Багагүй хүлээлт үүсгэсний эцэст өчигдөр нэг юм цацагдаж эхэлсэн "The Voice" шоу нэг хэсэгтээ л монголчуудыг байлдан дагуулах нь баараггүй юм. Шоу гарж эхэлснээс хойш сошил ертөнцөд #thevoiceofmongolia гэх шошготой сэтгэгдэл, бичлэгүүд цаг тутамд тарж байсан нь үүнийг батлах биз ээ.
Энэ шоу оролцогчид шүүгчээ сонгож авдгаараа онцлогтой. /Шүүгч гэж продюсер л дээ/ Бусад шоун дээр бол оролцогч тайзан дээр бүлтгэнээд зогсож байдаг шд. Харин энд эсрэгээрээ.
Тэгвэл 4 шүүгчдийн 2 нь л найдвартай харагдаад байгаа юм. Д.Болд, Ука. Хийсэн, хийж байгаа юмтай. Орчин үеийн. Гэтэл тэр "All i want"-ыг дуулсан Г. Мөнх-Эрдэнэ юу бодож Д.Отгонбаяр продюсерыг сонгочхов оо. "Хурд" хамтлаг сүүлийн хэдэн жил юу хийсэн юм бэ? "Хурд" хамтлаг яг рок уу? Зөндөө асуулт гарж ирнэ. Тийм сайхан авьяастай залуу урт үстэй зохиолын дуучны гарт орчихлоо шд. Үнэхээр харамсалтай. Хайран юм.
The Voice
Шилдгийн шилдэг дуучдын нэгдэх цэг The VOICE шоу нь дэлхийн 62 улсад хийгдэн зургаан зуун тавин сая үзэгчтэй болоод байгаа гэнэ. 2010 онд Голланд улсаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон улсын нэр хүндтэй телевизийн шоу “The Voice” нь дэлхийн номер нэг бүтээл юм. Энэхүү шоуны гол онцлог нь оролцогчдыг гаднах төрх байдлаар бус хоолойны чадлаар нь шалгаруулдаг явдал билээ. Өөрөөр хэлбэл оролцогчид өөрийнхөө авьяас чадварыг л харуулах ёстой. Тийм ч учраас мэргэжлийн, мэргэжлийн бус хэн ч оролцож болохоос гадна ямар ч орны хэлээр дуулах боломжтой. Энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх болно.
Продюсерууд оролцогчдыг өөрийн болгохын тулд янз бүрийн санал тавьж, амлалт өгж байгаа.
С.Ононбат найруулагч чимээгүй талдаа. Ах нь чамайг од болгоноо гэхээс илүү, дутуу зүйл ярихгүй. Укагийн хувьд өөрийгөө ямар сайн ятгагч болохыг харуулах шиг болсон. Би чамайг эвдэж чадна. Чиний хүссэн аль ч жанраар чамайг од болгоно. Би бол дууг чартад хэрхэн дээгүүр оруулах энэ тэр тал дээр гаршсан хүн мэдэж байгаа биз дээ тэ? гэх мэт нэг тийм даацтай үгнүүд хэлж байлаа. Харин Д.Болд эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллаад гаршчихсан юм байна лээ. Түүний амнаас унасан хамгийн хүчтэй үг Би чиний төлөө бүхнээ зориулъя байсан юм. Аргагүй л хайрын дууч тэрээр бас нэгэн оролцогчид Чамд тохиолдсон тэр бүтэлгүй дурлал чинь чамайг амжилтад хүргэх болно шүү гэж урам өгч байлаа. За манай Отгоо ах Ах нь чамайг жинхэнэ рок болгоно за гэхээс өөр зүйл амлахгүй байв. Уучлаарай, гэхдээ дахиад хэлэхэд тэр яг өөрөө рок байсан юм уу даа? Шулуухан даа өөрийгөө рок гэж боддог урт үстэй, савхитай зохиолын дуучин шд.
За тэгээд оролцогчдоо, нэгэнт л ийм сайхан боломж олдож байгаагийнх зөв сонголтоо хийгээрэй л гэж захих гэсэн юм.