Улсын аваргаар тодорсон “Тайшир өргөө” компанийн сүүний үхрийн фермийн ажил үйлстэй танилцахаар очоод эрчимжсэн мал аж ахуй гэж юу юм, ямар өгөөжтэй болохыг мэдэж авлаа. Тус фермийн захирал нь Д.Амгаланбаатар. Тэрбээр хөдөө аж ахуйн, нарийвчилбал механик инженер мэргэжилтэй ч багаасаа зоотехникч аавынхаа ажлыг сонирхдог байсан болохоор үр шим сайтай мал үржүүлэх ажилд сэтгэл татагдсан нэгэн аж.
Фермерийнд очих сургаар гахай, тахиа бодож байсан хүн том том байр дүүрэн үхэр, хонь харахад сонин байлаа. Асууж ярилцсаар байтал эднийх сүүний үхрийн болон махны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг болохыг ойлгов. Сүүний гарцаар алдартай норвеги улаан үхрийн хөлдөөсөн үрийг симменталь үүлдрийн үнээнд суулган тугал гаргаж авч байгаа, Монголд норвеги улаан тугал төрсний баяр хийсэн, Франц болон Казахын эдельбай үүлдрийн хонь эднийд үржиж, аймаг сумдаас малчид ирж төл авдаг болсон гэх зэрэг мэдээлэл шинэ содон байв. Энэ бүхэн компанийн захирлын арваад жилийн тууштай, нөр их хөдөлмөрийн үр дүн ажээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгоны Ар шижрийн хэсэг хэмээх газар өнтэй өвөлжиж буй фермерийн мал тааваараа, малчид, ажилчид нь сэтгэл тэнүүн сар шинийн баяртай золгох гэж байна. ХХААХҮЯ энэ жил нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүрэг, Төв аймгийн Борнуур сум, Сэлэнгэ аймгаас нийт улсын аварга дөрвөн фермер шалгаруулсны нэг нь Д.Амгаланбаатар захиралтай тус ферм юм. Партизаны сангийн аж ахуйн урдхан талд байх уг тосгон руу дөхөөд ирэхэд бусдаас содон том ногоон байгууламж байх нь уг фермийн байр ажээ.
Тийшээ явж ормогц хамгийн түрүүн улаан ягаан зүсмийн олон тугалтай нүүр тулав. Ахиулж харвал дунд нь хүн болон жижиг оврын техник явах зайтайгаар үргэлжлүүлэн барьсан хашаагаар дүүрэн үнээ, тугал. Тэнд одоогийн байдлаар 100 гаруй үхэр байгаа аж. Сувай мал нь гадуур байгаа, нийт 300 гаруй үхэртэй. Үнээнүүд удахгүй тугаллаж эхлэх юм билээ. Одоогоор ганцхан тугалтай. Өөрөөр хэлбэл, шинэ оны эхний төл гараад байгаа юм байна. Үнээ нялх тугалаа танихгүй хүмүүсээс харамлаж байгаа бололтой, ойр ойрхон мөөрч, ийш тийш хурдан хурдан явах зуураа халитирч уначих гээд эвгүй байв. Бусад үнээ, тугал бол тайван. Зарим нь тавьж өгсөн тэжээл идэж байхад, нөгөө хэд нь чихээ дэлдийлгэн харж зогсоно.
Үхэр ч, хонь ч, ер нь малын тоо толгой олон байснаас ашиг шим өндөр байх нь чухал учраас малын үүлдэр, чанарыг сайжруулах нь мал аж ахуйтай улс орон, малчин бүрийн санаа тавих асуудал. Монгол малын цус ойртож давжаарсан, улмаар ашиг шим буурсан өнөө үед малын чанарыг сайжруулж мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх сонирхол малчин бүрт байгаа. Ийм хэрэгцээ, эрэлт байгааг олж харсан тул үхрийн ч, хонины ч үүлдрийг сайжруулахын тулд үржүүлгийн ажил эрхэлж буй нь цаг үеэ олжээ.
Д.Амгаланбаатар фермийн аж ахуй эрхлэхээр судалж байх үедээ олон жилийн туршлагатай голланд шинжээчийн сургалтад сууж, зөвлөгөө авсан байна. Тэрбээр “Үхэр хэзээ ч худалдаж авч болно. Байр барих ч амархан. Гагцхүү аманд нь хийх тэжээлийг нь хамгийн түрүүнд базаах хэрэгтэй, гол асуудал энэ” гэж зөвлөжээ. Ингээд Төв аймгийн Борнуур суман дахь талбайдаа малын тэжээл тариалах болжээ. Арвай, овъёос, вандуй, гурвалжин будааны холимог ногоон тэжээл гаргаж авч, жил бүр тариалдаг болсон бөгөөд энэ нь үнээний сүүний гарцад сайн нөлөөтэй байгаа аж.
Захирлаас “Арваад жил тууштай ажилласных ашиг хүртэж эхэлсэн биз дээ” гэж асуухад “Яах вэ, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа. Болох байх. Бүх юмыг өөрсдөө хийхээр амаргүй юм. Уг нь бид үнээгээ саагаад, сүүгээ гэрээт үйлдвэрүүдэд өгөөд Европынхон шиг амьдармаар байгаа юм. Гэтэл тэгэх боломж алга. Малын тэжээл тариалж хураахаас авахуулаад бүхнийг өөрсдөө хийж байна. Өөр хэн нэг хүн малын тэжээл тарьж, худалддаг аж ахуй байгуулбал сайн байхгүй юу. Даанч ийм нөхцөл бүрдээгүй, сүлжээ алгаа. Яваандаа тийм цаг ирэх биз ээ. Манай аав Д.Дашзэвэг гэж их ажилсаг, санаачлагч хүн байлаа. Говь-Алтай аймгийн Тайшир сумын анхны дээд боловсролтой зоо техникч, сүүний үхрийн болон гахай, тахианы анхны ферм байгуулж, амжилттай ажиллуулж байсан. Аавынхаа ажлыг хажуунаас нь харж, юуны төлөө зүтгэдгийг нь мэддэг байсан болохоор нэг талаар аавынхаа хүслийг гүйцээх тэмүүлэл байх юм, нөгөө талаар улс орондоо хэрэгтэй зүйл хийе гэж боддог. Энэ ферм зөвхөн минийх биш, манай гэр бүлийн, ах дүү нарын хамтын ажил. Ах дүү дөрвүүл ярилцаж байгаад 2008 оноос эхлүүлсэн. Одоо ийм амжилтад хүрээд байна. Эхэндээ хотод анхаарлаа төвлөрүүлээд, хөдөөний ажлаа орхи чихдог байсан юм. Харин хотод ажил жигдрээд ирэхэд би мал аж ахуйдаа санаа тавьж эхэлсэн. Бидэнд олон малтай байх сонин биш. Үхрийн хувьд сүүний гарц сайн, хонины тухайд мах сайтай, өөрөө хэлбэл, амьдын жин их байж чадвал зорилго биелж байгаа нь тэр. Аймаг, сумдаас манайхыг зорьж үржүүлгийн хонь авдаг хүмүүс нэмэгдэж байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэдэг ийм учиртай. Манай ферм улсын аварга болсонд баяртай байна. Ээж маань Л.Норжин гэж, мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, багш хүн бий. Баярлах байх аа” гэсэн юм.
Тосгоноос урагш уул өөд өгсөн явж хонины байр руу очсон юм. Энэ нь мөн л үхрийнх шиг том аж. Хаалгаар орж шатаар өгсөж явахад ямар нэг албан газрын даргын өрөө рүү явж буй мэт байлаа. Хоёрдугаар давхарт гарахад том гэгчийн цонх байх бөгөөд тэндээс доор байгаа олон хонь руу хардаг юм байна. Бие том, чих урт, сүүл мухар гэх зэрэг харж дасаагүй олон хонь байлаа. Эгээ л танихгүй хүнтэй анх удаа уулзаж буй мэт сэтгэгдэл төрөв.
Доошоо бууж очлоо. Эзнээ таньдаг бололтой, хонь, хургагүй майлалдаж гарав. Тэнд Казахын эдельбай, Францын дөрвөн үүлдрийн хонь байгаа аж. Тэнд буй том биетэй эдельбай хонийг өөр үүлдрийнхтэй эрлийзжүүлэхэд доод тал нь хоёр хурга гаргадаг байна. Малын үүлдэр, угсааг сайжруулахын бас нэгэн ашиг тус нь энэ ажээ.
Улсын аварга фермийн малын хоёр байраар орж ийм мэдээлэлтэй ирлээ. Дээр хэлсэнчлэн монгол малын цус ойртож, ашиг шим бага болсон, тэгээд ч байгаль дэлхий хур бороо хайрлах нь жилээс жилд багасаж, газрын гарц тааруу болсон энэ үед эрчимжүүлсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах гарц харагдах болсон тухай хаа хаанаа ярих болсон. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, санаачлагчдыг дэмжиж, урамшуулах нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар дахь дэвшил юм даа гэсэн бодолтойгоор буцаж ирлээ.
Норвеги улаан үүлдрийн үхрийн хөлдөөсөн үр