Гурван сая гаруй хүн амтай, төрийн харьяаллын 17, хувийн 74 буюу нийт 91 их, дээд сургуультай (Хэдхэн жилийн өмнө 160 гаруй байсныг нэгтгэх замаар цөөлсөн дүн) Монгол Улс дээд боловсролтой хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог гэвэл маргах хүн гарахгүй биз. Энэ үзүүлэлтээрээ бид өнөөх Америк, Герман, Франц, Итали, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсыг хөлдөө чирнэ дээ. Дээрх тоогоор бол дунджаар 30 орчим мянган хүн тутамд нэг дээд сургууль ногдоно гэсэн үг.
Хэрэв МУИС, СУИС зэрэг том сургуулийн салбаруудыг тооцож хүн амдаа хуваавал энэ тоо улам багасна. Үүнийг бүр нарийвчлан зөвхөн их, дээд сургуульд сурах насныханд харьцуулаад үзэхэд 30-аад хүнд нэг ногдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм тооны оюутантай “дээд” боловсролын газар байх нь. За, хэдэн хүнтэй байх нь хамаагүй, харин ч цөөхүүл байх тусам сайн сурна гэж бодъё. Эсвэл “Сургуульгүй хоцорсноос чанаргүй ч гэсэн яах вэ, зүүгдээд авъя” гээд орлоо. Үгүй бол хот суурин газар л бараадаж байвал сургалтын чанар, цаашлаад төгсөөд мэргэжлээрээ ажилах, эсэх нь огт хамаагүй гэсэн сэтгэлээр хувийн гэх тодотголтой “айлын хажуу өрөөнд” ороод сурлаа. Эхэлсэн юм хойно дуусгаж л таарна. Төгслөө.
Улаан, цэнхэр хамбан “дээлтэй” ганган дипломоо сугадаад зарын дагуу явна. “Танайд хэрэгтэй мэргэжлээр их сургууль төгсөөд ирлээ”. Олон газарт очиж энэ үгээ давтана. Дандаа азгүйтнэ гэж юу байх вэ. Нэг газарт сонгогдож л таараа. Хэсэгхэн хугацааны дараа харин “Шаардлага хангасангүй, баяртай” гэнэ. “Яагаад заавал ийм үг сонсоно гэж” хэмээн та ундууцаж байна уу. Яагаад гэвэл дээр дурдсан “шалдар булдар” шалтгаанаар их сургуульд “сурсан” учраас хөдөлмөрийн талбарт гараад гологдож байгаа нь тэр.
Үүнээс эсрэгээрээ багаасаа хүсэж мөрөөдсөн их, дээд сургуульдаа сураад, төгссөн хэрнээ ажил олдохгүй энэ, тэр байгууллагын үүд татаж, эцэст нь мэргэжлийн бус ажил хийгээд харайлгаж яваа залуучууд олон. Тэдний хувьд хөдөлмөрийн зах зээлээ судлалгүй, хөөс шиг мөрөөдлөөр сурсных нь балаг ажлын талбар дээр ийнхүү хана мөргөхөд хүргэдэг нь гарцаагүй үнэн. Манай их, дээд сургуулийн оюутны амьдрал, төгссөний дараах нөхцөл байдлын дүр зураг ихэнх тохиолдолд ийм л хүрээнд зурагддаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Зөвхөн өнгөрсөн жилийн статистикаар Монголд 157 000 оюутан байна. Тэднээс 35 800 нь төгсөөд, хөдөлмөрийн талбарт гарчээ. Тэдний хэд нь мэргэжлээрээ ажиллаж, хэд нь гэртээ зүгээр сууж байгаа талаар харин тоо, мэдээлэл алга.
Өнгөцхөн харахад энэ нь дээд боловсролыг шүтсэн хэдэн хүүхэд л аав, ээжийнхээ халаасыг “сэгсрээд”, үр өгөөжийг нь үзэж чадахгүй байгаа юм шиг ойлгогдож болох юм. Харин лавшруулаад бодоход энэ асуудал улс орны бүтээн байгуулалт, хөдөлмөрийн зах зээлд хүртэл нөлөөлж байна. Бүтээж, босгодог нь цөөрч, бүгд л дарга, төрийн албан хаагч, эсвэл “цэвэрхэн” ажилтай болохоор зүтгэж байгаа энэ тогтолцоо өнөөгийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцэхээ больжээ.
Хөдөлмөр зуучлалын албуудад ирж буй ажлын байрны захиалгад “Мэргэжлийн барилгачин, тогооч, гагнуурчин, мужаан, үсчин, барилгын засал чимэглэлчин, оёдолчин хэрэгтэй. Ур чадвараас нь шалтгаалж өндөр цалин, хангамжтай” гэдэг. Гэтэл өнөөдөр ажил олдохгүй байна гэсэн залуучууд замаар нэг. Хүн ам хамгийн их төвлөрсөн Улаанбаатар хотод эрхэлсэн ажилгүй 7000 гаруй хүн байгаа гэсэн статистик бий. Үүний гол шалтгаан нь тухайн салбарт мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой.
Дээд сургууль төгсөгчид нь энэ шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг. Гэтэл БСШУСЯ-ны Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан жагсаалтаас харахад ирэх таван жилд Монгол Улсад архитектор, төсөвчин, геологич, уул уурхайн инженер, гоо сайхны мэс засалч, барилгын инженер, маркетингийн менежер гэсэн боловсон хүчин хамгийн эрэлттэй гэнэ. Бас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн судалгаагаар ойрын ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд авто замын барилга, сургуулийн өмнөх боловсрол, бага анги, байгалийн ухааны чиглэлийн багш, геологи, гидрогеологи, тидромеханик инженер, усны нөөц, экологийн мэргэжилтэн, уул уурхайн ашиглалтын технологи болон машин тоног төхөөрөмж, малын эмч, мэдээллийн систем, газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, сантехник, инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано инженерчлэл, биотехнологи цөмийн эрчим хүч, онош зүй, эмнэл зүйн шинжлэх ухаан судлал гэсэн 20 чиглэлийн мэргэжилтэн нэн хэрэгтэй аж.
Харин эл жагсаалтад механикч, мужаан, үсчин, хүнд машин механизмын оператор, барилгын туслах ажилчин буюу хөдөлмөр зуучлалын албуудад ирүүлдэг ажлын байрны захиалгад дурдагддаг мэргэжил нэг ч алга. Тэгэхээр дээрх судалгаанууд амьдралтай наалддаг, эсэх нь эргэлзээтэй. Уг нь төрийн яамнаас гаргасан судалгаанд үндэслэн хүүхдүүд мэргэжлийн баримжаа авч, сонголт хийдэг баймаар.
Өнгөрсөн зургадугаар сард ХНХЯ-наас зохион байгуулсан ажлын байрны нээлттэй хаалганы өдрөөр өгсөн мэдээллээр бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагад бүртгэлтэй 40 орчим мянган хүний 5000 нь ажилтай болсон, ажил идэвхтэй хайж буй 34, хөдөлмөрийн биржид бүртгүүлээгүй 100 орчим мянган хүн байна. Ажилгүй иргэдийн 70 гаруй хувь нь дээд боловсролтой. Ийм байтал ойрын ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтаа дандаа их, дээд сургууль төгсөгчдөд зориулаад гаргачихсан байх юм. Үүнийгээ “Компани, аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг захиалга, төрийн бус байгууллагуудын хийсэн ажлын байрны судалгаанд үндэслэдэг” хэмээн тайлбарлаж байна.
Ийм байхад ерөнхий боловсролын сургууль төгсөгчид төрийн байгууллагын мэдээллээр баримжаалаад дипломны төлөө явах нь нэг талаар буруу биш л дээ. Нөгөөтэйгүүр, амьдралын завинд суухад нь хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар зөвлөж, чиглүүлдэг, сургалт, судалгаа явуулдаг газар манайд ер нь хэд байдаг бол. Өсвөр насныханд нөхөн үржихүйн боловсрол олгодог газар үнэхээр дутмаг байдаг шиг мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөдөг нь бас л ховор. Ийм байдал хөдөлмөрийн зах зээлийг илүүдэл, дутагдалд оруулахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
Манай хөдөлмөрийн зах зээл 4000-гаад мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин “нэхдэг” юм байна. Үүнээс хамгийн их сонгогддог буюу ерөнхий боловсролын сургууль төгсөгчид шүүрч аван, элсэлтийн шалгалт өгдөг нь эмч, багш, хуульч, сэтгүүлч гэсэн цөөхөн мэргэжил гэдгийг яамны цахим хуудсанд мэдээлжээ. Гэтэл бодит байдалд эдгээр мэргэжлийн диплом өвөртөлсөн хэрнээ “лааз” өшиглөж яваа хүн өч төчнөөн байгаа. Өөрөөр хэлбэл, илүүдэл боловсон хүчин гэсэн үг. Ийм байтал өнөө жил энэ чиглэлээр дахиад хэдэн хүүхэд элсэлтийн шалгалт өгөхийг таашгүй. Тэр хэрээр улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцох ёстой ид насны хэчнээн хүн хөдөлмөрийн талбараас “шахагдах” бол, харамсалтай.
Үүнтэй зэрэгцээд зайлшгүй хөндөх нэг асуудал бий. Ажилчин “зөгий” бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудыг хүүхдүүд яагаад сонгохгүй байна вэ. Нийгэмд нэхэгдэж буй мэргэжилтэй ажилчин болох нь дээд сургуулийн диплом өвөртөлснөөс илүү ухаалаг сонголт гэдгийг хүүхдүүд мэдэрч МСҮТ-д суралцагчдын тоо нэг хэсэг өссөн. Нарийн мэргэжлийн ажилчин бэлтгэдэг сургуулийг сонгосон оюутан залууст төрөөс дэмжлэг үзүүлж, сургалтын төлбөрөөс чөлөөлж, сар бүр тэтгэлэг олгож байсан нь ч үүнд нөлөөлсөн. Гэтэл өнгөрсөн жилээс эл тэтгэлгийг олгохоо больсноос үүдэн элсэгчдийн тоо эрс буурч байгаа талаар албаныхан мэдээлэв.
Хуучнаар НХХЯ-наас хийсэн судалгаагаар ийм сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд борлогдох магадлал нь 80 хувь байдаг аж. 2-3 жилийн сургалттай, онолоор заалгаснаа дадлагын хичээлээр шууд баталгаажуулж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг давуу талтай бие даасан ийм сургууль улсын хэмжээнд 37 байна. Их, дээд сургуулийн тоотой харьцуулахад чамлахаар байгаа биз. Тэгэхээр манай хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа боловсон хүчний тэнцвэр ямар байх нь мэдээж. Зөгийн сүргээр зүйрлээд бодоход нэг үүрэнд хэдхэн ажилчин, бөөн хатан зөгий байгаагаас ялгаагүй.
Монголын хөдөлмөрийн зах зээлийн бэлтгэл хүчний дүр зураг нэг иймэрхүү байна. Тэгэхээр ажилчин, сэхээтэн бэлтгэх бодлогоо улам нарийвчлан боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуульд хэдэн хүнийг ямар чиглэлээр сургах, МСҮТ-өөр хэчнээн “зөгий” бэлтгэх вэ гэдгээ судалгаанд үндэслэн гаргаасай. Тэрхүү суурь судалгаандаа тулгуурлан төгсөх ангийн сурагчдыг зөв зүйтэй мэдээллээр хангах юм бол мэргэжилтэй, ажилтай болох уу, мөрөөдлийн диплом өвөртлөх үү гэдгээ хүүхдүүд зөв сонгох буй за.