-Стратегийн салбарын “амин сүнс” болсон “Багануур” компани дампуурах уу-
Нүүрэнтэйн хөндийг эзгүй хээр тал байхад тэндээс геологичид хүрэн нүүрсний баялаг нөөцтэй орд илрүүлж, тэр нь ирээдүйд улс орон даяар элч гэрэл түгээх учиртай байж. Монголдоо л томоохонд тооцогдох Багануур хот Багануурын уурхайг түшиглэн боссон түүхтэй. Тэртээ 1978 онд Багануурын ордоос анх нүүрс олборлож, цахилгаан станцуудад нийлүүлж эхэлжээ. “Багануур” компани 40 жил Монгол Улсын тулганы галыг манасан гэхэд хэн ч маргахгүй. Өдгөө тус ордоос олборлосон нүүрсийг ДЦС-3, ДЦС-4 “шатааж” төвийн бүсийг цахилгаан эрчим хүч, нийслэл хотыг дулаанаар хангаж байна.
Монголын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаараа даадаг энэ компанийн байдал өдгөө тийм ч сайнгүй аж. Техник, технологи нь хуучирч, арай ядан ажиллаж байна. Нүүрс олборлоход онцгой чухал үүрэгтэй техникүүдийг нь шинэчлэхэд 18 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Үүнээс гадна өр төлбөртөө ч баригджээ. “Багануур” компани 93.8 тэрбум төгрөгийн урт болон богино хугацаат өрийн үлдэгдэлтэй. Санхүүгийн дутагдалд орсон энэ компани ажилчдынхаа цалин, үйл ажиллагааныхаа зардлыг “Хас” банкнаас зээл авч хааж байна. Одоогоор “Багануур” компани тус банкинд 20 орчим тэрбум төгрөгийн өртэй болжээ. Тус компанийн төлөх өр Дэлхийн банкинд 22.3, Япон улсын Засгийн газарт 16.2, Хөгжлийн банкинд 3.8, “Эрдэнэс Монгол” компанид 10.1, Засгийн газарт 22 тэрбум төгрөг гэх мэтээр үргэлжилнэ.
Өнгөрсөн хугацаанд ихэнхдээ алдагдалтай, эсвэл өчүүхэн бага ашигтай ажиллаж ирсэн учраас энэ компани өр төлбөрөө нимгэлэх боломж тун хомс. Алдагдалтай ажиллаж байгаа шалтгаан нь тун энгийн. Эрчим хүчний үнэ тарифыг хямд байлгахын тулд цахилгаан станцуудад “Багануур”-ын нийлүүлэх нүүрсний үнийг Засгийн газраас чанд хатуу тогтоодог. Уг уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 29, жижиглэн хэрэглэгчдэд 32 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог ч энэ нь өр төлбөрөө хугасалж, зардлаа хаахад хүрэлцдэггүй.
...“Багануур”-ынхан “Манай компани ордын хайгуулыг бүрэн хийж, нөөцийг нь тогтоосон. Үүгээр зогсохгүй ордыг 60 жил ашиглах зөвшөөрлийг 1998 онд Засгийн газраас авсан учраас бүх гэрчлэх баримт материал бидэнд ялалт авчирна” гэж эрдэж буй. Гэхдээ шүүх эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Хэрэв шүүхээс Ашигт малтмалын газраас 2006 онд хувийн хэвшлийнхэнд олгосон Багануурын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл, мөн 2007 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл хууль ёсных байсан гэсэн шийдвэр гаргавал “Багануур” компани тун эвгүй байдалд орно. Тэднийх “айл”-ын эзэмшлийн талбайгаас 10 сая тонн нүүрс олборлосон хэрэгт унах нь дамжиггүй...
Засгийн газраас нүүрсний үнийг бага ч атугай нэмэхгүй бол “Багануур” хойд хормойгоороо урдахаа нөхөж, үлгэн салган ажилласаар л байна. Засгийн газарт энэ компани ашигтай ажиллах нь хахь хамаагүй мэт аашилдаг. Ажил нь зогсож, амьсгаа нь тасрах дөхвөл татаас өгч гал унтраахаас хэтэрдэггүй. Цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг ядаж 35 мянган төгрөг болгоод нэмчихвэл байдал өөрөөр эргэх нь дамжиггүй. Өр зээлд баригдаж, алдагдал үүрч дөнгөн данган ажиллаж байгаа энэ компани дампуурахдаа тулсан эгзэгтэй цаг ирээд байгааг Засгийн газар анзаарч буй болов уу.
Учир юу гэвээс “Багануур” компани аль социализмын үед өөрийн хөрөнгөөрөө хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордоо алдахад хүрээд байна. Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бүлэглэлийн эзэмшдэг “Алтайн гянт” компани Багануурын ордын дийлэнх нөөцийг агуулдаг ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар шүүхийн танхимд маргаан үүсгээд байгааг манай сонин өмнө нь хөндсөн. Тэд уг ордын нийт нөөцийн 60 орчим хувь буюу 430 сая тонн нүүрсийг эзэмшихээр улайрч байгаа. Хамгийн эмгэнэлтэй нь “Багануур” компани маргаантай байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 10 сая тонн нүүрс олборлочихжээ.
“Багануур”-ынхан “Манай компани ордын хайгуулыг бүрэн хийж, нөөцийг нь тогтоосон. Үүгээр зогсохгүй ордыг 60 жил ашиглах зөвшөөрлийг 1998 онд Засгийн газраас авсан учраас бүх гэрчлэх баримт материал бидэнд ялалт авчирна” гэж эрдэж буй. Гэхдээ шүүх эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Хэрэв шүүхээс Ашигт малтмалын газраас 2006 онд хувийн хэвшлийнхэнд олгосон Багануурын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл, мөн 2007 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл хууль ёсных байсан гэсэн шийдвэр гаргавал “Багануур” компани тун эвгүй байдалд орно. Тэднийх “айл”-ын эзэмшлийн талбайгаас 10 сая тонн нүүрс олборлосон хэрэгт унах нь дамжиггүй.
10 сая тонн нүүрс хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Өдгөө нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 29 мянган төгрөгөөр борлуулж буйг дээр дурдсан. “Багануур” одоохондоо өөрийн бүрэн мэдэлд байгаа ордоос 290 тэрбум төгрөгийн нүүрс олборлоод зарчихжээ. Мэдээж хэрэг явдал буруугаар эргэвэл тэднийх төлж таарна. Өнөөдрийн өр дээрээ нэмээд ийм хэмжээний мөнгө төлөх чадал энэ компанид байхгүй. Үүгээр үл барам тэднийх ирээдүйд ашиглах нөөцгүй хоцорно. Хэрэв шүүхийн шийдвэр “Алтайн гянт” компанийн талд гарвал нэгэнт нөөцгүй болсон, өрөө төлөх мөнгөгүй “Багануур”-ыг тэд хялбархан залгичихна.
Учир мэдэх эх сурвалж “Багануур”-ын хөрөнгө, тоног төхөөрөмж нийлээд 290 тэрбум төгрөгийн үнэд хүрэхгүй гэж баталж буй. Илүү баттай баримтад тулгуурлая гэвэл санхүүгийн тайлан дээрх тоог нь харах хэрэгтэй. “Багануур”-ын санхүүгийн хамгийн сүүлийн тайланд нийт хөрөнгө нь 149 тэрбум төгрөгийн үнэлгээтэйг дурджээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй эл компанийн хувьцааны 75 хувийг Засгийн газрыг төлөөлж, “Эрдэнэс Монгол”, үлдсэнийг аж ахуйн нэгж, иргэд эзэмшдэг. “Багануур”-ын зах зээлийн үнэлгээ нийт хөрөнгийнхтэй нь харьцуулбал хэд дахин бага аж. Тус компанийн нэгж хувьцаа одоогоор 1982-т хүрч, зах зээлийн үнэлгээ нь 40 тэрбум төгрөг дөнгөж давж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн агуулгатай заалтыг 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиас авч хаясны дараа Багануурын ордод хувийн хэвшлийнхэнд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Учир зүйн талаас нь харвал аль эрт хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хувийн хэвшлийнхэнд найр тавин өгөх боломжгүй мэт.
Гэвч шүүх хэрхэн шийдвэрлэхээс их зүйл хамаарна. “Алтайн гянт” компани тус ордод эзэн суувал эрчим хүчний салбарын байдал хэрхэн өөрчлөгдөх бол. Туйлын үнэн нь хувийн хэвшлийнхэн “Багануур” шиг хэзээ ч алдагдалтай ажиллахгүй. Иймээс нүүрсний үнийг нэмэх нь гарцаагүй. Цахилгаан станц, эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний компаниуд дагуулаад үнэ нэмнэ. Товчхондоо, эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ гэсэн үг.
Иргэдийн амьдралд амин чухал хэрэгцээтэй учраас улс орон бүр эрчим хүчийг стратегийн салбар гэж үздэг. Манайд ч ялгаагүй бусдын адил ийм үзэл хандлага ноёлдог. Хувийн хэвшлийнхэн нүүрсээ нийлүүлэхгүй гэж хатуурхвал эрчим хүчний систем хэрхэх вэ? “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн тоног төхөөрөмжийг Багануурын ордын нүүрсэнд тохируулан суурилуулсан. Үүгээр үл барам нүүрс тээвэрлэх дэд бүтцийг нь ч Баганууртай уялдуулсан юм. Иймээс өөр ордоос нүүрс ачиж ирээд станцаа галлачихна гэж даналзах боломж тун хомс. Тиймээс хувийн хэвшлийнхэн нүүрс нийлүүлэхгүй гэвэл улс даяараа гал алдахад хүрнэ. Эрчим хүчний салбар стратегийнх юм бол эцсийн дүндээ Багануурын орд үүний нэг хэсэг нь юм. Тэгэхээр стратегийн уурхайг хувийн хэвшилд найдлага тавин өгөх учиртай юу?
Тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч буй Л.Болд ямар бодлогоор хувийн хэвшлийнхэнд Багануурын ордын лицензийг олгосон юм бол. Энэ бол монгол төрийн алсын хараатай бодлого баримталдаггүйн тод илэрхийлэл. Төр цахилгаан станцуудыг стратегийнх гэж үздэг. Тэгвэл түүнийг нь ажиллуулах “амин сүнс” болдог нүүрс нийлүүлдэг ордыг яагаад үл тоож, хараа хяналтаасаа гаргаж байгаа юм бэ? Ганц Багануур ч биш Шивээ-Овоогийн ордыг хувийн хэвшилд найр тавин өгөх замаар төрийн өмчит “Шивээ-Овоо” компанийн нөөцийг тавьж туусан жишээ бий. Одоо энэ ордын нөөцийн нэг хэсгийг хувийн компани эзэмшээд зогсохгүй “гол тоглогч” болчихсон цохиж яваа.
Үнэ тарифын хатуу хяналтаас шалтгаалан өр ширэнд баригдсан “Багануур” компани ордоо алдвал дампуурах гэж байна. Бодлогын алдаа гаргаж, стратегийн салбарынхаа “амин сүнс”-ийг бусдын гарт найр тавиад өгчихсөн Засгийн газар гар хумин хараад сууж байх гэж үү.