Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжилж өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Ой тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн нэг жилд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёлын олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, АНУ-ын Элчин сайдын яам ахлах сургуулийн сурагчдын ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр эхлүүлсэн, мөн Мянганы сорилтын корпорац хоёр дахь удаагийн гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлжээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, олон улсын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг онцлон тэмдэглэж байлаа.
АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа АНУ-д хоёр намын аль алиных нь туслалцаа дэмжлэгийг авсаар ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан хараат бус байдал, эдийн засгийн хөгжлийг манай улс ямар ч засаг захиргааныхаа үед үргэлж дэмжиж буй. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болно” гэсэн. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр “30 жил гэдэг бол хоёр орны хоорондын харилцаанд дөнгөж эхлэл болж байна. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд хэд дахин олон жил хамтарч ажилласан юм шиг үр дүн гарсан байна. Жишээлбэл, зээл тусламж, худалдаа, боловсрол, хөрөнгө оруулалт, ардчилсан тогтолцооны бүрдэлт, хөгжил зэрэг бүхий л салбарт хамтран ажиллажээ. Цаашдаа голчлон худалдааны салбарыг өргөжүүлэн хамтран ажиллах нь чухал” гэлээ.