-Балгахан усаа хайрлаач-
Дэлхийн гадаргын 72 хувийг ус эзэлдэг. Тэгэхээр цэнхэр гариг бол нойтон газар байх нь. Ийм байхад бидэнд ус хангалттай гэж бодож байна уу. Харамсалтай нь үгүй. Үнэндээ үүний ердөө 2.5 хувь нь цэнгэг усны нөөц. Ингээд болоогүй, ийм жаахан хэсгийн дийлэнх нь мөнх цэвдэгт, мөн мөсөн голд “цоожтой” байдаг аж. Эл мэдээллээс ургуулан бодоход манай гаригийн долоон тэрбум гаруй хүн хэр хэмжээтэй ус хэрэглэдгийг түвэггүй ойлгож болно. Бүр тодруулбал, дэлхийн хүн ам зах хязгаар нь харагдахгүй усан санд амьдарч байгаа хэрнээ “балга” л усыг хувааж уух боломжтой гэсэн үг. Гэтэл бид яадаг билээ.
-Усанд орохын тулд “загас” болдог. Орон сууцанд амьдардаг хүн ганцхан удаа онгоц дүүрэн усанд ороход багаар дундажлан бодоход 150 литр ус зарцуулдаг.
-Шүдээ угаахдаа гоожуураа хаагаагүй танаас болж хоёр литр ус бохирын хоолой руу урсаж “үхдэг”. Энэ бол нэг хүний ганц удаа урсгах усны хэмжээ. Нэг гэр бүл дунджаар таван хүнтэй гэж бодвол энэ тоо хэр “томрох” нь ойлгомжтой. Үүн дээр угаалга, цэвэрлэгээ хийх, ялгадас, бохироо зайлуулах зэргээр зөвхөн ахуйн хэрэглээнд нэг айл хоногт хэчнээн литр ус хэрэглэдэг бол. Та баримжаалаад тооцож үзээрэй.
-Үүнээс гадна эвдэрхий гоожуур, жорлонгийн татуургаа засаж янзлахгүй байгаа хариуцлагагүй нөхрийн балгаар өнөөх “балга” усны минь хэдэн хувь үргүй урсан алга болдгийг тооцвол хэдэн тэгтэй тоо гарах бол.
Энэ мэтээр бодвол хүн төрөлхтөнд агаартай эн тэнцэхүйц хэрэгтэй ус хэмээх эрдэнийг эрхгүй хайрлаж, гамнах сэтгэл төрөх буй за. Тэгсэн цагт усыг дэмий урсгах бүртээ зүрх тань ёг хийх болно. Гэхдээ хэвшсэн муу зуршлыг ганц удаагийн ухамсарт үйлдлээр үгүй хийж, гэнэт л “цоорч” усанд хандах хандлагаа өөрчилнө гэвэл худлаа, хоосон үг болно л доо. Тиймээс хувь хүн, улс орон, цаашлаад дэлхий нийтээрээ шингэн агаараа ашиглах арга, санаагаа үндсээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч буй талаар олон улсын ухаант хүмүүс, судлаач, эрдэмтэд дуугарч, уриалсаар буй. Ингэхийн тулд ердөө сэтгэл, сэтгэлгээгээ өөрчлөхөд болно гэдгийг ч онцолдог. Уг нь ундны усны нөөц гэдэг бол дэлхий нийтэд хамаатай, тулгамдсан асуудал гэдгийг ойлгуулахад судалгаа, нарийн мэргэжлийнхний үг, ямар нэгэн нотолгоо хэрэггүйгээр бүх хүн энгийн ахуйгаасаа л мэдрэх боломжтой. Үүнийг заавал бусдаар хэлүүлж ухаарах зүйл биш ч гэсэн бодит байдлыг илүү ойлгуулахын тулд цөөхөн тоо баримт дурдъя.
-Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 500 шоо метрээс бага бол тухайн улс орших, эс оршихдоо тулдаг гэнэ. Монголын хувьд нэг хүнд ногдох ундны усны жилийн хэмжээ 13 739 шоо метр юм байна.
-Сүүлийн 100 жилд энэ гаригийн хүн ам гурав дахин өссөнийг дагаад усны хэрэглээ зургаа дахин нэмэгдсэн судалгаа бий. Энэ бол зөвхөн устай холбоотой асуудал биш. Үүнийг дагаад экологи, байгалийн доройтол хурдацтай нүүрлэж буйн ганц жишээ гэвэл XX зуунд дэлхийн нуур, намаг, тэнгис, далайд цутгадаг цэнгэг уст голуудын 20 хувь нь ширгэж, татарчээ.
-Ердөө ганц кг төмс, лууван тарихад 500 литр ус зарцуулдаг. Нэг гулдмай алт боловсруулахад найман сая литр ус “амиа” алддаг.
-Усны стресс гэсэн нэр томьёо бий. Энэ үзүүлэлтээр улс орнуудыг жагсаадаг бөгөөд мөрөөдлийн хэмээгддэг Америк нэлээд дээгүүрт бичигддэг бол манайх усны стресстэй орны тоонд багтдаг. Манай хүн амын дунджаар 60 хувь нь усны стресст орсон гэдэг судалгаа байна.
-Израилийн суут сэтгэгч, Ерөнхий сайд асан Шимон Перес ус нь дайн болон энх тайвны хурдасгуур болохыг үгүйсгэхгүй гэсэн байдаг. Тэгвэл Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн тайланд “Сирийн дайны гол шалтгааны нэг нь усны хомсдол” гэж онцолжээ. Цаашид ч үүнээс болж зөрчил үүсэж, дүрвэгсдийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй аж.
Энэ бүхнээс харахад хүн төрөлхтөн амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол усан сан дотроо хатаж үхэх аюултай тулж мэдэх нь. Агааргүй бол хүн хэдхэн хормын дотор хэдэн удаа тийчгэнээд л нүд анина. Харин усгүй бол хором хормоор хорчийж, аажмаар хатаж, тарчлан, зовж үхнэ. Төсөөлөхөд ч аймаар тийм нөхцөлд орохгүйн тулд бид яах ёстой вэ.
Усыг чин сэтгэлээсээ хайрлаж, гамнахаас бүх зүйл эхэлнэ. Яавал үр бүтээлтэй ашиглах, хэрхэн гамнах вэ гэдэгт их зүйл хэрэггүй. Ердөө л сэтгэл байхад хангалттай. Экологи гэж юу вэ гэсэн асуултад нэг хүн “Энэ бол сэтгэл” гэж хариулжээ. Үүнтэй адил ус бол сэтгэл юм. Хэрхэн хэмнэх нь таны ухамсрын, сэтгэлийн асуудал. Харин төр, засгийн хувьд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогоо илүү тодорхой болгох нь зүйн хэрэг.
2000 онд Европын холбоо усны удирдамжаа боловсруулжээ. Товчхондоо усыг “усаар” төлүүлэх бодлого буюу татвараар зохицуулах арга юм байна. Усанд ногдуулах татварыг нэмнэ гэсэн үг. Энэ нь ус бохирдуулсан, хэрэглэсэн бүх хүнд хамаатай. Үнэндээ бидэнд ийм арга хэрэгтэй мэт. Гэвч хэрэглэсэн усныхаа төлбөрийг “чангаалган” байж төлдөг манайхан хэрэв усанд татвар ногдуулчихвал боож үхэх биз. Хөгжингүй орнуудад усны үнийг нэмснээр хэрэгцээг хязгаарлаж болдог бол манайд энэ нь оновчтой шийдэл биш гэдгийг мэргэжлийн хүн учирлав.
БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган “Канад улсад дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаруй хувь ногдож байгаа. Усны стрессгүй орон хэдий ч нийт цэвэрлэсэн усныхаа 15-20 хувиар газрын доорх усаа тэжээдэг гэсэн судалгаа байна. Энэ бол ирээдүй алсаа харж усыг эргэлтэд оруулж буй ухаалаг бодлого. Манайхны хувьд одоогоор ингэж эргэлтэд оруулдаггүй юм гэхэд хэмнэлттэй, дахин ашиглахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж онцолсон.
Ингэхийн тулд эрх зүйн орчин бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл усыг дахин ашиглах ёстой гэж яриад л байдгаас биш, тийм технологи нь манайд алга. Тиймээс санасан, сэдсэн зарим ажилд саад учраад байгаа аж. Жишээ нь, манай зарим байгууллага ахуйгаас гарсан усаа цэвэрлээд, зам талбайн тоос дарах зориулалтаар ашигласан сайн жишиг байгаа ч энэ ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага зогсоосон “саарал” явдал байна. Гэхдээ хууль журмаа баримталж буй тус байгууллагыг буруутгах бас аргагүй юм билээ. Иймээс л зохицуулалт хэрэгтэй аж. Дээрхтэй адил сайхан жишээ манайд цөөнгүй байна. Тухайлбал, “Шангри-Ла” зочид буудал борооны усыг хуримтлуулан гадна талбайн зүлэг, модоо усалдаг. Нэгэн иргэн хувийн байшингийнхаа дээвэр дээр хурын усыг нөөцлөх “хөөрхөн” сав хийгээд, тэндээсээ хүлэмжээ усалж байгаа гэсэн. Говь-Алтайд иргэд хамтраад хиймэл нуур үүсгэн, усан цахилгаан станц шиг байгууламж ашиглалтад оруулжээ. Өдгөө эл байгууламжаас тус аймгийн 10, Завханы 13 сумыг цахилгаанаар хангахын зэрэгцээ ундны усны хэрэглээний тодорхой хувийг бүрдүүлж байгаа аж. Эл нуурыг дэлхийн газрын зурагт Гэгээн нуур нэрээр тэмдэглэсэн нь үнэхээр бахархмаар. Өнгөрсөн жил Дорнод аймгийн Матад суманд ангаж буй зээрүүдийг ундаалахаар “Дорнын их гэгээ”, “Томо бюлдинг” компанийнхан дөрвөн хөв цөөрөм байгуулжээ. Энэ бүхний талаар нийгмийн сүлжээгээр мэдээлснийг иргэд уншсан буй за.
Холбогдох яамны мэргэжилтнүүд “Үйлдвэрлэлийн технологиос гарсан усыг дахин ашиглах техникийн шаардлага” гэсэн төсөл боловсруулсныг өдгөө хэлэлцүүлж байна. Үүнийг хэрэв баталчихвал энэ мэт санаачилгыг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй болох нь мэдээж.
НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн хөтөлбөрийн тайланд “Усны нөөцийн хямрал нь менежментийн хямрал” гэж тэмдэглэжээ. “Epoсh times” сонины сэтгүүлч Женевьев Бельмейкер, Синди Друкер, Ларри Онг нар нийтлэлдээ “Дэлхий нийтийн усны хэрэглээнээс харахад улс болгон ойрын 10 жилд усны нөөцийн хомсдолоос хэрхэн гарах талаараа тусгай бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн байна. Бидэнд ч энэ асуудал хамаатай. Монгол Улсын хэмжээнд жилд нийтдээ ойролцоогоор 500 сая шоо метр ус хэрэглэдэг гэсэн мэдээллийг энэ салбарынхан өглөө. Жил ирэх тусам энэ тоо өсөх хандлагатай байгаа ч ойрын 5-10 жилд чухам хэдий хэмжээтэй нэмэгдэх талаар нарийн судалгаа алга.
Зарим улс иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, амьдралын хамгийн чухал үнэт зүйлийг нь нэрлүүлсэн байдаг. Хойд хөршид хийсэн ийм нэгэн судалгаагаар оросууд усыг нэн чухал зүйлийн жагсаалтын гуравдугаарт нэрлэсэн байна. Манайд ч энэ талын арга хэмжээ, бүр тодруулбал, иргэд усыг хэрхэн үнэлдэг талаар судалгаа, тандалт хийхэд илүүдэхгүй буй за. Тэгэхээр усыг хамгийн чухал гэж үзэж, ханддаг болгохын тулд яах ёстой вэ.
Дэлхий дээрх ундны усны хүртээмж буурах сөрөг хандлагатай байгааг хүмүүст ойлгуулж мэдээллээр “бөмбөгдсөнөөр” хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал аргын нэг гэж ОХУ-ын Байгаль орчны эдийн засгийн хүрээлэнгийн судлаач Михаил Козельцев үзэл бодлоо илэрхийлжээ. Гэхдээ мэдээллийг хэзээ, яаж өгөх тал дээр анхаарах ёстой. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Усны тухай мэдээллийг хүүхдэд бага наснаас нь системтэй, танин мэдэхүйн аргаар суулгавал илүү үр дүнтэй байх нь мэдээж. Үүний тулд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан энэ тухай ойлгуулах нь чухал гэдгийг олон хүн ярьдаг. Мөн урлаг гэж том “буу”-г үүнд ашиглах ёстой. Урлаг бол ургаа хаднаас ч хатуу хүний сэтгэлийг “дэвтээх” увдистайг хэдийнэ нотолсон шүү дээ. Хүн төрөлхтөн түүхийнхээ аль ч үед урлагаас хол байгаагүй. Магадгүй хүний амьдрал чухамхүү энэ л зүйлээс эхэлсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн гаргалгаа ч бий. “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг шиг хүний сэтгэлд нөлөөлөх уран бүтээлийг нас насны онцлогт тохируулан хийгээсэй.
Цэвэр усны нөөцийг дагаад хүн төрөлхтөн олон асуудал шийдэх хэрэгтэй болно. Үүнд уламжлалт газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэх арга барилаа өөрчлөх гарцаагүй шаардлагатайг шинжээчид онцолдог. Тэр ч бүү хэл, хүн хоол хүнснийхээ орц найрлагад анхаарах учиртай юм билээ. Жирийн иргэний хувьд саналаа хэлэхэд, усыг бойлуурт хуримтлуулж, цахилгаанаар халааж хэрэглэхэд хүн аль аль талдаа маш хэмнэлттэй ханддаг. Гоожуураа нээгээд л халуун ус авдаг айлын цахилгаан болон усны хэрэглээ бойлууртай өрхийнхөөс 2-4 дахин их байдаг аж. Тэгэхээр орон сууцжуулах, бүсчлэлийг тэлэх бодлого баримталж буй, нөгөөтэйгүүр, дэд бүтэц хумигдмал манай нөхцөлд бойлуурын системээр иргэдийн ухамсартай “ярьж” хямгач болгож болмоор. Энэ бол усны тоолуурыг нэмэгдүүлье л гэсэн эцсийн санаа л даа. Манайд энэ аргыг хэрэгжүүлээд олон жил болсон. Үр дүн сайн байгаа учраас иргэд, байгууллагууд усныхаа хэрэглээг тоолуураар хянах системд бага багаар шилжиж байгаа нь сайшаалтай. Жишээ нь, усны тоолуурт шилжсэн аж ахуйн нэгж, байгууллага 2012 онд 19 байсан бол 2016 онд 188 буюу бараг 10 дахин өсчээ. Цаашид усны бодит хэрэглээг тооцох, үрэлгэн байдлыг бууруулахад тоолууржуулах ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа талаар “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д дурдаад, ус хэмнэх болон цэвэршүүлсэн усыг дахин ашиглах техник, технологийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгоно гэсэн байна.
Усанд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандахад иргэдийг хэрхэн бэлтгэх талаар энэ мэтээр санаж сэтгэж, олон санаа ургуулбал болохгүй зүйлгүй. Үндсэн хуульд гар хүрнэ, хүрэхгүй гэж орон даяар хэлэлцүүлсэн шиг усыг хэрхэн хэмнэх, хувь хүн, албан байгууллага яах ёстойг нийтээрээ дорвитой хэлэлцүүлсэн ч болмоор санагдана. Усгүй бол бидэнд Үндсэн хууль байгаад ч нэмэргүй шүү дээ. Тиймээс одооноос бүгдээрээ усны талаарх хандлагыг сэтгэлээсээ эхэлье. Ямар нэгэн асуудалтай тэмцэнэ гэхээсээ илүүтэй ойр тойрныхондоо нөлөөллийн аргаар ойлгуулах нь чухал. Ингэхийн тулд өөрөө үлгэрлэнэ гэсэн тун энгийн гаргалгаа юм. Тэгээд үр хүүхдэдээ дуурайл болъё. Тэд таны жишээг нэгэндээ ярина, цааш түгээнэ. Ингэж өсөөд, өөрийн үр хүүхдэдээ аавынхаа, ээжийнхээ захиасыг дамжуулна. Ингэж явсаар усанд хайртай болж, гамтай хэрэглэнэ. Энэ бол ерөөсөө дэлхийгээ, байгалиа, эргүүлээд өөрийгөө хайрлаж хамгаалах ухаан билээ.
Миний нэг танил хөгжимчин залуу гэр бүлийнхэнтэйгээ хамт хүүхдүүдэд үнэ төлбөргүй “лекц” уншдаг юм. Эхэндээ найз нөхдийнхөө хүүхдүүдийг гэртээ урьж, хамтдаа хөгжилдөж, хооллонгоо хөгжим, урлагийн тухай ярьдаг байлаа. Тэдний ярианы амтанд орсон хүүхдүүд найз нөхдөдөө дуулгаж, тэднийгээ дагуулж очдог болсон. Гэтэл орон сууцны хоёр өрөө олон хүүхдэд багадсан учраас өөрсөд шигээ сайн санаат хүмүүстэй нийлж том танхимд лекц уншдаг болсон. Тэд зөвхөн хөгжмийн тухай бус, хүнийг хайрлах, хүндлэхийн чухлыг хүүхдүүдэд ойлгуулахын зэрэгцээ иргэн хүн ямар байх ёстойг үлгэрээс, бодит явдлаас жишээлэн тайлбарладаг болсон. Энэ бол нөлөөллийн арга. Тэдэн шиг сайхан ярьдаг, өргөн мэдлэг боловсролтой хүмүүс манайд олон байгаа шүү дээ. Энэ мэтээр сайн дураараа санаачилга гарган, идэвхийлдэг, нөлөөлөл сайтай хүмүүстэй яам, тамгын газрынхан хамтарч усны тухай төсөл хэрэгжүүлсэн ч болмоор, заавал мэргэжилтнүүд гэлтгүй. Сэтгэлдээ диваажин бий болгосон хүн дэлхийг диваажин болгож чадна гэж нэгэн гэгээнтэн хэлсэн байдаг шүү дээ.
И.С.Тургеневийн “Эцэг ба хүүхдүүд” зохиолын баатар Евгений Базаров “Байгаль бол сүм биш, харин урлан юм. Хүн бол тэр урлангийн ажилтан” гэж өгүүлдэг. Түүн лүүгээ урлангаа сүйтгэж, усан дотроо хатаж үхэх, эсэх нь бидний сэтгэл зүрхнээс хамаарах асуудал билээ.