Монголын тамирчид Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгө, хүрэл медалиуд авчирсан түүхэн амжилтад зориулав.
Нэг. ОРШИЛ
Пёнчаны өвлийн Олимпын цас, мөсний драм намжаагүй байна. Монголын цаначид Олимпын буухиаг үргэлжлүүлсэн хэвээр наадам өндөрлүүлэв. Цагаан Олимпын шинэ мөчлөг эхэллээ. Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ Бээжин 2022 Өвлийн Олимпоос эхлэн мөсөнд авиралтын төрлийг шинээр оруулах магадлал тун өндөр байгаа билээ. Тиймээс манай тамирчдын оролцох төрлүүд нэмэгдэхийн зэрэгцээ бидний тооцоолсноор өвлийн спортын төрөлд түүхэн дээд амжилт үзүүлэх боломж мөсөнд авиралтын төрөлд бий. Энэ талаар дор товч өгүүлсү.
Олон Улсын Уулчдын Холбоо/ОУУХ буюу UIAA/ нь Олон Улсын Олимпын Хороонд 1995 онд гишүүнээр элссэн бөгөөд мөсөнд авиралтын төрлийг хөгжүүлэх, дэлхийн улс орнуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн жил бүр Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах 4-5 цуврал/цаашид Цомын цуврал гэх/, Ази болон Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохиож байна. Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр БНСУ-ын Чонгсонд энэ жилийн Мөсөнд авиралтын дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа.
Монголын Уулчдын Үндэсний Холбоо /МУҮХ/-ны шигшээ баг эрэгтэй 5, эмэгтэй 2, нийт 7 тамирчин бүхий бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо. МУҮХ, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин Н.Хэрлэн мөнгөн медаль, “Хязгааргүйд мац” клубын тамирчин Д.Энхбаатар хүрэл медаль авч, багийн дүнгээр Азид IV байр эзлэв.
Энэ бол МУҮХ-ны 60 гаруй жилийн түүхэн дэх анхны медалиуд байлаа. Манай улсын тамирчид ОУУХ-ны буюу дэлхийн чансаагаар мөсөнд авиралтын “эрэгтэй хурд”-ны төрөлд 2012 онд 67 дугаар байр эзэлж байсан бол 2017 онд 40, 2018 онд 16 дугаар байр эзэлж амжилтаа ахиулав. Сургамжтай байх тул өмнөх түүхээ умартан огоорч болохгүй билээ.
Хоёр. ТҮҮХ СӨХВӨӨС
МУҮХ нь ОУУХ-нд 2010 онд гишүүнээр элссэн. Монголын мөсөнд авиралтын анхны тэмцээний тухай түүх сонирхолтой бөгөөд түүхэн ач холбогдолтой юм. Учир нь анх зохиогдсон 2012 ондоо 2 удаа, эхэлж тухайн жилийн 2 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд, удаад нь 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохиогдож байлаа. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг, Орхоны хөндий дэх Улаан Цутгалан хүрхрээнд 2012 оны хавар болон өвөл мөсөнд авиралтын 2 тэмцээн хийсэн түүхтэй.
Хавар, өвлийн анхны тэмцээнүүдийг МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр, “Монгол Экспедишн” ХХК-ийн захирал С.Алдархишиг нар санаачлан хэсэг нөхдийн хамт зохион байгуулжээ. Анхны буюу “Хавар”-ын тэмцээнийг үзэж сонирхох, зохион байгуулах болон авирахаар нийт 30 орчим оролцогч цугларч тэдний талаас илүү хувь нь буюу нийт 18 тамирчин авиралтын зам дээр гарч байж. Тэд Улаанбаатар болон Эрдэнэт хотоос тус тэмцээнийг зорьж ирсэн уулчин залуучууд байлаа. Тэмцээний салхийг ОУХМ С.Бат-Эрдэнэ хагалж байв.
Тухайн жилийн 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохиогдсон “Өвөл”-ийн тэмцээнд оролцсон тамирчдын тоо өссөн бөгөөд 7 баг, нас харгалзахгүйгээр эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөж байв. Зохион байгуулагчдын зүгээс төр засгийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, төв орон нутгийн уулчид, сонирхон хичээллэгч залуучуудын дэмжлэгийг сайтар хүлээсэн тул энэ цагаас эхлэн мөсөнд авирагчдын хүсэн хүлээж оролцдог цор ганц тэмцээн болж өргөжин 2011-2015 онуудад жил бүр уламжлал болон зохиогдсон юм. Энэ хугацаанд оролцогчдын тоо, хамрах хүрээ, ур чадвар эрс өсөв.
Зөвхөн тэмцээнд оролцогч тамирчдын тоо 100 дөхсөн юм. МУҮХ-ноос олон улсын стандартад нийцсэн мөсөнд авиралтын ханыг Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт шинээр барьж 2017 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулсан тул Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэхүү шинэ байгууламж руу шилжүүлэн зохиох болсон. Энэ бол тэмцээн хүлээн авсан 2 дахь хана байв.
Монголын мөсөнд авирагчид хилийн чинад дахь анхны гараагаа 2011 оны 1 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд, БНСУ-ын Чонгсонд зохиогдсон мөсөнд авиралтын дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлжээ. Энэ нь монголчуудын хувьд төдийгүй Ази тивд зохиогдож эхэлсэн анхны цомын тэмцээн байв. Манай улсаас Г.Буянт, Э.Эрдэнэбаяр нар эрэгтэйчүүдийн хурд болон техникийн төрлүүдэд оролцсон түүхтэй. Ази тивийг төлөөлж Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон улс оролцож байсан бол үлдэх 11 улс Америк болон Европ тивүүдээс оролцов. Эрэгтэй 42, эмэгтэй 34 тамирчин өрсөлдөв.
Энэ Цомын цувралын дараа асар удалгүй монголчууд ОХУ-ын Киров хотод зохиогдсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 2 тамирчин, тодруулбал МУҮХ-ны тамирчин спортын мастер Д.Анхболд, Р.Түвшинтөр нар оролцжээ. ОУУХ-ны чансааны жагсаалтад тухайн ондоо буюу 2011 онд манайхан хараахан багтаагүй юм. Гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож эхэлсний гол ач холбогдол нь дараа дараачийн амжилтуудын зам нээж өгсөнд оршино. ОУУХ-ны хөтөлбөрт хамрагдан Д.Анхболд, Ц.Одгарав нар 2013 оны 3 дугаар сард Франц улсад мөсөнд авиралтын олон улсын цугларалт-сургалтыг амжилттай дүүргэн “Батламж” гардан авснаар анхны сургагч багш нар бэлтгэгдэж эхэлсэн билээ.
Энэ цаг үеэс мөсөнд авиралтын төрлөөр сонирхон хичээллэгч залуучууд, дотоод, гадаадын тэмцээн уралдааны тоо, ур чадвар жилээс жилд өсч, ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдэв. Монголчуудын мөсөнд авиралтын анхны гадаад, дотоод тэмцээнүүд “хосолж” эхэлсэн бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөн л “хос” медаль авчирсан нь сонирхолтой тохиол юм.
Гурав. “МӨС УНШИХ” ТУХАЙД ЦУХАС
Монголын уулчид мөсөнд авиралтыг нэг талаас өндөр уулын авиралтын салшгүй нэгээхэн хэсэг мөнийх нь хувьд, нөгөө талаас өвлийн спортын бие даасан төрөл болон олон улсад хөгжиж эхэлсэн цаг үеийг соргогоор мэдэрч тусгайлан бэлтгэл сургуулилалт, дадлага хийхэд анхаардаг байв. Бидэнд олдсон зарим эх сурвалжаас үзэхүл:
* Өмнөговь аймгийн уулчид 1991 онд Говь Гурван сайхан хайрхны Мухар шивэртийн амны мөсөн хана /ойролцоогоор 11 орчим метр өндөртэй/-нд мөсөнд авиралт,сургалт зохиож байжээ. Уулчин Л.Готовдорж, Д.Доржпалам нар ахлан залуу тамирчин Г.Өсөхбаяр, Д.Эрдэнэтогтох нарын зэрэг тус аймгийн бусад уулчид тамирчид оролцсон байна.
* Эрдэнэт хотын уулчид ОУХМ Ч.Ганболд нарын удирдлага дор 1996-1997 оны үест Хүрэнбулагийн рашаан хэмээх газарт байгалийн тогтоцыг ашиглан өвлийн цагт мөсөнд авиралтын анхан шатны сургалт, дадлага хийдэг байсан байна. Эрдэнэт хотоос 2 км орчим ойр зайтай, өвлийн цагт харзалдаг, ойролцоогоор 4-5 метр өндөр ханатай тул хүүхэд, залуучуудын дунд сургалт эрхлэхэд илүү тохиромжтой байсан гэдэг.
* Мөсөнд авиралт, сургалт, судалгаа, өвлийн аялал жуулчлалын зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг дахь Улаан Цутгалан хүрхрээний мөсөн хананд 2001 онд уулчид авиралт хийж байв. Энэ багт Г.Бат-Оронго, Г.Болдбаатар, Д.Баярням, Г.Өсөхбаяр, Р.Тулга, Г.Дандар нар байв. Эдгээр уулчид хожмоо Монгол Улсад төдийгүй тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан алдар цолтой тамирчид, багш-дасгалжуулагч нар болцгоосон билээ. “Монгол экспедишн” ХХК-ийн ерөнхий захирал С.Алдархишиг /2012/нарын тооцоолсноор тус хүрхрээний мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 хэм эгц, мөсөнд авиралтын WI /Water Ice/5 ангилалд хамаардаг.
* С.Алдархишиг нарын /2012 оны 3 дугаар сар/ судалгаанд Мухар шивэртийн ам, Улаан Цутгалан хүрхрээнээс гадна Рашаант /Ховд, Чандмань сум/, Бага Түргэн /Баян-Өлгий, Цэнгэл сум/, Гоожуур /Увс, Ховд сум/-ын зэрэг хүрхрээнд мөсөнд авиралтын тэмцээн зохиох боломжтой гэж үзжээ.
*Завхан аймгийн Улиастай хот, Богдын голын Усан цахилгаан станцын даланг хальсан ус унахдаа хөлдөж тогтдог хэсэгт ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ, Б.Алтангадас нарын уулчид 2013-2015 онуудад авиралт, дадлага хийжээ. Аймгийн төвөөс 40 орчим км зайтай, мөс тогтох эсэх нь тухайн жилийн усны түвшин ямар байхаас шууд хамаардаг тул зарим жил “хуурай” өнждөг байна. Ус элбэг жил 12 дугаар сард авиралт хийх боломжтой байдаг. Ашигласан мөсөн ханын өндөр 10 орчим метр. Боломжтой өндөр 30-40 метр.
* Нэр бүхий зарим тамирчид, хувь хүмүүс санаачлан 2015-2016 онд Улаанбаатарын гэр хороолол дахь хашаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон хотын ойролцоо бага оврын хиймэл мөсөн хана туршилтаар босгож байсан 3 тохиолдол буй.
* Спортын мастер О.Сайханжаргал “Сутайн бор” клуб, Спортын мастер Б.Алтангэрэл “Саммит” клуб нарын санаачилгааар Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2017 оны 12 дугаар сард мөсөнд авиралтын хана байгуулсан. МУҮХ-ноос судалж үзээд Мөсөнд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд ашиглах боломжтой гэж дүгнэн улмаар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Мөсөн ханыг харзны ус, байгалийн тогтоц зэргийг ашиглан 11-12 метр орчим өндөртэй байгуулсан байв.Энэ бол тэмцээн хүлээн авсан 3 дахь хана юм.
Энд дурьдагдалгүй үлдсэн өөр бусад авиралт, сургалт гэх мэт болон бусад боломж байж мэдэх тул урьдчилан хүлцэл өчье.
Эдүгээ уулчид, тамирчдад мөсөнд авиралтын дадлага, техникт сайтар суралцах шаардлага урьд өмнөхөөс илүү чухаг болсныг дурьдах нь илүүц юм.
Дөрөв. БИД ГАРААНААС ХОЦРОЛГҮЙ ГАРСАН…
ОУУХ-ны статистик мэдээнд мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд өрсөлдсөн улс орнуудын тамирчдын чансааг 2002 оноос эхлэн гаргажээ.
Энд тухайлан эрэгтэй хурдны төрлийн талаар товч авч үзье. Цомын цувралын 2012 оны эхний тэмцээн БНСУ-ын Чонгсоноос гараагаа эхэлж байж. Оны хамгийн анхны тэмцээнээс эхлэн ОХУ, Болгар, Словак, БНСУ, Иран, Азербайджан, Япон, БНХАУ, АНУ, Монгол зэрэг 10 орны 34 эрэгтэй тамирчин ОУУХ-ны чансаанд эрэмбэлэгджээ. Монголын тамирчдаас Д.Мөнх-Эрдэнэ, Л.Нямбаяр нар харгалзан 4 ба 3 оноо авч тухайн тэмцээндээ 27 ба 28 дугаар байр, 2012 оны чансаагаар 67 ба 70 дугаарт эрэмбэлэгдэж байв. ОУУХ-ны чансааны жагсаалтад манай улсын тамирчид анхлан орж эхэлсэн нь энэ байлаа.
Харин 2012 онд үргэлжлэн зохиогдсон удаах 4 Цомын цувралд манай тамирчид оролцоогүй юм. МУҮХ нь ОУУХ-нд бүрэн эрхт гишүүнчлэл бүхий болсонтой зэрэг шахам 2011 оноос тамирчдаа ийн оролцуулж эхэлсэн нь монголчууд энэ төрөлд “стратегийн сонирхолтой” байсаар ирснийг гэрчилж байна. Манай тамирчид, ахмад багш дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдийн холч ухаан, хөдөлмөр зүтгэл үнэхээр биширмээр түүх бүтээснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Манай улсын тамирчид 2013, 2014, 2015, 2016 онд ОУУХ-ны чансааны жагсаалтад хараахан багтсангүй.
БНСУ, ОХУ-д зохиогдсон мөсөнд авиралтын дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2013 ба 2015 онуудад тус бүр нэг удаа МУҮХ-ны баг оролцсон хэдий ч нийт 21 удаагийн Цомын цувралыг өнжлөө. Дурьдсан хоёр тэмцээнд Д.Баярмагнай “Сутайн бор” клуб, Л.Нямбаяр, Д.Энхбаатар нар хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Эдгээр он жилүүдийг “уналтын үе” гэе. Энд элдэв шалтгаан дурьдах нь илүүц хэмээн үзнэ. МУҮХ-ны хувьд барианд оролгүй замын дундаас гарсантай ижил бэрхшээл дунд байв. Харин гадаад ертөнцөд энэ үе бол мөсөнд авиралтын төрөл дэлхийн улс орнуудын дунд түргэн хурдацтай хөгжиж улмаар Өвлийн Олимпын хөтөлбөрт дэвшин амжилттай өрсөлдөж дараалсан ялалт байгуулсаар ирсэн үе юм. Дашрамд дурьдахад, Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ нь ОУУХ-г 1995 онд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Мөсөнд авиралтын спортыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Өвлийн Олимпод багтаах зорилгоор ОУУХ нь 2002 оноос эхлэн Цомын цувралыг зохион байгуулж ирсэн бөгөөд эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна. Сочи 2014 Өвлийн Олимпын наадмын үеэр Мөсөнд авиралтын үзүүлэх тоглолт ОХУ-ын Киров хотод зохиогдсон. Энэхүү үзүүлэх тоглолтод МУҮХ-ны тамирчин спортын мастер Д.Анхболд улсаа төлөөлөн амжилттай оролцсон юм.
ОУУХ нь 2015 оны 11 дүгээр сард өөрийн гишүүн үндэсний холбоодод хандаж мөсөнд авиралтыг Өвлийн Олимп болон Олон Улсын Оюутны Спортын Холбооны хөтөлбөрт тус тус оруулахыг дэмжиж байр сууриа илэрхийлэх “Уриалга” гаргасан. Энэхүү уриалгын дагуу МУҮХ болон манай улсын дор дурьдсан 10 их, дээд сургуулиас мөсөнд авиралтыг Өвлийн Олимпод оруулахыг дэмжсэн захидлыг ОУУХ-нд илгээж байв. Тодруулбал, МУИС, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, АШУҮИС-ийн Эм зүй, био анагаахын сургууль, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль, Орхон их сургууль, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, ХУИС-ийн Билэг дээд сургууль, Шинэ иргэншил дээд сургууль, УБТЗ-ын Тээврийн дээд сургууль зэрэг болно. МУҮХ-ноос дээрхи сургуулиудыг мэдээлэл, зөвлөмж зэргээр хангаж идэвхтэй хамтран ажилласныг дурьдах нь зүйтэй.
Ийнхүү мөсөнд авиралтын төрлийг Өвлийн Олимпын хөтөлбөрт оруулах улмаар дэлхий дахинд сурталчлахад монголчууд хувь нэмрээ оруулсаар ирлээ. МУҮХ-ны “стратегийн сонирхол” ойрын зайн элдэв бэрхшээл дунд зүг чигээ алдаагүй юм.
Тав. ГАРААНД ДАХИН ГАРАХ БЭЛТГЭЛ: 2016-2017 ОН
Монголын Уулчдын Үндэсний Холбооны Чуулган 2016 оны 1 дүгээр сард хуралдаж шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжив. Энэ бол эрс шинэчлэлт байлаа. ТОКИО 2020, БЭЭЖИН 2022 Олимпын их наадмуудыг онилсон стратеги, бодлого үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж эхлэв. Удирдлагын шинэ баг хамт олноос мөсөнд болон спорт авиралтын баг тамирчдын амжилтыг ахиулах дотоод, гадаад бүхий л нөөц бололцоог шавхсан “уулын марафон”-ыг эхлүүллээ. Уулын байтугай ердийнх ямар билээ!. Дэндүү амаргүй зам туулж яваа нь тов тодорхой.
Удирдлагын шинэ баг юуны өмнө Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт байрлах авиралтын хана, олон улсын стандартад нийцсэн электрон цаг зэргийг шинээр ашиглан, спорт авиралтын шилдэг тамирчид, багш-дасгалжуулагч, шүүгч нарыг урин оролцуулж амжилттай зохион байгуулжээ. Ахмад тамирчид, спортын зүтгэлтнүүд өргөнөөр уригдан оролцож санал, бодлоо хуваалцах нь уламжлал болов.
Тус тэмцээнд хот, хөдөөгийн 15 багийн 114 тамирчид оролцож байв. Мөсөнд авиралтын 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 1 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд МУҮХ өөрийн хүч, хөрөнгөөр босгосон “шинэ байгууламж” дээр, ОУУХ-ны шүүгч, зам тавигч нарын техникийн туслалцаатайгаар зохион байгуулсан нь уулчид, тамирчдын итгэл найдварыг сэргээсэн юм. Тэмцээнд нийт 80 гаруй тамирчин оролцсон нь 2011 оныхоос бараг 7 дахин өссөн үзүүлэлт байлаа. МУҮХ-ны урилгаар ОУУХ-ны дэд ерөнхийлөгч Питер Фаркаш манай улсад 2 удаа: 2015 оны 10 ба 2016 оны 1 дүгээр саруудад ажлын айлчлал хийв.
ОУУХ-ноос МУҮХ-ны шинэ баг хамт олонд бодит дэмжлэг үзүүлж эхэллээ. МУҮХ нь ОУУХ-ны Залуучуудын комисст 2015 оны 5 дугаар сараас гишүүнчлэлтэй болов. Мөсөнд болон Спорт авиралтын хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо, ур чадвар хурдан ахиж эхэллээ. Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь Олон Улсын Спорт Авиралтын Холбоо /ОУСАХ буюу IFSC/-нд 2007 онд дэд гишүүнээр элссэн бөгөөд бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтээ 2016 онд уламжилсныг ОУСАХ /IFSC/ хүлээн авч Канад улсын Квебек хотноо 2017 оны 3 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд хуралдсан тус холбооны ээлжит Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэн МУҮХ-г санал нэгтэйгээр “Бүрэн эрхт” гишүүнээр батлав.
Үр дүнд нь МУҮХ ба ОУУХ /UIAA/, МУҮХ ба ОУСАХ /IFSC/ хоорондын хамтын ажиллагаа нээлттэй, урьд өмнөхөөс илүү үр өгөөжтэй өрнөх болсны зэрэгцээ манай талаас дэвшүүлсэн ажил хэрэгч саналууд олон улс, тухайлбал ОХУ ба БНХАУ-тай өрнүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ажил хэрэг болж эхэллээ. МУҮХ нь Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Олимпын төрөл хариуцсан гишүүн холбоо мөн тул 2017 оны 5 дугаар сард хуралдсан МҮОХ-ны VII Чуулганд 3 төлөөлөгчөө оролцуулан улмаар МҮОХ-ны Хяналтын зөвлөлийн дарга болон Санхүү, бизнесийн комиссын гишүүнээр уулчдын 2 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.
Мөсөнд авиралтын төрлөөс гадна Спорт авиралтын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаан хугацааны дараа дахин оролцож эхэллээ. МУҮХ болон гишүүн клубүүдийн сургалт дасгалжуулалт болон бэлтгэлжилт системтэй дээшлэх эхлэл тавигдав. МУҮХ-ны чадавхийг сайжруулах бусад олон зүйл бодит ажлууд санаа нийлсэн сэтгэл, зүтгэлтэй залуучуудын оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна. ”Хүн ахтай дээл захтай” тул ахмад уулчид, тамирчид эвлэлдэн нэгдэж МУҮХ-ны дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулан хүч нэмлээ.
Монголын Уулчдын Үндэсний Холбоо ба Өндөр уулын авиралт, Хаданд авиралт, Спорт авиралт, Мөсөнд авиралтын төрлүүд Олимпын таван цагариг лугаа адил салшгүй барилдлагатай хөгжсөөр нэгэн жарныг туулсан түүхийн “шинэхэн” үргэлжлэл ийм бөлгөө. “Саалиа бэлдэхээр саваа бэлдэв”. Энэ үеийг сэргэлтийн эхэн гэе.
Зургаа. ДАХИН ГАРЧ ИРЭВ: 2017 ОН
Энэ үест ОУУХ-ны Цомын цувралыг зохион байгуулагч нэгэн шинэ гишүүн орон 2017 оноос нэмэгдэв. Энэ бол манай өмнөд их хөрш БНХАУ. Урт хугацаагаар завсарласны эцэст МУҮХ-ны 5 гишүүнтэй баг, үүнээс эрэгтэй 2 мөсөнд авирагч тамирчин БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг 2017 оны 1 дүгээр сар /07-09-ний өдрүүд/-д зорилоо. МУҮХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Д.Батболд, Мөсөнд авиралтын хорооны гишүүн С.Дэлгэрмэрэн нар дэлхийн цомын тэмцээний шүүгчээр ажиллав. Энд эрэгтэй хурдны төрөлд 8 орны 34 тамирчин өрсөлдсөнөөс МУҮХ, “Сутайн бор” клубын тамирчин Н.Хэрлэн 12 оноо авч 20 дугаар байр эзэлсэн юм.
МУҮХ, “UB Хайкинг” клубын тамирчин Д.Отгонхүү тэмцээнд мөн амжилттай оролцов. Дашрамд сонирхуулахад, тамирчин Д.Отгонхүү нь ОХУ-д зохиогддог Redfox Elbrus Race өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээнд 2013-2017 онуудад дараалан оролцсон. Уулын гүйлтэд түрүүлэх нь гол бус харин замаа дуусгасан нь ялагч байдаг бол тэрбээр 2017 оныход замаа дуусгаад зогсохгүй улмаар түрүүлж алтан медаль авчирсан бахдам амжилтын эзэн билээ.
Дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах зэрэг 2017 оны бусад 4 цуврал тэмцээнүүдийг МУҮХ өнжсөн тул ОУУХ-ны мөсөнд авиралтын улирал өндөрлөхөд тамирчин Н.Хэрлэн дэлхийн чансааны 40 дугаарт эрэмбэлэгдэв. Ахиц гарч урам сэргэв.
Долоо. “МОНГОЛЧУУД ОРЖ ИРЛЭЭ”: 2018 ОНООС
Урьдчилаад, энэ үеийг МУҮХ-ны амжилтын эхэн үе гэе.
ОУУХ-ны нийт 5 Цомын цуврал 2018 онд зохиогдож хэдхэн хоногийн өмнө дүнгээ гаргалаа. МУҮХ-ны баг БНХАУ-ын Хөх хот, БНСУ-ын Чонсонг, ОХУ-ын Кировыг дараалан зорьж тэмцээн тус бүрт амжилттай оролцлоо. Энэ жилийн мөсөнд авиралтын улирал “Киров”-ын Цомын тэмцээнээр өндөрлөж байгаа болно. Урд хөршид анх удаа зохиогдсон Цомын цувралд манай тамирчид эрэгтэйчүүдийн хурд болон техникийн төрлүүдэд оролцсоноос Н.Хэрлэн “Сутайн бор” клуб, О.Сайханжаргал “Сутайн бор” клуб, Д.Энхбаатар “Хязгааргүйд мац” клуб нарын 3 тамирчин урьдчилсан шатнаас шалгарч хагас шигшээ уралдаанд хурд хүчээ сорьсон нь урьд өмнө тохиож байгаагүй өндөр амжилт байв.
Дэлхийд хамгийн хүчирхэг ОХУ-ын баг “Монголчууд орж ирлээ“ хэмээн үнэлж, урам өгсөн гэдэг. МУҮХ-ны багийн амжилтыг ОХУ-ын Мөсөнд авиралтын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУУХ /UIAA/-ны Ерөнхий шүүгч П.Э.Шабалин өндөр үнэлж удаах буюу БНСУ-ын Чонгсоны Цомын цуврал болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Манай тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хангахад энэ орос эрхэм үлэмж тус дэмжлэг үзүүлсээр ирсэнийг онцлон тэмдэглэе. Монголд эрхэм П.Э.Шабалиныг тааламжтай үедээ айлчлахыг урьсан бидний урилга биелэлээ олно гэдэгт итгэнэ.
Харин МУҮХ-ноос техникийн шинжтэй /виз болон бусад/ бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэрлэж чадсаны үр дүнд эрэгтэй 5, эмэгтэй 2 авирагчтай бүтэн баг БНСУ-ын Пёнчан 2018 Олимпын наадмын өдрүүдэд зорьсон юм. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй хурдны төрөлд Н.Хэрлэн 10 дугаар байр, Д.Энхбаатар 15 дугаар байр эзэлсэн бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Хэрлэн мөнгөн медаль, Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж, МУҮХ багийн дүнгээр 4 дүгээр байр эзэлсэн нь түүхэн амжилт байлаа.
Монголын багийн амжилтад ОУУХ-ны Ерөнхийлөгч Ф.Вриджландт тусгайлан баяр хүргэж амжилт хүслээ. Багийн тамирчин бүр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний үзүүлсэн амжилт хялбар олдоогүй юм. Мэдээ баримтаас үзэхүл, БНСУ-ын Чонгсон хот дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2011 оноос хойш жил бүр, БНХАУ 2017 оноос эхлэн хүлээн авч байна. Өмнөд хөрш маань тогтмол хүлээн авах нь дамжиггүй биз.
Харин ОХУ-ын Киров хот тэмцээнийг 2012, 2013, 2015, 2018 онуудад хүлээн авчээ. Манай хойд хөрш 2-3 жил тутамд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах дүр зураг ажиглагдаж байна. Харин манай улсын баг тамирчид “Киров”-ыг өнжихгүй байх нь чухал юм. Мөсөнд авиралтын төрөлд ”Кировская школа ледолазания” гэх нэршил тогтсон нь дэлхийд тэргүүлэх сургалт, амжилтын эзэд Киров /ОХУ/-ынх гэсэн товч тодорхойлолт гэдэгтэй манай тамирчид санал нэгдэх буй за.
Мөсөнд авиралтын Улаанбаатар хот, Улсын аварга шалгаруулах тэмцээний “техник” болон “хурдны” өрсөлдөөн харьцангуй богино хугацаанд эрчимтэй өслөө. Ялангуяа “эрэгтэй хурдны төрөл”-ийн дотоодын тэмцээнүүд Ази тивдээ өндөр зэрэглэлтэйд тооцогдох чансаа агуулж байна. Манай улсын хошой аварга, “Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэнгийн амжилт болон түүний гадаад, дотоод өрсөлдөгчид үүнийг бэлхнээ нотолж байна. ОУУХ-ноос 2018 оны мөсөнд авиралтын улирлын төгсгөлд дэлхийн чансааг шинэчлэн хэдхэн хоногийн өмнө гаргалаа. Дэлхийн 18 орны нийт 61 тамирчин эрэгтэй хурдны төрөлд эрэмбэлэгдсэнээс МУҮХ-ны тамирчин ОУХМ Н.Хэрлэн 16, Д.Энхбаатар 25, спортын мастер О.Сайханжаргал 27, Д.Отгонхүү 36 дугаар байр тус тус эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Амжилтад нууц байхгүй.
Найм. БИД БАРИАНД ХОЦРОЛГүЙ ОРОХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
БЭЭЖИН 2022 Өвлийн Олимпын шинэ тоолол эхэллээ. Зуны Олимп ТОКИО 2020 эхлэх хугацаа хаяанд ирлээ. Эдгээр төрлүүдээр Монголын Уулчдын Үндэсний Холбоо өөрийн дотоод нөөц бололцоог шавхан ажилласны үр дүнд чамгүй амжилтад хүрээд буй хэдий ч Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын дэмжлэг зайлшгүй нэмж хэрэгтэй болсон цаг үетэй тулгарлаа.
ТОКИО 2020, БЭЭЖИН 2022 Олимпын тоглолтуудыг онилсон их ажлын жаргал зовлонг нэгтгэн хураангуйлваас Мөсөнд болон Спорт авиралтын улсын шигшээ багийг нэн даруй байгуулж бэхжүүлье. Энэ бол өдөр тутам хөлс хүч, хөрөнгө мөнгө зарсан хүнд хөдөлмөр байх нь ойлгомжтой билээ. “Уулын марафон” үргэлжилсээр… Замаа дуусгасан нь ялагч.
-o O o-
Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүн, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
А.Батсүх PhD
2018 оны 3 дугаар сар
Улаанбаатар