Замын хөдөлгөөнд оролцохдоо "Согтуу жолооч" тоглоомоор үе үе тоглочихдог ХЭНЭГГҮЙ, нэг оронтой секундээр хэмжигдэх хугацааг хүлээж чаддаггүй ХҮЛЭЭЦГҮЙ жолооч танд бооцоогоо ямар өндөр тавьсныг тань сануулахыг хүслээ. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд таны гарт байгааг мөн өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавиад дараах тоглоомыг тоглох боломж танд байна. Гэхдээ энэ тоглоомыг эхлүүлэхгүй байж ч бас болно. Сонголт таны гарт
Хаазаа тултал хар зам дээгүүр гэдэг уриа лоозон мөрийгөө өндөр тавьсан жолооч танд тохирохгүй.
Харин цагдаа ах нарын сануулсан дараах санамжийг ганцхан минутын зав гаргаад уншиж болох юм.
- Өнгөрсөн жил битүүн, шинийн 1,2,3-ны өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдэж 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Сар шинийн баярын өдрүүдээр хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу.
- Орон нутгийг зорихдоо цаг агаарын мэдээг хараарай. Иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг "Авто радио" 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллахаар болжээ.
- Шинийн нэгний өглөө анхны нарыг харж болно, ажил үйлсээ даатгаж болно. Гагцхүү уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул машинаа зориулалтын талбайд байрлуулаарай.
- Хоёр болон гурван дугуйт унахыг хориглоно. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдгийг санах хэрэгтэй. Баяр амралтын өдрүүдэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Эцэст нь нэмж хэлэхэд монголчууд бид "Сайн яваад ирэв үү? гэж асуудаг болохоос хурдан яваад ирэв үү" гэж асуудаггүй гэдгийг эрхэм та мэдэж байгаа гэж итгэж байна.