Бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Хийж, гүйцэтгэх ажлын сонгон шалгаруулалтын зар ч шилээ даган зарлагдах болов. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Баярхүү “Өнгөрсөн жилүүдэд ямар нэгэн ажил хийхийн тулд сонгон шалгаруулалт зарлах гэж багагүй хугацаа алдаж, бүтээн байгуулалт хожуу эхэлснээс он дамнадаг байсан. Өнөө жил тийм назгай байдлыг хална.
Тендер, сонгон шалгаруулалтыг эрт зарлаж, гурав, дөрөвдүгээр сард ажил хийх байгууллагуудаа сонгоод, намар гэхэд төлөвлөсөн ажлаа дуусгана” хэмээн ярьсан юм. Харамсалтай нь, одоогийн дүр байдлаас уг зорилт биелэхгүй байх магадлал өндөр байна. Зарлагдаж буй тендер сонгон шалгаруулалтын урилгуудын агуулга ч нэг л газар авахгүй, аахар шаахар ажлынх болоод явчихлаа.
Өнөө жил нийслэлийн авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гүүрэн болон давхар замын ажлын шалгаруулалт зарлагдаагүй байсаар. Дулааны шугам сүлжээ засах ажилд урьсан зарлал ч алга. Цөөнгүй иргэн нүдээ ширгэтэл хүлээж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц барих урилга ч сураггүй. Тэр байтугай хотын захиргааг нүүлгэх ажлын бэлтгэлийг хангах зарлал хэвлэлийн хуудсанд лав гарсангүй. Уг нь хотын дарга 2019 оноос өмнө бэлтгэл ажлыг нь хангаж, суурийг нь тавиад, тухайн оныхоо сүүлч гэхэд нүүлгэнэ гэж мэдэгдсэн юм. Гэтэл судалгаа, төсөл нь ч бэлэн болоогүй гэдэг сураг сонсогдов. Хотын шинэ захиргааны зураг төсөл боловсруулахад 1.6 тэрбум төгрөг төсөвт суулгасан ч сонгон шалгаруулалт одоо хэр нь зарлагдаагүй гэсэн.
Олон нийтийн хүлээлт дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтыг “онилоод” буй. Гэтэл нийслэлийн удирдлага, Худалдан авах ажиллагааны газар, Засаг даргын харьяа агентлагуудын захиалга өгч буй ажлын зар ногоон байгууламжийн тохижилт, замын нөхөөс, цэцэрлэгжүүлэлт, гэр хороолол дундах замыг сайжруулах зэрэг “мөнгөний” ажлынх байсаар. Сэлбэ гол дагуух авто болон явган замын хавтанг хуулж, шинээр солиод, хуучныг нь Тасганы овоо орчимд аваачиж байрлуулаад, төсвөөс мөнгө авсан тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарсан. Тэгвэл өнөө жил Тасганы овоо орчмын замын хавтанг дахиад солих гэнэ. Баянгол дүүргийн удирдлага өнгөрсөн онд нутаг дэвсгэрээ тэр чигт нь гэрэлтүүлэг, камертай болгосон хэмээн мэдээлж байв. Тэгвэл тэд худлаа хэлсэн үү, энэ онд дөрвөн хороог нь 40 сая төгрөгөөр камержуулах нь.
Энэ жил нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэгт л гэхэд нэг тэрбум төгрөгөөр жижиг бүтээн байгуулалтууд хийх нь. Эдгээр нь 30-150 сая төгрөгийн өртөг бүхий тохижилтын ажлууд. Гэвч тэр дунд шинэ газарт бүтээх зүйл алга. Тухайлбал, тус дүүргийн XVII хорооны нутаг дахь булгийн ойр орчмыг тохижуулж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 40 сая төгрөг зарцуулах гэнэ. Уг нь тухайн булгийг эргэн тойрныг хороо, дүүргийнх нь хүмүүс тохижуулаад удаж буй.
Тэгэхээр өнөө жил булгийн эхийг хамгаалж барьсан чулуун хана, саравч, жижиг гүүрийг нураагаад шинэчлэх бололтой. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 100 гаруй сая төгрөгөөр тухайн орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн гурвыг хийнэ гэсэн. Мөн эл дүүргийн VI хороонд “Тохижилт, авто зам, хүүхдийн тоглоомын талбай” гэх нэрээр 130 сая төгрөг суулгажээ. Тус хорооны орон сууц, хотхон бүрийн гадна тоглоомын талбай бий. “Энэ хөрөнгөөр яг ямар ажил хийх нь тодорхойгүй нь сонирхол татаж байна” хэмээн хэлэх хүн олон таарав.
Өмнөх жилүүдийн жишгээр авто замын хөвөө (бродюр), хавтанг хуулж аваад шинээр солих явдал энэ онд үргэлжлэх нь дээрх цөөн жишээнээс илт. Тэгвэл ялихгүй ажлыг өндөр өртгөөр хийлгэх байдал энэ онд хавтгайрах шинжтэй байгаа аж. Хан-Уул дүүрэг дэх нэгэн хороонд анхааруулах самбар байрлуулах ажилд 22 сая төгрөг зарцуулна гэсэн нь үүний нотолгоо гэнэ. Гэсэн атлаа өрхийн эмнэлэг, цэцэрлэгийг дулаалж, цонх, дээвэр, хаалгыг засахад 40-80 сая төгрөг зарцуулна гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ мэт жижиг ажлын эзэн хэдийнэ тодорхой болчихсон, сонгон шалгаруулалт зарлах нь түүний халаасанд төсвийн хөрөнгийг шургуулах өнгөлөн далдлахлт байдаг гэхэд буруудахгүй.
“Уншигч цөөнтэй сонин, сайтууд сураглаж, ямар ч үнээр хамаагүй сонгон шалгаруулалтын урилга нийтлүүлдэг жишиг цөөнгүй бий. Мөн хугацааг нь урт зарлачихаад эргүүлээд залруулга маягаар богиносгож дахин олон нийтэд мэдээлэх арга ч байдаг. Тохижилтын ажлуудын эзэд хэдийнэ тодорхой болчихсон байгаа. Жижиг ажлаас багагүй ашиг унадаг тул танил талтай хүмүүс нь авчихдаг. Жишээлбэл, тоглоомын талбайг 40 сая төгрөгөөр тохижуулах ажил аваад хятадаас гулгуур, савлуур, зөөлөн хавтан авчирч тавиад л ажлаа хийчихлээ гэдэг байгууллага олон бий.
Тэд үнэлгээний хорооны гишүүдтэй ойр нөхөрлөдөг. Ийм ажил зарлахыг хэдийнэ мэдчихээд бэлтгэлээ базаачихсан байдаг юм. Нэг ёсондоо тендер сонгон шалгаруулалт төсвийн хөрөнгийг завшдаг цөөн хэдэн хүний олз болсоор байна. Ялангуяа энэ онд төсвийн мөнгөөр гүйцэтгэх ажлаас багагүй ашиг унана. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас жижиг тохижилтын ажилд зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулах тооцоотой учраас тэр.
Нэгдүгээр сард Үнэлгээний хороог нь байгуулж, сонгон шалгаруулалтаа зарлах ёстой байсан. Гэвч өдгөө дийлэнхийнх нь сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Худалдан авах ажиллагаанд мөрдөх хугацааг зөрчсөн гэсэн үг шүү дээ. Гэвч намар бүгдийг нь болсон, болоогүй нь хамаагүй хийчихсэн байна биз” хэмээн нэгэн эх сурвалж ярьсан юм.
“Төрийн хөрөнгө ёо гэхгүй нь сайхан юм даа” гэсэн егөөдөл бий. Тийм л учраас шальдар булдар ажилд хэдэн арван сая төгрөг зарцуулдаг байлгүй. Эл үйлдлээ “Хуулийн дагуу” хэмээн дархлах уран арга нь сонгон шалгаруулалт явуулах хэлбэр болжээ. Саяхан зарлагдсан автобуснуудад шүүлтүүр тавих сонгон шалгаруулалт аль хэдийнэ эзнээ олчихсон байсан, тухайн хүн нь төсвийн мөнгийг “идчихсэн”, улмаар шүүх уг асуудлыг дэнслэхээр зэхэж буй гэдгийг төрийн өндөр албан тушаалтан хэлж байсан. Энэ мэт үйлдэл гаарах нь энүүхнээс илт болж байх шиг. Хэлснээ биелүүлж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хийн, энэ мэт хууль бус үйлдлийг зогсоохгүй бол нөхцөл байдал улам дордож, ам ажил хоёр чинь зөрөх нь байна шүү, хотын эрхэм орлогч оо.