Архины хамааралтай эмэгтэйн хүүхдийг асрамжийн газарт шилжүүлэхээр хамтарсан багийнхан хуралдаж байгаа нь
Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Ж.Сувдмаа, Ч.Болортуяа, З.Амгалан
Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэгчийг хатуу шийтгэдэг хуультай болоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн хамгийн оновчтой ажил уг нь Гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан баг байгуулсан явдал байв. Гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан баг гэдэг нь 2017 онд байгуулагдсан, хороо, сум бүрт хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй анхан шатны нэгж юм.
Тэд чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадвал ядарсан, зовсон иргэдээ хамгаалах төрийн бүтэц бий болох байсан. Цагдаа айлын хаалга тогшиж “Та хүчирхийлэлд өртөөгүй биз” гэж асуудаггүйг далимдуулан далд хэлбэрээр үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг эрт үед нь илрүүлж, олон хүн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх байв гэж болно. Харамсалтай нь, уг баг чадамжгүй, дорой байгаагаас үндсэн үүргээ биелүүлж чадахгүй нь.
Тус багийн гишүүд чадлыхаа хэрээр ажиллаж буй ч сүртэй нэр зүүлгэн, хүнд ачаа үүрүүлсэн тэдэнд засгаас өөрийн гэх төсөв юу ч өгсөнгүй. Тэд хорооноосоо, хороо нь дүүргээсээ гуйлгачлан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болж үүдсэн асуудлууд, мөн энэ төсвийн “хямрал”-ыг шийдэхэд хэр амархан болохыг бид сурвалжиллаа. Хамтарсан баг нь зөвхөн хүчирхийлэлтэй “тулалдаад” зогсохгүй хороонд нь болж буй бүх л зүйлийг хянах, амьжиргааны түвшин доогуур айлуудын хоол, хүнсний хэрэгцээг зохицуулах, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх гээд 100 гаруй төрлийн ажил хариуцдаг.
Тэднийг хамгийн их ачаалал үүрсэн анхан шатны нэгж гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэтэл тэд нэг ч төгрөгийн төсөвгүй, өөрсдийнхөө халааснаасаа хохирогчдод зориулан мөнгө гарган ажиллаж байгааг дээр суугаа эрхтэн, дархтнууд мэддэг болов уу. Хамтарсан багийн бодит байдлыг уншигч Та А5 нүүрний өдрийн сурвалжилга болон А7 нүүрний нийтлэлээс уншиж болно.
Ослын улмаас суумгай болж, гэрийнхэндээ “хоолны сав” гэж адлагдах болсон залуу Баянзүрх дүүрэгт амьдардаг. Өтгөн, шингэнээ гаргаж буйгаа ч мэддэггүй түүнийг гэрийнхэн нь долоо хоногт нэг удаа гөвшиж, хөөдөг уламжлал тогтжээ. Харьяа хорооныхоо удирдлагад зовлонгоо хэлж, тусламж хүссэн ч түүнд гараа сунгах албан тушаалтан, байгууллага алга. Хорооныхон нь эцэстээ аргаа барж, түүнийг хөөгдөх бүрт ээлжлэн гэртээ аваачиж хонуулдаг гэх.
Уг нь хүн улсын баялаг. Тэднийг халамжилж, хайр энэрлээ хүртээх нь төрийн үүрэг. Гэтэл манай төр, төрийн өндөр дээд албан тушаалтнууд уг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байсаар. Өмөг түшиг болсон ээж нь өөд болж, өнчирсөн гурван охиныг хорооны ажилтнууд халамжилж байсан тухай бид өмнө нь мэдээлж байв. Ганц гэрээс өөр өмчгүй үлдсэн охидын ээжийг оршуулахын тулд хорооны ажилтнууд хандив цуглуулж, бүр боломжийн амьдралтай оршин суугчдаасаа бадар барьсан гэдэг. Хэрэв төрийн гар тэнд хүрч, охидод, ээжид нь тусласан бол ийм зовлон тохиохгүй байсан ч гэх хүн бий.
Аливаа гэмт хэргийг гарсных нь дараа илрүүлэх бус, гарахаас нь урьтаж сэргийлэх нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг хүн бүр мэднэ. Ингэхийн тулд хууль хэрэгжүүлж буй байгууллагууд санхүүгийн чадамжтай байх учиртай. Гэтэл хамтарсан багуудад сохор зоос ч шийдэж өгсөнгүй нэг жил боллоо. Барагдашгүй их ажилтай хорооны Засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмчийг эл багт оруулсан ч тэд хөлсгүй ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн ажилтан сард 500 000 төгрөгийн цалин авдаг, гэтэл хамтарсан багт орж, цаг наргүй зүтгэснийх нь төлөө цалинг нь нэмсэнгүй. Тэр байтугай хүчирхийллийн хохирогчдыг өлсгөхгүйн тулд цалингаасаа хугасалж байх жишээтэй. Хорооны цагдаа хохирогчийг хамгаалах байранд хүргэж өгөхийн тулд хувийн автомашинаараа явж байна.
Тэр бүртээ шатахууны зардлаа мөн л өөрөө гаргана. Яагаад ингэх ёстой юм бэ. Төрийн өмнөөс тэд халаасаа хоослох ёсгүй. Цалинг нь нэмдэггүй юм аа гэхэд, эрүүл нийгмийг цогцлоохын тулд ажиллаж буй хүмүүсийн хэрэглээний зардлыг шийдэж өгөх нь зүй ёсны хэрэг байлтай.
“Ирэх оны нэгдүгээр сараас хамтарсан багийн шийдвэрлэсэн хэрэг бүрт урамшуулал болгож 70 000 төгрөг олгоно” гэх таатай мэдээ өнгөрсөн онд дуулдсан. Гэтэл өгсөнгүй. Уг нь хамтарсан багийг чадавхжуулах ажлыг тухайн орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ) хариуцах учиртай. Уг зөвлөлийг тухайн орон нутгийн ИТХ-ын дарга удирддаг. Гэмт хэрэг гарахаас сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг орон нутгийнхаа төсөвт суулгаж, анхаарч ажиллах боломж түүнд олгосон гэж ойлгож болно. Үүнийг ч дарга нар хэрэгжүүлж байгаа. Гэхдээ төсөвлөсөн мөнгө нь зорилтот бүлэгтээ хүрэлгүй, сургалт, камержуулалт зэрэг “агаар”-ын ажилд зарцуулж буй. Хэрэв тэр мөнгөнөөс хамтарсан багуудад хуваарилж, үйл ажиллагааг нь дэмжвэл төрийн бодлого хөрсөн дээр буух нь дамжиггүй.
Улсын хэмжээнд өдгөө 609 хамтарсан баг үйл ажиллагаа явуулж байна. Үүний 152 нь нийслэлд бий. Тэдний олонх нь зайдуу байрладаг тул хохиргчдыг хамгаалах байранд аваачихын тулд бараг л хотын нэг захаас нөгөө рүү явдаг. Нөхөртөө зодуулаад ирсэн эмэгтэйд өгч өргөдлийг нь бичүүлэх цаас ч олдохгүй байх үе бий гэхэд хэтрүүлсэн болохгүй нь лавтай. Гэтэл улсын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаас илүү хувь нь нийслэлд бүртгэгддэг. Тэгэхээр тэдний ачаалал хэр их вэ гэдгийг мэдэхэд хялбар. Ийм байхад нийслэлийн ГХУСАЗЗ юу хийж байна.
Тус зөвлөл өнөө жил таван тэрбум төгрөгөөр амар тайвныг сахиулах ажил хийх аж. Гэрэлтүүлэг, камержуулалт, сургалт гээд өнөөх л улиг болсон ажлуудаа хийх нь тодорхой. Хэрэв тэр хөрөнгөөс 500 сая төгрөгийг хамтарсан багуудад өгвөл гэмт хэрэг, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг эрт үед илрүүлэх ажил улам л урагшлана. Манай сонины сурвалжлах баг хамтарсан багуудаас судалгаа авсан юм. “Жилийн турш үйл ажиллагаагаа доголдуулалгүй, өөрсдөөсөө мөнгө гаргалгүй зорилгоо биелүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ” гэж асуухад олонх нь “Дунджаар гурван сая төгрөг байхад болно. Таван сая төгрөг өгвөл хангалттай шүү дээ” гэж хариулсан. Тэд бусад шиг өөртөө үлдэх ашиг харахгүйгээр үнэнээ хэлсэн нь илт.
Тэгвэл нийслэлийн ГХУСАЗЗ болон НИТХ-ын дарга С.Амарсайханд энэ санхүүжилтийг шийдэх эрх нь бий. Харин яагаад хамтарсан багуудыг чадавхжуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна вэ. Иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төлөөлөгчид энэ мэт асуудлыг үл ойшоож, сандал суудал, албан тушаалын хэрүүл хийх нь юуны учир вэ. Хамтарсан багийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэгтэй нийслэлийн Засаг дарга яагаад гар хумхин сууна вэ. Хамгийн энгийн жишээ эш татъя. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 20 дугаар зүйлд “Нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчилж уулзах нөхцөлийг бүрдүүлж тусгай өрөө гарган, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангана” гэж заасан. Гэтэл тусгай өрөөтэй нийгмийн ажилтан хуруу дарам цөөн, хохирогчид түмний нүдэн дээр түүнд зовлонгоо тоочиж байх юм.
Хорооны Засаг дарга төсөв захиран зарцуулах эрхгүй тул шууд хамтарсан багт мөнгө өгч болохгүй нь мэдээж. Харин дүүргүүд дэх ГХУСАЗЗ-ийн салбаруудад хөрөнгө төсөвлөж, түүгээр дамжуулан хамтарсан багийг санхүүжүүлж болох гарц бий. Угаасаа гэмт хэргийг бууруулахад төсөвлөсөн хөрөнгө хэдэн хуудас тараах материал, ажилладаггүй камер зэрэгхэнд зарцуулагддаг нь нууц биш болсон. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан уг асуудлыг тунгаана биз. “Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулах үе шаттай арга хэмжээний зардал”-д нэг, “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-д гурав гээд шоу, цэнгээнд дөрвөн тэрбумыг зориулдаг НИТХ, хотын удирдлага аюулгүйн хот бий болгоход хагас тэрбумыг харамлахгүй байлгүй.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“ХАРАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БУЖИГНУУЛЧИХСАН”
40-50 орчим насных болов уу гэмээр гурван эр хэсгийн байцаагчийн өрөөнд орж ирлээ. Нэг нь орж ирэв үү, үгүй юу, байцаагчийг танимхайран инээмсэглээд, сандал дээр тухлав. “Чамайг хэн суу гэсэн юм бэ. Яагаад хэрэг тариад яваад байна” гэхэд өнөөх эр “Тэд нар чинь л намайг түрүүлж цохисон, би яагаа ч үгүй. Харахаар дургүй хүрээд байгаа юм чинь” хэмээн ховлож, өөрийгөө хаацайлах.
Архины хамааралтай болсон энэ залууг хорооны нийгмийн ажилтан, цагдаа нар анддаггүй гэнэ. Харин байцаагчийн өрөөнд бидэнтэй нэг мөчид таарсан шалтгаан нь тэрбээр өнгөрсөн шөнө гэрийнхнийгээ бужигнуулж, нэлээд “чангалжээ”. Нөгөө хоёр нь ч ийм хэрэг тарьж, байцаагдахаар ирсэн байв. Байцаагчийн өрөөнд 30-хан минут саатахад л үл бүтэх гурван нөхөртэй танилцсан нь энэ.
Гэр бүлийнхнээ хүчирхийлсэн, агсам тавьсан, ойр дотнынхноо зодсон, гэмтээсэн энэ мэт нөхдийн цуваа тасардаггүй, тэдний үйлдлийг хянаж, цэгнэдэг цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж нь хэсгийн байцаагч. Харин бидний очсон, Сонгинохайрхан дүүргийн VII хорооных бусад дүүргийнхээс онцгой ачаалалтай ажилладаг нь илт.
Дээрх хороо хүн амын тоогоороо дүүрэг, нийслэлд тэргүүлдэг. 5000-аад өрх, 21 600 гаруй хүн амтай. Иргэдийн олонх нь орон нутгаас шилжин ирсэн, түр оршин суугч. Ажилгүй, боловсролын түвшин доогуур, архины хамааралтай болон донтох эмгэгтэй иргэдийн тоогоор эднийх манлайлдаг. Үүнийг дагаад зөрчил, гэмт хэрэг, ялангуяа хүчирхийлэл байнга гардаг гэнэ.
Бид тус дүүргийг зорьсон шалтгаан нь, нийгмийн гүнд бугшсан хүчирхийлэл хэмээх аюулыг дарах зорилгоор нэгдсэн гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан хорооны иргэддээ хэрхэн хүрч ажиллаж, үүргээ биелүүлдэг, тэдэнд юу тулгамддагийг сурвалжлах байв.
АХАДСАН АЧАА
Засгийн газраас 2009 онд гаргасан тогтоолоор бол хэсгийн нэг байцаагчийн хариуцан, хүрч ажиллах оршин суугчийн тоо ихдээ 4000 байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүн ам тутамд нэг байцаагч ногдох учиртай. Гэтэл манайд энэ заалт ер хэрэгждэггүйгээс цагдаагийнхан ажил үүргээ биелүүлэхэд ихээхэн саад учирдаг гэдэг. Тэгвэл хамтарсан багийн хувьд ч ийм бэрхшээл байгааг тэд онцолсон.
Хамтарсан багийн гишүүн, хэсгийн байцаагч, ахмад Б.Батзориг “Би өнгөрсөн оны тавдугаар сараас энд ажиллаж байна. Өмнө нь өөр дүүрэг, хороонд ажилласан ч ийм ачаалалтай байгаагүй. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл тасралтгүй ирдэг. Бид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч хүчрэхгүй юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн зургаан хэрэг одоо шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт есөн хэрэг шүүхэд шилжүүллээ. Сард дор хаяж 60-70 ийм хэрэг гардаг. Энэ тоо манай хороонд гардаг хэргийн өчүүхэн хэсэг нь. Илрээгүй, мөрдөн байцаагчид шууд шилжсэн нь үүнээс ч олон бий” гэсэн.
Бид ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт, нэг багшид ногдох сурагчдын тоог ихэд чухалчилдаг. Хөндөхөөс ч аргагүй сэдэв. Сургалт хэр үр дүнтэй байх нь үүнээс шууд хамаардаг. Гэтэл хэдэн мянган иргэнд санаа тавьдаг хамтарсан багийнханд ийм зохицуулалт байдаггүй нь тэдэнд тулгамдсан гол асуудал. Дүүрэг, хороо бүрт ийм нэгж байх ёстой гэж хуульчилснаас биш, иргэдэд хүрч ажиллах нөхцөл, боломжийг нь анхнаасаа огт ойшоогоогүй бололтой. Зургаан хүнд 9000, 21 мянган иргэнтэй хороог хариуцуулах газар тэнгэр шиг ялгаатай.
ДАВХАР “ДЭЭЛ”-ТЭЙ ХАМТАРСАН БАГ
“Бид сардаа 4-5 удаа хуралдаж, санал бодлоо солилцдог. Гэвч ямар нэг гэнэтийн асуудал, хэрэг гарсан даруйд бүрэлдэхүүнээрээ цуглаж, ажиллах нь ховор. Тийм боломж ч байдаггүй” хэмээн Сонгинохайрханы VII хорооны хамтарсан багийнхан ярилаа. Энэ бол тэдэнд хамгийн түгээмэл тохиолддог зовлон. Хамтарсан багийнхныг чадавхжуулах зорилго бүхий томоохон сургалт саяхан нийслэлд болоход гол хөндсөн асуудал нь энэ байж.
Тус багт ямар хүн байх ёстой, гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүргийг холбогдох хуульд тодорхой тусгасан ч хэрхэн уялдаатай ажиллах талаар ямар ч зохицуулалт байдаггүй гэнэ. Тус тусын үүрэгт ажилтай хүмүүс хэдийд хамтарсан багийнхантайгаа ажиллах цаг зав гаргах нь ч тодорхой бус аж.
Нийгмийн ажилтан Э.Үүрийнзаяа “Асуудал их байна. Ямар нэг хэрэг гарлаа гэхэд нийгмийн ажилтан л эцсийг нь хүртэл ажиллаж, бүгдийг хариуцах ёстой юм шиг ойлгодог. Уг нь гишүүн бүр хаана хаанаа анхаараад, үүргээ гүйцэтгэчихвэл амар. Гэтэл бодит нөхцөлд тэгдэггүй” гэсэн бол Б.Батзориг “Болдог бол гишүүн тус бүрийг, ялангуяа нийгмийн ажилтны чиг үүргийг илүү тодорхой болгох хэрэгтэй.
Сургуулийн нийгмийн ажилтан зөвхөн тухайн сургуульд хамаатай асуудалд санаа тавьдаг шиг хамтарсан багийн нийгмийн ажилтан гэр бүл, хүүхэд хамгаалалд л анхаардаг байх ёстой. Одоо бол тэд тухайн хорооны бүх л өрхөд санаа тавьж байна. Архичид, хулгайчтай холбоотой асуудалд ч оролцох жишээтэй.
Хэсгийн байцаагчид долоо хоногийн нэг өдөр хороон дээрээ багийнхантайгаа ажилладаг ч юм уу, эсвэл нийгмийн ажилтантайгаа хамтарна гэх мэт хуваарь гаргаж ажиллавал үр дүнтэй. Хамтарсан багтайгаа ажилламаар байвч цагдаагийн үндсэн ажилдаа дарагдаад цалгардуулах тохиолдол бишгүй. Ийм үед яах ёстой вэ. Уг нь ачаалал бага байж гэмээнэ бид гэр бүл, хүүхэд хамгааллын ажлаа хийнэ шүү дээ” гэв.
ТЭД ӨӨРСДИЙГӨӨ Л БОЛГОДОГ
Сонгинохайрхан дүүргийн VII хороонд оршин суудаг, архины хамааралтай нэгэн эмэгтэйд хамтарсан багийнхан чамгүй хугацаанд анхаарал тавьжээ. Ой гаруйтай охиноо хаа хамаагүй газарт орхиод архидчихдаг учраас хамтарсан багийн хурлын шийдвэрээр хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлсэн байна. Охиныг хаана байлгах, хооллож, хувцаслахаас эхлээд багагүй асуудал ийм шийдвэр гаргах хүртэл тулгарчээ.
Хамтарсан багийнхан тэр бүрт хэний ч гар харалгүй өөрсдөө болгож ирсэн аж. Ер нь хөрөнгө санхүүтэй холбоотой ийм зовлон байнга тохиолддог гэнэ. “Хохирогчийг түр байлгах, ийш тийш таксидаж хүргэх, хооллож ундлахаас эхлээд чамгүй зардал шаардагддаг. Зарим нь бүр “Өгөх ёстой” гэсэн шиг биднээс хоол унд нэхнэ. Гэтэл бидэнд үүнд зориулсан ямар ч төсөв байдаггүй.
Энэ оноос нэг кейс (хэрэг) тутамд 74 100 төгрөгөөр бодож, хамтарсан багийнханд санхүүжилт олгоно гэж байсан ч хэрэгжээгүй л байна. Үүнийгээ зүгээр ч нэг өгөхгүй, заавал баримт үзүүлэх ёстой гэсэн. Гэтэл бид алхам тутамдаа баримт цуглуулаад явах боломжтой бил үү” хэмээн хамтарсан багийнхан ярилаа.
ХУУЛЬ ЁС
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн хамтарсан багтай холбоотой гол заалтуудыг эшлэв.
19.2 Бүх шатны Засаг дарга хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
19.1.6 Хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
20 дугаар зүйл Хамтарсан баг
20.1. Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.
20.2. Хамтарсан баг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.2.2. Хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх,
20.3.Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын, хууль зүйн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
30.7.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
35.9.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой, эсэхээс үл хамааран түр хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
25 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг
25.4.3.Аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн, эсэхийг үл харгалзан сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх,
25.4.6.Шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах,
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
“Нөхөн сэргээх үйлчилгээг төгс үзүүлэхэд сэтгэлзүйч хэрэгтэй”
Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Жамъянсүрэнтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болсноос хойш энэ төрлийн хэрэг буурсан үзүүлэлт гараад буй. Тэгвэл нийгэмд ямар өөрчлөлт гарав?
-Хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэргийн талаар мэдээлэх иргэн олширсон. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихэссэн. Үр дүнд нь гэмт хэргийн илрүүлэлт ч нэмэгдэж байна.
-Ийм хэргийг илрүүлж, урьдчилан сэргийлэхэд иргэдийн мэдээллээс гадна хороо, сум дахь гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн оролцоо их бий.
-Хамтарсан баг гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг эрт шатанд нь илрүүлэн, таслан зогсоож, хохирогчдод хууль эрх зүйн гэх мэт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Үүнийг гол зорилго нь ч гэж болно. Түүнчлэн гэр бүлийн гишүүдээ хүчирхийлсэн, ирээдүйд хүчирхийлэх магадлал өндөр хүмүүсийг ч хяналтдаа авдаг.
Энэ нь хэргийг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж буй. Хамтарсан багийн нийгмийн ажилтан хэргийн талаарх дуудлага, мэдээллийг авч, хохирогчид туслалцаа үзүүлэн өдөр тутам тайлан хөтөлдөг. Ингэснээр холбогдох албаныхан зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхэд ч үр дүнтэй байна гэж хардаг юм.
-Энэ багийнхны гол үүргийн нэг нь нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх. Зодуурын шарх эдгэрэх ч сэтгэл санааны хохирол арилахгүй. Гэтэл нийгмийн ажилтан хохирогч иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
Үүнээс хамтарсан багийн чадавх сул буйг мэдэж болохоор байгаа. Сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Холбогдох байгууллагууд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Өнгөрсөн онд л гэхэд дүүрэг, нийслэл, цагдаагийн байгууллага гээд шат дараалсан сургалт хийлээ. Хэдийгээр шаардлагатай төсөв мөнгийг нь тусгаж өгөөгүй ч гэсэн хамтарсан багууд өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа.
Хэрэг дээр ажиллаж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийгээд асуудлыг шийдэж байна. Зарим зайлшгүй тохиолдолд харьяа дүүргийнхээ ИТХ-д хандаж хэрэгтэй санхүүжүүлэлтээ шийдвэрлүүлж, үүргээ сайн биелүүлж байна гэж хардаг.
Сэтгэлзүйчийн шаардлага хамтарсан багт бий нь үнэн. Нийгмийн ажилтан сэтгэлзүйч биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд хохирогчийн айдас, цочролыг арилгах үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ нөхөн сэргээх үйлчилгээг төгс үзүүлэхийн тулд хамтарсан багт сэтгэлзүйч оруулах шаардлага байдаг. Үүнийг холбогдох байгууллага шийднэ үү гэхээс цагдаагийн байгууллага оролцохгүй.
-Тус багийн гишүүд тус бүрнээ ажилтай. Гэтэл хамтарсан багийн ажлыг хариуцахаар ачаалал үүсээд буй. Дээрээс нь хохирогчтой ярилцах өрөө, танхим хороодод байхгүй тул аюулгүйн зэргийн үнэлгээг бодитой гаргахад бэрх байдаг тухай ярьдаг.
-Ийм бэрхшээл бий. Гэхдээ зарим хороо дотооддоо зохион байгуулалт хийж, үйлчилгээгээ сайжруулахыг зорьж байгаа.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Жамъянсүрэнтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болсноос хойш энэ төрлийн хэрэг буурсан үзүүлэлт гараад буй. Тэгвэл нийгэмд ямар өөрчлөлт гарав?
-Хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэргийн талаар мэдээлэх иргэн олширсон. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихэссэн. Үр дүнд нь гэмт хэргийн илрүүлэлт ч нэмэгдэж байна.
-Ийм хэргийг илрүүлж, урьдчилан сэргийлэхэд иргэдийн мэдээллээс гадна хороо, сум дахь гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн оролцоо их бий.
-Хамтарсан баг гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг эрт шатанд нь илрүүлэн, таслан зогсоож, хохирогчдод хууль эрх зүйн гэх мэт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Үүнийг гол зорилго нь ч гэж болно. Түүнчлэн гэр бүлийн гишүүдээ хүчирхийлсэн, ирээдүйд хүчирхийлэх магадлал өндөр хүмүүсийг ч хяналтдаа авдаг. Энэ нь хэргийг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж буй.
Хамтарсан багийн нийгмийн ажилтан хэргийн талаарх дуудлага, мэдээллийг авч, хохирогчид туслалцаа үзүүлэн өдөр тутам тайлан хөтөлдөг. Ингэснээр холбогдох албаныхан зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхэд ч үр дүнтэй байна гэж хардаг юм.
-Энэ багийнхны гол үүргийн нэг нь нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх. Зодуурын шарх эдгэрэх ч сэтгэл санааны хохирол арилахгүй. Гэтэл нийгмийн ажилтан хохирогч иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
Үүнээс хамтарсан багийн чадавх сул буйг мэдэж болохоор байгаа. Сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Холбогдох байгууллагууд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Өнгөрсөн онд л гэхэд дүүрэг, нийслэл, цагдаагийн байгууллага гээд шат дараалсан сургалт хийлээ. Хэдийгээр шаардлагатай төсөв мөнгийг нь тусгаж өгөөгүй ч гэсэн хамтарсан багууд өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа.
Хэрэг дээр ажиллаж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийгээд асуудлыг шийдэж байна. Зарим зайлшгүй тохиолдолд харьяа дүүргийнхээ ИТХ-д хандаж хэрэгтэй санхүүжүүлэлтээ шийдвэрлүүлж, үүргээ сайн биелүүлж байна гэж хардаг.
Сэтгэлзүйчийн шаардлага хамтарсан багт бий нь үнэн. Нийгмийн ажилтан сэтгэлзүйч биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд хохирогчийн айдас, цочролыг арилгах үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ нөхөн сэргээх үйлчилгээг төгс үзүүлэхийн тулд хамтарсан багт сэтгэлзүйч оруулах шаардлага байдаг. Үүнийг холбогдох байгууллага шийднэ үү гэхээс цагдаагийн байгууллага оролцохгүй.
-Тус багийн гишүүд тус бүрнээ ажилтай. Гэтэл хамтарсан багийн ажлыг хариуцахаар ачаалал үүсээд буй. Дээрээс нь хохирогчтой ярилцах өрөө, танхим хороодод байхгүй тул аюулгүйн зэргийн үнэлгээг бодитой гаргахад бэрх байдаг тухай ярьдаг.
-Ийм бэрхшээл бий. Гэхдээ зарим хороо дотооддоо зохион байгуулалт хийж, үйлчилгээгээ сайжруулахыг зорьж байгаа.
А.ЭНХБААТАР: Үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд байнга өртдөг
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний талаар ярилцлаа.
-Хүүхдийн тусламжийн утас 108-ыг 2014 оноос ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд хэчнээн дуудлага хүлээн авсан бэ. Голчлон ямар дуудлага ирэв?
-Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд албан ёсоор ажиллуулж, улсын төсвөөс санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө олон улсын хандивлагчдын тусламж, төслөөс санхүүждэг байв.
108 дугаарын утсанд өдөрт 400 гаруй дуудлага ирдэг. Нийт дуудлагын 55 орчим хувь нь зөвлөгөө, мэдээлэл хүссэн байдаг бол үлдсэн нь зорилтод бүлгийнхэн байсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчигдсөн, хамгаалах шаардлагатай дуудлага юм.
-Үйлчилгээний энэ төв ямар ямар тусламж үзүүлж байна вэ?
-Дээр хэлсэн тогтоол гарахаас өмнө 108 утас зөвхөн холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг байв. Дуудлага, мэдээлэл ирэхээр цагдаагийн байгууллага эсвэл тухайн хороо, дүүрэг, орон нутгийн харьяа газартай нь холбож өгдөг байлаа. Харин тогтоол гарсны дараа шуурхай тусламж үзүүлдэг болсон.
Тодруулбал, шаардлагатай дуудлагад тусгай дуут дохиотой машинаар нийгмийн ажилтан, газар дээр нь очиж, нөхцөл, байдлын үнэлгээ хийж, хэсгийн байцаагчтай хамтран аюулын зэргийг нь тогтоон, түр хамгаалах байранд аваачдаг. Үүний дараа эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээ үзүүлдэг.
-Хамгаалах байранд хэд хоног байлгадаг вэ?
-168 цаг буюу долоо хоног хамгаалах байранд байрлуулдаг. Үүнээс урт хугацаанд байсан хүүхэд ч бий. Өнгөрсөн онд 321 хүүхдэд үйлчилсэн. Он гарснаас хойш 162, нийт 483 хүүхдэд үйлчилжээ. Өнөөдрийн байдлаар хамгаалах байранд 12 хүүхэд бий.
-Гудамжинд гуйлга гуйж буй хүүхдийн талаар 108 утсанд мэдээлэхэд дорвитой арга хэмжээ авдаггүй, өнөөх хүүхэд маргааш нь ахиад л сууж байдаг гэх юм.
-Хэн нэгний дарамт доор хөдөлмөрийн мөлжлөгт өртөж үү, хөгжлийн бэрхшээлтэй аав, ээж, ар гэрээ тэжээх зорилгоор гуйлга гуйж байна уу гэдэг өөр хэрэг. Тиймээс бид гуйлга гуйж буй цаад шалтгааныг нь тодруулж, харьяа дүүрэгт нь мэдээлдэг. Хөдөлмөрийн мөлжлөгт орсон байвал хүүхдийн эрхийн улсын байцаагч нар буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.
-Хүүхдүүдийн олонх нь утасны цаанаас зөвлөгөө, мэдээлэл авдаг гэлээ. Мэргэжлийн сэтгэлзүйч ажилладаг уу?
-Тийм ээ. Үерхэл, нөхөрлөл, цахим ертөнцөд өрнөж буй төрөл бүрийн асуудлын талаар зөвлөгөө авдаг. Өнгөрсөн жил “цэнхэр халим”-тай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авсан хүүхэд олон байсан. Мөн ар гэртээ болсон асуудал, багш нарын зүй бус харилцаа, зан байдалтай холбогдуулан зөвлөгөө авна. Эдгээр дуудлагад ахлах сэтгэлзүйч зөвлөдөг.
Хүүхдийн тусламжийн утас 108-ын хамт олон урьдчилан сэргийлэх, хамгаалах гэсэн хоёр гол зорилготой ажилладаг. Хүүхдээ боловсролтой байхыг шаардахаас нээлттэй харилцаж, зөв хүмүүжүүлэх арга барил эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт дутагдаж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд байнга өртүүлдэг. Жишээ нь, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь ийм хүчирхийлэлд давхар өртсөн нь судалгаагаар илэрсэн.
Манай байгууллага 2018 оны ажлын төлөвлөгөөндөө гэрээр зочлох хөтөлбөр улс орон даяар хэрэгжүүлэхээр тусгасан. Бүх шатны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллана. Хүчирхийлэл гарах эрсдэл бүхий гэр бүлийн нөхцөл, байдлыг тандан судалж, хүүхдийн эрхийн мэдээллийн сан үүсгэх юм. Улсын хэмжээний 860 мянга орчим өрхийн 40 хувьд нь хүрч ажиллахаар зорьж байгаа.
-Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна. Үүнд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. 108 утас руу хэн ч, хаанаас ч үнэгүй холбогдох боломжтой. Тиймээс ийм гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд яаралтай хамгаалалтад авдаг.
Хамтарсан багийнхан сэтгэл зүй, хууль, эрх зүй, аюулгүй байдлын талаар зөвлөнө. Онцгойлон эрүүл мэндийн үйлчилгээ сайн үзүүлэх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлаж, шаардлагатай бол эцэг, эх байх эрхийг нь хасуулж, хүүхдийг асрамжийн газарт шилжүүлэх тохиолдол цөөнгүй гарсан.
-Хүүхдийн тусламжийн утас 108 болон хамгаалах байрны үйл ажиллагааг хэвийн явуулахад бэрхшээл гарч байна уу?
-Ийм утастай болсноор хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил далд үлдэхгүй, ил гарч байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн жил санхүүжилт багатайгаас асуудал гарсан. Хүүхэд хамгааллын зардалд улсын хэмжээнд 396 сая төгрөг төсөвлөсөн байв. Харин энэ онд таван тэрбум төгрөгийн төсөв баталсан. Одоо бидний л хийх ажил үлдээд байна.
-Хэд хоногийн өмнө Архангай аймгийн Чулуут суманд 14 настай хүү аавыгаа буудаж хороосон хэрэг гарсан. Үүнд хамтарсан багийнхан ажиллаж байна уу?
-Хариуцсан прокурорт нь хүсэлт тавьж, хүүг ээжтэй нь хамт байлгаж байгаа гэж өчигдөр (уржигдар) мэдээлсэн. Хүүгийн эрхийг хамгаалах зорилгоор байгууллагаас өмгөөлөгч томилсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеэр манай сэтгэлзүйч хамт байна. Хүү сэтгэл зүйн гүн цочролд орсон. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, гэмт хэрэг үйлдэх үедээ ч зодуулж, сэтгэл зүйн дарамтад орсон байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн.
БАЙР СУУРЬ
Хамтарсан багийн чадавх болон үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд ийн ярив.
960 хүнд тусламж үзүүлсний 299 нь хүүхэд
Ч.ДЭЭДЭНЦЭЦЭГ (ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны нийгмийн ажилтан):
-Манайх эмнэлэгт түшиглэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртсөн хүмүүст сэтгэл зүйн хямралын үеийн үйлчилгээ үзүүлдэг юм. Тэднийг түр хамгаалах байранд 24-72 цаг байлгаж, сэтгэл зүйн хямралаа даван туулахад нь туслан, хууль зүйн зөвлөгөө өгдөг. Мөн нийгэм, халамжийн үйлчилгээ үзүүлнэ.
Хөл нүцгэн, хувцасгүй хүмүүс ч ирдэг учраас нийгмийн үйлчилгээ үзүүлж, цаашид ямар байгууллага, мэргэжилтний тусламж хэрэгтэйг тодорхойлон, холбож өгдөг. Ихэвчлэн дүүрэг, хорооны хамтарсан багт шилжүүлдэг юм. Өнгөрсөн онд 960 хүнд тусламж үзүүлсний 299 нь хүүхэд, 646 нь эмэгтэй, 15 нь эрэгтэй хүн байсан.
Он гарснаас хойш 100 гаруй хүнд үйлчилжээ. Хамгаалах байранд байгаа хүмүүсийг эмнэлгээс хооллож, хувцас болон бусад ариун цэвэр, ахуйн хэрэглэлийг хандиваар цуглуулдаг.
Мэргэжлийн сэтгэлзүйч байхгүй, гэрээгээр ажиллуулсан
Ц.ОЮУНБИЛЭГ (Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөжлийн газрын дарга):
-Өнгөрсөн онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгээр хамтарсан багаа чадавхжуулсан. Энэ жил 10 гаруй сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг дарга нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Маргааш (өнөөдөр) “Хайрлагдсан хүүхэд, хамгаалагдсан хүүхэд” нэртэй аян өрнүүлнэ. Аймгийн төв болон гурван суманд тус бүр нэг хамтарсан баг бий.
Эрсдэлтэй орчинд амьдарч буй 96 хүүхдийг бүртгэсэн. Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хоёр, гэр бүлийн хүчирхийлэлд орсон 2-3, гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн 6-7 хүүхэд байна. Бид багаа чадавхжуулахын тулд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө яаж өгөх зэрэг сэдвээр дөрвөн удаа сургалт явууллаа.
Баянхонгор аймаг хамтарсан багийн сайн туршлага нэвтрүүлсэн учраас бид тэднээс туршлага судалсан. Хамтарсан багт мэргэжлийн сэтгэлзүйч байхгүй учраас гэрээгээр ажиллуулж байлаа. Харин энэ жилээс нэг хүнийг мэргэшүүлж буй. Өнгөрсөн онд түр хамгаалах байртай болсон. Өчигдөр (уржигдар) амиа хорлохыг завдсан нэг хүүг тэнд хүргээд байна.
Арайхийж хоёр сая төгрөг төсөвлүүллээ
Л.БАТДЭЛГЭР (Баянзүрх дүүргийн XXVII хорооны Засаг дарга):
-Манай хорооны хамтарсан баг олон улсын байгууллагаас хоёр хүн гишүүнээр элсүүлж, тэдний тусламжаар үйл ажиллагаагаа залгуулдаг байсан. Үйл ажиллагаандаа зарцуулах төсөв гэж байхгүй учир бусдын адил л зовдог. Манай хороо 16 мянга гаруй хүнтэй. Хоёр орчим мянга нь түр оршин суугч. Үүнээс үүдээд гэмт хэрэг, зөрчил олон гардаг. Тэр бүрт ганц цагдаа л хүрч ажилладаг.
Гэр бүлээ хүчирхийлж, дарамтлах магадлалтай 45 айлыг байнга ажиглана шүү дээ. Тиймээс би нийгмийн ажилтныхаа ажлын ачааллыг боломжийн хэмжээнд бууруулж, тусад нь өрөө гаргаж өгсөн. Мөн өнөө жил дүүргийнхээ төсвөөс хамтарсан багтаа хоёр сая төгрөг төсөвлүүллээ. Дараа жил хороондоо хамгаалах байртай болох зорилго тавьсан. Ер нь хамтарсан багийг санхүүгээр нь дэмжээд өгвөл гэмт хэрэг гарах нь эрс буурна гэж боддог.
Халуун цэгт очдог тэдний аюулгүй байдлыг хангаж чаддаггүй
В.НАРАНЧИМЭГ (Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Хүүхэд, залуучууд, гэр бүл, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн):
-Хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийг 2016 оны аравдугаар сард байгуулсан. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Ийм төв байгуулсан аймаг манайхаас өөр байхгүй болов уу. НҮБ-ын Хүн амын сангийн төслийн санхүүжилтээр боловсон хүчнээ бэлтгэж, тоног төхөөрөмж авсан.
Энэ жил ХНХЯ-наас 65 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Нэг цэгийн төвөөр дамжуулан хохирогчийг хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэн, хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад албадан суулгадаг. Өнгөрсөн онд энэ төвөөр 57 хүн үйлчлүүлсний 20 нь эмэгтэй, 17 нь хүүхэд байсан. Хэдийгээр ийм төвтэй болсон ч хамтарсан багт тулгамдсан асуудал олон.
Аймгийн хэмжээнд хамтарсан баг 24 бий. Энэ багийн гишүүд утас, унааны мөнгөгүй, нэмэлт цалингүй ажиллаж байна. Халуун цэгт очдог тэдний аюулгүй байдлыг хангаж чаддаггүй. Ихэвчлэн согтуу хүмүүстэй ажилладаг шүү дээ. Санаа зовоож буй бас нэг асуудал нь өсвөр үеийнхэн амиа хорлох явдал. Манай аймаг 87 мянга гаруй хүн амтай. Тэдний 30 орчим мянга нь 0-17 насныхан. Өнгөрсөн онд 11 хүүхэд нас барсны тав нь амиа хорлосон. Үүнд бид онцгой анхаарч ажиллаж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хамгаалах төв нь байнгын бөгөөд хангалттай санхүүжилттэй байх ёстой
Олон эмэгтэйн хувьд орон гэр нь тав тухгүй, айдас түгшүүрийг илтгэдэг. Дэлхийн бүх орны эмэгтэйчүүдийн амьдрал гэр бүлийн хүчирхийллээс болж сүйрч байна. Хүний гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хамтран амьдрагч, эсвэл нөхрийнхөө халдлагад өртсөн болохыг олон улсын хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг “Эмнести интернэйшнл” мэдээлжээ.
Тус байгууллагын үзэж буйгаар гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд тухайн улс хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг хангалттай хэмжээгээр, үр өгөөжтэй ашиглах боломжоор хангаж, хууль сахиулах байгууллагуудад ажиллаж буй бүх хүнийг тусгайлан бэлтгэн, эмэгтэйчүүдэд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх аюулгүй орчин нөхцөлийг бий болгох ёстой. Олон улсын туршлагуудаас Беларусийнхыг эш татвал тус орон дахь Хамгаалах төвүүдэд гэр бүлийн хүчирийлэлд хэлмэгдэгсэдтэй хийх ажлыг зохион байгуулах зөвлөмж гэж байдаг.
Үүнд тийм байгууллагыг санхүүжүүлэх стандартыг тусгажээ. Тодруулбал, Хамгаалах төв нь байнгын бөгөөд хангалттай санхүүжилттэй байх ёстойг тусгасан байна. Ийм “асрах газрын” ажилтнуудын цалин, сургалт, томилолт, урсгал зардал (гэрэл, ус, хий, утас, дулаан гэх мэт), байр түрээсэлсний мөнгө, гал тогоо, цэвэрлэгээ, гутал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн тоглоом, бичиг хэргийн бараа, засвар үйлчилгээ, чөлөөт цагийн арга хэмжээ, ном, сэтгүүл, тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн зардал, шуудан, орчуулгын үйлчилгээ, аудит зэрэг зардлыг жилийн төсөвт нь тусгах ёстой хэмээн уг баримт бичигт заасан аж.
Тэрчлэн зардлыг тогтмол тайлагнаж, хянаж байх хэрэгтэйг онцолжээ. Үүний сацуу НҮБ-ын гэр бүлийн хүчирхийллийн тухай загвар хуульд хохирогчид туслах хөтөлбөрийг төдийгүй хүчирхийлэл үйлдэгчид зөвлөх хөтөлбөрийг ч төрөөс санхүүжүүлэх ёстой гэсэн байна. Мөн хохирогчид зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхийн сацуу өөртөө итгэх итгэлийг сэргээж, хүчирхийллээс хамгаалах богино болон урт хугацааны стратеги боловсруулахад тусалж, хэвийн амьдралаа сэргээхэд дэм болох хэрэгтэйг уг хуульд тусгажээ.