Харамсаж, халаглахад дэндүү оройтсон хувь тавилантайгаа эвлэрэх үү, эсвэл чадах бүхнээ хийсээр эцсийн замдаа үдүүлэх үү. Хугацаа нь тодорхойгүй томилолт шиг богинохон энэ амьдралд хорт хавдар хэмээх чимээгүй алуурчин бидэнд ийм харгис сонголт тулгаж, мянга мянган монгол хүний амиар наадсаар байна.
Зөвхөн 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилснөөс 4112 нь бурхан болжээ. Энэ статистикаар тооцоолбол өдөр бүр 16 хүн хавдар тусаж, 11 нь нас барсан болж таарах нь. Гуравхан саяулаа атлаа ганцхан төрлийн өвчнөөр жилд дөрөв, таван мянгаараа хорвоог орхиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй эл өвчинтэй бид бодлогын хэмжээнд тэмцэж, оношилгоо, эмчилгээнээс илүүтэй монголчуудын хайнга, хэнэггүй хандлагыг өөрчлөхөд анхаарах цаг болжээ.
Уг нь манай улсын Засгийн газар Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг аль 1997 онд баталж, эл өвчинтэй үндэсний хэмжээнд тэмцэж эхэлсэн.
Тэр үед нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь хорт хавдартай гэдгээ хожуу үедээ мэдэж, оношлогдсон жилдээ 64 хувь нь амиа алдаж байж. Энэ тухай дээрх хөтөлбөрт “Жил бүр хавдраар шинээр өвчлөгсдийн 64 хувь нь онош хожимдсоноос тухайн ондоо нас барж, Хавдар судлалын төвд эмчлүүлэгсдийн 65-70 хувь нь өвчнийхөө III, IV үед орсон нь хавдар манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болсныг илтгэж байна” хэмээн бичжээ.
Хүн амын нас баралтын шалтгаанд хорт хавдар хоёрдугаарт эрэмбэлэгдэж, зургаан хүн тутмын нэг нь энэ аюулын улмаас эндэж буйг ч тэнд онцолсон байв. Харин өдгөө нас барж буй таван хүн тутмын нэг нь энэ шалтгаанаар хорвоог орхих болсон гэж Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн “Монгол Улсын хавдрын өвчлөл, нас баралтын тайлан”-д дурджээ. Энэ үеэс хойш даруй 21 жил өнгөрлөө. Анагаахын салбарт техник технологийн хөгжил үр шимээ өгч, иргэд эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангагдах бүрэн боломжтой болсон. Гэвч салбарынхны толгойн өвчин хэвээр байна. Өвчний тархалт, нас барагсдын тоо ч нэмэгдэв.
Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг анх баталсан үеийнхтэй одоогийн статистикийг харьцуулахад сэртхийлгэсэн нэг тооцоо гарч буй нь өвчтэй гэдгээ хожуу үедээ оношлуулсан хүний тоо буурах бус, харин ч өсчээ. Тэр үед нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь хавдартайгаа оройтож мэддэг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 10 хувиар нэмэгдсэн аж.
Өөрөөр хэлбэл, хавдартай хүмүүсийн 80 хувь нь өвчний үе шат хүндэрсэн үед нь оношлуулж, мэдэж байна. 1997 оны үед хавдраа хожуу үед нь оношлуулагсдын 60 гаруй хувь нь тухайн жилдээ нас барж байсан бол өдгөө ч энэ үзүүлэлт хадгалагдсан хэвээр буйг ХСҮТ-ийнхөн онцоллоо. Энэ нь монголчууд эрүүл мэнддээ хэр анхаардгийн илрэл. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн салбарын тогтолцоо доголдолтойн нотолгоо. Үүнийг тодотгоё.
Манайхан хорт хавдар гэхээр л эмчлэх боломжгүй өвчин мэт хүлээн авч, гадаадын аль нэг орны эмнэлэг бараадахыг хичээдэг. “Монголд эмчилгээ, оношилгоо муу” хэмээн хэдэн эмч, мэргэжилтнээ “доош нь хийгээд”, тэд л ийм өвчин биед нь наачихсан юм шиг аягладаг. Бодит байдалд манай улсад хавдрын мэс заслын эмчилгээ олон улсын түвшинд ойртсон, зарим талаар бусад орноос ч дутахгүй хэмжээнд хүрснийг дэлхийн томоохон байгууллагууд үнэлдэг юм билээ.
Дэлхийд шилдэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн мэс засалч эмч ч энэ салбараас төрлөө. Тэд оношилгоо, эмчилгээгээ сайжруулахын тулд уйгагүй ажиллаж, шинийг туршсаар байна. Гагцхүү эмчилгээний үр дүн амжилттай байх, эсэх нь биднээс хамаарах юм. Тодруулбал, аливаа өвчнийг эрт илрүүлэхийн хэрээр эмчилгээ үр дүнтэй болно. Харин үүнд иргэд онцгой үүрэгтэй. Мал шиг сүрэг сүргээр нь нэгдсэн журмаар вакцинжуулж, өвчнөөс сэргийлэх тогтолцоо манай улсад нэгэнт байхгүй учраас иргэд өөрсдөө л хариуцлагатай, санаачилгатай байх нь чухал.
Их сургуулиа дөнгөж төгссөн Н охин саяхан ийм өвчний улмаас харамсалтайгаар нас баржээ. Ганц охиндоо хэт анхаарал тавьдаг ээж нь тураах үйлчилгээтэй эм уулгаж эхэлсэн нь түүний хорвоогоос буцах хугацааг наашлуулжээ. “Ганц охиноо би л алчихлаа. Ийм эм хавдрын эсийг сэргээж, идэвхжүүлдгийг мэдсэн бол би хор өгөхгүй байсан” хэмээн уйлах эх дэндүү өрөвдөлтэй. Охины хавдар эцсийн шатандаа орсон байсныг нь мэдэлгүй эм өгчээ. Тэр ийм аюул биед нь буйг эрт мэдсэн бол...
Нэгэн байгууллагын нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахаар саяхан очиход эзэн нь “Дүүгийн маань эхнэр өнөө маргаашаа хүлээж байна. Хорт хавдар нь даамжирсныг дэндүү хожуу мэдсэн ч бид хөлөө хүрэх газраа явсан. Даанч нэмэр болсонгүй. Цаг зав гаргаад, 20-хон мянган төгрөгөөр шинжилгээ өгчихсөн бол ингэтлээ хүндрэхгүй байсан” хэмээн гэмшиж суув. Тэр хавдрын шинжилгээнд эрт хамрагдсан бол...
Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хорт хавдраар өвчлөгсдийн 90 хувь нь 45-аас дээш насныхан байдаг гэнэ. Гэвч амьдрал хэмээх их далайд хөл тавьж буй цэл залуу хүмүүс ч сүүлийн жилүүдэд ийн харамсалтайгаар хорвоог орхисоор байна. Өвчин хэнийг ч ялгадаггүй гэдэг энэ.
Хавдрыг эрт илрүүлэхэд иргэдээс гадна эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоо чухал гэдгийг ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан тодотгосон. Тэрбээр “Энэ өвчнөөр нас барагсдын 80 хувь нь элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар туссан байдаг. Хорт хавдар илрүүлэх үзлэг, оношилгоонд иргэн бүрийг биш юм гэхэд, зорилтот бүлгийнхнийг хамруулж байхаар Эрүүл мэндийн тухай хуульд тусгах ёстой юм. Үүнд зориулж төсөвт хөрөнгө суулгаж, ул сууриар нь тэмцэх хэрэгтэй.
Бид энэ талаар байнга ярьж, асуудал дэвшүүлдэг ч ажил хэрэг болдоггүй. Гэтэл ЭМЯ бодит хор хөнөөл бага 12 төрлийн шинжилгээнд иргэн бүрийг хамруулж, даатгалаас мөнгө урсгах гээд байгаа нь оновчгүй шийдвэр” гэсэн юм. Жинхэнэ аюул буюу хожуу үед оношлогдсон хавдраас сэргийлэхийн тулд дэлхийн орнууд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд иргэдийг хэрхэн хамруулах тухай тусгаж, шаардлагатай төсвийг шийдсэн талаар тэрбээр онцолсон. Харин Монголд эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд сайн дураар л хамрагддаг.