Өмнөх парламент 2015 онд сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар баталсан билээ. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулах талаар парламент хэлэлцэж байх үед СЕХ-ноос “Уг төслийг дэмжих боломжгүй” гэсэн саналаа хүргүүлсэн ч түүнийг нь хууль тогтоогчид хэрэгсэж үзээгүй.
Нэгдсэн хуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа багагүй зүдэрсэн сонгуулийн төв байгууллага өнгөрсөн онд “2016 оны сонгуульд нэгдсэн хуулийг хэрэглэхэд зарим заалт дээр будлих, асуудал зохицуулахад хүндрэл учрах зэрэг бэрхшээл тулгарсан” хэмээн зовлонгоо тоочиж байж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг “өрх тусгаарлуулсан”. Тэгвэл одоо УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг салгах саналаа УИХ-аас хүргүүлээд буй.
Оны өмнө хүргүүлсэн сонгуулийн төв байгууллагын саналын мөрөөр УИХ дээр намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулах тухай яриа гараад чимээ тасарлаа. Уг ажил юу болж байгаа, Сонгуулийн хуульд энэ парламент гар хүрэх, эсэх талаар сураг тавилаа.
ТОЙРОГ ДАХИН ЗУРАХ УУ
СЕХ-ны гаргасан саналын дагуу Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу, хэрэв гар хүрэх болбол ирүүлсэн саналаас гадна ямар хөдөлгөөн хийх вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүд ярилцаж байгаа аж. Энэ дөрвөн жилд ямар ч асуудлыг толгой мэдэн шийдэх эрхтэй УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн “Нэгэнт гар хүрвэл, 2020 оны сонгууль дөхүүлж, нөхцөл байдлыг харж байгаад, судалгаа шинжилгээнд үндэслэсэн дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Ялангуяа жижиг мажоритар тогтолцоотой үед сонгогчдын саналын багахан савлагааны үр дүн томоор илэрдгийг бодолцох шаардлагатай” гэсэн санал гаргаж буй сурагтай.
Мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээгдүүлдэг сул талтай. Санал өгсөн сонгогчдын 45-хан хувийн дэмжлэгийг авсан МАН парламент дахь суудлын 85 хувийг эзэлж буй нь үүний тод жишээ. Дараагийн сонгуульд сонгогчдын хандлага АН руу багахан хэлбийхэд л АН, МАН-ын өнөөгийн байр суурь солигдох боломжтой гэдгээс болгоомжилж буй хэрэг.
Мажоритар тогтолцооны энэ сул талыг шүүмжилсээр хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж, 2012 оны сонгуулийг ийм хувилбараар зохион байгуулсан. Ингэхэд сонгогчдын санал гээгдэх нь багассан боловч улс төрийн хүчнүүдийн аль нь ч засгийн эрх дангаараа барих хэмжээний суудал аваагүй, олон намын төлөөллийг багтаасан парламент бүрдсэн.
Ялагчгүй парламент бүрдүүлсэн, тэр тусмаа жижиг намуудад ивээлээ өгсөн, засаглалыг тогтворгүй болгох сул талтай холимог тогтолцоо нь АН, МАН хоёрт таалагдаагүй учраас 2016 оны сонгуулийн өмнөхөн хавсайдаж байгаад хувь тэнцүүлсэн тогтолцоог халж, муулж, муучилдаг мажоритар руугаа буцсан. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гээд ҮХЦ-ээр дүгнүүлчихсэн тул эцэг хуулийг өөрчлөхөөс нааш дахин ашиглах боломжгүй. Тэгээд ч том намд биш, жижгүүдэд ашигтай холимог, хувь тэнцүүлсэн тогтолцоог Сонгуулийн хуульд оруулах сонирхол АН, МАН-ын аль алинд нь байхгүй.
Харин мажоритар тогтолцоогоо хэвээр хадгалж, жижиг тойргоо томсгох хувилбар байж болох талаар гишүүд санал солилцож байгаа аж. Жижиг тойрогт жинхэнэ мөнгө, хар пиарын тулаан өрнөдөг. Энэ нь сонгуулиас сонгуульд улам хорон болж буй. “Хөрөнгө мөнгөтэй хүмүүс тухайн тойргийн хэдхэн хүний саналыг худалдаж аваад улс орны амьдралыг шийдэхэд оролцож байна” гэх шүүмжлэл ч гардаг учраас тойргоо томсгоё.
2008 оных шиг олон мандаттай 26 тойрог, эсвэл өмнө нь нэг биш удаа яригдаж байснаар 76 мандаттай нэг тойрог (Монгол Улсыг нэг тойрог гэж үзэх) болгож болох юм гэх хүн ч хуучин гишүүдийн дунд байгаа аж. Харин УИХ-д цөөн сонгогдсон шинэ гишүүд үүнээс баахан жийрхэж, “Томсгосон тойрогт нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөхөөс аргагүй болдог сөрөг талтай” хэмээцгээжээ.
“СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛСӨН НАМ ЯЛАГДДАГ”
“Сонгуулийн хуулийг өөрчилсөн нам ялагддаг” гэх мухар сүсэг ч гэмээр яриа Төрийн ордонд тэнүүчлээд удаж буй. МАН олонх байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжүүлээд ялагдсан бол АН эрх барьж байхдаа 2016 онд мажоритар тогтолцоог сэргээгээд “гудамжинд гарсан” нь энэ ярианд хүч нэмдэг. Сонгуулийн хууль өөрчлөх талаар санал солилцсон өнөөгийн гишүүд ч энэ үгийг хэлэлцсэн байна.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд тун болгоомжтой хандаж, “Өнөөгийнхөөрөө байсан нь дээр байх, ямартай ч одоохондоо яаран хөдлөөд дэмий” гэлцэж байгаа гэнэ. Сонгууль дөхөхөөр хуульд өөрчлөлт орууллаа ч жижиг намуудад боломж олгохгүй, хоёр том нам ээлжлэн засгийн эрх барих сонирхолд нь нийцсэн мажоритар тогтолцоогоо өөрчлөхгүй нь тодорхой аж. Харин түрүүчийн парламентаас хойш ярьсаар сая л санал болгож хүргүүлсэн СЕХ-ны төсөл хууль болж чадах, эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр.
СЕХ-НООС УИХ-Д ХҮРГҮҮЛСЭН САНАЛД ИЙМ ЗААЛТУУД БИЙ
Сонгуулийн төв байгууллагаас УИХ-д ямар санал хүргүүлснийг сануулъя. Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, УИХ, орон нутгийн сонгуулийн хуулийг салган, УИХ-ын сонгуулийн хуулийг бие даасан хууль болгох нь тэдний нэн тэргүүний, хамгийн том зорилго. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, орон даяар сонгууль нь болдог, орон нутгийн сонгууль бол орон нутгийн чанартай, тухайн аймаг, сумын асуудал. Энэ хоёрыг нэгтгэн зохион байгуулах нь багагүй хүндрэл дагуулдаг учраас тус тусын онцлогийг тусгасан бие даасан хууль батлуулахаар саналдаа дурджээ.
Сонгуулийн байгууллагын ажилд хүндрэл учруулж, хардлага сэрдлэгийн бай болгож буй гол асуудлуудыг таслан зогсоохын тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тухайлбал, сонгогч өөрийн байнга оршин суудаг хаягтаа хамаарах тойрогт саналаа өгдөг байх, УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэхээс санал авах өдөр дуусталх хугацаанд сонгогч албан томилолт болон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тодорхойлолтоор түр шилжин явах болбол зөвхөн тухайн сонгуулийн хэсгийн хороондоо саналаа урьдчилан өгөх, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тодорхой хэмжээний мөнгийг дэнчин хэлбэрээр дансанд байршуулах, хэрэв нэр дэвшигч сонгогдсон, сонгогдоогүй боловч сурталчилгааны хугацаанд хууль бус сурталчилгаа явуулж, зөрчил гаргаагүй бол дэнчинг буцаан олгох, бусад тохиолдолд дэнчинг улсын орлого болгох, УИХ-ын гишүүнээр 30 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг сонгох, сурталчилгааны хугацаанд интернэт орчинд хувийн сэтгэгдэл бичихийг хориглох, бусадтай хуваалцах, сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор олон нийтийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа хийх гэх мэтийн сонирхол татах зохицуулалтыг хуульд зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа СЕХ-ны ажлын хэсэг УИХ-д хүргүүлсэн саналаараа уламжилсан байна.
Өөр нэг анхаарал татахуйц санал нь УИХ-ын сонгуульд сонгогчдод ирцийн босго тавихгүй, санал өгсөн сонгогчдын олонхын саналаар ялагчийг тодруулдаг болох тухай юм. Жилээс жилд сонгогчдын идэвх суларч, ирц бүрдүүлэхэд хүндрэл учирч буйн буруутан нь СЕХ болдог учраас ийн шийдсэн бололтой.
Өнгөрсөн парламентаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “мартаж” орхисон “Ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр батлахыг хориглоно” гэсэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр сэргээхийг СЕХ хүсэж буй аж.
Хэвлэлийнхний сонирхлыг татахуйц нэг санал энд бий. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр явуулна хэмээн хязгаарласан. Энэ санал хуульд тусвал сонгуулийн сурталчилгааг бүх радио, телевизээр явуулах боломж хуулиар нээгдэж мэднэ.
Мөнгө, санхүүтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг хуульд оруулах хүсэлтээ илэрхийлжээ. Тухайлбал, саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтасны зардал, саналын хуудсыг устгах зардал, сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан зөрчлийг мэдээлсэн иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зэрэг зардлыг хуульд тусгахыг хүссэн байна. Мөн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг СЕХ-нд ирүүлдэг байсныг шууд АТГ-т гаргадаг болох, өр төлбөртэй, эсэх тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авдаг байсныг шүүхээс авдаг болгохоор тусгасан гэнэ.
Түүнчлэн ээлжит сонгууль товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох процесс тусдаа байсныг нэгтгэж, сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аас хамтад нь тогтоодог байх, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, хэсгийн хороонд ажиллах сонгуулийн байгууллагын болон иргэний бүртгэлийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн даамал зэрэг хүн тухайн хэсгийн хороонд шилжин ирж саналаа өгөх зэрэг техникийн шинжтэй зохицуулалтыг хийх хэрэгтэйг ч сануулсан байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авснаас таван өдрийн дараа сурталчилгаагаа эхлүүлэхээр байгаа. Энэ хооронд нэр дэвшигчид сурталчилгаагаа ил, далдаар хийж, хууль зөрчих нөхцөл бүрдээд буй тул нэр дэвшигчдэд үнэмлэхээ авсны дараа өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэх боломж олгох, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог тогтоох нь зөв гэж үзжээ. Өмнөх хуулиар уг асуудлыг зохицуулаагүй учраас хэдэн ч тээврийн хэрэгсэл ашиглах боломжтой, энэ нь эргээд хяналт тавихад бэрхшээл үүсгэж байсан аж.
Сонгуулийн төв байгууллага УИХ-д Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой ийм саналууд хүргүүлсэн байна.