Нийтлэл 27.
Өөрийн түүхийн улыг сэргээгээгүй үндэстэн харийнхны урласан ул дээр өөрийн түүхээ суурилуулна. Ийм үндэстнийг түүхээ гээсэн үндэстэн гэнэ. С.Сэргэлэн.
Монголчууд бид өнөөдөр түүхийн суурь тодорхойлолтоо засаж авахгүй бол өөрсдийнхөө түүхэнд өөрсдийн гаргасан буруу тодорхойлолттойгоо төөрсөөр өөрийн түүхээ үгүй болгож байна. Д.Гонгор Халх товчоондоо монголын түүхийн овог, аймаг, улс, ил гэх зэрэг үгсийн утгыг ташаа тайлбарласнаар Монголчуудын нийгмийн байгууллын тухай буруу дүгнэлт гаргав.
Монголын олон түүхчид Д.Гонгорын Халх товчоог ширээний ном болгон өдгөө хүрэв. Монголын Шинжлэх Ухааны Академи хэл, түүхийнхээ салбарт ул судалгаа (fundamental research) хийх чадваргүй байгаан улмаас дээрх салбарууд улгүй өнөөг хүрэв. Улгүй салбарыг de facto байхгүй салбар гэж хэлж болно. Энэ удаа БНМАУ-ын ШУА Түүхийн хүрээлэнгээс Д.Гонгорын 1975 онд гаргасан Халх товчоог алдаа оноотой нь уншигч танд хүргэж байна.
Д.Гонгор мал ахуйтны түүхийг Марксизм Ленинизмийн формацийн онолоор бичив. Б.Я.Владимирцов (1884-1931) “Монголын нийгмийн байгуулал” номыг Д.Гонгор ул судалгаа гэж үзэв. Д.Гонгор тариалан ахуй угштай харь судлаачдын хийсэн “ул судалгаан” дээр суурь босгосноор монголын түүхийг өгүүлэх суурь тодорхойлтуудыг “морьдохын хазгайгаар” буруу тайлбарлав. Д.Гонгорын гаргасан алдаанд объектив хүчин зүйлс нөлөөлсөн буюу энэ нь ул судалгаагаар гарч ирдэг эх сурвалжуудын хомсдол байв. Түрг Уйгар өвөг дээдсийн хадны бичиг, Дунд улсын түүхэн эх сурвалжууд, Диван Лугат толийг судалгаандаа судлаач огт ашиглсангүй.
Сэрээгүй Монголын нууц товчоог буруу тайлбарлан ашиглав. Өдгөө мануусын эх сурвалжаас гаргаж авсан мэдлэгийг 100 хувь гэж үзэвэл Д.Гонгорын мэдлэг мануусийн 20 хувьтай байв. Д.Гонгор Халх товчоон номоо монголынхоо газар усандаа хайртай монгол хүний сэтгэлээр бичсэнийг судлаач мань гүнээ хүндлэн таалав. Д.Гонгор монголын түүхэнд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн уг номыг бичжээ.
Өнөөгийн ихэнх судлаачид хамгийн мундаг нь болохын тулд мэдэхгүй зүйлээ хүртэл мэддэг юм шиг бичдэг болов. Судлаач мань Д.Гонгор агсанд хувийн ямар нэгэн үзэмж үгүй тул зөвхөн үр хойчдоо зөв түүхийг үлдээхийн тулд энэхүү нийтлэлийг уншигч таньд хүргэж байна.
Суурь тодорхойлтууд
Овог. Д.Гонгор овогт тодорхойлолт өгөхийн оронд овогт байж болох шинж тэмдгүүдийг хурааж түүн дээрээ ийм дүгнэлт хийжээ: “Монгол овгийн шинж. Эртний монголд нэг нь дээдсээс угсаалсаны учир элгэн садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ”. Тэгвэл мал ахуйтнууд овогтой байх үед буюу V зуунд амьдарч байсан Фань.Э Хожуу хан улсын бичиг. Ухаунь Сяньбийн шастирт “Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй” гэж тодорхойлов.
Д.Гонгорын тодорхойлолт нь Фань.Э-гийн овогт өгсөн дөрвөн шинжийн хоёр дахь шинж буюу их хүнийх нь нэрээр овоглоно гэдэгтэй нийлж байна. Мөн өөрийн өв хөрөнгөтэй гэж Д.Гонгор шинжсэн нь Фань.Э-гийн “тус тусдаа малаа адуулж аж төрнө” гэдэгтэй нийцэж байна. Овгийн тухай нийтлэл уншигч танд хүргэсэн болно.
Энд хамгийн гол нь овог байнгын биш, хоорондоо албан татвар өгдөггүй тухай мэдээлэл Д.Гонгорт байсангүй тул тэрээр овогжих явдлын тухай бичсэнгүй. Д.Гонгорын овогт өгсөн бусад шинжүүд нь аймаг, улсад хамаатай тул энэ тухай үүгээр зогсоё.
Айл буюу Йал
Д.Гонгор Халх товчоонд: “Айл, өрх гэр (айил, өрүкэ) XI-XII зууны монголын нийгмийн томхон өөрчлөлт хувьсгалын нэг нь овгийн байгуулал задран бутарч түүний халааг хувийн өмчид тулгуурласан бяцхан нэгж хэсгүүд хүлээн авах үйл явц гүйцэлдсэн явдал болно. XIII зуун ба түүнээс хожмын судар түүхнээ нийгмийн тийм нэгж хэсгийг “айил” хэмээн мэдүүлнэ”. Д.Гонгор монголчуудын түүхийг анхнаас нь будлиулж байна. Нэгт айл гэдэг үг 1077 онд хэвлэгдсэн Махмуд али Кашгарийн Диван Лугат толинд, VII зуун сийлэгдсэн Орхоны бичигт орсон болно.
Чингис хааны үед болсон дахин хуваарилалт буюу “айлсанаар” овогжих явц зогсов гэж тодорхойлсон нь үнэнд нийцэхгүй болно. Ингээд он дарааллаар биш, байгаа эх сурвалжийнхаа логик дарааллаар нарийн танилцуулъя. Диван Лугат: “йил буюу эзэмшил” гэжээ. Хүннү монгол хэлний хос сувгаар йил йал хоёр нэг үг болно. Йил үзүүрийн йал угийн дуудлага. Орхон бичигт (Билгэ хааны бичигт) йал гэж оржээ.
Их йалмс буюу их айлсан (их эзэмшисэн), их айл нутаг буюу их эзэмшил нутаг гэж өнөөгийн Хангай нутгийг заажээ. Тэгэхээр Д.Гонгорын XIII зуунаас хойш “айил” гэдэг ухагдахуун бий болсон гэдэг нь дээрх эх сурвалжуудаар үгүйсгэгдэж байна.
“Айл хэмээх нь нэгэн хуваарилалт ангилалд хамаарагдах ай хүй хэмээрийн “айн” үндсэнд “л” дагавар залгаж айил хэмээх нэр үүссэн бөгөөд энэ нь анхандаа ураг төрлийн холбоот бүлэг хүмүүс-өрх гэрийн нэгдлийг илэрхийлсэн ухагдахуун байсан бололтой юм.” Д.Гонгор.
Д.Гонгор эх сурвалжийн хомсдолтой тул айл гэдэг утгыг өөрийн төсөөлснөөр бичжээ.
Айл гэдэг нь тухайн ясту хүний эзэмшил бөгөөд үүнд тухайн ясту хүнд хамаарах өрхүүд, иргэд ба өмчөөс бүрдэнэ. Өдгөө монголчууд “энэ айл хэнийх вэ?” гээн асууна. Угтаа “энэ эзэмшил хэнийх вэ?” гэсэн утга болно. Хариулт “Батынх” гэнэ. Хожим монголчууд энэ гэр хэнийх вэ гээн асуудаг болов. Айл хэдэн гэрээс бүрдэх нь тухайн ясту хүний боломжоос хамаарна. Хэдэн авгайтай, хэдэн эхнэртэй хэдэн иргэнтэй байхаас айлын их бага хамаарна. Айлын тухай бүтэн ойлголт авахын тулд гэргий, авгай, бүсгүй, эхнэр, нугун, уугун, уруг-өрүгийн утга сайн тодорхойлогдсон байх учиртай. Дээрх үгсийн утгыг эх сурвалжаар тодорхойлъё.
Гэргий-хоёр үгний изгүр буюу гэр+кий болно. Гэр энэ үгний утгыг монголчууд мэднэ. Диван Лугатаар: “кий” “өхөөрдөх дагавар. Хамаатан, төрлийг заах нэр үгийн араас залгана” гэжээ. Тэгэхээр гэргий гэдэг нь гэрийг авч явдаг бүсгүй буюу гэрийн эзэгтэйг хэлнэ.
Авгай-зөв нь абгай болно. Абгай-хоёр үгний изгүр буюу аб+кий болно. Аб гэдэг үг мануусд уйгур өвгөдөөс ирсэн ба Уйгурын Ач хөлөг хааны бичигт аб гэж гэрийг хэлнэ. Диван Лугатаар “аб” гэр болно. “Кий” нь өхөөрдөх дагавар. Абгай гэдэг нь абын эзэгтэй буюу гэрийн эзэгтэй гэсэн үг. Өдгөө монголчууд авгай, гэргий гэж өгүүлдгийн учир ийм болно. Уншигч танд “үе” энэ үгийг тайлбарлах нь зөв гэж бодлоо. Орхон бичигт “үе” буюу гэр гэсэн утга болно.
Уг үг Диван Лугатад байхгүй боловч өдгөө казахууд “үй” гэж гэрийг хэлнэ. Гэр, аб, үе үгсийн утга бүгд эсгий гэрийг хэлнэ. Харин үгний гарал үүслийг нь танд тайлбарлая: “гэр” гэдэг “гүр” гэсэн үгнээс гаралтай буюу өнөөгийн “нийл” гэсэн утга буюу нийлж амьдарч буй хүмүүсийн оромжийн нэр болов. Үе гэдэг үгний утгыг монголчууд үе мөчөөр ойлгоно.
Мөчүүд үеэр нийлнэ. Үүнээс үүдээд үерхэл нь нийлнэ гэсэн утга, сүүлд нийлж амьдарч буй хүмүүсийн оромжийн нэр болов. Аб гэдэг үгний урд гээгддэг “Х” (казахийн билгэ Аманжолов гээгддэг “Х” зориулан “h” үсэг бүтээв) дуудахаар “хаб” нийлнэ гэсэн утга болно. Өдгөө “хав” “хам” нэг үг бөгөөд хавсарах, хамтдаа гэсэн утгууд гарна. Б болон М заримдаг тухай нийтлэл хүргэсэн болно. Эх хэлээ судалж буй маньд “гэр”, “ав”, “үе” бүгдээрээ эсгий гэрийг заасан Хүннү-монгол үгс болно. “Эхнэр” гэдэг үгний нарийн утгыг өнөөгийн монголчууд огт мэдэхгүй тул өргөн хэрэглэсээр байна.
Эхнэр-хоёр үгний изгүр буюу ики (хоёр)+нар (олон тооны дагавар “нар” “лар” адил утгатай) болно. Икинар гэдэг нь өнөөгийнхөөр хоёрнар буюу хоёрдохууд гэсэн утга буюу хоёр дахь зиндааныхан гэсэн утга болно. Орхоны бичигт Голтэхэн ордоо хамгаалж чадсанаар дараах хүмүүсийг дэв зэргээр нь дурьдан “хөнг” (эм боол) болхоос хамгаалав: уугам хатан ул үе (ул үелэх буюу үе залгах) үгл лэр (үгүл буюу угул өнөөгийн дуудлагаар уугуул нь бага насны хүү болно. Өдгөө мануус нутгийн уугуул гэдэг нь нутгийн хүү гэсэн утга болно.) , икилэрм (икилэрм нь икинэрм болно), икилнгунм (икилэ нуган буюу нуган зөвхөн эхнэрээс гардаг байна), гунжларм (хадны бичээсэнд гүнжийг гунж гэж угийн дуудлагаар бичив. Олон тоогоор гүнжлэр буюу гүнжнэр болно).
Дээрх өгүүлбэрт ууган хатан ганц тоогоор икилэр буюу эхнэр олон тоогоор байна. Монголын нууц товчоонд Есүхэй баатар Өгүлэнг гуйж аваагүй зам дээрээс булааж авсан болно. Өгүлэн үжин Есүхэй баатрын хувьд замын олз болно. Бэхтирийн эх Сүчигэл ууган үжин, Өгүлэн хоёр дахь болно. Тиймээс Есүхэй баатар Хонгириадын Дэй Цэцэнгээс бэр гуйхад Дэй Цэцэнгийн амнаас “нугун хүүд” гэсэн үг гарав. Хэрэв Есүхэй ойчоогүй бол ууган хүү Бэхтир “ул үелэх” байсан.
Бүсгүй уг үгийн гарал үүслийг өнөөгийн монголчууд огт мэдэхгүй болно. Монгол хэлний их тайлбар толиор “бүсгүй”-бүс үгүй; нөмгөн. Я.Цэвэлийн толиор бүсгүй-эмэгтэй хүн, бүсгүй хүүхэд гэжээ. Өдгөө зарим нэгэн эрт урьд эм хүн бүс зүүдэггүй байсан, тулгар эм бүс зүүдэггүй гэх мэтээр ахмад настнууд юмыг зохиож өгүүлэх нь түгээмэл болжээ. Эх сурвалжийг харахгүйгээр өөрийн насалж буй 70-90 жилээр 5000 гаруй он жилийг өнгөрөөж буй өвөг дээдсийнхээ төрийн түүхийг хэмжиж буй нь туйлын хариуцлага үгүй алхам. Ийм ахмадуудыг буурал толгойтой угж хөхөгчид гэж мань тодорхойлж байна.
Буурал гэдэг нь нас өндөр, угжтай гэдэг нь нялх ухаантай болно. Тэд эх сурвалжийг үл тоон дураар өгүүлэх ба үр хойчис маань гүн төөрөгдөлд орно гэдгийг үл ойшоох нялх ухаантнууд билээ. Аливаа гүрэн хоорондын түүхийн маргаан нь газар усны маргаан болсоор ирсэн. Газар усны маргаан цус урсгасаар ирсэн. Алива худал түүхэн тайлбар үндсэн ой санамжийг устгасаар ирсэн. Үндсэн ой санамжгүй үндэстэн гэр бүлийн холбоод болон бутарч бусдад хураагддаг жамтай билээ. Түүх ийм чухал, ийм аюултай гэдгийг ухаараагүй буурал үстэй, өнгөрүүлж буй өнгөрүүлээгүй амьдралаа мал ахуйтны төрийн түүхтэй ижил болгон өгүүлдэг настнуудад “угжтай буурлууд” гэж нэр итэв. Угжтай буурлуудын талаар хожим нийтлэл хүргэх болно.
Бүсгүй-хоёр үгний изгүр буюу бүс+үгүй болно. Диван Лугатаар бүс “чөлөөтэй” гэсэн утга болно. Сул тавьсан малын “бус” гэнэ. Авгайгаасаа салах үйлдлийг “бус” гэнэ. Бүс+үгүй гэдэг нь чөлөөтэй бус буюу нөхөртэй гэсэн утга болно. Орхоны бичигт бусхурмс буюу хэнд ч хамааралгүй сул хүмүүсийг хамаарав гэжээ. Өнөөдөр монголчууд уг үгний гарал үүслийг гээсэн боловч зөв нөхцөлд хэргэлж буй жишээ бол “хууль бус” буюу хуулиас “чөлөөтөй”, хуулиас “гадуур”. Ёс бус буюу ёсноос гадуур гэсэн утга болно. Мал ахуйтнууд эр эмгүй “хүр” (бөс) зүүнэ.
Ууган зөв нь “угун” болно. Д.Гонгор: “Нууц товчоонд “ахмад” хэмээх үг байвч “ууган” гэдэг үг байдаггүй. Энэ нь тэр цагт “ууган” хэмээх үг байгаагүйн гэрч болж биднийг түгшүүлэх зүйл бус нь янз бүрийн судалгаанаас илэрч байна. Эрдэмтэн Х.Пэрлээ энэ талаар сонирхолтой санал дэвшүүлжээ. Түүнийг сийрүүлбээс “Монголчууд ахмад хүүгээ “ууган” гэдэг. Тэр хүү нь эцгийн эрх тушаал “суури”-ийг эзэлдэг заншилтай үүгээр бодоход “ууган” гэдэг үгнийн эртний дуудлага нь “уукан” байсан бололтой “уу” нь “агул, огул, угул” ахмад хүү гэсэн сунжирсны “уу” байх, “Ууган”-ыг эрт цагт а-ул-аул, уул-огул хан гэж байжээ гэмээр байна.
Иймд ууганыг ахмад хэмээсэн үг гэж үзэж болох юм”. Халх товчоон. Уншигч та дээрхийг хянуур уншаарай. Эх сурвалжийн хомсдолтой эрдэмтэд ямар том төөрөгдөлд орж, огт байхгүй зүйлийг яаж зохиож байна гэдгийг та бүхэнд харуулая. Энд бодоод байх зүйлгүй эх сурвалжийг харах ёстой. 1077 оны Диван Лугатаар: ууган ”эрх мэдэл” гэжээ. ууган тэнгри гэдэг байжээ. Хадны бичээсэнд “угам хатун” гэдэг нь хамгийн эрх мэдэлтэй буюу уг хатнаас гарсан хүү “ул үелнэ”.
Тэгэхээр Нууц товчоо гарахаас 600-гаас дээш жилийн өмнө уг үгийг хэрэглэж байсан эх сурвалжийг уншигч таньд хүргэв. Х.Пэрлээ том хүүг ууган хүү гэдэг байх гэсэн санал дэвшүүлэв. Эхнэрээс гарсан том хүү, ууган хүү биш нуган хүү хэвээрээ байна. Хатнаас хожим гарсан хүү ууган болно. Гарал муутай ээжээс гарсан хүн түргийн үед ч, Монголын нууц товчоонд ч хаан болдоггүй эх сурвалж мануусд байна. Энэ тухай хожим өгүүлье. Хичнээн сайн дүн шинжилгээ хийдэг чадварлаг эрдэмтэн байсан ч эх сурвалжийн хомсдлоос болж ямар аймшигтай худал дүгнэлтэд хүрч буйг уншигч та өөрөө эргэцүүлээрэй.
Ураг-өрх буюу зөв нь уруг-өрүг болно. Ураг өрх хүннү-монгол хэлний хос сувгаар угтаа нэг үг болно. Уруг нь угийн дуудлага, өрүг нь үзийн дуудлага. Диван Лугатаар: “нэг доор тодорхой хугацаанд байх”. “ороох буюу сүлжихийг хэлнэ. орого үс”. Орого үс нь ороосон үс болно. Диван Лугатаар ураг нь нэг доор тодорхой хугацаанд амьдарч буй хоорондоо холбоотой хүмүүс болж байна. Энд хамгийн чухал нь ураг тодорхой хугацаатай гэж заажээ.
Монголын нууц товчоонд “Алун гоо эхийг үгүй болсоны хойно ах нар дүү нэр тавуул атусун (мал) итээ бин (эд биен буюу биет эдээ) хуваалцав. Бодончарыг урагт үл тоон хувь эс өгөв”. Нэг доор тодорхой хугацаанд ураг болон амьдарч байсан таван хүүхэд салснаар уг ураг үгүй болов. Өдгөө өвөрмонголчууд ураг нийлнэ, ураг сална гэж авгай нөхрийн явдлийг өгүүлнэ. Өдгөө монголчууд хүүдээ хурим найр хийж өрх тасдаж өгдөг нь ураг тасдаж буй хэрэг юм. Хуучин ураг үгүй болж шинэ ураг бий болдог нь урагийн мөн чанар болно.
Алунгоо эхийн хүүд хоёр эцгийх боловч нэг ураг байв. МНТ-135: “Өгүлэн эх өгүлэрүн: “сайн хүний хүү байжээ. Узай ор сайтай хүний ураг болжээ”. Таван хүүдэйн дүү зургадугаар хүүн болгон Шикикэн Кутуку гээн нэр итэж эх асрав”. Уг эх сурвалж өргөж авсан хүү ургийн гишүүн болдог тухай өгүүлжээ. Өгүлэн эх ургийн хүний тоог хэлээгүй хүүдийнхээ тоог зургаа болов гэж өгүүлжээ. Чингис хаан тухайн цаг хугацаанд урагт үл орно. Узай ор-эр талын дээд өвөг болно. Узай ор сайтай хүн гэдэг нь Есүхэй баатрыг өгүүлж буй. Илтерс хаан, хаан болохынхоо өмнө уруг үгүй болчих вий гэж зовнисныг Орхоны бичигт : Түрг бодн (үндэстэн) ураг эс оршихүй гээн (орчуулгыг хялбаршуулав).
Уруг- болно. Дээрх Махмуд али Кашгарийн уругийн тодорхойлот мөн Монголын нууц товчоонд гарсан уругтай холбоотой үйл, Илтерс хааны хаан болохын өмнө хэлсэн үг, өнөөгийн монголчуудын урагтай холбоотой зан үйлийг нэгтгэн дүгнэхээр ургийн бүтэн зураг харагдаж байна. Ураг нь эр эм хоёр гэрлэн дундын өмчтэй болохоор үүснэ. Урагийн гишүүдэд гэрлэсэн хоёроос төрсөн хүүд болон тэр хоёрын өргөж авсан хүүд орно. Гэрлэсэн хоёр салахаар ураг үгүй болно. Авгай авч, нөхөрт гарч буй хүүдэд ургийн өмчөөс тасалж өгснөөр тэднийг ургаас хасна.
Халх товчоонд ургийг дараах хүмүүс ингэж тодорхойлжээ.
Г.И.Рамстедт “Ураг бол эхийн талын төрөл садангууд, харин омогтой адил өргөн хүрээтэй бус, элгэн ураг гэдэг бол төрөл садангууд”.
Б.Я.Владимирцов “эртний монголын нэгэн овгийн хүмүүс хоорондоо бие биесийг ах дүү ураг төрөл гэдэг байсан бөгөөд өөр овгийн хүмүүсийг жада буюу харийн хүн гэж үздэг байв... гагцхүү нэгэн овгийн хүмүүс харилцан ураг садан гэлцдэггүй, бас нэгэн өвгөөс гарсан буюу ясан-цусны холбоот овгийн хүмүүс цөм ураг садан хэмээлцдэг байсныг умартаж үл болно”. Ц.Д.Номинханов “ураг”-ийг эхийн талын цусан төрөл гэж үзсэн бололтой юм.
Д.Гонгор “… ийм үед эхийн талыг баримтласан хүмүүсийн онцгой хүй нэгдэл буй болжээ. Үүнийг эхийн эрхт овог буюу ураг гэж нэрлэж байв. Иймээс ураг бол садан төрлийн холбооны анхдагч...”.
Эх сурвалжгүй харийн судлаачид ийм дүгнэлт хийчихээд өөрсдийгөө монголчуудыг монголчуудаас илүү мэддэг гэх юм. Ямар аймшигтайгаар мануусыг төөрүүлж байна тэд.
Христийн шашнаар эр хүн ганц авгайтай байна. Харин монголчууд хэдэн авгайтай байсан бэ? Киракос Гандзакеци “История Армении”. XIII зуунд Арменид хагас жил гаруй монголчуудын олзонд байсан үнэн алдартан хар лам Киракос Гандзакеци История Армении номондоо монголчуудын тухай ингэж өгүүлжээ: “Тэдний гадаад төрх аймаар буюу аймшигтай. Сахал ургадаггүй, зарим нэг нь уруул эрүүндээ цөөхөн үстэй, нүд нь онигор буюу хурдан, дуу нь нарийн бөгөөд дотор ортол сонсогдоно. Удаан амьдарна. …Тэд хүсвэл хэдэн ч авгай авна...”.
Монголчууд олон авгайтай байсныг мануус эх сурвалжуудаас мэдэх боловч цагаан дээр хараар бичиж үлдээсэн нь Киракос Гандзакеци болов уу.
Олон авгайтай монголчуудын ургийн харилцаа ямар байв? Хангай нутаг буюу хадны бичээсээр “их айл нутагт” хүн, мал олон тул овгийн ясту хүмүүс олон авгайтай байжээ. Жирийн хүмүүс ганц авгайтай байжээ. Нэгэнт мануусд олон авгайтай ясту эрийн тухай дэлгэр бичсэн эх сурвалж үлдээгүй тул энэ тухай байгаа эх сурвалж дээрээ дүрслэн төсөөлөхөөс өөр арга зам үгүй болно.
Таван авгайтай буюу таван өрхтэй (урагтай) Ханхар (зохиосон нэр) овгийн ясту Бат айлын тухай төсөөлөл. Авгай болгон өөрийн гэртэй мөн оноосон малтай байна. Авгай нарын дотроос нэг нь удам залгах хүү төрүүлэх эрхтэй ахайлагдсан байна. Бусад дөрөв нь “хоёрнар” буюу эхнэр болно. Их авгайгаас гарсан хүү ууган болно. Эхнэрээс гарсан нь нуган болно. Батын том хүү нь ууган биш байж болно. Ууган хүү удам залгана. Хэрэв их авгайгаас хүү төрөхгүй бол түүний байр суурь бууж дараагийнх нь их авгай болно. Өрхөд оноосон бүх мал Батын өмч болно. Батын иргэд, боол мал нь Ханхар овогт харъяалагдах боловч Батад айлагдана (эзэмшигдэнэ). Хаанахын айл вэ? Бүгд Батынхан гэж хариулах учир ийм болно. Бат овог дотроо албан татвар өгөхгүй.
Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг гэдгийг тайлбарлая: Батад айлагдаж (хаамарагдаж) бүй хүний амь нэг. Саахал гэдэг нь Диван Лугаатаар: “саасан сүү”. Сагил үгний жийргэвч “Г” авахаар саил буюу сааль болно. Зөв бичлэг нь “сайл” болно. Тэгэхээр “сайлт” буюу “сайлтай” хүний санаа нэг гэдэг нь саалийн цаг болохоор бүх саах малаа эргүүлэх, холбох, саах, гэх мэт явц нэг хугацаанд явагдана. Айл хүн гэхээр айлийн бүх хүн, сайлт хүн гэхээр тухайн айлийн сайлтай холбоотой хүмүүс болно. Зөв бичлэг нь саахалт биш сахилт болно. Өдгөө хүртэл монголчууд уг үгийг жийргэвчтэйгээр саахалт, жийргэвчгүйгээр сааль гэж хэрэглэж ирэв.
Дүгнэлт: Монголын түүхийн салбар улаа урлаагүй учир өнөөгийн Монголын түүхийн шинжлэх ухаан бодит түүхээсээ урвуу хөгжилтэй явна. Хичнээн олон түүхийн доктортой болно тэр хэрээр түүхээ эвдэнэ. Ач холбогдол өндөртэй сэдвээр докторын зэрэг хамгаалах тутам түүхээ тэр хирээр эвдэнэ. Ач холбогдол багатай сэдвээр хамгаалах тутам түүхээ бага эвдэнэ. Д.Гонгорын Халх товчоонд овог болон айлтай холбоотой сэдвээр бичсэн хэсэг нь уянгын халилаар дүүрэн, эх сурвалжийн хомсдолтой байна. Манай түүхийн ул дээр суурь болох овог, айл болон энэ хоёртой холбоотой ойлголтууд буруу тавигдсан байхад их сургуулийн түүхийн тэнхмийн багш нар зааж байгаа түүхээ мэддэг юм шиг дүр исгэж заахаас өөр зам алга. Д.Гонгорын том алдаа нь манай түүхийг наймхан зуун жилийн нүдээр харсанд байна.
Диван Лугат тольгүйгээр нууц товчоо болон манай түүхийн чухал тодорхойлолтуудыг сэргээж эс чадна. Д.Гонгорын нууц товчоог ишилсэн хэсэг нь түүний судалгаанд эх сурвалж болсонгүй. Сэрээгүй нууц товчоо сэрээж чадахгүй нэгэнд эх сурвалж болохгүй. Монголын нууц товчооны хэл өнөөгийн Ш.Чоймаагийн багийн хэлний мэдлэгийн хоорондын зөрүү нь хэлийг сайжруулж зассанд биш муутгаж эвдэлсэнд оршино. Я.Цэвэлийн толинд “бүсгүй”-г эмэгтэй хүн гэж тодорхойлсныг дээр дурьдсан билээ. Ямар хүн гэсэн асуултанд эм хүн, хаан хүн гэж хариулна.
Хэнтэй хүн гэсэн асуултанд хаантай хүн, эмтэй хүн буюу эмэгтэй (жийргэвч Г авч болно) хүн гэж хариулна. Дамдинсүрэнгийн шарилж хэлээр эмэгтэй хүн гэдэг нь эмэгтэйтэй хүн болно. Ц.Дамдинсүрэн монголчуудын хэл соёлд “хор хийсэн” хамгийн том нүгэлтэн мөнөөс мөн болно. Ц.Дамдинсүрэнгийн нүглийн тухай дараа нийтлэл өгүүлэх болно.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
FB: Sergelen International Expedition.
Дараагийн дугаарт: Аймаг, улс, илийн тухай өгүүлнэ.