“Rio tinto” группийн хэрэгжүүлж буй уул уурхайн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг тусалсан байж болзошгүй гээд Швейцарийн Ерөнхий прокурорын газар тус улс дахь данснуудынх нь нийт 1.85 сая ам.долларыг битүүмжилсэн талаар “Reuters” мэдээлээд байна. Тэдгээр дансны нэгээр нь С.Баярцогтод 2008 оны есдүгээр сард 10 сая ам.доллар шилжүүлж байсан хэмээн үзэж буй аж.
Энэ талаар АТГ-аас “Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод үүсгэсэн эрүүгийн хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүний хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.83 сая евро, 161.3 мянган ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Монгол Улс өдгөө “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гэсэн хоёр л том бүтээн байгуулалтаас төсвийнхөө дийлэнхийг бүрдүүлж буй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг зээлийн барьцаанд тавьсан асуудал Английн олон улсын арбитрын шүүх хүрч, ӨАБНУ-ын “Стандарт” банкинд 109 сая ам.долларын төлбөр төлөх болсон төдийгүй хувь, эзэмшлийн маргаан нь эдүгээ үргэлжилсээр буй.
“Хэл ам” Оюутолгойг тойрсонгүй дайрч, олон нийтийн анхааралд хүрсэн нь “Reuters”-ын өчигдөр цацагдсан мэдээлэл юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан, тэр үед “Rio tinto” нь “Ivanhoe mines”-ын (одоогийн “Turquoise hill resources”) 10-аас бага хувийг эзэмшдэг байсан билээ. Монголын түүхэнд шинэ хуудас нээж, Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш манай эдийн засаг ямархуу жин дарахаар болсныг илтгэх үзүүлэлтийг энд нурших нь илүүц биз.
“Үндэсний шуудан” сонины өчигдрийн дугаарт хэвлэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын ярилцлагад “Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна” хэмээснийг эш татъя. “Rio tinto” манайхаас гарч явлаа гэхэд Монгол Улс яавч хожихгүй, бид Оюутолгойгоо олз болгож чадахгүй.
“Reuters” агентлагийн мэдээлэлд “Rio tinto” группийг авлига өгсөн хэмээн барим тавим баталсан талаар дурдаагүй. АТГ-ын мэдээлэлд ч бас адил. Ийм байхад олон нийтийн сүлжээгээр тус группийг “балбаж” байгаа нь хэр зөв бэ.
“Reuters” агентлагийн бэлтгэсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ ДАХЬ “RIO TINTO”-ГИЙН УУРХАЙТАЙ ХОЛБООТОЙ, ШВЕЙЦАРИЙН БАНКНЫ ДАНСНУУДЫГ БИТҮҮМЖИЛЛЭЭ
“Rio tinto” компани олборлолт хийхтэй холбоотой маргаантай гэрээг саадгүй байгуулахад тус болсон Монголын Сангийн сайд асантай холбогдох авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд Швейцарийн банкин дахь нийт 1.85 сая ам.долларын данснуудыг битүүмжлэх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргажээ. Тэдгээр дансны нэгийг сайд асан С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан болохыг тус улсын Прокурорын газар нотолжээ.
С.Баярцогт гарын үсэг зурснаар Монголд Их Британи, Австралийн хамтарсан компани зэс-алтны “Оюутолгой” төслөө эхэлсэн, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Авлигатай тэмцэх газар шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус Прокурорын газраас гаргасан тогтоолд С.Баярцогт болон “Rio tinto”-г нэр цохож дурдаагүй ч шүүхийн баримт бичгүүдэд тэдний талаар нарийвчлан дурджээ. Одоо 5.3 тэрбум ам.долларын өргөтгөл хийж байгаа “Rio tinto”-гийн төслийн хүрээнд тус компанийг хууль зөрчсөн хэмээн шүүхийн тогтоолд буруутгаагүй аж.
Прокурорын газрын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзахдаа уг хэрэг нууц болох, нарийвчлан шалгах шаардлагатай, гэм бурууг тогтоох хүртэл хэн нэгнийг буруутгахгүй гэж мэдэгджээ. “Rio tinto” ч энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна.
“Гадаадын төрийн түшмэлийг авлига авч, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн Швейцарийн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг бид нотолж байна” гэж тус газраас “Reuters”-т ирүүлсэн мэдээлэлд дурджээ.
“Reuters” агентлагийнхан энэ асуудалтай холбогдуулан тайлбар авахаар С.Баярцогт руу утасдаж, мессеж илгээсэн боловч хариу өгөөгүй байна. Банкны данснуудыг эзэмшигчийн Швейцарь дахь өмгөөлөгч цахим шуудангийн хүсэлтэд хариу ирүүлээгүй байна.
Монголын Сангийн сайд болсон 2008 оны есдүгээр сардаа С.Баярцогт 8.2 сая евро (10.1 сая ам.доллар) шилжүүлснийг нотлох баримтыг Швейцарийн Прокурорын газар 2016 онд илрүүлжээ. Үүнээс хойш 1.85 орчим сая ам.долларын данснуудын хэн болох нь тодорхойгүй эзэмшигч мөнгөө авч чадаагүй байна. Данс эзэмшигч дипломат халдашгүй эрх эдэлдэг учир Швейцарийн тал эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байсныг шүүхийн баримт бичиг нотолжээ.
Баасан гаригт гаргасан тогтоолыг эсэргүүцвэл гарал үүсэл нь эргэлзээтэй их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргийг мөнгө угаасан жирийн хэрэг болгохоо Дээд шүүхийн гурван шүүгч мэдэгдсэн байна. “Гадаад орны сайд албан тушаалдаа ормогцоо тийм их хэмжээний мөнгө авсан нь их сэжигтэй байв” гэж Дээд шүүхийн гурван шүүгч онцлоод, мөрдөн шалгах ажиллагаа анхан шатанд байгааг тодрууллаа.
С.Баярцогтод холбогдох хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаагаа Монголын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч эмэгтэй “Reuters”-т мэдээлжээ. “Rio tinto” зэрэг гадаадын хэтэрхий олон төсөлд оролцох эрхийг зарим улстөрчид олгосон хэмээн Засгийн газрыг нь шүүхийн шийдвэрт буруушаажээ. “Сангийн сайдын хувиар С.Баярцогт гарын үсэг зурсан гэрээ Монгол Улсад ашиггүй байх шинж тэмдгүүд байна” гэж Швейцарийн тогтоолд дурдсан байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумын тайлан мэдээнд Швейцарийн банканд данстай тухай тодорхой мэдээлэл гарсны дараа Монголын УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа С.Баярцогт 2013 онд огцорсон билээ. Уг консорциум Панамын баримт бичгүүдийн тухай ч бичиж байв.