Бэлтгэсэн: Б.Номин, Г.Цолмон
Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяр тун удахгүй ардчиллын өлгий нутгийг зорьж, ажлаа хүлээж авах нь. Түүнийг томилуулах талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн саналыг УИХ хэлэлцэн дэмжээд даруй арван сарын нүүр үзэж буй ч түүний халааг авсан Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгээ өгөлгүй өдий хүргэсэн билээ. Түүнтэй хамт парламентаас дэмжлэг авсан Японд суух Элчин сайд Г.Тэнгэр, Канадад суух Элчин сайд Н.Чимгүүндарь нар ч Ё.Отгонбаяртай адил “зовлон” амсаж буй.
Элчин сайдаар томилох зарлиг, итгэмжлэх жуух бичигт гарын үсэг зурахгүй буйн шалтгаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Тэд тухайн албыг хаших насны шалгуур хангаагүй, төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, Элчин сайдаар зохих түвшинд ажиллаж чадахгүй” хэмээн тайлбарласан.
Тэр нь тийм, энэ нь ийм гэлгүй, дээрх гурван хүний дунд “хаясан” шалтгаан, байр сууринаасаа Төрийн тэргүүн буцахгүй бололтой. Гэвч АНУ-д суух Элчин сайдын томилгоог эцэслэж, нэг мөр болгохыг хүлээн авагч улсаас шаардсаны дагуу Ё.Отгонбаярыг томилсон зарлигаа Ерөнхийлөгч гаргаж, итгэмжлэх жуух бичигт гарын үсгээ зурсан сурагтай. Үндсэн хуульд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг.
Манай улсын нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 13 дугаар зүйлд “Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсад тогтсон нийтээр нэгэн адил мөрддөг дадлын дагуу итгэмжлэх жуух бичгээ барьсан, эсхүл хүрэлцэн ирснээ мэдэгдэж, хүлээн авагч улсын Гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд итгэмжлэх жуух бичгийнхээ батламжилсан хувийг гардуулснаар үүрэгт ажилдаа орсонд тооцогдоно” гэсэн заалт бий. АНУ-ын хувьд гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн буюу Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг жилд хоёр удаа л авдаг аж.
Тодруулбал, гурав болон есдүгээр сард Элчин сайд нараас итгэмжлэх жуух бичгийг хамтад нь хүлээн авдаг юм байна. Эл ээлжит арга хэмжээ энэ сарын сүүлчээр болох гэнэ. Үүнтэй холбоотойгоор манай улсаас суух Элчин сайдын асуудлыг тодруулж, эцэслэхийг дипломат аргаар “шаарджээ”. Ингэхдээ манай улсаас томилсон Элчин сайдыг хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдэж, зөвшөөрсөн агреман (Элчин сайдаар томилсон хүнээ танилцуулж, хүлээж авах, эсэхийг нь асуун, зөвшөөрөл хүсэх бичиг) ирүүлсэн болохоо ч АНУ-ын тал онцгойлон тодотгосон сурагтай.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга энэ зун АНУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан тус улсад ажилласан нь ч уг айлчлалын оршил, бэлтгэлийн нэг хэсэг байжээ. Ерөнхийлөгч нь айлчлах гэж байхад Элчин сайдгүй суух нь яавч сайн хэрэг биш. Элчин сайдгүй байлаа гээд З.Энхболд Монгол, Америкийн хооронд хэдэн удаа явалтай билээ. Үндсэндээ Элчин сайдтай холбоотой эл асуудал үнэмлэхүй олонх бүхий эрх баригч, Төрийн тэргүүн хоёрын ойлголцол бус, их гүрний боловсон шаардлагын үр дүнд шийдэгдэж байх шиг ээ.
ЗАРЛИГТАЙ Ч ЗАМД ГАРЧ ЧАДААГҮЙ Г.ТЭНГЭР
Элчин сайдаар суутал зай ч, лай ч бий гэдэг энэ буюу. Тухайн нэр дэвшигчийг УИХ-тай зөвшилцсөний дараа агреман авах ёстой. Хүлээн авах гэж байгаа улс зөвшөөрөхгүй байж ч мэднэ. Хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд манай улсын зүгээс элдэв зүйл ярих ёсгүй. Ингээд агреман ирсэн бол сая Ерөнхийлөгч Элчин сайдаар томилсон зарлиг гаргаж, итгэмжлэх жуух бичгээ хүлээлгэн өгөх учиртай. Энэ үүднээс харвал Элчин сайд болоход хамгийн ойртсон хүн нь Г.Тэнгэр байжээ.
Учир нь түүнийг Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох зарлигаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гаргачихаад явсан аж. Өөрөөр хэлбэл, Г.Тэнгэр итгэмжлэх жуух бичгээ авах л дутуу байв. Өмнөх Ерөнхийлөгчийн зарлигийг дараагийнх нь хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн цэцэд дуудагдах үндэслэл ч байж болзошгүй аж.
Үнэндээ энэ удаа процессын гэмээр дэг жаягаас болж асуудал үүсээгүйг хүмүүс мэдэж буй. Эрх мэдэл нь эрс ялгаатай хуваарилагдсан улс төрийн намуудын мөчөөрхөл, эсвэл төрийн институц хоорондын үл ойлголцол, бүр цаашилбал хувь хүмүүс хоорондын харилцааны зөрчил гэмээр зүйлээс болж Элчин сайд нар эх орондоо “саатуулагдаад” буй.
Ерөнхийлөгчийн онцлоод буй “Элчин сайдын алба хаших насны шалгуур хангаагүй” гэх шалтгаан өдгөө 35 настай Н.Чимгүүндарь бүсгүйг онилж буй нь нууц биш. Дипломат албанд ажилласан 11 жилийн туршлагатай түүнийг Канад Улс хүлээн зөвшөөрсөн нь Элчин сайд хүн мэргэжлийн дипломатч, эсэхэд нь түлхүү анхаардаг бичигдээгүй хуультай холбоотой байж болох. Харин Японд суухыг зорьж буй Г.Тэнгэр түүнээс арав гаруй насаар ах ч дипломат ажлын туршлага нь ердөө нэг жил. Гэвч Элчин сайд гэдэг нь гагцхүү дипломатч байхын нэр биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Сууж буй оронд буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хүний л амьдралд тохиолддог нарийн ширийн асуудлыг шийдвэрлэхээс авахуулаад хоёр орны харилцааны хүрээнд мэдлэг, бас мэдрэмж шалгах Элчин сайдын албанд Н.Чимгүүндарь бүсгүйг балчирдана гэж ярих нэг бус хүн бий. Ийм байр суурь илэрхийлж буй хүн УИХ, Засгийн газар болон МАН-ын шийдвэр гаргах түвшинд ч байгаа юм билээ. Гэсэн ч эрх баригчид Ерөнхийлөгчийн “хориг”-т өчүүхэн төдий ч цочрохгүй буй нь илт.
Тэд эл асуудлыг УИХ дахь намын бүлгээрээ албан бусаар ярилцсан ч ямар нэг арга хэмжээ авахгүй, Ерөнхийлөгчийн байр суурийн эсрэг шийдвэртэй зогсоно гэж санал нэгдсэн юм билээ. Тэгээд ч энэ тохиолдолд Элчин сайдыг томилох, нэрийг нь эгүүлэн татахтай холбоотой харилцааг заагласан хуулийн зохицуулалтгүй учир ийнхүү сунжирч байна. Дотооддоо ойлголцон шийдэж чадахгүй байгаа эл асуудлыг гадаад улсаас тавих гарцаагүй “шаардлага”-ын улмаас л шийдэх болж байна уу даа.
ДАВХАР “ДӨНГӨ”
Ерөнхийлөгчийн хориг, бас хуулийн байгууллагын “дөнгө” давхар зүүж буй нэг бус Элчин сайд бий. Тэдний нэг нь Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй түүнийг ИБУИНВУ-д суух Элчин сайд С.Баярын хамт эгүүлэн татах саналаа уламжлаад байсан. С.Баяр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасны дагуу түүнийг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газраас гаргаад гурван сарын нүүр үзэж буй.
Түүний оронд хэнийг томилох талаар сураг чимээ алга. Харин албан үүргээ гүйцэтгэсээр буй М.Энхсайханыг 2014 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ хэд хэдэн хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд буруутгаж, холбогдох байгууллагаас “Долоо хоногийн дотор эх орондоо ир” хэмээн дуудуулсан. Товлосон хугацаа нь өнгөрсөн ч холбогдох албаныхан “Одоогоор ирж уулзаагүй, тайлбар мэдүүлэг өгөөгүй байна” гэсэн хариу өглөө. Хугацаандаа ирээгүй тохиолдолд хэрхэх вэ гэсэн асуултад хариу өгөх хүн олдсонгүй.
Г.Тэнгэр, Ё.Отгонбаяр, Н.Чимгүүндарь нарын адил УИХ-аас дэмжлэг авсан ч Ерөнхийлөгчийн гар дээр ирээд “гацсан” хүн бол Б.Хурц. ТЕГ-ын даргын албаа өгсөн даруйд түүнийг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцсөн бөгөөд энэ явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул тэдгээрийг тодорхой болтол Ерөнхийлөгч “Явуулах боломжгүй” хэмээн мэдэгдээд буй. Б.Хурцын эсрэг гаргасан нэг бус гомдолтой холбоотойгоор түүнийг эрэн сурвалжилж буй гэж байгаа ч тэрбээр хилээр чөлөөтэй орж, гаран Хонконгод шинэлснийг харсан хүмүүс ч бий. Оршин суух хаяг нь ч тодорхойгүй түүнийг харин Баянзүрх дүүрэгт харьяалалтай болохыг хуулийнхан тогтоосон байна лээ.