Манай хойд хөршийн иргэд төрийн долоо дахь Тэргүүнээ өчигдөр сонголоо. Энэ удаагийн сонгуульд 109 сая орчим сонгогч оролцохоор бүртгүүлснээс гадаадад хоёр сая нь байв. Монгол Улсад оршин суугаа ОХУ-ын сонгуулийн насны 1758 иргэний 1397 нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэднээс урьдчилсан байдлаар 725 нь сонгуулиа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийслэл дэх ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуульд нээсэн сонгуулийн хэсэгт саналаа өгчээ.
Мөн Дархан-Уул, Орхон аймагт санал авах байр ажиллалаа. Улаанбаатар хот дахь сонгогчдын идэвх өндөр байв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов 12.30 цагт саналаа өглөө. Энэ үеэр 405 сонгогч саналаа өгсөн тухай сонгуулийн хэсгээс нь мэдээлсэн юм. Харин 16.00 цагийн мэдээгээр саналаа өгсөн сонгогчийн тоо 851-д хүрчээ. Энэ нь хилийн чанадад байгаа иргэд заавал урьдчилан бүртгүүлэлгүйгээр иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын аль нэгээр санал өгч болдогтой холбоотой аж.
Саналыг Монголд гараар, харин ОХУ-д гар аргаар болон хар машинаар тоолж байна. Нийт 13 мянга гаруй хар машин Орос даяар ажиллажээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий комиссын шийдвэрээр санал хуудсыг цахим санал хураах автомат төхөөрөмжөөр тоолохоор болсон.
Уг төхөөрөмжийг хакердах, эсвэл гаднаас холбогдох ямар ч боломжгүй. Гэхдээ ямар нэгэн будлиан үүсэж, дахин хянах шаардлага гарвал саналын хуудсуудыг гар аргаар дахин тоолох гэнэ. Дашрамд тэмдэглэхэд ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга асан В.Е.Чуров манай Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ажиглагчаар оролцохдоо санал тоолох автомат төхөөрөмжийг онцолж байжээ.
Энэ удаагийн сонгуульд найман нэр дэвшигч, тухайлбал, Бүх Оросын иргэний холбооноос Сергей Бабурин, Коммунист намаас Павел Грудинин, Либерал-ардчилсан намаас Владимир Жириновский, бие даан нэр дэвшигч Владимир Путин, Иргэний санаачилга намаас Ксения Собчак, Оросын коммунистууд намаас Максим Сурайкин, Өсөлтийн намаас Борис Титов, “Яблоко” намаас Григорий Явлинский нар өрсөлдөв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ямар нэг нам, франкцын төлөөлөл бус, Оросын нийт ард түмний төлөөлөл гэдэг утгаараа энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшжээ.
Нэр дэвшигч болон намуудын, бас улс, бүс нутгийн олон нийтийн байгууллагуудыг төлөөлсөн хэдэн арван мянган ажиглагч сонгуульд ажиллаж байна. Үүний сацуу олон улсын 1500 орчим ажиглагч, тэдгээрийн дотор, Кремлийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн тав, Сонгуулийн ерөнхий хорооны гурван ажилтан, олон улсын ажиглагчийн журмаар МАН-ын нэг төлөөлөгч Москва хотноо ажиллалаа.
Энэ удаа нэр дэвшигчдийн нэг нь 50-иас дээш хувийн санал авахгүй бол хоёр дахь шатны сонгууль зарлана. Түүнд эхний шатны сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Харин хоёр дахь шатыг зарлахгүй бол сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 29-ний дотор зарлана.
УРЬДЧИЛСАН САНАЛ АСУУЛГЫН ТӨЛӨВ
Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвөөс хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээр В.В.Путинд нийт сонгогчдын 69 хувь нь саналаа өгөхөд бэлэн гэсэн бол П.Н.Грудининд долоо, В.В.Жириновскийд тав, К.А.Собчакт хоёр, Г.А.Явлинский, Б.Ю.Титов, С.Н.Бабурин, М.А.Сурайкинд тус бүр нэг хүрэхгүй хувь саналаа өгнө гэжээ. Тэгвэл Олон нийтийн санал бодлын сан төрийн бус байгууллагаас энэ сарын 11-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 64.9 хувь нь В.В.Путинийг, 6.7 нь П.Н.Грудининыг, 6.2 нь В.В.Жириновскийг дэмжихээ илэрхийлсэн бол бусад нэр дэвшигч нэг хувь хүрэхгүй санал авахаар байна.
В.В.ПУТИН ЯЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Судлаач, шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.В.Путин энэ удаагийн сонгуульд ялах нь гэж улс төр судлаач Дмитрий Орешкин NHK-д ярилцлага өгөхдөө хэлэв. Түүний ярьснаар В.В.Путин сонгуульд ялах нь эргэлзээгүй байна. Түүнтэй эн зэрэгцэхүйц сөрөг хүчин алга. Сөрөг хүчин болох эрх баригчдаа шүүмжлэгч тэрс үзэлтнүүдэд улс төрийн өнөөгийн тогтолцооны хүрээнд ялах ямар ч боломж алга. Тэрс үзэлтнүүд гэдэг нь Гарри Каспаров, Алексей Навальный нар. Тус улсын элитүүд В.В.Путинд үнэнч байгаа нь тэр таалагддагт бус, түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүйд оршиж байна. Түүний хяналтад хүчний, хэвлэл мэдээллийн, бүс нутгийн элитүүд байгаа бөгөөд тэд сонгуульд ялах боломжийг түүнд олгож буй юм.
Д.Орешкины таамаглаж буйгаар сонгогчдын ирц Путин 70 орчим хувийн санал авч байсан 2012 оныхоос эрс бага байх бололтой. Ойролцоогоор 60 хувьтай байх аж. В.В.Путин юуны түрүүнд залуусыг болон төсвийнхний дэмжлэгт найдаж буй. Төсвийнхөн одоо маш өндөр цалин авч байна.
Жишээлбэл, их сургуулийн багш нар нь жирийн цалин авагчаас гурав дахин ихийг авч байгаа бол эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Шинжлэх ухааны академийнхны хөдөлмөрийн хөлс 2-3 дахин их болсон. Хүмүүсийг янз бүрийн аргаар саналаа заавал өгөхөд хүргэж байна. Мэдээж дийлэнх нь В.В.Путинийг дэмжихийг зөвшөөрч буй.
Владимир Путиний хамгийн ойрын өрсөлдөгч нь Коммунист намаас нэр дэвшсэн Павел Грудинин аж. Нийгмийн шударга ёсны тухай ярьж байгаа тэрбээр 20-иос доошгүй хувийн санал авахаар байна.
ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол, Оросын харилцаа өдгөө бусад хоёр талт харилцааг бодвол маш хурдацтай өргөжиж байна. Тодруулбал, өнгөрсөн жил хоёр улс хоорондын худалдааны эргэлт 46 хувь байсан. Харин энэ оны эхэнд 52 хувьд хүрлээ. Ийм амжилт ойрын хэдэн жил гараагүй. Ирэх зургадугаар сард Орос, Монголын санаачилга арга хэмжээ болно. Эдийн засгийн харилцаа өсөлттэй байгаа бөгөөд үүнийг улам бэхжүүлэхийн төлөө хоёр тал чармайн ажиллаж байна.
Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов “Орос, Монголын харилцаа дээд түвшинд сэргэсэн бөгөөд худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэхийн тулд маш олон ажил хийж байна. Ирэх хичээлийн жилд 500 гаруй оюутанд В.В.Путиний тэтгэлэг олгоно. Монголын оюутан, багш нарыг ОХУ-ын их, дээд сургуулиудад сургах чиглэлд хамгийн шилдэг хөрөнгө оруулагчийн байр сууриа сэргээж байна.
Мөн батлан хамгаалахын чиглэлээр хамтран ажиллаж, олон ажил төлөвлөн хийсээр буй. Цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах чиглэлд хичээж ажиллах болно” гэлээ.