Эх орон, газар нутгаа хамгаалан тэмцсэнийхээ төлөө хөрш их гүрний эрх баригчдад зуулган, бүх албан тушаалаасаа хөөгдөн хэлмэгдэж, эцэст нь учир битүүлгээр амиа алдсан, Гадаад явдлын яамны сайд асан С.Аварзэдийн талаар бид цуврал материал нийтэлж буй билээ.
Сайд асан бусдад зодуулсан хэргийг шалгасан бэлтгэл дэд хурандаа Д.Энхбаттай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Тэрбээр дээрх хэрэг гарах үед Улаабаатар хотын Сүхбаатарын раойны цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан юм.
-Гадаад явдлын яамны сайд асан С.Аварзэд учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар бид гурван ч цуврал материал нийтэлсэн юм. Ар гэрийнхэнтэй нь ярилцахад түүнийг бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, тэр нь даамжирсаар нас барсан гэж үздэг юм билээ.
Хэрэг гардаг 1986 оны хоёрдугаар сарын 9-ны орой дүрэмт хувцастай дөрвөн хүнд зодуулснаа С.Аварзэд гуай амьд сэрүүндээ өөрөө бичиж үлдээсэн баримтыг би олж үзсэн юм.
Гэтэл манай хууль хяналтын байгууллагынхан тэр асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хаасан байдаг. Дээрх хэргийг гардан шалгаж байсны хувьд та сайн мэдэх байх. Чухам юу болсон юм бэ?
-Би тэр үед Сүхбаатарын раойны цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан юм. Янз бүрийн өргөдөл, гомдол ирдэг, тэр бүхнийг шалгадаг л байсан. Манай хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хоносон нэг өвгөний асуудлаар Төв хороо хавьцаанаас бил үү дээ гомдол ирсэн юм билээ. Манай дарга тэр гомдлын дагуу шалга гэдэг үүрэг өгсөн. Үүргийн дагуу би мөрдөн байцаагч томилж шалгуулахаар болоод байв.
Гэтэл удалгүй Гаравсүрэн дарга (тухайн үед Сүхбаатарын раойны Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан) орж ирээд “Энэ асуудлыг чи өөрөө шалга” гэж хэлсэн. Байдаг л нэг гомдол тул заавал би шалгаад байхдаа яах вэ дээ, мөрдөн байцаагч томилоод шалгуулах гэж байхад гэж бодоод хүлээж авсан юм даг. Тэгж байтал эрүүгийн төлөөлөгч, хошууч Эрдэнэжав “Аварзэд гэдэг хүний гаргасан гомдлын дагуу хамтарч шалга гэдэг үүрэг авлаа” гээд надтай уулздаг юм байна.
Юун сүртэй юм, нэг өвгөн эрүүлжүүлэгдээд гарсан л юм билээ гэтэл тэр “Жирийн хүн ч биш юм байна. Гадаад явдлын яамны сайд байсан гэнэ. Давст уулын асуудлаар Цэдэнбал даргатай муудалцаж байсан Аварзэд гэдэг чинь юм байна лээ” гэж хэлсэн. Тэгээд яах вэ шалгадаг журмаараа л ажиллахаар ярилцсан. Аварзэд гуай тэр үед 37 дугаар авто баазад жолооч байсан санагдана.
-Тийм ээ, та сайн санаж байна.
-Тэр өдөр Лувсандагва гэдэг найзынхаа эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэхээр бил үү дээ, Дэнжийн мянгад гэрт нь очсон байдаг юм.
...Аварзэд гуайг зодсон гэх хэргийг маш нарийн шалгасан. Гүйцэтгэх ажлын шугамаар ч нэлээд ажил хийсэн байдаг. Бидний олж тогтоосноор түүнийг согтуу явж байхад нь нэг таксины жолооч таарч Гэмтлийн эмнэлэгт оруулж өгчээ. (С.Аварзэд гуай найз Лувсандагвындаа очихдоо маргааш өглөө эрт ажилтай гээд архи дарс уугаагүй, автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь явган харьж яваад үл таних дөрвөн хүнтэй таарч зодуулсан, тэр хүмүүсийн байр байдал, хэлж ярьж байсныг бичиж үлдээсэн байдаг) Энэ хэргийг үзэж харсан хүнийг бид бүх шугамаар эрэн сурвалжилсан, нэг ч гэрч олдоогүй...
-Цагаан сарын шинийн 1-ний өдөр байсан гэдэг.
-Тийм шиг санаж байна. Найзууд болсон хойно нэлээд архи уусан гэдэг юм. Шөнө ч болж, Аварзэд гуай харина гээд, найз нь явуулахгүй гээд юм юм л болсон гэж сүүлд мэдүүлсэн. Тэгээд Лувсандагва тэр хоёр хажуугийн гэрт нь орж унтсан гэсэн. “Нэг сэрсэн Аварзэд гуай яваад өгсөн байна лээ” гэж ярьсан нь хавтаст хэрэгт бий. Харьж явахад нь хоёр цагдаа таарч, зодсон.
Тэгээд эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн талаар өргөдөлдөө дурджээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон. Аварзэд гуай “Намайг гэр рүүгээ харьж явтал замд хоёр цагдаа таарч машинд хүчээр суулгасан. Тэгээд хүчтэй цохьсон, зодсон” гэж мэдүүлсэн. Сүүлдээ цагдаа биш, саарал хувцастай цэргийн хүн байсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлж байсан санагдана. Эрүүлжүүлэхэд хэн авчирч өгөв гээд шалгахаар манай сэргийлэхийн жолооч нэг хүнтэй хүргэж
иржээ. Тэр шөнөдөө эрүүлжүүлээд өглөө нь баазынхантай нь ярьж, хүлээлгэж өгсөн байна. Жолоочоо дуудаж уулзахад хамт явсан хүн нь манай мөрдөн байцаагч Өлзий-Орших байж. Бусдад зодуулж гэмтсэн нэг хүн Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан тул очиж мэдүүлэг аваад гарч явахад гадаа нь нэг өвгөн хэвтэж байсан гэнэ. “Энэ юун хүн энд байж байдаг юм бэ” гээд эмнэлгийнхнээс асуухад нэг хүн орхичихоод явсан гэж сувилагч ч бил үү нэг эмэгтэй хэлсэн гэдэг.
Болсон явдлын талаар С.Аварзэдийн бичиж үлдээсэн баримтаас
Дотогш нь оруулж эмчид үзүүлэхэд нөгөө хүн гадаадаар яриад, эсэргүүцээд байжээ. Эмч нь “Энэ хүн чинь согтуу юм байна. Манайх согтуу хүн хүлээж авахгүй, та нар аваад яв” гэж. Тэгээд машиндаа суулгаж, хэлтэстээ авчраад “Эрүүлжүүлэхэд оруулаад өгчих” гэж жолоочдоо хэлчихээд өөрөө жижүүрээ хүлээлцэхээр явсан байдаг. Эрүүлжүүлэхэд орсон хойноо “Миний цаг алга” энэ тэр гэж нэлээд асуудал үүсгэсэн юм билээ. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарахдаа “Цагдаагийн байгууллага, ажилтнуудад ямар нэг гомдолгүй” гэж гарын үсэг зураад явсныг бид олж авсан.
Мөн малгай алга болсон байна гэж гомдолдоо бичсэн байсан юм. Энд тэнд байж байх вий, хүн авчихсан юм биш байгаа гэж нэлээд эрэл сурал болсон юм даг. Аварзэд гуайг зодсон гэх хэргийг маш нарийн шалгасан. Гүйцэтгэх ажлын шугамаар ч нэлээд ажил хийсэн байдаг. Бидний олж тогтоосноор түүнийг согтуу явж байхад нь нэг таксины жолооч таарч Гэмтлийн эмнэлэгт оруулж өгчээ.
(С.Аварзэд гуай найз Лувсандагвындаа очихдоо маргааш өглөө эрт ажилтай гээд архи дарс уугаагүй, автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь явган харьж яваад үл таних дөрвөн хүнтэй таарч зодуулсан, тэр хүмүүсийн байр байдал, хэлж ярьж байсныг бичиж үлдээсэн байдаг) Энэ хэргийг үзэж харсан хүнийг бид бүх шугамаар эрэн сурвалжилсан, нэг ч гэрч олдоогүй.
-Тархиндаа маш хүчтэй цохиулж гэмтсэн байсныг ар гэрийнхэн нь төдийгүй мэс заслын эмч нар баталдаг юм билээ. Хэзээ, хаана тэгж гэмтсэн юм бэ?
-Тухайн үед ямар ч гэмтэл энэ тэр байгаагүй. Сүүлд л тийм юм яригдах болсон.
-Ухаан санаагаа алдсан, нас барсан шалтгаан нь тэр гэмтлээс үүдэлтэй гэдэг. Эрүүлжүүлэхээс гарч, гэртээ ирсэн шөнөдөө толгой нь өвдөж, маргааш нь Түргэн тусламжийнхан авч яваад Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн гэж эхнэр нь ярьсан.
Тэгэхээр үхэлд хүргэсэн тэр гэмтлийг найзынхаасаа гарч, харьж явахдаа авсан болж таараад байна л даа. Манай цагдаагийнхан энэ асуудлыг яаж шалгасан байдаг юм бол?
-Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлээд гарахаар нь бид мэдүүлэг авсан. Энэ асуудлыг гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан байх учиртай. Би мөрдөн байцаалтаа л хариуцсан. Тэр үед аливаа хэргийг их сайн шалгадаг байв шүү дээ. “Би Гэмтлийн эмнэлгийн гадаа байсан гэж үү, гэртээ шууд ирсэн л гэж бодсон” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлж байсан юм.
-Аварзэд гуай жирийн нэгэн байгаагүй. Зөвлөлтийн мэргэжилтний үг хууль шахам болдог байсан тэр үед тус улсын бодлогыг эсэргүүцэж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө Элчин сайдтай нь сөргөлдөж, үүнээсээ болж бүх албан тушаалаасаа бууж, хэлмэгдсэн.
Нийгэм нээлттэй болж эхэлсэн тэр үед түүнийг дуугүй болгох сонирхолтой гадаад, дотоодын хүчин байсныг үгүйсгэх аргагүй. Энэ талаас нь манайхан шалгаж, сонирхож байсан юм болов уу?
-За, тийм юм байхгүй дээ. Тэр үед улстөржих гэж юм байдаггүй байлаа. Улс төрөө хийдэг нь түүнийгээ, жирийн хүмүүс урдахаа л хийдэг байсан. Бид тэр талаар мэдэх ч үгүй.
-Ер нь бол нас барах хүртлээ л тусгай албаны хяналтад байсан гэдэг юм билээ шүү дээ?
-Тэрийг би мэдэхгүй, надад хамаагүй асуудал. Би хэргээ л шалгасан, тэр асуудлыг тооцоо ч үгүй.
-Ямар хүмүүстэй хамт байсан юм бол. Бодвол шалгаа л байлгүй. Лувсандагва гэж юу хийдэг, ямар хүн бэ гэдгийг шалгасан болов уу?
-Их дотно, гэр бүлийн найз гэж байсан санагдана. Тэднийд нэлээд хэдүүлээ очсон байдаг юм. Тэр бүгдийг шалгаж, байцаасан.
-Лувсандагва гэдэг хүнийг яагаад сонирхоод байна вэ гэхээр тэр архидалтыг түүнийг өөр зорилгоор зохион байгуулсан, тусгай албанд ажилладаг байсныг сүүлд мэдсэн гэж ар гэрийнхэн нь ярьж байсан л даа.
-Сэжиглэвэл юуг ч босгож ирэх байх. Маш олон жилийн хойно тэр өвгөнөөр ер нь яах вэ дээ. Ямар гэм тарина гэж.
-Зөвлөлтийнхөн манай газар нутгаас авах гэж яаж улайрч байсан. Тэдний хүссэнээр газраа тасалж өг гэж хэн хэн шахаж байв. Хилийн хэлэлцээрийг хэрхэн байгуулав гээд олон ноцтой асуудлын гэрч байсан.
Хэзээ нэгэн цагт энэ бүхэн сөхөгдөнө гэж хэн нэгэн болгоомжилсон байж болох уу?
-Мэдэхгүй, тэр бидний шалгах асуудал биш.
-Тэгээд зодуулсан асуудал нь ерөөсөө тогтоогдоогүй гэх гээд байна уу?
-Тийм ээ, тогтоогдоогүй.
-Эрүүлжүүлэхэд гэмтсэн байх магадлалтай юу?
-Бид шалгасан, эрүүлжүүлэхэд байхдаа гэмтээгүй.
-Тэгээд хаана гэмтсэн байх вэ. Мэс засал хийсэн эмч нар “Аварзэд гуай тархиндаа ямар хүчтэй цохиулаа вэ” гэж ярьж байхыг мэс заслын эмч хүргэн нь сонссон гэсэн.
-Согтуу хүн яаж ч яваад гэмтсэн байж болно. Унасан байхыг ч үгүйсгэхгүй. Аварзэд гуай зодуулахаар хүн биш. Хүнтэй маргалдаад байхааргүй нэг өвгөн л байсан. Тийм хүнд хэн гар хүрэх вэ дээ.
-Хэр согтуу байсан юм бол?
-Нэлээд их согтсон байсан гэдэг. Согтуудаа орос, өөр нэг хэлээр яриад байсан гэсэн.
-Энэ хэрэг тэгээд яаж дуусав?
-Тэгээд яах вэ дээ, гаднын нөлөөгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийн талаар хэн ч ярьдаггүй, нэг хэсэг чимээгүй болсон. Би Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдож, тэндээ 1992 он хүртэл ажилласан. Тэр жил нийслэлд шилжин ирэхэд ардчилал энэ тэр гээд юм нэлээд задгайрсан байлаа.
Гэтэл ямар билээ дээ, нэрийг нь мартчихаж, нэг сонинд Аварзэдийг алсан хүн нь цагдаагийн Энхбат гээд миний тухай биччихэж. Тэгэхээр нь хавтаст хэргийг нь авч байгаад бараг тэр чигээр нь хэвлэлд тавьсан. “С.Аварзэдийг алсан минь” гарчигтай материал бичсэн юм. Тэр материалд гэрч, хохирогчдын мэдүүлэг, баримтыг нэмж хасалгүй оруулсан байгаа.