Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, П.Тунгалаг, Ж.Сувдмаа, З.Амгалан
Энэ оны эхний хоёр сарын байдлаар ажил идэвхтэй хайж буй 24 000 гаруй, хөдөлмөрийн биржид бүртгүүлээгүй 100 орчим мянган хүн байгаа бөгөөд тэдний 70 гаруй хувь нь дээд боловсролтой аж. Ер нь жил бүр энэ статистик өгсдөг үү гэхээс буурах нь ховор. Гэтэл төр, засаг иргэдээ ажлын байраар хангахын төлөө бус, ажилгүйчүүдээ гадаад руу “хөөх” бодлого баримтлаад байх шиг. Хэрэв гадаадад идэр настай, ажиллах хүч гаргадаг үзүүлэлтээр байр эзлүүлдэг бол гурван сая иргэнтэй Монгол Улс лав толгой цохино доо.
Эх оронд нь бүтээн байгуулах зүйл их байгаа ч түүнд гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулах ёстой залуучууд нь “экспортын бараа” болохын тулд гадаадын ЭСЯ-дын үүдийг өдөр, шөнөгүй сахиж, дугаарлан зогсдог, УИХ-д нэр дэвшигч нь “боолын наймаа эрхэлнэ” гэдгээ ил тод зарлаж, энэ нь илүү үнэлгээ болдог муухай явдал манайхаас өөр газарт байхгүй л болов уу.
Амьдралаа өөд нь татах гэсэн гарцаагүй шаардлагын улмаас хүний нутаг руу явахаас өөр сонголтгүй болсон монголчууд минь үүнд буруугүй гэж өмөөрнө. Анхиагүй “аав”-ынхаа буруугаас болж ямар турж үхэж, өрний хүүдий бололтой биш. Тэгж байхаар тамгатай боол болсон нь дээр шүү дээ.
Монголчууд ажил хайж гадаад орнууд руу “дүрвэдэг журамтай” болоод 20 гаруй жилийн нүүр үзлээ. Өнөөдөр байдал дээрдсэнгүй. Харин ч “аав”-ын заасны дагуу одоо Америк руу “ачигдах” болов.
Монголд 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа нэгэн танил солонгос эмэгтэй “Монголын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин илүүдээд байна уу, яагаад танайхан ингэж олноороо “айл” руу нүүгээд байна вэ” гэж гайхан асууснаа “Тэгсэн хэрнээ Хятадаас бөөн ажилчин авчрах ямар хэрэгтэй юм бэ” гээд л том том ярьж, “дүргүй” хүргэв. Түүний үг үнэн л дээ. Зөвхөн Япон улсад дадлагажигч ажилтан зуучлах зөвшөөрөлтэй 60 байгууллага манайд байгаа талаар ХНХЯ-ны сайтад мэдээлжээ.
Монголд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, гадаадын 82 орны 5900 гаруй иргэн байгаа талаар ХХҮЕГ-ын цахим хуудсанд байна. Тэдний 2000 гаруй нь урд хөршийн иргэн бол ийм тооны монголчууд жил бүр БНСУ руу албан ёсны гэрээгээр явдаг аж. Энэ бол ганц л улс руу илгээгдсэн “боолын” тоо шүү дээ. Ингэхдээ ажиллах хүч авах тал нь монгол иргэдийг бараг л шүдлэх шахна.
“32 шүдтэй, булчин шөрмөс нь зангирсан, эрүүл чийрэг, нас залуу, бас гадаад хэлтэй байх ёстой” гэнэ. Харин Монголд ирж буй хятад ажилчдыг харахаар доожоогүй, өмдөө чирсэн л дүр зурагтай. Өөрөөр хэлбэл, урвуу хамааралтай ийм экспорт, импортын урсгал Монголд бий болоод удлаа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ч.САНАЛБАЯР: Компаниуд нэг гадаад ажилчин авахын тулд 5-10 монгол хүн ажиллуулдаг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяртай ярилцлаа.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?
-Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвар олгох зэрэг зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ид ажиллах насандаа тэтгэвэрт гардаг ахмадууд төрийн байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгвөл төрөөс урамшуулал өгнө.
Хөгжлийн бэрхшээлтэй, хорих газраас суллагдсан, 18 нас хүрээд асрамжийн газрын асаргаанаас гарсан, 45-аас дээш настай зэрэг ажилд ороход хүндрэлтэй иргэдийг ажиллуулаад нийгмийн даатгалыг нь нэг жилээс дээш төлсөн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучууд хувиараа жижиг, дунд бизнес эрхлэх тохиолдолд санхүүгийн хөнгөлөлттэй тусламж үзүүлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд жилд 60 тэрбум төгрөг зарцуулдаг. Манай байгууллага хувийн 48 хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн онд 45 мянга гаруй хүнийг ажилд зуучилсан. Хөдөлмөрийн биржүүд хувь хүнээс зуучлалын төлбөр авахгүй, харин ажилд оруулсан хүнийхээ тоогоор төрөөс урамшуулал авдаг юм.
-Эх орондоо ид бүтээн байгуулалт хийх насандаа залуучууд маань гадаадыг зорьж байна. Монголд хөдөлмөр эрхлэхэд цалин, хангамж хангалтгүйгээс эхлээд олон шалтгаанаар хүмүүс гадаадад ажиллахыг илүүд үздэг болжээ.
Төр ч бодлогоор зарим улс руу ажиллах хүч явуулж байна. Энэ “нүүдэл”-ийг зогсоох ямар нэг ажил төлөвлөж байна уу?
-Төрөөс шат дараалсан арга хэмжээ авсаар байгаа ч гадаад руу тэмүүлсэн цувааг хялбар зогсоож чадахгүй болов уу. Солонгост хоёр, гурван сар ажиллаад, бүтэн жилийн цалинтайгаа дүйцэх хэмжээний орлого олж байна шүү дээ. Гэхдээ манайхан чадвар, хариуцлагатай бол эх орондоо ийм хэмжээний цалинтай ажил хийх боломж их бий.
Одоогоор БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч явуулж, Япон руу дадлагажигч ажилтан илгээхээр ажиллаж байна. Энэ бол иргэдийнхээ амьжиргааг сайжруулах нэг бодлого. Бид гадаадад ажиллаж байсан иргэдийг ажилд зуучилж, бизнес эрхлэхэд нь дэмждэг.
-Ажилгүй иргэн хэдэн мянгаараа байхад гадаадаас ажиллах хүч олноор нь авах зөв үү. Барилга, автомашин засварын газруудын ажилчны бараг тэн хагас нь гадаадынх байна шүү дээ.
-Засгийн газраас гадаадаас авах ажилчны тоог 50 хувиар бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. “Залуучуудаа Солонгос руу явуулчихаад олон хятад ажилчин оруулж ирлээ” гэж манайхан хэлдэг. Гадаадаас ажиллах хүч авдаг нь цаанаа нарийн учир, ач холбогдолтой. Тухайлбал, аж ахуйн нэгж нэг хятад ажилчин авахын тулд тав, ганц вьетнам хүн ажиллуулахын тулд арван монгол иргэнийг ажлын байраар хангах шаардлагатай.
Тэдний нийгмийн даатгалыг төлсөн, эсэхээс нь шалтгаалж гадаад ажилчин авах зөвшөөрөл өгдөг. Зарим байгууллага хүн ажиллуулдаггүй хэрнээ нийгмийн даатгалыг нь төлдөг ч байж магадгүй. Ийм тохиолдолд ч тэдгээр хүн нийгмийн даатгалын төрөл бүрийн тэтгэмж, тэтгэвэр авах эрхтэй болдог.
Мөн гадаад ажилчны ажлын байрны төлбөр гэж сар бүр 480 мянган төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өгдөг. Энэ мөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон ажлыг санхүүжүүлдэг юм.
-Иргэд ажилгүй байгаа нэг шалтгаан нь аж ахуйн нэгжүүд өндөр шаардлага тавьдгаас болдог байх. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Мөн иргэдийн ажлын байранд тэнцэхгүй байгаа гол шалтгаан нь юу бол?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Худалдагч, цэвэрлэгч ажиллуулахын тулд мэргэжлийн диплом шаарддагийг болиулна. Ийм шаардлага тавьсан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч эхэлсэн. Үүнээс гадна ажилгүйдлийн нэг том шалтгаан бол хүмүүс ажил, мэргэжлийн чиг баримжаагүйн улмаас мэргэжлээ буруу сонгосноос үүдэлтэй. Тиймээс л дээд боловсролтой ч ажилгүй иргэн олон байна.
Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад үүнийг багасгах зорилготой, мэргэжлийн чиг баримжаа олгодог зөвлөх ажилладаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн ажил хайгчид ажлын байранд тэнцэхгүй байгаа шалтгааныг нарийвчлан судалдаг.
Солонгосын хөдөлмөрийн байгууллагынхан болон Монголын гадаад ажилчин авах хүсэлтэй компаниудынхны хэлдэг нийтлэг шалтгаан нь “Монголчууд хариуцлагагүй, ажилдаа цагтаа ирдэггүй, ажлын байран дээрээ архи уудаг” гэдэг. Тиймээс манайхан энэ дутагдлаа засах хэрэгтэй.
ИНФОГРАФИК
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“Тэдэнд цалин л чухал”
“Монголд ажиллаж, амьдрах нөхцөл алга. Авдаг хэд маань хаанаа ч хүрэхгүй юм” хэмээн ярих хүн бишгүй. Ийм шалтгааны улмаас гадаадын аль нэг орныг зорьсон, эсвэл үргэлж ингэж гомдоллож, бухимддаг хүн таны ойр орчимд ганц, хоёроор тогтохгүй бий гэдэг нь эргэлзээгүй. Хөдөлмөр эрхлэхээр харийг зоригчдын тоо сүүлийн жилүүдэд хэт олширсноос “Монголчууд Азийн цыган болох нь” гэсэн яриа хүртэл гараад буй.
Манай улс ажиллах хүчний нөөцөө харь орон руу алдахад юу нөлөөлөв, Монголд ажлын байр “Улаан ном”-д ортлоо үнэхээр ховордсон уу, ажил олгогч хийгээд эрхлэгчдийн хооронд ямар “хана” үүсдэг гэсэн асуултад тодорхой хариулт эрж, үндэсний үйлдвэрлэгч, томоохон компанийг зорьсон юм.
Бидний очсон компани бол өдгөөгөөс 22 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Монгол буйдан”. Дотооддоо буйдан үйлдвэрлэдэг компани манай улсад гарын таван хуруунд багтахаар цөөн. Эдгээрээс хоёр нь л бүтээгдэхүүнээ өөрсдийн гараар угсарч, зах зээлд нийлүүлдгийн нэг нь энэ компани. Өргөн зах зээлд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжтэй харьцуулахад эднийх цөөн ажилтантай боловч ижил чиглэлийн компаниуд дотроо “өнөр айл”. Тиймээс хүний нөөцтэй холбоотой жаргал, зовлонг хэнээс ч илүү мэддэг аж.
Тус компанийн захирал Н.Оюунчимэг “Ажилд авахдаа айхтар шаардлага тавьдаггүй. Хандлага, сэтгэлийг чухалчилдаг. Сэтгэл байхгүй бол хэчнээн том сургууль төгссөн, хурдан, шаламгай нэгэн байгаад нэмэргүй. “Би чадна, “бужигнуулаад” өгнө” гэсэн залуус олон ирнэ. Эхнээс нь бүх ажлыг зааж, сургаад, овоо дөртэй болоод ирэв үү, үгүй юү, биеэ тоогоод яваад өгдөг. Ганц удаа шаардлага тавиад, хэдэн үг хэлэхэд л урдаас хэдэрлээд, ажлаасаа гарчихдаг юм.
Ер нь ийм хандлага залуус гэлтгүй монголчуудын дунд газар авсан. Бас ажилдаа хариуцлагагүй ханддаг нь гол дутагдал. Өнөөдөр ажилдаа очоогүй байлаа гэхэд хуваарьт ажлыг нь хэн хийх вэ, яаж зохицуулах вэ гэдгийг ер боддоггүй. Хариуцлага ярихаар “Би ингэж ажиллаж чадахгүй” гэдэг. Харин гадаадад хэзээ ч ингэдэггүй байхгүй юү. Загнуулаад, занчуулаад л ажиллана” гэв.
Зах зээлийн эрэлт, эдийн засгийн байдалтай холбоотойгоор “Монгол буйдан”-гийн ажилтны тоо нэг үеэ бодоход эрс цөөрчээ. Тиймээс өдгөө ажиллах хүчний хомсдол гэх зовлонгоос ангид байгаа аж. Гэхдээ “Ажилд авна” гэсэн зарлал тавиад ч зарим чухал үүрэгтэй мэргэжилтнээ олж чаддаггүйг тэд онцолсон. Буйдан хийхэд мужаан, оёдолчин, эсгүүрчнээс эхлээд поролон эсгэгч, углагч, бүрэгч гээд олон хүн оролцдог. Бие биетэйгээ уялдаатай энэ эргэх холбооны нэг нь л тасалдахад ажил зогсоно.
“Буйдангийн хамгийн гол ажил хийдэг мужаан олдохгүй баларсан тохиолдол зөндөө гарсан” хэмээн захирал нь ярилаа.
Буйдан үйлдвэрлэгчид хэдэн жил ажилласнаас шалтгаалаад 600 000-1 000 000 төгрөгийн цалин авдаг байна. Гэвч ажилд шинээр орсон хүмүүс тогтвортой ажиллаж, өндөр цалинд хүрэхээс илүү шууд л “шат” алгасахыг хичээдгээс ажлын байраа алддаг тухай тус компанийн ажилтнууд ярив.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг хоёр төвийнхөнтэй холбогдож, ажил олгогч болон хайгчид ойлголцоход юу саад болдог тухай асуухад “Ажил олгогчид залуусыг буруушааж, залхуу хойрго, туршлагагүй гэж гоочилж, харин залуус тэднийг өндөр шаардлага тавьдаг, бага цалин амладаг гэцгээдэг. Нэгнийгээ л буруутгаад байдаг” гэсэн төстэй зүйл ярьсан юм.
“Алтан боломж” хөдөлмөр зуучлалын төвийн мэргэжилтний хэлж буйгаар тэднийд хандагчдын олонх нь 19-32 насныхан. Тэдний нэн түрүүнд чухалчилдаг зүйл нь цалин гэнэ. Дараа нь ажлын хуваарь аж. “Шууд л өндөр цалин авахыг мөрөөддөгөөсөө болоод ажилд орж чаддаггүй хүн өчнөөн. Тэгээд гадаад явахыг л боддог. Ажил олгогчдод ч дутагдал бий ч хамгийн гол асуудал нь залуусынхаа хандлагыг өөрчлөх” хэмээн тэрбээр ярьсан. ДЭЛХИЙН ЖИШИГ
Гадаадад төгсөгчдөдөө өндөр цалин олгодог нь эх орон руугаа буцах бодол төрүүлдэг
Ажиллах хүчний нөөцийг хэр үр бүтээлтэй ашиглахаас хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүд, улсын хөгжил хэмжигддэг. Ийм нөөцийг эдийн засгийн хувьд идэвхтэй хүн амын эзлэх хувиар хэмждэг. Хөгжингүй орнуудад ажиллах хүчнийх нь 70 орчим хувь эдийн засгийн хувьд идэвхтэй байгаа нь ажилгүйдэлтэй холбоотой гэнэ. Харин хөгжиж буй орнуудад уг үзүүлэлт 45-55 хувь байдаг нь тэдгээр улсын эдийн засгийн хоцрогдол, олон хүүхэдтэйн улмаас эмэгтэйчүүд бүтээн байгуулалтад оролцдоггүй, хөдөлмөрийн насны залуус олон, хүүхдийн хөдөлмөрийг мөлждөгтэй холбоотой аж. Дэлхийн эдийн засгийн хувьд идэвхтэй гэгдэх хүн амын тоо ердөө хоёр тэрбум орчим байдаг.
Ажиллах боловсон хүчний хувьд хамгийн өндөр соёлтой, бичиг үсэгт бүрэн тайлагдсан хосгүй улс нь Япон. Тус улс иргэдээ багаас нь сургаж, мэргэжилтэй боловсон хүчин болгоход бэлтгэдэг олон их сургуультай. Гэсэн ч ажиллах хүчний хомсдол нэмэгдэж буйн улмаас тус улсын компаниуд ажилтнуудаа тогтоон барих асуудалтай улам их тулгарах болжээ. Тиймээс компаниуд гэрийн эзэгтэй нарыг ажилд авах, эсвэл тэтгэвэрт гарсан ажилтнаа эргүүлэн татах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн зарим ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах санал тавьдаг. Тэрчлэн ажиллах цагийг богиносгох, үйл ажиллагааг нь өргөжүүлэх төлөвлөгөөнөөс татгалзах хүртэл арга хэмжээ авч буй гэнэ.
Хятад улс ажиллах хүчний нөөцдөө гадаадын их сургууль төгсөгчдөө татахад ихээхэн анхаарч байна. Тиймээс хятад төгсөгчид Уолл-стрит, эсвэл Цахиурын хөндийн өндөр цалинтай албан тушаалаас татгалзаж, эх орноо зорих болжээ. Гадаадад төгсөгчдийнхөө эзэмшсэн боловсролын чанар, амьдралын туршлагыг Хятадын компаниуд үнэлж, тэдэнд өндөр цалин дээр нэмэгдэл олгодог болсон нь эх орноо гэх бодол төрүүлдэг болсон аж. Тодруулбал, 2001 онтой харьцуулахад 2016 онд гадаадад сурдаг оютуны тоо 37.6, төгсөөд эх орондоо эргэж ирсэн нь 56.9 хувиар нэмэгдсэн байна. Хятад улс эдийн засгаа, түүний дотор технологийн салбараа бэхжүүлэхийн тулд энэ чиглэлээр хилийн чанадад суралцагчдынхаа тоог нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд 2016 онд технологийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 10 хувиар өссөн аж.
Харин БНСУ-ын Хөдөлмөрийн яам хууль бусаар ажилладаг гадаадын иргэдийн тоог бууруулахын тулд гадаад гэрээт ажилчдын 13 дахь сарын цалинг эх орон руу нь шилжүүлэх арга хэмжээ авчээ. Гадаадын гэрээт ажилчид хугацаа нь дуусахаар нутаг буцахын оронд Өмнөд Солонгост үлддэг асуудлыг зохицуулахын тулд ийм алхам хийхэд хүрсэн байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Манай улсад ажлын байр цөөнгүй бий.
Гэтэл иргэд яагаад ажил хийхээр харь улсыг зорих болов?
Х.ЦЭНДЖАВ (Булган аймгийн Баяннуур сумын иргэн):
-Их, дээд сургууль дүүргээд, мэдлэг боловсрол эзэмшчихээд, мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа залуус цөөнгүй бий. Энэ нь ажлын байр зарлаж буй хувийн компани, аж ахуйн нэгжүүд хүний хөдөлмөрийг үнэлдэггүйтэй холбоотой. Мөн цалин бага учраас иргэд харь улсад ажил хийхийг илүүд үздэг.
С.ДАЛАНТАЙ (Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн):
-Гадаадад ажиллах гэж шуурдаг хүмүүст улсдаа ажиллаж, амьдрах боломж нь бий ч ажил олгож буй компани, байгууллага иргэдэд нас, мэргэжлийн туршлага гэх мэт хэт олон шалгуур тавьдаг. Үүнээс үүдэн иргэд өөрсдөдөө тохирсон ажил олох нь ховор. Мөн цалин бага.
Н.НАРАНБИЛЭГ (Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн):
-Гадаадад ажиллавал цалин өндөр. Манай улсын ажил олгогч компани, байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулиа мөрддөггүй. Ажил хийх нөхцөлийг бүрэн хангадаггүйн дээр бага цалинтай. Харин гадаадад ажиллавал сарын цалин багаар бодоход дөрвөн сая төгрөг. Манай улс дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 300 000, дундаж цалин 700 000. Энэ нь амьдралаа авч явахад хаанаа ч хүрэхгүй.
Д.НАРАНЦЭЦЭГ (Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны иргэн):
-Гадаадад ажиллах нь давуу талтай. Ядаж л иргэдийнхээ хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж байна шүү дээ. Манай улсад аль нэг компани, байгууллагад ажилд орсон ч цалингаа цаг тухайд нь авч чаддаггүй, хэт их шалгуур тавьдаг. Энэ мэт асуудал иргэдийг ажил олгогчдод итгэхгүй, “хулхидуулна” гэсэн ойлголттой болгосон гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр иргэд ажлын хариуцлагаа ухамсарладаггүй.
А.ОТГОНБААТАР (Сонгинохайрхан дүүргийн XXVII хорооны иргэн):
-Хувь хүний хэрэгцээ шаардлага, үзэл бодолтой холбоотой. Улсдаа ажиллаж, амьдрах боломж нь бий ч иргэд ажил идэвхтэй хайдаггүй. Залхуу хойрго зантай, мөн ажил голдог, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй. Иймд төрийн бодлого, иргэдийн хариуцлагагүй байдал зэргээр аль аль талдаа учир бий.
Ц.ХАНГАРЬД (Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн):
-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна. Уг нь өндөр цалинтай ажил байдаг ч орон тоо бага. Ажлын байр элбэг, цалин өндөр, ажиллах нөхцөлийг хангасан бол иргэд хүний газар хар ажил хийхээр явахгүй шүү дээ.