Америкийн Хавай мужид төрж, өссөн Алан Робинсон, Уолтер Макфарлан хоёр 60 жилийн өмнө зургадугаар ангийн сурагч байхдаа танилцаж, нөхөрлөсөн аж. Олон жил сайхан үерхэж, төрсөн ах дүүс шиг болсон тэд саяхан нэг эцэг, эхийн хүүхэд болохоо мэджээ.
Робинсон багадаа үрчлэгдсэн бөгөөд төрсөн гэр бүлийнхнийхээ тухай юу ч мэдэлгүй өссөн юм байна. Тэрбээр өөрийнх нь мах цусны тасархай болсон аав, ээжээ олон жил хайж, цахим хуудсаар мэдээлэл түгээсэн ч үр дүнгүй олон жил болжээ. Тиймээс хагацсан хүмүүсийг ДНХ-ийн шинжилгээгээр нь баталж, холбоо тогтоодог “Ancestry.com” хуудсанд хандаж, үйлчлүүлээд гайхалтай зүйлтэй учирсан нь энэ аж.
Үүнээс өмнө Макфарлан тус байгууллагад хандаж, мэдээллээ бүртгүүлсэн юм байна. Түүнийг ээж нь ганцаараа өсгөсөн бөгөөд мөн л аавынхаа тухай огт мэддэггүй байсан учир түүнийг хайж тус сайттай холбогдсон талаараа ярьжээ.