлийн хөгжлийг хангах журмыг боловсруулж, зах зээлдээ зам засах. Гэтэл өөрт ногдох үүргээ биелүүлэхгүй, биржийн захирлын мэдэгдэл хийвэл зохилтой зах зээлийн мэдээллийг танилцуулан ажил хийсэн мэт харагдаж, арга ядаж яваа нь юуны учир вэ? Өөрийн хариуцсан ажлаа хийхгүй, дарамт шахалт үзүүлж буй C.Даваасүрэнг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоод давраахгүй гэж шийджээ.
Тиймээс ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт түүнд хариуцлага тооцуулах хүсэлтээ Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос хүргүүлсэн байна. Мэргэжлийн холбоодыг төрийн дээд түвшинд хүсэлтээ илэрхийлээд эхэлснийг мэдсэн Санхүүгийн зохицуулах хорооныхон гишүүд рүү нь захидал илгээн, тусдаа төрийн бус байгууллага байгуулбал дэмжиж ажиллана гэж ятгах болсон гэнэ.
Үүний хагалган бутаргаж, эрхэндээ оруулах арга гэж үзэхээс өөр яах вэ. Санхүүгийн зохицуулах хороог зах зээлдээ чанагдсан мэргэжлийн хүн удирдсангүй. Эрх баригчид улс төрийн томилгоо хийж, энэ хороог балласаар байж Монголд банкнаас бусад санхүүгийн зах зээл хөгжихгүй байна гэж ярих дуртай. Хөгжүүлэхийн тулд мэргэжлийн, туршлагатай хүнээр Санхүүгийн зохицуулах хороог удирдуулах ёстой биз ээ.
Эрх баригчдын улс төржсөн, санхүүгийн зах зээлийн хөгжлийг үл тоосон, нүдээ олоогүй томилгооны нэг нь С.Даваасүрэн юм. Үндсэн үүрэгт ажлаа хийхгүй байгаа хүнийг даврахыг хараад суусаар байх хэрэг үү.