Манай урд хөрш 2020 он гэхэд ядуурлыг ор мөргүй арилгаж, долоон уулын цаагуур, дов шороон доогуур тонилгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа дэлхий нийтэд танилцуулсан. Энэ нь нэг минут тутамд 20 хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг аж. “Баавартай” том амлалтдаа хүрэхийн төлөө Хятадын Засгийн газар хором, мөч бүрийг алдалгүй, нарийн чанд төлөвлөгөөний дагуу сахилга баттай ажиллах нь мэдээж. Учир нь тэд хийнэ л гэсэн бол хийж дөнгөдгийг “Нэг бүс, нэг зам” санаачилгаас нь өдгөө хүн төрөлхтөн харж буй.
Тэгвэл хойд хөрш 2020 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтийг хамгийн багадаа таван хувиар нэмэгдүүлэх хөгжлийн шинэ загварчлалыг хэдийнэ бий болгоод, амжилттай хэрэгжүүлж буй. Боловсрол, эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэлээс эхлээд хүний хөгжлийг хэрхэн дэмжих, байгалийн баялгаа боловсруулж ашиглах замаар эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд уг төлөвлөгөө хийх эзэн, хэрэгжих хугацаатайгаа цаасан дээр дурайж байна.
Хоёр жилийн дараа энэ нь амьдрал дээр бодит ажил хэрэг болсон байхыг та бид харна бий вий. Евразийн эдийн засгийн комисст гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж яваа оросууд ирээдүйдээ анхаараад зогсохгүй, Монголын бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд нийлүүлэхэд тулгарч буй тарифийн болон тарифийн бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллахад хүртэл “санаа тавихаа” ажлын хэсгийн II хуралдааны үеэр мэдэгдсэн.
Манай Монголд харин 2020 он гэхэд “Сонгууль болно доо” гэсэн ер бусын их хүлээлтээс өөр олон нийтэд хүртээлтэй төлөвлөгөө байна уу. “2020 оны сонгууль” гэдэг холбоо үгнээс өөр энэ унтаа нийгмийг сэрээн хангинах дохио, чиглүүлэн жингэнэх хонх үнэндээ алга. “Гайгүй дээ, удахгүй бидний ээлж ирнэ” хэмээн шүдээ “зууж” суугаа сөрөг хүчнийхэнд, “Хий гаргачихгүй, аятайхан юм ярьж байгаад дахин сонгогдох сон” гэж ханцуйдаа залбирч буй эрх баригч намынханд төдийгүй хоёр жилийн дараах “эрс шинэчлэл”-д найдан хүлээсэн хөөрхий гэнэн ард түмэнд минь хүртэл хүн төрөлхтний түүхэн цаг хугацаа ийм л төсөөллөөр бууж байна.
Спортын салбарынхан эрхбиш 2020 онд Токиод олимп болно гэдгийг мэдээд байх шиг. Гэхдээ тэр болтол бэлтгэлээ яаж хийх, ямар төлөвлөгөөтэй оролцох вэ гэдгээ тогтож чадахгүй байгаа нь спортын холбоодын талцал хагарлаас бэлээхэн харагдана. Ер нь ч тэгээд Монголд төлөвлөөгүй нь байтугай, төлөвлөсөн ажил нь ном ёсоороо хийгддэг биш дээ.
Уг нь мөрөөдөж, төлөвлөхийн хувьд бол монголчууд хоёр хөршөөсөө хол дутахааргүй “юм” санаж, сэдээд байх шиг байдаг. 2020 он хүртэл манай улс юу хийхээр төлөвлөж байлаа, эргэн саная.
2013 онд эхлэл нь тавигдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2020 он гэхэд 71 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна гэсэн “романтик” төлөвлөгөө сонгуулийн дараагаас л Э.Бат-Үүл даргатайгаа хамт улаанбаатарчуудын ой тойноос арчигдаж эхлэв. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах “хувьсгал”-ын ачаар байранд орсон, орохоор төлөвлөж, газраа чөлөөлж өгчихөөд хүлээж байсан олон өрхөөс ганц нь ч энэ ажлыг үргэлжлүүлэхийг С.Батболд даргаас шаардаагүй. Үг дуугүй дараагийн Засаг даргын “тоглоомын дүрэм”-ийг дагасан. Үнэндээ дүрэм нь өнөө хэр тодорхой бус ч манайхан “Бас ч болоогүй, дахиад хоёр жил байна даа” хэмээн хүлээсээр л.
Багагүй зардал чирэгдэл болж байж УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын биелэлт өнөөдөр хэдэн хувьтай байгааг улаанбаатарчуудын хэчнээн нь эрхэм мээрээс асууж шалгаасан бол. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2016-2020 онд “Хот байгуулалтын ногоон хөгжлийн стандарт боловсруулж, ногоон хөгжлийн загварт нийцсэн дэд бүтэц бий болгох, Улаанбаатар хот болон бусад хот, сууринг дахин төлөвлөх, барилгын дулааны алдагдлыг 20 хувиар бууруулах” гэсэн заалт орсныг мэддэг, хяналт тавьдаг хүн хэр олон билээ. Оросуудын барьж бэлэглэсэн, хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах, засах ажлыг Улаан-Үд хотынхны тусламжтайгаар үнэ төлбөргүй хийхээр тохиролцсон гэрээ хэлэлцээр өмнөх даргатайгаа хамт мартагдсанаас хойш Улаанбаатарын барилгын дулаан алдагдлыг 20 хувиар бууруулахуйц томоохон ажил эхэлсэн бил үү.
2030 он хүртэлх манай улсын тогтвортой хөгжлийн зураглалыг гаргасан дээрх баримт бичигт “2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах, нийт эрчим хүчинд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх үзүүлэлтийг 20 хувьд хүргэх, цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг хангах” гэсэн мөрөөдлийн заалт бас бий. Арав гаруй жилийн турш, хэдэн Засгийн газар дараалан ярьсан V цахилгаан станцын “үлгэр”-ээ ч энэ удаа эхлүүлж хүчрэхгүй, хуучнаа өргөтгөнө гэдгээ мэдэгдэн, үнэнд гүйцэгдсэн төр, засгаас энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүйн шалтгааныг 2020 оны сонгуулийн өмнө тодруулж, амыг нь асуух хүн гарах болов уу.
Даанч манайхан хэтэрхий “мартамхай”, дээрээс нь дэндүү хүлцэнгүй, ноомой хүмүүс л дээ. “2021 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна” гэж том ам гарсан У.Хүрэлсүхийн Засгийн газар урьд урьдын жишгээр хэлсэндээ хүрэхгүй байлаа гэхэд “Тэгэлгүй яах вэ, хөөрхий минь. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн нь дээр” гээд өмнөөс нь хэдийнэ “цагаатгаж” мэдэх л улс. Тиймээс л “Монголын хууль гурав хоног” гэдэг үгтэйгээ хамт монгол мөрөөдөл санах нь сарнаар, явах нь нарнаар гээч болдог биз.
Манайхан өнөө маргаашийн эрх ашгаа л бодохоос ирээдүйдээ санаа зовдоггүй, зовсон ч түүнийхээ төлөө нэгдэн тэмцэж чаддаггүй ард түмэн аж. Улс орнууд хөгжлийн загвараа наанадаж 10-20, цаашлаад 30, 40 жилээр төлөвлөж, зорилгодоо хүрэхийн төлөө хамтдаа зүтгэж байхад бид хоёр жилийн дараах сонгуулиас өөр зүйл олж харахгүй байна гэдэг эмгэнэл. Хамгийн гол нь өнөөх хүсэн хүлээсэн сонгуулийнхаа дараа бид ямар байдалтай амьдрахаа, юу нь, хэрхэн өөрчлөгдөхийг ч мэдэхгүй байгаад л хамаг учир бий. Улсын нэгдсэн бодлого байхгүй, байсан ч хэрэгждэггүй тул хэн дуртай нь тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр ажил санаачилж маш их хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй учраас хөршүүд маань ч бидэнд итгэдэггүй.
Өнгөрсөн намар МАН-ын 28 дугаар их хурал болоход тус намыг хэн удирдах вэ гэдэг асуудал дөрөв хоногийн турш гол сэдэв байсан болохоос Монголын төрийн эрхийг барьж буй хүчний хувьд 20 жилээ байг гэхэд ядаж ирэх хоёр жил манай улс хэрхэн хөгжих вэ гэдэг төлөвлөгөө, алс хэтийн зорилтоо ярьсан бил үү. Цаг хугацааны хувьд дээрх үйл явдалтай тун ойролцоо болсон Хятадын коммунист намын их хурлаар 13 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, 60 сая иргэнээ яаж ядуурлаас гаргах, хөгжил дорой буурай бүс нутгууддаа ямар хөрөнгө оруулалт татахаас эхлээд дэлхий дахиныг хэрэн сүлжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн үргэлжлүүлэх тухай ярилцсаныг мэдээллийн хэрэгслүүдээр бид хангалттай харсан. Бидний ялгаа ердөө л энэ.
Монголчууд бусдын дайтай мөрөөддөг. Харин тэд бусдаас илүү хийдэг.