Оюутан болж, хотыг зорьсон охин өвлийн амралтаар гэртээ очоод өвчнөөр өөд болчихжээ, харамсмаар. Хүний ганц охин, нүдний цөцгий мэт хайрласан үрийг нь үүрд авч одсон өвчин бол сүрьеэ. Хамгийн харамсалтай нь, ийм хагацал Монголын олон гэр бүлийг нэрвэх эрсдэл нэгэнт бий болчихжээ. Тодорхой хэлбэл, 2012-2016 онд манай улсад бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын 52.7 хувь нь 15-34, тэр дотроо 15-24 насныхан талаас илүү хувийг нь эзэлж байна. Энэ насныхнаас хамгийн том бүлэг нь оюутнууд.
Оюутнуудын талаарх нэг тийм нийтлэг ойлголт бидэнд бий. Зайлуул, сайнаасаа саар хэлүүлэх нь элбэг. Аав, ээжийгээ “сорж” амьдардаг гэж чичлүүлдэг “ядуу оюутнууд” замын түгжрэлд хүртэл буруутай болж таардаг. Учир нь улсын хэмжээнд жилд дунджаар 140 орчим мянган оюутан суралцдагаас бараг тал хувь нь орон нутгаас ирдэг жишээтэй. Өвлийн хүйтэн, хаврын хавсарганаар толгой нүцгэн, нимгэн хувцастай гүйлддэг тэд нойр, хоолгүй явахыг юман чинээ тоодоггүй нь атаархмаар ч юм шиг. Гэвч залуу насаараа бярдаж яваа оюутнуудыг сүрьеэ хэдийнэ “онилчихжээ”.
Үндсэндээ дархлаа сул нэгнийг “олзолдог” сүрьеэг “ядуусын өвчин” хэмээн цоллож, түүгээр өвчилсөн бол хүн алж, хүрээ талсан аятай ичиж, гадуурхагдан, эмчлүүлэлгүй явсаар эцэстээ үхэлтэй нүүр тулдаг байдал бага багаар өөрчлөгдөж буй. Гэвч эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас орлого багатай, амьдралын түвшин доогуур хүмүүс энэ өвчний эрсдэлт бүлэгт хамаардаг нь хэвээрээ.
Нэгэн цагт үгээгүй ядуус, ялтан, бас цэргүүд голдуу бүрдүүлдэг байсан сүрьеэгийн эрсдэлт бүлгээс ядаж оюутнуудаа яаж гаргах вэ. Бид Монголоо “Залуучуудын орон” гэж онцлох дуртай шүү дээ. Тэгээд ч ДЭМБ-ын судалгаагаар дэлхий болон бүс нутгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр өндөрт тооцогдож буй манай улсад халдварт өвчнөөр нас барах нэгдүгээр шалтгаан нь эл өвчин болж байгааг тодотгоё. Тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өссөөр буй билээ.
...Цаашлаад иргэн бүрийг биш юм гэхэд оюутнуудыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулчих хэрэгтэй. Тэр дундаа сүрьеэ болон арьс өнгөний үзлэгийг заавал багтааж, үүрэгжүүлэх шаардлагатай талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь эрүүл мэндийн төдийгүй нийгмийн асуудал болчихсон сүрьеэ газар авахад оюутнуудын хэнэггүй байдал маш их нөлөөлж буй аж. Тиймээс бүх оюутны дунд сүрьеэгийн тандалт, эрт илрүүлгийн шинжилгээ, судалгааг тогтмол зохион байгуулж, үүнээс зайлсхийсэн оюутанг дүнгээр нь ч болов “барьцаалж” хариуцлага үүрүүлж яагаад болохгүй гэж...
Оюутнууд угаасаа мөнгөгүй, “ядуу” гэгдэх нь аргагүй. Тэд ирээдүйд хоолоо олж идэх мэдлэг, чадвар эзэмших гэж суралцаж яваа. Тэгээд ч одоогоор монголчууд биднээс оюутнууд байтугай тогтсон ажилтай, орлоготой болсон нь ч эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулдаг нь тун цөөн. Нөгөө талаас улсын эмнэлгүүд ачааллаа даахаа больж, урьдчилан сэргийлэх үйлчилгээгээ хойш тавьж буй нь үнэн.
Тэгээд ч хөдөөнөөс ирсэн, хотод харьяалалгүй хөөрхий оюутнуудад эмнэлгүүд тэр бүр үйлчлэхгүй. “Үзэж, оношлох ёстой хүмүүстэй хүрч үйлчилж чадахгүй байхад та нар цаашаа” л гэнэ. Тиймээс оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд нэгдсэн журмаар хамруулах талаар ярьж ирсэн. Тухайлбал, улс төрийн аливаа сонгуулийн үеэр энэ талаар хамгийн их ярьдаг ч ажил хэрэг болдоггүй. УИХ-ын өнгөрөгч сонгуулийн үеэр МАН мөрийн хөтөлбөртөө оюутнуудыг харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болгохоор амласан.
Цаашлаад иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, нийгмийн халдварт өвчин, ялангуяа сүрьеэгээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэн, иргэдийг уг өвчинд өртүүлэхгүй байх цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин АН 10 мянган хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 14.4 болгон бууруулна гэж амлаж байв. 2012-2016 онд манай улсад бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын 15-24 насныхны өвчлөлийг 10 мянган хүн амд харьцуулсан үзүүлэлт бас л хамгийн өндөр буюу 21.3 байгаа юм.
Сайн ч, муу ч Монголын бодлогыг ээлжлэн тодорхойлж буй улс төрийн хүчнүүд сүрьеэгийн талаар мөрийн хөтөлбөртөө тусгайлан заасан нь сайн хэрэг. Одоо гагцхүү эрх барьж буй нам амлалтаа биелүүлэхийг л хүлээх нь. Өнөөдрийг хүртэл сууриа сайн олоогүй эрүүл мэндийн тогтолцоо, хөрөнгө, санхүүгийн боломжийг тооцвол энэ Засгийн газраас их зүйл хүлээх нь илүүц байж ч мэднэ. Гэхдээ л бид амласныг нь нэхэж, шаардах ёстой. Ядаж л оюутнуудыг харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээг бодитой авдаг болгох хэрэгтэй.
УИХ өнгөрөгч оны тавдугаар сард Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэх заалт нэмсэн. Одоо энэ заалтаа “амь оруулах” болжээ. Бидэнд олон сайхан хууль байгаа ч хэрэгждэг, хэрэгжүүлдэг нь хэд билээ гэж зориуд асуумаар байна.
Цаашлаад иргэн бүрийг биш юм гэхэд оюутнуудыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулчих хэрэгтэй. Тэр дундаа сүрьеэ болон арьс өнгөний үзлэгийг заавал багтааж, үүрэгжүүлэх шаардлагатай талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь эрүүл мэндийн төдийгүй нийгмийн асуудал болчихсон сүрьеэ газар авахад оюутнуудын хэнэггүй байдал маш их нөлөөлж буй аж.
Тиймээс бүх оюутны дунд сүрьеэгийн тандалт, эрт илрүүлгийн шинжилгээ, судалгааг тогтмол зохион байгуулж, үүнээс зайлсхийсэн оюутанг дүнгээр нь ч болов “барьцаалж” хариуцлага үүрүүлж яагаад болохгүй гэж. Зөвхөн улсын тодотголтой дотуур байранд орох оюутнуудаас л эрүүл мэндийн шинжилгээ авсан болоод орхиж болохгүй ээ. Заавал сүрьеэ, хамуу, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг өгөх учиртай гэдэг ч зарим нь зүгээр л эрүүл мэндийн хуудас олж, танил талаараа гарын үсэг зуруулж, тамга даруулаад өнгөрдөг.
Сүрьеэгээр нэгэнт өвчилсөн бол урт хугацааны, тасралтгүй эмчилгээ шаарддаг тул хяналт ч бас чухал. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол бүр зайлшгүй эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Эмчилгээ хийлгээгүй бол 2-5 жилийн дараа амь насаа алддаг гэдгийг ДЭМБ-ын судалгаа болон манай орны туршлага харуулж буй. Сүрьеэ туссан хүмүүсийг албадан эмчилгээ хийх хууль шаардлагатай талаар ч мэргэжлийнхэн ярьдаг юм билээ. Ханиалгаж, найтаахдаа ам, хамраа дарахаа ч мэддэггүй, таарсан газраа шүлс, нусаа унагаж явдаг хүмүүст (зөвхөн оюутнууд бус) зааж, хэвшүүлэх зүйл даанч олон байна.