Үнэгүйд дуртай монголчууд "Үнсэлцэх шахаж байж Үлэг гүрвэлийн музей, боолголцох шахаж байж Богдын музей, заамдалцах шахаж байж Занабазарын музей, түлхэлцэн байж Түүхийн музей үзэж байгаа" гэх үзэгчдийг харах нь музейн үзмэрээс дутахааргүй үзүүлэн болоод байх шиг.
Үнэт олдвор ихтэй ч үнсэн саарал өнгөтэй, маркетинг ч хийдэггүй болохоор мартагдах дөхөөд байсан музейн дэргэдүүр үе үе гардаг ч орох сэдэл төрөлгүй их удаж. Харин өнөөдөр музей үнэгүй үзэх боломжтой сүүлийн өдөр тул арай өөр.
Музей үзэгчдийн 70 хувийг бүрдүүлж байсан хүүхдүүдийг хараад "хаанаасаа ийм олноороо гараад ирэв ээ" гэж эрхгүй дуу алдан өхөөрдсөөр нэг мэдэхэд урт цуваанд дараалал нэмэн зогслоо.
Ялимгүй даарч хацар нь улаа бутарсан охиноос хэр удаан зогсож буйг нь асуухад "удаагүй ээ 30-хан минут болж байна" гэх нь тэр. Гучин минут гэдэг бага хугацаа биш. Ердийн үед музей үзэх дундаж төлбөр хүүхэд 1000-5000, том хүн 2000-8000 байдаг шүү дээ. Үнэтэй тусаж, мөнгөө харамласандаа хүмүүс музей үздэггүй байсан юм гэж хэлвэл итгэмээргүй сонсогдохоор байгаа биз. Юутай ч үнэгүйдүүлээд ч болсон музей маань үнэ цэнэтэй болчих шиг санагдлаа. Урсгал ус булингартдаггүй, тогтмолжоод удвал л мууддаг. Ном судар баринтагт ороож дээр залагдахдаа гол нь биш үнгэгдээд ч болсон уншигдаж байж үнэ цэнэтэй байдаг болохоор музейг хөдөлгөөнд оруулсан зохион байгуулагчдад талархмаар. Нийслэлд маань нэг ийм хүүхдийн цангинасан хөг дутагдаж байж дээ гэж бодогдоно.
Гэхдээ бужигнахдаа гол нь биш л дээ... Үнэгүй үзэж болох 11 музей тус бүрд өдөрт дунджаар 3000-4000 хүн үзэж буй. Үүрээ сэндийчүүлсэн шоргоолжнууд шиг энэ бужигнаанд 3-4-хөн тайлбарлагчийн үүрэг нь юм тайлбарлахаас илүү хүүхдүүдийг "томоотой үз" гэж орилох болж таарна. Нэг хүнд 1000 хүн оногдоод ирэхээр тэд кондуктор яагаад муухай ааштай байсныг сүүлийн хэд хоногт ойлгосон байж ч болох юм.
Харин би азтай. Хүүхэд байхдаа ганцхан надад тайлбарлаж өгөх VIP тайлбарлагчаа дагаад музей үзэж байж билээ. Тайлбарлагч маань надад "шилэн хоргон дотор байгаа чулуу 60-80 сая жилийн тэртээгээс өдийг хүрэхдээ багагүй зам туулсан гээд ярихад нь миний өвөөгөөс ч хөгшин чулуу байна даа гэж бяцхан оюундаа ойлгон хүндлэлийн хэлтэрхий сууж байсан санагдана. Хэрвээ би шилэн хоргонд байгаа чулууг гадаа миний өшиглөөд өнгөрдөг чулуунаас юугаараа өөр вэ гэдгийг мэдэхгүй бол хүндэтгэнэ гэж үү?
Ухаад байвал музей дуусашгүй үнэт баялагтай тул угтаа үнэгүйдүүлэхэд ч хайран газарсан. Одоо бодоход "Музейд өнгөрүүлсэн шөнө" гээд кинон дээр шөнө болохоор үзмэрүүд амилдаг шиг тайлбарлагч маань үзмэрүүдийг миний оюун бодолд амьдруулж өгдөг байж. Хэрвээ та энэ киног үзэж байсан бол кинон дээр гардаг музейн жижүүр залуу зүгээр нэг жижүүр төдий биш их үйлстэн байсныг санаж буй байх. Миний VIP тайлбарлагч болох ээж минь ч бас миний хувьд тэр жижүүрээс өөрцгүй хүн юм. Үүгээрээ юу хэлэхийг хүссэн бэ гэхээр үнэгүй өдрүүд дууссаны дараа ч бас музейг зорих цуваа бүү тасраасай. Хүүхдийн музей хүртэл гарсан энэ үед багачуудаа дагуулаад музей үзэж яагаад болохгүй гэж...