-Хоёр дахь Хонгор болох аюул Баянхонгорт нүүрлэлээ-
Үргэлжлэл /өмнөх нийтлэлийг эндээс уншина уу/
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Уг мэдээллийн араас “Тэд цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдэгрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх зэрэг яриа орон нутагт түгээд буй. Дээрээс нь харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөөг хүртэл таг чиг байна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг мартагджээ.
Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй, тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.
Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд “Баян-Айраг эксплорэйшн”, “Тэнхун”, “Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, сурвалжилга бэлтгэлээ.
Өмнөх дугаартаа бид “Спэйшл майнз”-ын Цагаан цахир дахь баяжуулах үйлдвэрийн таван тоннын савнаас нэг тоннын сав руу шахагдсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан, аюулгүй ажиллагаа зөрчигдөж химийн хорт бодис алдсан талаараа “Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагынхан тухайн явдлаас 3-4 хоногийн дараа газар дээр нь очсон, цагдаагийнхан хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн зэргийг мэдээлсэн. Мөн “Спэйшл майнз”-ын уурхайн кэмпэд шийдвэр гаргах, мэдээлэл өгөх эрхтэй нэг ч албан тушаалтан байхгүй гээд хэвлэлийнхнийг үүднээсээ буцаасан тухай ч дурдсан билээ.
Энэ удаа нутгийн эзэн болсон малчид ямар санаа бодолтой суугааг хүргэж байна.
БАТЖ.БАТБАЯР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ЦАГААН ЦАХИРЫН ОРДЫГ АВСАН УУ
Нэг их өндөр технологи шаардахгүй, газрын өнгөн хэсгээс алт уудлаад авах боломжтой, цөөнгүй тоннын нөөцтэй Цагаан цахирын орд олон хүний шуналыг хөдөлгөдөг. Өмнө нь энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цагаан цахир гоулд” компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний цианидтай шламнаас 70 шахам ямаа хордож үхсэн хэрэг гарч байв.
Тухайн үед аймгийн ИТХ-аас “Цагаан цахир гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоож, эзэмшиж байсан талбайг тусгай хэрэгцээнд авсан ч уг газар удалгүй “Спэйшл майнз”-ын мэдэлд очжээ. Тус компани УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүүгийнх бөгөөд нутгийн иргэд “Молекул Батбаяр манай аймгаас сонгогдоод хийсэн ганц ажил нь энэ” гэлцдэг.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан энэ ордыг өөрийн болгосон байх хэмээн түүнийг хардаж явдгаа илэрхийлсэн иргэн ч таарсан. Тэрбээр 2008-2012 оны парламентад Баянхонгор аймгаас сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаандаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын алба хашсан юм. “Спэйшл майнз” компанийг түүний хүү Б.Баттулга удирддаг байснаа дүү Б.Баттөрдөө шилжүүлээд байгаа юм билээ.
А.ЧОЙЖГАВАА: БИ Л БУРУУТАЙ ЮМ ШИГ САНАГДАЖ, ДАРАЛТ ИХСЭЭД СУУЖ БАЙНА
Цагаан цахирын уурхайн ажилчид цианидад хордсон тухай мэдээллийг сонсоод хамгийн их санаа зовж, өөрийгөө буруутгасан хүн нь Баян-Овоо сумын I багийн өндөр настан А.Чойжгаваа гуай болов уу. “Спэйшл майнз” компани алт олборлохоор ирэхэд нутгийн иргэд багагүй эсэргүүцжээ. Компанийнхан малчдын толгойг эргүүлэхийн тулд улстөрч хүнээс л гарах уран сайхан, гэхдээ худлаа амлалт урсгасан байна.
Өвөл болоход өвс тэжээл бэлтгэж өгнө, оюутан хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлнө, залуусыг сургалт, дамжаанд суулгаж мэргэжилтэй болгоод төсөл хэрэгжүүлж, ажлын байраар хангана, компанийн орлогоос хуримтлал үүсгэж, зайлшгүй хэрэгтэй хүнд нь тусална, өвөлжөө бууц, хашаа хороо засаж сэлбэнэ гэх мэтээр олон сайхан зүйл амалсныг нутгийнхан өнөө хүртэл мартаагүй. Ингээд зогсохгүй айл бүрээр явж, хэнд юу хэрэгтэй, ямар төрлийн тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгааг нь асуун, анкет бөглүүлж, юу юугүй алган дээрээ бөмбөрүүлэх гэж байгаа мэт жүжиглэжээ.
Нутгийн иргэд компанийнхны сайхан амлалтад автаж, химийн хорт бодис хэрэглэхээс нь болгоомжлон сэтгэл хоёрдож байтал сумын сургуулийн захирал Энхтуяа гэгч эмэгтэй Иргэдийн нийтийн хуралд ирээд “Би Баянхонгорт нэг номерын химич. Нутгийнхаа ард түмнийг хордуулахыг юу гэж хүсэх билээ. Цианид ямар ч хоргүй гэдгийг батлан тангараглая. Саармагжуулсан цианидыг уусан ч зүгээр. Энд байвал би ууж үзүүлмээр байна” гэсэн нь иргэдийн шийдвэрт ихээхэн нөлөөлжээ.
Ингээд иргэдийн тал нь уурхай ажиллуулахыг зөвшөөрч, үлдсэн нь тээнэгэлзэж байхад А.Чойжгаваа гуай “Үнэхээр цианид нь хүн, мал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уурхай нь орон нутгийнханд ашиг тустай бол ажиллуулчихвал яасан юм бэ. Нутгийн залуус ч ажилтай, орлоготой болог” гэж хэлсэн нь үлдсэн хэсгийн сэтгэлийг компани руу эргүүлсэн байна. Ийм юм болсон болохоор тэрбээр өөрийгөө энэ уурхайд ажиллах зөвшөөрөл өгсөн буруутан хэмээн тооцож шаналж суугаа юм байж. Нутаг усныхан нь ч “Биднийг эргэлзэж байхад та л ийш нь эргүүлсэн” хэмээн буруутгах маягтай байдаг бололтой.
Тэрбээр “Уурхайд хүн хордсон, Онцгой байдлын албаныхан гаднах хөрсийг нь саармагжуулсан гэж аймгийн телевизээр мэдээллээ. Би бүр сайн сонссон. Улсууд надаас болж уурхай ажилласан юм шиг яриад байгаа. Үнэхээр буруу юм хийчихэж үү дээ гэж өөрийгөө буруутгаад, даралт ихсээд л сууна. Би ямар боловсрол мэдлэгтэй хүн биш, цианид гэдэг нь ямар хор хөнөөлтэйг ч мэдсэнгүй. Хүмүүсийн ятгалгад орж, уусан ч болно гээд байхаар нь нээрэн хоргүй юм байж гэж итгэн, тархиа эргүүлсэн, түүнийгээ нутгийн олон түмэнд хэлж, уриалсан нь үнэн. Дам сонсоход тэнд ажиллаж байгаа хүмүүсийнх нь бие хаа ч мууддаг л дуулдах юм.
Гүн хордсон нь л илэрч байгаагаас бага сага хордлого, бие хаа эвгүйрхэхийг тоодгүй юм уу гэж би ойлгож суугаа” гэв. Хөөрхий өвгөн л бүх бурууг өөртөө үүрэн шаналж суугаагаас биш түүнийг тэгж хэлсэн, хэлээгүй алт олборлогчид яаж ийж байгаад иргэдийн зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулах л байсан. Үүнд түүний буруу юу байх билээ.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАЛЫН УУШГИ “НО”-ТОЙ БАЙДАГ БОЛСОН
Баянхонгорынхон малын халдварт өвчингүй эрүүл бүс гэдгээрээ бахархдаг. Энэ өвөл л гэхэд улс даяар шүлхийд “дээрэлхүүлж” байхад тус аймаг аюулаас холуур өнгөрсөн хэмээн “онгирч” буй. Хонгор нутаг малын халдварт өвчингүй бүс гэдгийг Монголд төдийгүй хөрш орнууд ч мэддэг болсон. Өнгөрсөн жил урд хөршийнхөн Баянхонгор аймгаас мах авах хүсэлт ирүүлж, сая толгой мал экспортлох санамж бичиг байгуулсан юм. Энэ бол дарга, даамлын сайных биш, энэ нутгийн мал эрүүл, өвчингүй байдгийн гавьяа билээ. Гэтэл одоо малын өвчнөөс ч илүү аюултай химийн хорт бодис заналхийлж байна.
Цагаан цахир бол Баян-Овоо сумынхны малын гол бэлчээр нутаг. Сүүлийн жилүүдэд “Спэйшл майнз”-ын уурхайн ойр хавиар нутагладаг айлуудын мал зүгээр байж байгаад үхдэг, дотор гэдсийг нь үзэхэд уушги нь өвчилсөн байх тохиолдол олширч буй талаар иргэд олонтаа хэлж байв.
Баян-Овоо сумын I багийн өндөр настан Д.Дорж “Мал хуй хордож, уушги нь идээ бээр болоод хэцүүдсэн талаар нутгийнхан ойрын үед ярих болсон. Одоо хүн хордоод эхэлсэн бол хүнтэй, малтайгаа мажийх нь л дээ” гэсэн. Харин Г.Болд хэмээх дунд эргэм насны эр “Манай зээрд морь унаж эдлээгүй байхад турж, эцсээр үхсэн. Тэгтэл уушги нь хар цоохор болчихсон байна билээ.
Жамбал ахын эр шүдлэн ямаа үхэхээр нь хуулаад үзтэл цээжийг нь идээ бээр идээд, өмхийрчихсөн байсан гэсэн. Ер нь л малын уушги нь “но”-той байдаг болчихоод байгаа. Өвөл би нэг хонины уушги шинжлүүлэх гээд сум руу өгөөд явуулсан. Хариу алга. Юу болсон юм бүү мэд. Өмнө нь малын уушги ийм байгаагүй. Ойрын жилүүдэд л ингээд байна. Энэ янзаараа бол хор хөнөөл нь хугацаа өнгөрөх тусам бүр илүү мэдрэгдэх байх гэсэн айдастай л сууна” гэв.
НУТГИЙН ХЭВЛИЙД ҮР МОГОЙ ШУРГУУЛЖ БАЙНА
Нутгийн иргэдтэй уулзахад “Спэйшл майнз”-ын талаар олигтой үг амнаас нь гарахгүй юм билээ. Ган, зудын эрхээр газрын холд, хэдэн малынхаа аясыг харж яваа малчид үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар тийм зүйл яриагүй гэдэгт би хувьдаа итгэсэн. Зарим ноцтой зүйлийн талаарх яриа өөр өөр хүний амнаас гарч байсан тул энд оруулах нь зөв болов уу.
Иргэд уг компанийг хаа холоос химийн хорт бодистой шлам авчирч, нутагт нь булшилдаг хэмээн буруутгаж байна. Баян-Овоо сумын I багийн иргэн Мэндбаяр “Хэдэн жилийн өмнө, 2013-2014 онд санагдана, Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас гурван “HOWO” машинаар шлам авчирч булшилсан. Энэ нь ойролцоогоор 150 орчим тонн. Гэгээн цагаан өдрөөр Шар бүрдийн хөндийгөөр уруудаж ирээд энд буулгасан. Тухайн үед нутгийн иргэд мөнгөн устай шлам буулгалаа гэж ярилцаад өнгөрсөн.
Хаа холын Архангайгаас химийн хорт бодистой хаягдал авчирч булшилсан нь ямар учиртай юм, хорт бодис булшлах зөвшөөрөлтэй, эсэхийг бүү мэд” гэсэн. Түүнийг яриаг өндөр настан Г.Чимэдцэрэн баталж “Манайхыг уурхайн урд өвөлжиж байхад нэг орой цагаан манан татуулаад баахан шороо буулгасан. Би урд толгой дээр нь тугал эргүүлж яваад нүдээрээ харсан юм. Гэнэт оволзсон цагаан юм болчихоор нь “Юу болов, яаж байгаа юм бэ” гэтэл “Архангайгаас шлам авчирч дарж байгаа юм” гэсэн.
Юм авчирч дарах нь дардаг. Түүнээс гадна одоо өөрсдийнх нь хаягдлын далан дүүрээд, шламны нунтаг шороогоо нүхнээсээ дээш овоолчихсон шүү дээ. Зун тэр нь борооны усанд хальж урсдаг юм байна билээ. Гол горхигүй болохоор бид өвөл цас хайлж, амны ус гаргадаг байсан. Одоо бол цасны ус уултгүй болсон. Манай энд салхи шуурга ихтэй. Тэр хорт бодистой нунтаг цагаан шороо ил задгай байгаа юм чинь салхинд хийсэж л байгаа шүү дээ. Газрын хөрс, өвс ургамал юу ч болж байдаг юм бэ, мэдэхгүй. Сая 2-3 хүн хордлоо гэхээр нь айж л сууна” гэв.
Мөн иргэн Б.Долгор “Ноднин намар 4-5 урт шалаанз энд ирж шороо буулгасан. Хүмүүс “Тээрмийн шлам ачаад ирж байгаа юм” гэцгээсэн” гэлээ. Тээрэм гэдэг нь хууль бусаар алт олборлогчдын шороог угааж өгдөг, ингэхдээ мөнгөн ус зэрэг химийн хорт бодис ашигладаг, ихэнхдээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг үл бүтэх газар гэдгийг алттай нутгийнхан андахгүй.
Баян-Овоо сумын ИТХ-ын дарга асан Т.Хүрэлсүх “Эдний хаягдлын даланд энд тэндээс шлам авчирч булшилдаг байсан юм. Гэтэл мөнгөн ус, цианидтай шламыг эднийх буцаагаад ухаад гаргачихсан байсан. Түүнийгээ хааш нь хийсэн нь мэдэгдэхгүй алга болчихсон” гэж ярив.
Мөн нутгийн нэгэн иргэн “Би уурхайн уурын зууханд галчаар ажиллаж байсан. Тэд байсхийгээд л баахан цаасан хайрцаг авчирч буулгаад “Наадахаа бушуу шатаа” гэдэг. Тэр тун их хортой юм байсан байх. Тэнд ажиллаж байхдаа гараа угаагаад ойролцоо байсан алчуурт арччихсан чинь “Даргын нүүр гарын алчуурыг муухай болголоо. Угаа” гээд загнаад байхаар нь гэдэн хөдлөөд “Баян байгальдаа хэдэн малаа маллаад амьдраад ирсэн юм, болох л байлгүй” гээд гараад ирсэн” гэсэн бол өөр нэг нь “Эдний хамгаалалтын нохой жигтэйхэн үнэтэй юм гэнэ билээ.
Тэр нь ишиг барьчихаар нь хэлтэл ишгийг минь төлж өгөөд “Дахиж энэ нохойг сул тавихгүй” гэсэн юм. Гэтэл захирал нь ирээд “Нохойны хүзүү холгочихсон байна, мал барих ямар хамаатай юм бэ, нохой тавь” гэж загнасан дуулдсан. Сүүлд нохойгоо онгоцоор аваад явсан гэлцэхийг сонсоод “Биднээс үнэ хүндтэй нохой юм” гэж бодож байлаа. Саяхан түүгээр явж байтал нөгөө нохойных нь үс нь халцраад хамаг сүр сүлд нь зайлчихсан, тэндээ байж байна билээ. Уурхайн хорноос болж үс нь халцарсан байх” гэв.
Энэ мэтээр жижиг гэлтгүй анхаарал татсан мэдээллийг иргэд өгсөөр байгаа бөгөөд уулзсан хүн бүр амьдрах орчин, амьжиргаагаа залгуулах ганц эх үүсвэр мал сүрэгт нь сөрөг нөлөө илрээд эхэлснийг энэ уурхайтай холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.
Энэ талаар эргэн сурвалжлах болно.