Цалингаа зарцуулахад бэлэн үү?
Таны цалин буух өдөр дөхөж байна уу? Ихэнх байгууллагын цалин сарын дундуур болон сүүлээр буудаг шүү дээ. Цалингаа авсан өдрөө л өрөндөө өгөөд, үлдсэнээр нь "Нэг Өдөр Хаан байсан нь дээр" хэмээн үрэлгэн загнадаг юм биш биз. Хэдий баяр, банкны өр, хүү гээд "цалинг дарамтлах" олон зүйл тоочиж болох боловч цалин буусан өдрөөсөө л ухаалаг зарцуулалт хийснээр санхүүгийн амьдралд тань мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. "Цалин буухаар өгье, зээлчих" гэж хааяа ч болов хэлдэг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулах цаг болжээ.
Цалин буусан өдөр та:
- Цалин буусан өдрөө утсаа салгаад найзуудаасаа нэг өдөр "ор сураггүй алга бол" . Энэ өдөр таны түрүүвчинд мөнгө бүтнээрээ байх ёстой. Энэ бол Дэлхийн банкны эдийн засгийн зөвлөх хадагтай Эмилигийн хамгийн үр дүнтэй арга гэж онцолсон зөвлөгөө юм шүү. Мэдээж утсаа унтраахгүй л бол найзуудаасаа мурих хэцүү л дээ. Гэхдээ боломжтой.
- Хуваарилалт дээрээ шог хандахгүй шүү. Мөнгөө сарын эхэнд, дундуур, төгсгөлд хэрэглэх мөнгө гэж ангилах хэрэгтэй. Өнөөдөр л болж байвал болоо гэж өнөөдрөөрөө амьдардаг олон хүн бий. Маргааш гэдэг өдөр байхгүй юм шиг аашилсан ч маргааш ирэх л болно. Тийм болохоор өнөөдөртөө мөнгө төсөвлөх нь зүйн хэрэг ч маргаашийнхаа мөнгө рүү орохгүй байх хэрэгтэй. Ер нь дундаж олонхийн цалингийн хуваарилалтын баланс ойлгомжгүй байдаг талтай. Зээл авахгүй, өр тавихгүй байх гээд хичээгээд үзээрэй.
- Энэ өдөр томоохон худалдан авалт хийхгүй байх. Яг цалин буусан өдрөө хийсэн томоохон худалдан авалтуудаа хар даа. Зүгээр л сэтгэл хөдлөлөөр авъя гээд хэлчихсэн үргүй зардал шиг танд санагдахгүй байна уу? Мэдээж хэрэгтэй бол авч болно. Гэхдээ цалин буусан өдөр л биш. Маргааш нь байж болно. Маргааш болтол та үнэхээр өөрт чинь хэрэгтэй байсан уу гэдгийг тунгааж амжсан байна.
- Хэмжээндээ таарсан цомхон баяр тэмдэглэх. Жилд ганц л удаа болж байхад тэгээд хоосон сууж байх уу гээд л зээлээд ч хамаагүй баярлаж чадах хүмүүс дээ Монголчууд. Гэхдээ жилд ганц гэсэн мөртлөө монголд сар бүр нэг томоохон баяр, долоо хоногт нэг арга хэмжээ, бүр сайн яривал өнжөөд нэг найзуудтайгаа "наргих" ажил гардаг. Баярыг баяр шиг тэмдэглэнэ, нарийндаа хатсан юм гэж юу байхав хэмээн ярьцгаадаг ч ач холбогдол багатай гэж үзсэн зарим нэг баярыг цомхон тэмдэглэх хэрэгтэй. Зарим уулзалтыг ашиггүй гэж үзвэл очих ч шаардлагагүй. Баяраас илүү ач холбогдолтой зүйлс амьдралд олон тохиодог шүү дээ. Жишээлбэл, хүүхэд чинь өвөл болчихоод байхад хавар намрын гутландаа өвлийн улавч хийгээд явж байхад та найзуудтайгаа уугаад сууж байж болохгүй биздээ. Хамгийн гол нь баяраар хүн бүр баяртай байх учиртай. Элбэг дэлбэг байдал үүний нэг хэсэг ч гол зүйл биш. Харин ч хэтэрхий ихэдвэл инээдэм биш ханиадам болдог талтай. Хэрэв дараагийн цалин буух хүртэл таны цалин дандаа хүрэлцээтэй байдаг бол дээрх зөвлөгөөг алгасаад яаж зарцуулахаа шийдэж болно шүү.
- Цалин буухын өмнөх битүүний өдөр мөнгөн дээр бясалгах хэрэгтэй: Бясалгах ч юу байхав. "Би мөнгөө яг юунд үрчихсэн юм болоо" гэж бодох үе гарч байсан бол өрхийн орлого зарлагын дэвтрээ хянах болжээ гэсэн үг юм. Хэрвээ ийм дэвтэр байдаггүй бол яг одоо нээх хэрэгтэй. Энэ дэвтрийг чамбай хөтөлдөг хүмүүс хуримтлал хангалттай үүсгэсэн баячууд байдаг. Шинэ он гарахаас өмнө бид өнгөрсөн ондоо юу хийж бүтээв ирэх жилдээ юу бүтээх вэ гэж бодож тунгаадагтай ижилхэн. Юун дээр илүү их зарлагадаж байгаагаа тодорхойлж байж дараагийн зохицуулалтууд гарах болохоор энэ хамгийн чухал зөвлөгөөний нэг шүү.
- Дээрх зөвлөгөөнүүдийг дагаад хэмнэсэн мөнгөө хугацаатай хадгаламжинд хийх: Үүний үр дүнг нь хараад та утсаа салгаж алга болсон, ганц нэг баяраас зугтсан, тэмдэглэл хөтөлсөн дээрх бүх үзэн ядмаар зөвлөгөөнд баярлах болно. Магадгүй банканд мөнгөө хадгалаад авч чадахгүй байх нь шилний цаанаас гадил жимсээ авах гээд чадахгүй байгаа сармагчин шиг хэцүү санагдаж болох ч ингэж хадгалсан мөнгө тань дараа асар үнэ цэнэтэй байх болно.