Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны 1 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 168.9 (18.1%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 124.4 (18.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 70.7 (33.2%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 49.4 (13.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2018 оны 1 дүгээр сард 154.7 (2010=100) болж, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, өмнөх оны эцсээс 0.1 хувиар буурсан байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.6-2.8 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, архи, шар айраг, малын тэжээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.8-89.3 хувиар өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын тос, молибдений баяжмал, зэсийн баяжмал, нүүрс, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 7.5-20.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, вакуум цонх, хаалга, самнасан ноолуур, адууны мах, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 39.5-91.9 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 1 дүгээр сард 1.3 их наяд төгрөгт хүрч, 961.7 тэрбум төгрөг буюу 72.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.