Монголчуудын шинэ жилийн дуу
“Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулаад...” хэмээн эхэлдэг “Сүлд модны наадмын дуу”-г Ардын жүжигчин Б.Зангад тэртээ 1962 оны арванхоёрдугаар сарын 29-нд дуулж, Монголын радиод бичүүлснээс хойш өнөөг хүртэл шинэ он угтах баяр хөөртэй өдрүүдийн аялгуу болсоор байгаа юм. Өдгөө энэ бүтээлийг рок попынхон, зохиолын дуучид ч өөр өөрсдийнхөөрөө найруулж буй болохоор анхлан дуулсан нь Ардын жүжигчин гэдгийг бараг мартах нь уу гэхээр байгаа төдийгүй төрүүлсэн уран бүтээлчдийн талаар сонирхдоггүй гэхэд хилсдэхгүй. Энэхүү дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа зохиосон бол хөгжмийг Ардын жүжигчин С.Гончигсумлаа бичжээ.
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа бол манай улсын анхны дээд боловсролтой хөгжмийн зохиолчдын нэг бөгөөд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг Монголоос анхлан төгссөн, урлаг соёлын зүтгэлтэн билээ. Өдгөө Монгол Улсын Консерватори түүний нэрэмжит юм.
Ж.Бадраа шүлэгтээ ая хийлгэсэн хөгжимтэй болгосон хэрнээ хэн нэгнээр дуулуулъя гэж яаралгүй авдартаа хав дарж бүтэн жил болгосны дараа тухайн үед тайзнаа гарч эхэлмэгцээ нэрд гарсан Б.Зангадаар дуулуулсан гэдэг.