Нийслэл хэмээх их айлын эзэн орд өргөө, албат хамжлагаа аваад нутгаасаа нүүхээр зэхэж сууна. Олон жил айл саахалт бууж, ахан дүүс шиг ижилдсэн хүмүүсээ орхих болсондоо эзэн ноён санаа зовсон уу, гэмшсэн үү, “Өвсний сор, усны тунгалгийг дагаж бус, амьдралын эрхээр л ийм шийдвэр гаргалаа” хэмээн таарсан хүн бүхэнд учирлах болж.
“Та нарын сайн сайхны төлөө л бид явах гэж байна. Бэлчээр, усаа бодсон ч олон айл нэг доор шавааралдах нь дэмий. Идээшин төвхнөвөл та нарыгаа мартахгүй ээ” гэж ярьсан тухай ч дуулдав. Харин нутаг усныхан нь түүний үгийг үл ойшоон, “сүржигнэлээ” хэмээн шивэр авир гэлцэнэ. Нүүнэ, буурь сэлгэнэ гэж дэмий баахан аягладаг түүний эргэж буцдаг занд хөршүүд нь хэдийнэ дасчээ. Тэр энэ удаа жинхнээсээ нүүх болов уу.
Үүнтэй агаар нэг асуулт, эргэлзээ нийслэлчүүдийн дунд бий болов. 2017 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед “Нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ. Одоо Улаанбаатар хот ганцхан дэд төвтэй. Харин эл хуулийг шинэчлэн баталснаар ийм найман төвтэй болно. Баянхошуунд дэд төв байгуулаад, захиргаануудыг тийш шилжүүлнэ” хэмээн ярьсан нийслэлийн Засаг дарга саяхнаас “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ” гэх боллоо.
Тодруулбал, өнгөрсөн сарын 18-нд болсон “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалтын үеэр тэрбээр энэ тухай ам нээж, түүнээс хойш мөнөөх санаачилгынх нь талаарх мэдээлэл, сурталчилгаа хэсэгтээ шуурав. Өчигдөрхөн хүртэл тэрбээр нэг хэвлэлд энэ тухай шийдэмгий, зоригтой ярьжээ. ҮАБЗ, УИХ, Засгийн газар ч үүнтэй холбоотой тогтоол гаргасан аж. Гэвч энэ санаачилга төлөвлөсөн ёсоор хэрэгжих үү гэдэг нь эргэлзээ дагуулсан хэвээр байна. Учир нь өмнөх Засгийн үед ч бид хотын захиргаагаа Баянхошуу руу “нүүлгэчихээд”, буцааж авчирсан шүү дээ.
...Гэвч хөрөнгө санхүүгийн гачигдал, судалгааны ажлын удаашралтай холбоотойгоор хэрэгжилгүй явсаар дараагийн Засгийн газартай золгожээ. Харин тэд өмнөх захирагчийн замналаар явахыг хүсээгүй юу, эсвэл сонгосон газар нь таалагдсангүй юу, ямартай ч Хан-Уул дүүрэгт бууриа сэлгэхээр зэхэж сууна...
Энэ тоглоом аль 2013 оноос үүдэлтэй. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Хотын захиргааны цогцолборыг шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, хөгжил дагуулсан бүтээн байгуулалт хийнэ” хэмээн тусгасан байдаг. Ингээд буурь сэлгэх газраа судалж, шинжүүлэхээр тусгай ажлын хэсэг хүртэл томилсон юм. Тэд Сонгинохайрхан дүүргийн VI хороог онилов. Гэр хорооллын дахин төлөвлөх эхний хэсгийн байршилд багтсан, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбох бүрэн боломжтой зэрэг давуу талтай учраас тэнд есөн га газар сонгосон аж.
Судалж үзвэл, тухайн бүсэд оршин суудаг өрх, ШТС-уудыг нүүлгэж, газар чөлөөлөх хэмжээнд хүртлээ энэ санаачилга үргэлжлээд ажил хэрэг болж чадалгүй замхрав. Уг нь үүнийг хоёр жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн, зураг төслийг нь хүртэл баталсан юм билээ. Гэвч хөрөнгө санхүүгийн гачигдал, судалгааны ажлын удаашралтай холбоотойгоор хэрэгжилгүй явсаар дараагийн Засгийн газартай золгожээ. Харин тэд өмнөх захирагчийн замналаар явахыг хүсээгүй юү, эсвэл сонгосон газар нь таалагд сангүй юу, ямартай ч Хан-Уул дүүрэгт бууриа сэлгэхээр зэхэж сууна.
Хотын мээр үүнийгээ “Баянхошуунд 300-гаад тэрбум төгрөгөөр гадаадын компаниар цогцолбор бариулах байсан ч Засгийн газрын тогтоолоор концессын гэрээ нь хүчингүй болсон. Мөн тэнд газар чөлөөлөх боломжгүй. Яармагт бол сул газартай” хэмээн тайлбарлажээ.
Иргэд энэ шийдвэрийг янз янзаар хүлээж авч байна. Зарим нь “Хотын төвөөс хол, цэвэр агаартай газар руу зугтах гэлээ. Хүн амын төвлөрөл ихтэй, агаарын бохирдлын голомттой бүсэд байгуулсан бол ядаж тэр хавийнхны амьдрах орчин нөхцөл сайжирна” гэхэд нэг хэсэг нь “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуух газар руу хотын захиргааг шилжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй” хэмээн зөвтгөх. Зөв, буруу хэмээн талцаж, маргалдах яах вэ. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, гэр хорооллыг хумих бодлого баримталж буй Улаанбаатарын хувьд энэ тийм ч оновчгүй, буруу шийдвэр биш. Гол асуудал нь хэрэгжүүлж чадах, эсэхэд байгаа юм.
2013, 2014 онд буюу Э.Бат-Үүлийн үед нүүлгэн шилжүүлэх газрыг нь шийдээд, судлаад, зураг төслийг нь хүртэл гаргачихсан байсан ч ажил болоогүй. Харин өдгөө “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ирэх зунаас эхлэн тийш шилжүүлж, хотын захиргааг 2019 онд багтаан нүүлгэнэ. Энэ ажилд зарцуулахаар 2018 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг суулгасан” гэж буй ч бэлтгэл ажил нь өдий хүртэл хангагдаагүй байна. Зураг төсөл нь ч сураггүй. Ийм байхад хэнд ч эргэлзээ төрөх нь дамжиггүй.
Хотын захиргаа байгуулах газар сонгох нэрийдлээр ажлын хэсэг байгуулан, сая саяар нь хөрөнгө зарцуулж баахан судалгаа хийлгэчихээд, нэг л өдөр өнөөхөө мартаж орхисон гашуун түүх бидэнд бий шүү дээ. Энэ алдааг давтахгүйн тулд анхнаасаа тооцоо судалгаатай, төлөвлөгөөтэй хөдөлж, бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлэх үүрэг нийслэлийн Засаг даргын өмнө тулгарлаа.
Хотын захиргааг “нүүлгэж” тоглодог энэ үйл явцаас манай төрийн бодлого, хэрэгжүүлж буй ажил хаашаа л бол хаашаа холбирч, нурах эрсдэлтэй, ямар ч залгамж халаагүй гэдэг нь тод томруун харагдаж байна. Нэгнийх нь хийсэн ажил засаг солигдоход дагаж унадаг энэ жигтэй тогтолцоогоор бол хоёр жилийн дараа гэхэд хотын захиргааг бас өөр газар руу “нутаг зааж” мэдэх нь. Тийм бол нэгмөсөн дүүрэг бүрт захиргаа байгуулчихвал амар юм.
Ажлын хэсгийнхний тооцоолсноор хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэснээр нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлагт ажилладаг төрийн 3500 албан хаагч, эдгээр байгууллагаар үйлчлүүлдэг 30 мянга гаруй иргэн тухайн бүс рүү явах гэнэ. Хэрэгжүүлж чадвал энэ шилжилтийг дагаад худалдаа, үйлчилгээний газрууд бий болох нь дамжиггүй. Тэр хэрээр хүн ам сийрэгжиж, хотын төвийн төвлөрөл, түгжрэл дундарвал мөн сайхан аа. “Би өөрөө үлгэр үзүүлж, хотын зах руу нүүснээр бусад байгууллагыг хотоос гарах эхлэлийг тавина” гэж ярьсан нийслэлийн Засаг даргын үг хэр бодитойг харах л үлдлээ.