Автобусанд орж ирсэн зорчигч жолоочид 500 төгрөг өгч байхыг цөөнгүй харсан юм. Нэг удаа яг ийм үйлдэл хийгээд голын хаалга хавьд ирж зогссон бүсгүйгээс “Таны өгсөн мөнгийг жолооч өөрөө авах болов уу” гэхэд “Би орж ирсэн хүмүүсээс давхар дараад өгөөч гэж гуйгаад барсангүй, боломжгүй гээд байлаа. Тэгэхээр нь жолоочийг гуйчихлаа” гэв. Түүнд хүрэх газраа хүрэх нь чухал болохоос мөнгө хэнд очих нь ер сонин биш бололтой.
Дараа нь нэг удаа өөрөө давтаж үзэхэд болж байна аа. “Орж ирсэн хүнээр даруулаад өг, тэгэх үү” гээд 500 төгрөг өгөхөд жолооч толгой дохиод авсан. Даруулсан уу, халаасандаа хийсэн үү, бүү мэд. Хожим хүмүүстэй энэ талаар ярилцахад хааяа тэгж явдаг гэж байв. Картаа цэнэглүүлэх гэхээр ТҮЦ хаалттай байдаг ч юм уу, эсвэл тухайн буудалд цэнэглэх цэг байхгүй болохоор яах аргагүй мөнгөө бариад автобусанд орох тохиолдол бишгүй байдаг бөгөөд яаж явах нь зорчигч, жолооч хоёрын хэрэг.
Энэ “хуулийн цоорхой”-г алгасаад, ер нь нийслэл дэх нийтийн тээврийн гол үйлчилгээ болсон автобусны эргэн тойронд ямар асуудал байна, ухаалаг хэмээх картаар үйлчилж эхэлснээс хойш хоёр жил гаруй болоход бид хэр дэвшив гэх зэрэг асуултад хариу хайж сурвалжилсан юм.
Ухаалаг картаа цэнэглүүлж аваад хэд хэдэн чиглэлийн автобусаар зорчиход анхаарал татсан зүйл ер гарсангүй. Зорчигчид урд хаалгаар орж, картаа уншуулж хойшилсоор, дараагийн зогсоолд буусаар, өөр хүмүүс орж ирсээр байлаа. Энэ мэтчилэн нийслэлд өдөрт автобусаар давхардсан тоогоор 700 гаруй мянган хүн үйлчлүүлдэг гэсэн.
Замын түгжрээ ашиглаж жолоочтой ярилцахаар, “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн автобусанд орлоо. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I баазын жолооч Б.Шийтэр зорчигчдод үйлчилж явна. Тэрбээр “Манайхан муу ч, сайн ч юманд дасахдаа амархан улс шүү дээ. Одоо бүгд картаар үйлчлүүлээд сурсан. Хааяа бэлэн мөнгө барьсан хүмүүст шаардлага тавихад өөдөөс агсарч бухимдуулна уу гэхээс өөр асуудал гайгүй. Картаар зорчих болсноор зааланд чимээ шуугиан багатай болсон.
Кондуктортой байх үед бас овоо дуутай байж дээ гэж боддог. Сонины сурвалжлагч явж байгаа дээр хэлье. Жолооч нараар автобус цэвэрлүүлдгийг болиулах арга байна уу. Өдөржин түгжрээтэй замд хөдөлгөөний аюул байдал ханган, нийтэд үйлчилж ядарсан хүмүүс орой буух болоход автобусаа цэвэрлэх үнэхээр хүндрэлтэй. Ядрахаас гадна их бухимдах юм.
Бас нэг асуудал байна. Жолооч нарт жорлон хэрэгтэй байна. Лав Чингэлтэйн чиглэлд энэ асуудал хэцүү. Бусдыг мэдэхгүй. Бид боломж гаргаж байж энд тэндхийн булан тохой бараадаж хөнгөрдөг. Заримдаа шээсээ маш удаан хавчиж явдаг. Янз бүрийн өвчтэй болж байгаа байх. Ийм л зовлон байна. Бусдаар, ялангуяа картаар зорчих талд шүүмжлэлтэй зүйл байхгүй” гэлээ. Түүнээс “Зорчигчид танд мөнгө өгдөг үү, авдаг уу” гэж асуусангүй.
Тэр автобусанд явсан нэгэн зорчигчтой ярилцахад “Хотын зах хавьцаа хүлээлгэдэг гэдэг юм билээ. Ойрхон зуур явдаг болохоор надад анзаарагддаггүй. Нэгдүгээр эгнээгээр явдаг байхдаа бүр амар байсан. Одоо адилхан түгжрээн дунд явж байх болж. Тэр журмаа цуцалчихсан юм байх даа. Түгжрэл л байна. Бусдаар бол хамгийн найдвартай, хямд унаа бол автобус” гэж байлаа.
Нийслэлд ухаалаг карт цэнэглэх 500 цэг байдаг аж. Түүний нэг нь Хүнсний I дэлгүүрийн сонин худалдаалах ТҮЦ аж. Тэнд ажилладаг эмэгтэйтэй уулзаж мэдээлэл авахад “Өдөрт 50-60 хүн карт цэнэглүүлдэг. Үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл гээд байх юмгүй. Сард орлогын нэг хувиар цалинждаг. Энэ нь хаа хаанаа хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.
Иргэд картаар зорчдог болсон нь дэлхийн жишигт нийцсэн дэвшил билээ. Энэ үйлчилгээг хариуцдаг “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргалтай уулзаж, нийтийн тээвэрт хэрэглэж эхлээд гурван жил болох дөхөж буй шинэ технологийн эргэн тойронд сайн болоод саар зүйл юу ажиглагдаж байгаа талаар асууж ярилцсан юм.
-“Улаанбаатар смарт карт” компанийн тухай танилцуулна уу?
-Манайх нийслэлийн өмчийн оролцоот, Улаанбаатар болон Сөүл хотын хамтарсан компани. 2014 онд нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлд шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх журам”-ын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарласан.
Түүнд Монгол, БНСУ-ын таван компани хамтарч “Дата карт” хэмээх консерциум байгуулан орж шалгарсан юм. Ингэснээр нийслэлтэй хамтарч “Улаанбаатар смарт карт” хэмээх компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргатай байгуулсан мастер гэрээний хүрээнд ажилладаг.
-Ухаалаг карт үйлчилгээнд нэвтрүүлж эхэлснээс хойш ямар дүгнэлт хийв. Сайн болоод дутагдалтай тал юу байна вэ?
-Үйлчилгээний нээлтийг 2015 оны долдугаар сарын 22-нд хийсэн. Ажил, үйлчилгээнд хөндлөнгийн байгууллага, эсвэл олон нийт, хэвлэл мэдээллийнхэн дүн тавих байх. Бидний зорилго бол иргэдийг амар хялбар зорчуулж, ая тухтай байлгах. Сайн талууд бий.
Хүний оролцоог аль болох бууруулж, автоматчилснаар иргэд бэлэн мөнгөтэй харьцахгүй болсон. Олон улсын жишигт нийцэхүйц үйлчилгээ авах нь сэтгэл зүйн хувьд ч давуу тал. Мөн иргэд санхүүгийн хувьд бүрэн төлөвлөөд явах боломжтой болж байгаа. Хүүхдүүддээ унааны мөнгийг нь өгөхөд амар болсон. Дамжин суултын хөнгөлөлт эдлээд, нэг удаагийн төлбөрөөр хоёр дахид нь үнэгүй зорчиж байна гэдэг ч давуу тал.
Нөгөө талаар нийтийн тээврийн бодлого боловсруулж буй Нийслэлийн нийтийн тээврийн газарт тээврийн үйлчилгээтэй холбоотой бүхий л дата мэдээлэл бодитоор цуглардаг болсон. Эднийх өдөрт хэдэн хүн, хаанаас суугаад хаа хүрч байна, хэдэн төгрөгийн орлого орж байна, хэдэн автобус үйлчилгээнд гарсан, ямар гүйцэтгэлтэй ажиллав гэх зэрэг нийтийн тээвэр, зорчигч урсгалын судалгааг манай системийн тусламжтайгаар авч ашиглаж байгаа.
Систем нэвтрэхэд иргэдийн, жолооч нарын болон ажиллаж буй бусад хүний дэмжлэг, оролцоо их байсан. Тэр хүчээр төсөл амжилттай хэрэгжсэн гэж боддог. Гэхдээ сүүлийн үед сул тал ажиглагдах болсон. Зарим тохиолдолд иргэд төлбөр төлөхгүй байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Нэг бол огт төлөхгүй, үгүй бол жолоочид мөнгө өгч байна гэдэг.
Энэ дагуу Нийслэлийн тээврийн газар “Сити бас консалтинг” хэмээх хөндлөнгийн компаниар хяналт тавиулж байгаа. Мөн тус газар нийслэлийн авто тээврийн газартай хамтарч хянаж байгаа ч зөрчил 100 хувь шийдэгдэхгүй, арилахгүй хэвээр. Энэ бол бэрхшээл.
Цэнэглэх цэгийн асуудал яригддаг. Нийслэлтэй байгуулсан гэрээгээр бид 500 цэгт үйлчилгээ үзүүлэх ёстой. Одоогоор аль хэдийнэ 500 давсан. Дээр нь хэрэглэгчийн таван төвтэй болсон. Гэсэн хэдий ч зарим автобусны буудалд ТҮЦ байхгүй, байсан ч манай цэнэглэх ажлыг хийх сонирхолгүй байх, гэрээ байгуулсан ч ТҮЦ-ний эзний ажлын цаг тогтворгүй байх зэргээс болоод асуудал гардаг. Бид холбогдох арга хэмжээ авсаар ирлээ. Нийслэлийн удирдлагад ТҮЦ-үүдийг нэмэх, эсвэл зарим газарт бид өөрсдөө цэг байгуулъя гэсэн санал гаргаад хэрэгжүүлээд явж байна.
-Карт цэнэглэх үйлчилгээг илүү боловсронгуй болгоно гэсэн зорилт тавьж байсан. Энэ хүрээнд юу юу хийв?
-Автобусаар зорчих картыг зөвхөн ТҮЦ-ээр цэнэглэхээ больсон. Өөр төрлийн картууд нэвтрүүлээд эхэлсэн. Түрүү жил ХААН банктай хамтарч “Сити бас” карт гаргасан. Карт хувь хүний банкных нь данстай холбоотой байх учраас АТМ-ээр, онлайнаар цэнэглэж болдог. Одоо 20 гаруй мянган хэрэглэгчтэй болсон.
Одоо удахгүй “Голомт”, Худалдаа хөгжлийн банк хоёртой хамтарч карт гаргах гэж байна. Тэгэхээр эдгээр банкны дансыг тогтмол ашигладаг иргэд тэр дансан дээрээ автобусны карт захиалаад, төлбөрөө төлөөд ашиглаад явах боломж бүрдэнэ. ЮНИТЕЛ-тэй хамтарч гар утасны СИМ картаар төлөх боломж бүрдүүлсэн. Одоогоор хоёр мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсон. Тэгэхээр иргэд өөр өөрсдөдөө тохирсон хэлбэрээр картаа цэнэглээд байх боломж нэмэгдэж л байна.
-Иргэд төлбөр хийхгүй, эсвэл жолоочид мөнгө өгөөд байгаа зөрчлийг яаж болиулах вэ?
-Авто тээврийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн заалтуудын хүрээнд нийтийн тээврийн хөлсөө төлөлгүй зорчиж буй иргэнийг 10 мянган тохирох нэгж буюу төгрөгөөр торгоно. Мөн жолооч тухайн иргэнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй. Жолооч нар мөнгө авсан бол аж ахуйн нэгж, албан тушаалтныг торгох хуулийн заалт ч бас бий. Эдгээр торгуулийг Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн улсын байцаагч нар ногдуулж, арга хэмжээ авч ажилладаг.
Нийслэлийн иргэд нийтийн тээврийн гол хэрэгсэл болсон автобусаар ухаалаг карт хэрэглэн зорчих, зорьсон газраа хүрч ажил хэргээ бүтээхэд гачигдаж дутагдаад байх зүйлгүй, бухимдал, чирэгдэл ч харьцангуй бага болсон юм байна шүү дээ гэдгийг дахин нэг мэдрэв.
Жолооч Б.Шийтэрийн хэлснээр нийслэлийн оршин суугчид давуу тал олонтой энэ үйлчилгээнд хэдийнэ дасчээ. Гагцхүү иргэд санхүүдээ тооцоотой хандаж, картаа урьдчилан сайтар цэнэглэж байх аваас өөрсдөд нь амар байх аж.
Кондуктор мөнгө хурааж, дуу мэдэн хашхирч байдаг үе түүх болжээ.