Хүнд нь тааруулж харьцдаг хүн гэдэг муухай амьтан. УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаанд оролцохдоо Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, гишүүдийг зэмлэчихээд гарахад ийм л бодол төрсөн. “Орхон аймагт иргэдтэй уулзана, оройтох нь” гэж хэлээд асуултад нь хариулалгүй гарч одсон Ерөнхийлөгчийн араас шуугилдаад хоцорсон гишүүдийг өрөвдсөн. Гэвч тэд хүртэх ёстойгоо л хүртэж байна.
Төрийн тэргүүн УИХ-ын хуралдаанд тааллаараа оролцох эрхтэй ч түшээдийн асуултад хариулахгүйгээр танхимыг орхисон нь өдрөөс өдөрт нэр хүндээ алдаж буй тэдэнд л тааруулсан үйлдэл байв. Харин манай гишүүдийн хуралдаа суудаггүй, хуумгай хууль баталдаг, хэл ам таталж, ёс зүйгүй аашилж байгаа нь ард түмнээ дэндүү дорд үзэж буйн илрэл гэлтэй. Энэ хэрээр тэд ёстой л “хүүхэд, нохойн доог” болж, УИХ-ыг тараах тухай яриаг өдөөж байна.
Тиймээс ч эрх баригчид үүнд анхаарал хандуулж эхлэх шиг боллоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт буюу намрын чуулган хаахтай зэрэгцэн өргөн мэдүүлсэн. Хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй тул дээрх төслийг санаачлаад байна. Өөрөөр хэлбэл, хуралдааны дэг, ёс зүйг зөрчсөн, ажлаа тасалсан, хоцорсон, бусдын өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг тус хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр оруулах гэж буй юм.
Тухайлбал, гишүүн нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн батлахдаа санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх буюу үүнийгээ бусдад шилжүүлэх, хэн нэгний өмнөөс товчлуур дарахгүй байх зохицуулалтыг тусгах гэнэ. Мөн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой хариуцлага хүлээлгэх гэнэ. Түүнчлэн гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгт хүрсэн тохиолдолд түүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзэхээр төсөлд тусгажээ.
Тэрбээр уг төслийг ганцаараа өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүдэд хариуцлагаа сайжруулах хүсэл, эрмэлзэл бий, эсэхийг “шалгах” гэсэндээ эл хуулийн төслийг дангаараа боловсруулсан гэнэ. Дуртай ч, дургүй ч уг хуулийн төсөлд “наалдаж”, “автор”-уудынх нь нэг болчих гэсэн санаархал олон гишүүнд бий болов уу. Учир нь гишүүдийн ирц, идэвхийг сайжруулах албадлагын ч хамаагүй хөшүүрэг хуульд оруулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод буй. Үнэндээ өөр хэн ч биш, өөрсдийнх нь оролцоотойгоор л хасагдаж буй “оноо” гишүүдийн ирц, идэвхтэй шууд холбоотой.
Тэр тусмаа энэ парламентын ирц хүссэн ч, эс хүссэн ч 65 гишүүнтэй олонхын бүлгийнхний идэвх, оролцооноос шууд хамаарна. Нөгөө талаас Засгийн газрын гишүүдийг парламентаас 100 хувь томилчихсон. Өөрөөр хэлбэл, дөнгөж бүлэг байгуулах тооны гишүүнтэй сөрөг хүчин, өдгөө парламентад МАХН-ыг төлөөлж буй, эсэх нь эргэлзээтэй О.Баасанхүү, бие дааж сонгогдсон ганц гишүүн С.Жавхлан нарынхаас илүүтэй эрх баригчдын ирц жин дарна. Энэ ч утгаараа олонхын бүлгийг удирдаж яваа Д.Хаянхярваа дээрх төслийг санаачилсан биз.
Тэгээд ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрөгч сард дэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, дарга Д.Лүндээжанцан нь гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах чиглэлээр байнгын хорооны түвшинд санал боловсруулаад буйгаа мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна УИХ-ын дарга сая чуулганыг хааж хэлсэн үгэндээ ч гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй талаар онцолно лээ. Ерөнхийлөгчийг орон нутагт ажиллах үеэр ч иргэд “Ард түмний итгэлийг авч сонгогдсон юм бол хуралдаа бүгд сууж, хуулийнхаа зөв, бурууг сайтар шүүн хэлэлцэх ёстой” хэмээн УИХ-ын гишүүдийг хууль хэлэлцэн батлах ажилд бүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжилснийг тэрбээр хаалтын хуралдаанд уламжилсан.
Төрийн тэргүүн гэлтгүй иргэд энэ талаар гишүүдийн улаан нүүрийг нь улалзтал хэлж, шүүмжилдэг ч дээрдсэн зүйл алга. Тэр ч бүү хэл, гишүүн гишүүнээ шахаж, шүүмжлээд тусыг эс олох аж. Өнгөрөгч баасан гаригт гэхэд Монгол Улсад 2018- 2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн ч ирц муу байснаас “уначихсан”. Одоо Засгийн газар уг төслийг УИХ-д дахин өргөн барих шаардлагатай болсон.
Яг ийм шалтгаанаар “бүдэрсэн” төсөл үүгээр дуусахгүй. Үүнээс хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ч ирцгүйн улмаас санаачлагчдаа буцаад буй. Ерөнхий, суурь хууль нь “унаснаас” болж Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх нь эргэлзээтэй болох жишээтэй. Өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй төслүүд нь ирцгүйн улмаас “унаж” буйд уурласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ болоод намын бүлгийн удирдлагадаа сүрхий хатуу үг чулуудна лээ.
Түшээд дотор нь суугаад ийн бачимдаж байгаа бол товлосон цагаасаа үргэлж хоцордог, танхим нь хоосон шахам хуралдаж буй гишүүдийн дүрсийг зурагтаар харсан хүмүүс бухимдах нь аргагүй. Нийгэмд танигдсан хуульчид хүртэл хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүнийг Үндсэн хуулийн цэцэд “өгч”, эгүүлэн татах үндэслэл бүрдүүлэх гэсэн ч бүтэлгүйтсэн. Харин уг хуулийг энэ агуулгаас нь хазайлгалгүй баталчихвал Б.Наранхүү тэргүүтнийг эгүүлэн татах гэж заавал Цэцийг царайчлах шаардлагагүй болно.
Юутай ч байнгын ажиллагаатай парламентын 20 гаруй жилийн түүхэнд гишүүдийн ирц, идэвх ингэтлээ анхаарал татаж, шүүмжлэлийн бай болж байгаагүй ээ. Тиймээс ч одоо үүнийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч, засаж, залруулах арга хэмжээ авахаар хөдөлж байх шиг. Түмнийг төрд төлөөлөх гэж тэмцэлдэн байж сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа хүмүүсээс энгийн байгууллага, аль нэгэн компанийн ажилтанд тавигддаг үүрэг, хариуцлагыг нэхэж чадахгүй буйгаас хойш ийн хуульчлах гээд үзье.
Гэвч гишүүдийн ирцийг чангатгах ямар механизм байж болох вэ гэдгийг одоо л анх ярьж буй юм биш. Гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэе, өөрөөс нь өөр хүн ажиллуулж үл болох картаар санал өгүүлдэг болъё гэх зэргээр ярьж л байсан. Харамсалтай нь, гишүүдийн ирц муудаж, хариуцлага суларсан. Тэгэхээр одоо Д.Хаянхярваагийн санаачилсан хуулийг дэмжээд баталчих, гишүүд ээ. Засгийн газраа огцруулах гэж гарын үсэг цуглуулсан шигээ идэвх, чармайлт гаргаарай, эрх баригчид аа.